Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00088

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

      Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч  Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Д.Баасанцэрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дарьсүрэнгийн Баасанцэрэнд холбогдох 201622000741 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Онход Дарьсүрэнгийн Баасанцэрэн, 1980 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 3-13-3а тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай регистрийн РЛ80011111 дугаартай,

Шүүгдэгч Д.Баасанцэрэн нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 17-01 тоотод оршин суух өмнөх эхнэр Ё.Гэрэлт-Одтой маргалдсаны улмаас цээж рүү нь өшиглөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэнд холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Баасанцэрэн нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 17-01 тоотод оршин суух өмнөх эхнэр Ё.Гэрэлт-Одтой маргалдсаны улмаас цээж рүү нь өшиглөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч И.Даваанямын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "...Би 2016 оны 12 дугаар сарын 06-ны орой хуучин эхнэр Гэрэлт-Одын гэрт очиход манай хүү гэртээ байсан. Гэрэлт-Одыг ирэхэд би хүүг ганцааранг нь орхилоо гэж муудалцсан. Тэгээд Гэрэлт-Одыг түлхэж орны урд руу унагасан. Гэрэлт-Одын хавирга гэмтсэн гээд би эмнэлэг рүү такси дуудаж цуг очсон...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ё.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Намайг гэртээ ороход хуучин нөхөр Баасанцэрэн ирсэн байсан. Намайг хэл амаар доромжлоод алгадаж унагаагаад миний хавирга руу хөлөөрөө өшиглөсөн. Баасанцэрэн машин дуудаж ирээд эмнэлэг явсан...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-11 дүгээр хуудас/,

Гэрч Л.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Манай эмнэлэгт        Гэрэлт-Од ирэхдээ цээжээр хүчтэй өвдсөн, амьсгал авахад зовиуртай нөхөртөө өшиглүүлсэн гэсэн шалтгаантай ирсэн. Гэрэлт-Одыг харуулахад зүүн хавирганы хугаралтай байсан учир мэс заслын тасагт яаралтай хэвтүүлсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Энхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Би 2016 оны 12 дугаар сард Баасанцэрэнг хуучин эхнэрээ зодож гэмтээсэн тухай мэдсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,

Хохирогч Ё.Гэрэлт-Одын биед хүндэвтэр гэмтэл учирсан талаар Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт  /ХХ-ийн 23 дугаар хуудас/, Хохирогч Ё.Гэрэлт-Од нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Баасанцэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

201622000741 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нь урьд урьд 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 49 дүгээр

 

хуудас/-аар тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байх тул Д.Баасанцэрэнг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ё.Гэрэлт-Од нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201622000741 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онход Дарьсүрэнгийн Баасанцэрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Дарьсүрэнгийн Баасанцэрэнг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Баасанцэрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Баасанцэрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Д.Баасанцэрэнгийн тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа Цагдаагийн газарт даалгасугай.

      6. Эрүүгийн 201622000741 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баасанцэрэнд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР