Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/0025

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0017/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000014 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, *******,******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* ангиасаа оллоо гэж авчирч өгсөн эзэмшлийн Samsung А52 маркийн гар утсыг бусдын, өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас 450,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

 Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...миний гар утасны цэнэг 12 цаг 10 минут орчмын үед дуусаад 2в ангид орж ирсэн. Тэгээд хүүхдийнхээ хувцсыг сольж байгаад явах болоод юмаа бөөгнүүлж байтал миний гар утас байхгүй байсан. Сүүлд би ширээн дээр тавьсан санагдаж байна. Хар өнгийн гэртэй ягаан өнгийн Samsung А52 загварын 354704171685240, 359815491685242 IMEI кодтой, нүүрэн талдаа баруун дээд булан дээрх дэлгэц нь хагархай гар утас 2022 оны 01 дүгээр сарын 31-нд 999,000 төгрөгөөр авч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25/,

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4 дүгээр сургуулийн 2б анги болох манай ангид урлагийн үзлэг болж байсан. Урлагийн үзлэг дуусаад хувцсаа өмсөөд байж байтал хамгийн урд талын ширээний доор шалан дээр ягаан өнгийн гар утас байсан. Тэгээд би утсыг аваад гэр рүүгээ ганцаараа явсан. Би ангийнхаа багшид хэлээгүй. Тэр гар утсаа аваад аниа , дүү М,,,, нарт хэлсэн. Тэгээд тэр олсон утсаа аниа бид хоёр сим карт байхгүй болохоор шкафт хийгээд орхисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өглөө 11 гээд ажилдаа явсан. Тэгээд тэр өдөр миний зээ урлагийн үзлэг болж байсан. Тэгтэл манай зээ нь өмсөн хувцас байхгүй гээд сууж байна гэхээр нь би очоод хажуу айлын багшаас нь хувцас гуйгаад д өмсгөөд ажил руугаа яваад өгсөн. Тэгээд ажлаасаа тараад гэр рүүгээ очсон. Тэгсэн эмээ гар утас олсон гээд ягаан өнгийн утас үзүүлсэн. Тэгэхээр нь би сим байвал баримаар утас байна гэж хэлсэн. Нөгөөдөр орой нь ажлаасаа орж ирэхэд , нь кодыг нь гаргасан гэж надад хэлсэн. Миний охин******* нэр дээр байдаг дугаар. Би ашигладаг юм. Миний дататай дугаарыг миний охин нь тэр олсон ягаан өнгийн гар утсанд хийж тоглоом татсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,

 

“Капитал  зууч” ХХК-ийн шинжээчийн “...Samsung А52 загварын 128GB багтаамжтай гар утас зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны байдлаар 450,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-41/,

 

Шүүгдэгчээс гар утсыг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Мобиком ХХК-ийн 2023 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 35/02007 дугаартай албан бичиг/ хавтаст хэргийн 03-08/,

 

*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би Дархан захын гар утасны лангуун дээр очиж код гаргадаг хүнээр 15,000 төгрөгөөр гаргуулсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийн зүйлс гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийн эзнийг олох талаар идэвхтэй үйлдэл хийхгүй байх, уг эд хөрөнгийг олсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч гар утсыг хүлээлгэн өгсөн, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ******* нь холбогдсон хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, ам бүл 5-уул, 3 хүүхэдтэй, өрхийн орлогын хэмжээ бага, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ бага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД