| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0117/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/133 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.7.1.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0117/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000120 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Хөвсгөл сум, ******* ХХК-д моторчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Сагил сумын *******,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь эхнэр Ж.*******г 2023 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод бусадтай хардсаны улмаас гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохьсон,
2023 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Хонгор суманд gmail хаягийн нууц үгээ хэлсэнгүй гэх шалтгаанаар үснээс нь зулгааж гараараа нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохьсон,
2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Увс аймагт “хүнтэй уулздаг байсан байна гэх шалтгаанаар” хэрүүл маргаан үүсгэн улмаар зүүн хацар тус газарт гараараа 2 удаа цохьсон,
2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг 22 айл хэсгийн 05 дугаар гудамжны 53 тоотод “худлаа хэллээ, утсаа авсангүй” гэх шалтгаанаар бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэн зодож зулай хэсгийн хуйханд язарсан шарх, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Улмаар түүний үйлдлийг хориглосон хүргэн ах гарыг заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн сарвууны алганы 3-р шивнүүр ясны зөрөөгүй хугарал, зүүн сарвууны гүн зүсэгдсэн шарх, зүүн сарвууны 3,4-р хурууны тэнийлгэгч шөрмөсний гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-13/,
Хэргийн газраас хураан авсан 1 ширхэг заазуурыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 17/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-20/,
Аюулын зэргийн үнэлгээний маягтаар 13 буюу эрсдэлийн өндөр түвшинд үнэлэгдсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 22/,
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 23-25/,
Хохирогч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө гэнэт гал тогооны өрөөний цонх хагарах чимээнээр би сэрсэн. Манай гэрт тухайн үед манай нөхрийн эгч , нөхөр болох , мөн 3 хүүхэд нь байсан. Хүргэн ах босож хаалга онгойлгож өгтөл шууд над руу ирээд би чам руу хэдэн удаа залгах юм, янхан минь гэж хэлээд хүргүүлсэн унааны мөнгө өг гэж нэхсэн. Би түүнд унааны мөнгө өгөөд гэртээ байж байтал гаднаас орж ирээд цонхны хагарсан шилнээс аваад намайг ална гэж дайрсан. Тухайн үед хүргэн намайг хамгаалаад болиулах гэтэл хүргэн ахыг цохиод унагаачихсан байсан. Цаанаас нөхрийн эгч босож хүргэн ахтай нийлээд хориод байж байтал тэр хавиар орилоод яваад байсан. Удалгүй тайвшраад сууж байгаад намайг хажууд ирж суухгүй бол бүгдийг чинь ална шүү гэхээр нь би босоод хажууд нь суусан. Надаас өдөр ирсэн машин чинь хэн юм, чи хэнтэй унтсан, намайг байхгүй үед чи энд хэдэн хүнтэй унтдаг юм гэж хэлэхээр нь би тийм юм байхгүй гэж хэлтэл би бүгдийг нь мэдэж байгаа гэж хэлээд босож ирээд гараараа миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би гартаа охин болох тэврээд сууж байсан тул эгч, хүргэн ах хоёр дахиад салгасан. Тухайн үед босож ирээд цонхны хагарсан хэлтэрхий бариад хүзүү рүүгээ тулгаад би өөрийгөө ална, эсвэл энийг ална гэж над руу заасан. Надаас үнэнээ хэл гэж орилоод байхаар нь би Төмөрлөгийн гаднаас машин намайг аваад хүргэж өгсөн, чамаас айгаад хэлж чадаагүй гэтэл надад итгэлгүй намайг хана руу шахаж миний нүүр рүү 3-4 удаа цохиод байсан. Газарт үсдэж унагаагаад толгой руу өшиглөж байгаад цаашаа эргэж гал тогооны тавиураас заазуур авах үед нь би босоод том өрөө рүү зугтаж орсон. Араас дагаж орж ирээд чи нааш ир гэж орилох үед Мөөгий ахыг дуудтал******* над руу заазуур далайгаад дайрахад ах гараараа хаагаад зүсэгдсэн байсан. Тухайн үед тэр хавьд цус болчихсон эгч яаж байгаа юм бэ гээд орилоод байсан. Харин******* гал тогооны өрөө рүү ороод хүүхдээ наанаа тавьчхаад нааш ир гэхэд би хүүхдээ үлдээгээд очтол над руу заазуур далайгаад би чиний гарыг зүсчих үү гэж орилоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30/,
2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр******* найзуудтайгаа гарч байгаад орой нь ирсэн ба ирэхдээ архи уусан согтуу ирсэн. Тэгээд намайг орж ирээд чи энд хүнтэй уулздаг байсан байна гээд маргалдаж эхэлсэн. Тухайн хүн нь******* танилцахаас бүр өмнө нь уулзаж байсан хүн байгаа юм. Алтангэрэл бид хоёр 2020 оны 06 дугаар сард анх танилцаж байсан. Ингээд маргалдаад миний зүүн хацар руу 2 удаа алгадсан. Тэгээд агсан тавих гээд байхаар нь хэл, ам хийгээд яах вэ гээд больсон ба хажуугийн өрөөнд манай ээж байсан юм. Тухайн үед намайг зодсон талаар мэдсэн хүн байгаагүй. Тэр үед намайг алгадсаны улмаас надад учирсан хохирол байхгүй. Дээр хэлсэн үйлдлээс өмнө 2023 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Хонгор суманд байхдаа намайг g-mail нууц үгээ хэлсэнгүй гээд 2-3 удаа нүүр рүү цохисон. Тэгээд над руу гар утас шидээд үсдэж байсан. 2023 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймагт ирэхээс өмнө Улаанбаатар хотод байхдаа над руу манай 10 жилийн ангийн хүүхэд зурвас бичсэн юм. Тухайн зурвастаа дээр хүүхэдтэйгээ явж байхад чинь танихгүй зөрсөн байна лээ л гэсэн утгатай юм бичсэн байсан. Үүнээс болж Алтангэрэл намайг чи миний хүүхдийг дагуулж биеэ үнэллээ гэж доромжилж гараараа 2 удаа нүүр рүү цохисон. Тэгээд босоод хутга авч над руу далайгаад энэ чинь хэн юм гэж дайрсан. Э. 2023 оны 01 билүү, 2 дугаар сард өөрөө өөр хүнтэй харьцаж уулздаг байсан, би үүнийг нь мэдээд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Үүнээс хойш 1 сар хүлээх хугацаа өгсөн. Түүний дараа гэрлэлтээ цуцлуулах хүсэлтээ хүчингүй болгох бичиг шүүхээс авсан юм. Энийг л Алтангэрэл ярьсан байна. Харин би Алтангэрэл намайг урд нь зодож байсныг нэг ч удаа цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулж байгаагүй. Би сэтгэл санаанд учирсан хохирлыг тогтоолгож дүгнэлт гаргуулахгүй” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 32/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...гэртээ амарч байтал шөнийн 01-02 цагийн орчимд дүү Алтангэрэл ирээд эхнэр ******* маргалдаж байхаар нь эвтэйхэн тайвшруулаад буцаж хэвтээд амраад байж байхад дахиад маргалдсан. Тэгээд Алтангэрэл шууд заазуур бариад авсан. Тэгээд би тухайн заазуурыг авах гэж ноцолдож байгаад зүүн гарын алганы хэсгээрээ зүсүүлсэн юм. Заазуураар зүүн гарын алганы ар хэсгийг 1 удаа зүсэж гэмтээсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35/,
Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...шөнө хүмүүс маргалдаад байгаа чимээгээр сэрэхэд Алтангэрэл эхнэр ******* маргалдаж байсан. Тэгээд *******г нэг алгадах чимээ гарсан тэгэхээр нь би босоод очоод юунаас болж маргалдаад байгаа юм бэ, хүүхдүүд унтаж байна гэсэн чинь ******* өөр хүний машинтай ирсэн гээд маргалдаж байсан. Тэгсэн чинь******* заазуур аваад хүрээд ирсэн. Тэгээд ******* руу заазуураа далайхаар нь манай нөхөр урд талаар нь ороод яах гээд байгаа юм бэ боль гэсэн чинь дүү за гээд заазуураа буулгаж байхдаа манай нөхрийн гарыг зүсчихсэн юм. Ийм асуудал болсон тэгээд шууд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 207 дугаартай: “...Ж.*******гийн биед зулай хэсгийн хуйханд язарсан шарх, 2 нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44/,
Үзлэг хийсэн эмчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 45/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 211 дугаартай: “... биед зүүн сарвууны алганы 3-р шивнүүр ясны зөрөөгүй хугарал, зүүн сарвууны гүн зүсэгдсэн шарх, зүүн сарвууны 3, 4 дүгээр хурууны тэнийлгэгч шөрмөсний гэмтэл сэргээх мэс заслын дараах байдал /2024.02.15/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-52/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч *******, хохирогч Ж.******* нар гэр бүл болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” гэж хуульчилсан.
******* 2023 оны 11 дүгээр сард болон 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус хохирогчийн биед хохирол учруулахгүйгээр халдсан, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь хүчирхийллийн шинжтэй байна.
Байнга гэдэгт 3 түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгох ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодох, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг; эхнэрээ зодох явцад болиулах гэсэн хохирогч гарыг заазуураар зүсэж хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн; гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон; мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:
Хохирогч Б.д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Хохирогч Ж.*******д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ Увс аймагт байгаа очих боломжгүй байна” гэж мэдэгдсэн, Ж.******* энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******д яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж нийгмийн даатгалын сангаас 945,000 төгрөгийн зардал гарсан болох нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13/117 дугаартай: “...Ж.******* // 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж S06.0 оношоор 945,000 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тул хохирлыг зөрчил үйлдсэн этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төлвөрүүлж өгнө үү” /хавтаст хэргийн 97/ гэх албан бичиг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй, гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй тул шүүгдэгч *******ээс 945,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаарын дансанд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 1 жил, 2 сарын хугацаагаар, ял эдлэх бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш гарахгүй байхаар тус тус тогтоож, ялын зорилгыг хангах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газар, Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг “гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой” сургалтад 10 цагаас доошгүй хугацаагаар хамрагдах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон; хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрвөн/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрвөн/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрвөн/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрвөн/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хугацааг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг оршин суугаа хаяг буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3 дахь хэсэгт зааснаар *******д гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газар, Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг сургалтад 10-аас доошгүй цагаар хамрагдах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 945,000 төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс /РД:6263305, утас: 70377505/, 100900020080 тоот дансанд /Ж.******* // 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үйлчилгээ, S06.0 онош/ олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД