Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/00835

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ШД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ЖО” ХХК нь 2005 онд байгуулагдан чацарганы бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа дагнан эрхэлж байгаа бөгөөд 2019 оны 9 сард нэрээ өөрчлөн “ШД” ХХК болсон.

Манай компани Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эрхэлж байсан ч гэр хороололын дунд байрлалтай, үйлдвэрлэлд цахилгааны хүчдэл өндөр байдгаас оршин суугчдад сөрөг нөлөө их байгаа талаар гомдол шаардлага байнга ирсээр үйлдвэрлэлээ хэвийн явуулахад хүндрэл үүссэн байсан тул суурьшлын бүсээс хол, бие даасан цахилгааны эх үүсвэртэй хүнсний үйлдвэрлэл эрхлэхэд тааламжтай газар хайж олох шаардлага үүссэн тул идэвхитэй хайж эхэлсэн.

Улмаар 2009 оны 10 сарын 30-ны өдрийн 82 дугаартай хэвлэгдсэн “Шуурхай зар” сонинд тавигдсан зарын дагуу иргэн Ж.Т-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул 5 тоот гудамжид байрлах 380В-н эх үүсвэр болох ЗОкВт-тай АТП-2498, гүний худаг, 2 давхар амины орон сууц, 2 зуны хүлэмж, 1 өвлийн хүлэмжтэй, блокон гурван тал хашаатай, нэгж талбарын 18621296473859 дугаартай, 25.851 м.кв талбайтай, төмс хүнсний ногооны зориулалттай газрыг нийтэд нь 150.000.000 төгрөгөөр худалдан авахаар иргэн Б.Бтай 2009 оны 11 сарын 2-ны өдөр уулзан тохирч маргааш нь 40.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Т.Эгийн Хаан банк дахь 5019201543 тоот дансанд 2009 оны 11 сарын 13-ны өдөр 15.000.000 төгрөг, 11 сарын 25-ны өдөр 9.570.000 төгрөг, Б.Бы Хаан банк дахь 5030217490 тоот дансанд 2010 оны 2 сарын 26-ны өдөр 12.000.000 төгрөг, 2010 оны 3 сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг тус тус дансаар, тохирсны дагуу бэлнээр 63.430.000 төгрөгийг өгч төлбөрийг бүрэн төлөгдсөн. Мөнгийг цувуулж өгсөн гэдэг ба баримт алга байна.

Төлбөр төлөх хугацаанд 2010 оны 2 сарын 10-ны өдөр Ж.Тгуайтай анх нотариат дээр уулзсан бөгөөд тэр өдөр Ж.Тгуай Б.Б, Т.Э нарын хамт ирж “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулж бэлэн 40.000.000 төгрөг авсан.

Худалдан авалтын сүүлийн төлбөр 10.000.000 төгрөгийг төлөх өдөр Б.Б ЗОкВт-тай АТП-2498-ын ажлын зураг эх хувиар, “Шинээр баригдсан дэд станцыг сүлжээнд түр залгах зөвшөөрлийн бичиг”, “ААН хэрэглэгчийн цахилгаан хангамжийг 380в хүчдэлийн сүлжээнд шинээр холболт хийлгэх өргөдөл” эх хувь зэрэг баримтыг өгч газар танай руу шилжсэн, худаг танай хашаанд байна, АТП-2498 эх материал танд очлоо, та төлбөрөө бүрэн хийлээ гээд гар бариад үлдсэн.

Тэр өдөр Б.Б энэ АТП-с цахилгаан авна, зөвшөөрнө биз дээ гэхэд нь бололгүй яахав, эрчим хүчний эх үүсвэртэй хүн хүссэн иргэнд цахилгаан өгөхөд цааргалахгүй гэсэн яриа болсон.

Улмаар Б.Б зарсан хашааныхаа гадна тойруулаад том том газар хатган зарах болсон бөгөөд цахилгаан гуйхад нь бид цааргалж байгаагүй.

Манай компаниас 2009 онд ийнхүү худалдан авснаасаа хойш уг АТП-2498 дэд өртөөний урсгал засвар үйлчилгээг тогтмол хийж, зохих төлбөр, хураамжийг төлж ирсэн бөгөөд 2011 оны 11 сард үйлдвэрлэлдээ тохируулан өргөтгөж 400кВт болгон ашиглаж байна.

Гэтэл Хан-Уул дүүрэг дахь хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 2020 оны 4 сарын дундуур иргэн Б.Баас гаргасан гомдлын дагуу хяналт шалгалт явуулж байна гэж дуудсаны дагуу очиход Б.Б бидэнд худалдсан ЗОкВт-тай АТП-2498 дэд өртөөгөө 2011 онд өөрийн нэр дээр болгочихсон бас дугаарыг нь АТП-2948 болгон өөрчилсөн байсныг мэдсэн.

Ийнхүү худалдан авах үедээ эрчим хүчний байгууллагад хүсэлтээ өгч нэр солиулаагүйг ашиглан манай компанид худалдсан атлаа иргэн Б.Б өөрийн нэр рүү шилжүүлэн авсан байна.

Мөн зөвшөөрөлгүй үл таних хүмүүс Б.Бы нэрийг барин удаа дараа АТП-2498 дэд өртөө рүү нэвтрэн өндөр хүчдэлд цохиулах, маргаан үүсгэх, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд саад болох үйлдлүүд гаргах болсон.

Манай компани “УЦТС” ТӨХК-д хүсэлт гарган шалгуулахад 2020 оны 5 сарын 8-ны өдөр 6/1109 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр “АТП-2498 дугаартай трансформаторын дэд өртөөний эзэмшигч, өмчлөгч нь маргаантай тул хууль, шүүхийн байгууллагад хандаж эцсийн шийдвэр гаргуулах нь зүйтэй” гэх хариу өгсөн.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба худалдагч болох хариуцагч нар блокон хашаатай, 2.5 га газар, гүний худаг, зуны болон өвлийн хүлэмж, 2 давхар амины орон сууц, 380В-ын цахилгааны эх үүсвэрийг шилжүүлэн өгөх, худалдан авагч болох нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн боловч худалдагч тал АТП2498 цахилгааны эх үүсвэрийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Хан-Уул дүрэг, 13-р хороо, Туул 5 тоот гудамжинд байрлах, 400кВА чадалтай, АТП-2498 дугаартай цахилгааны эх үүсвэрийн хууль ёсны өмчлөгч нь “ШД” ХХК мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Тангад, Ж.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б болон Т.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ШД” ХХК нь Б.Б, Ж.Тангад, Т.Э бид нарт холбогдуулан 30 кВт-ын АТП-2498 дугаартай цахилгааны эх үүсвэрийн эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Б.Б, Т.Э нар нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аав Ж.Т-ын эзэмшлийн 25.851 м.кв газарт өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрээр чацаргана тарьж блокоор 4 тал хашаалж, 2 давхар амины орон сууц, 10*60 м хэмжээтэй 1 ширхэг өвлийн хүлэмж, 3 ширхэг зуны хүлэмж барьж гүний худаг гарган хүлэмжийн аж ахуй эрхэлж байсан.

Бид аав Ж.Т-ын газрын урд байрлах Б.Бы эзэмшлийн газар дээр мод тарих шийдвэр гарган дээрх бүтээн байгуулалтаа худалдахаар зар тавьсан. Зарын дагуу “ЖО” ХХК-ийн захирал Н.Сайнжаргал эхнэрийн хамт бидэнтэй уулзан чацарганы үйлдвэрлэл эрхлэхээр төсөл хэрэгжүүлж байгаагаа ярьснаар бид газраа шилжүүлэн төлбөрийг 2 сарын хугацаанд хуваан шилжүүлэх нөхцөлийг нь зөвшөөрсөн.

Дээрх бүтээн байгуулалтаа худалдахдаа 380в-ын цахилгаантай гэснээс бус цахилгааны эх үүсвэр  дэд өртөө зарна гэж зар тавиагүй нь “Шуурхай зар” сонины зар дээр тусгагдсан.

  “ЖО” ХХК-д шилжүүлж өгсөн газрын урд талд Б.Б 3 га газар эзэмшиж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл уг газар дээр төрөл бүрийн 3.000 гаруй мод ургаж байна. Бид уг газартаа зун ирдэг бөгөөд тэр үед л цахилгаан хэрэглэдэг.

Н.Сайнжаргалтай газраа шилжүүлэхээр тохиролцохдоо цахилгаанаар хангахаар хүлээн зөвшөөрч өнөөг хүртэл “ЖО” ХХК-ийг буюу “ШД” ХХК-ийг цахилгаанаар хангасаар ирсэн. Эдний компанийн цахилгааныг таслуулах талаар “УБЦТС” ТӨХК-д ямар нэгэн хүсэлт өгч байгаагүй.

“ШД” ХХК-ийн нэхэмжлэлдээ бичсэнчлэн хуваарийн дагуу мөнгийг аваагүй бөгөөд эрх шилжүүлэх гэрээ байгуулсан өдөр 40.000.000 төгрөг өгсөн гэдэг нь худлаа.

Тохиролцсоны дагуу 2009 оны 11 сарын 3-ны өдөр 40.000.000 төгрөг бэлнээр, Т.Эгийн Хаан банк дахь 5006461368 тоот дансанд 2009 оны 11 сарын 20-ны өдөр 39.000.000 төгрөг, 2010 оны 2 сарын 10-ны өдөр 29.000.000 төгрөгийг 5022442336 тоот данснаас н.Эрдэнэчимэгээс гэх гүйлгээний утгатай, Б.Бы Хаан банк дахь 5030217490 тоот дансаар 2010 оны 2 сарын 26-ны өдөр 12.000.000 төгрөг, 2010 оны 3 сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөгийг 5022262614 тоот данснаас н.Сайнжаргалаас гэх гүйлгээний утгатай, нийт 130.000.000 төгрөгийг “ЖО” ХХК буюу “ШД” ХХК-иас хүлээн авсан.

25.851 м.кв газар, 4 тал блокон хашаа, 2 давхар амины орон сууц, 3 хүлэмжийг нийт 130.000.000 төгрөгөөр худалдсан ба үнийг нь 2 сарын хугацаанд төлнө гэсэн ч 4 сар болсон бөгөөд удаа дараа нэхэж байж мөнгөө авсан.

“ЖО” ХХК-ийн захирал Н.Сайнжаргал төсөл хэрэгжүүлж байгаа, гадны хөрөнгө оруулалтад хэрэг болоод байна гэсэн тул түүнд АТП-2498 дугаартай дэд өртөөний ажлын зураг, бичиг баримтыг өгч бизнесийг нь дэмжсэн. Дахин дахин тайлбарлахад бид цахилгаанаар хангана гэснээрээ өнөөг хүртэл “ШД” ХХК-ийг цахилгаанаар хангаж байгаа.

Цахилгаанаар хангасан өнгөрсөн 10 жилийн хугацаанд “ШД” ХХК бидэнтэй огт уулзаж байгаагүй ба 0183886 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмшигч нь Ж.Тбайсан бөгөөд техникийн нөхцөл нь газар эзэмшигчийн нэр дээр гардаг тул аав Ж.Т-ын нэр дээр АТП-2498 дугаартай дэд өртөөний техникийн нөхцөл нь гарсан байсан.

Бидний барьсан 30 кВА-ын хүчин чадал бүхий АТП-2498 дугаартай дэд станц Ж.Т-ын эзэмшлийн газар дээр байрладаг бөгөөд одоогийн “ШД” ХХК-ийн эзэмшлийн газар дээр бус нийтийн эзэмшлийн газар дээр байрладаг.

Газар эзэмших эрхээ үнэ төлбөргүй, харин газар дээрх бүтээн байгуулалтаа үнэ тохирч “ЖО” ХХК-д шилжүүлсэн бөгөөд үүнд дэд өртөө буюу трансформатор багтаагүй тул өөрсдийн өмч АТП-2498 дэд өртөөг аав Ж.Т-ын итгэмжлэлийг үндэслэн 2011 оны 7 сарын 27-ны өдөр Б.Б шилжүүлэн авсан.

Б.Бы өмчлөлийн 30 кВт хүчин чадалтай АТП-2498 дэд өртөөний хүчин чадлыг зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн талаар шалгаж өгөхийг хүсэхэд “ЖО” ХХК нь “УБЦТС” ТӨХК-иас техникийн нөхцөл авалгүй 400 кВА болгон өргөтгөсөн байна, эд хөрөнгийнхөө бүрэн бүтэн байдлыг та өөрөө хариуцна гэдэг хариуг  тус газраас Б.Бд өгсөн.

“ШД” ХХК-ийг хөгжиж дэвшин Монгол Улсын үндэсний шилдэг үйлдвэрлэгч болоход тусламж дэмжлэг үзүүлсэн гэж бид үздэг.

“ШД” ХХК-д худалдсан газар 4 тал блокон хашаатай, өвөл, зуны 3 хүлэмжтэй, гүний худаг, худгаа хамгаалсан жижиг байшинтай, 2 давхар амины орон сууцтай, цэвэр, бохир усны асуудал шийдэгдсэн, 7, 8 авто машины зогсоолтой, чацарганы мод тариалсан ийм л бүтээн байгуулалттай газар байсан.

“ШД” ХХК нь 2019 онд “УБЦТС” ТӨХК-иас техникийн нөхцөл авч 500 кВА-ын хүчин чадал бүхий цахилгааны эх үүсвэртэй болсон атлаа хуулийн байгууллагаар далимдуулан трансформаторыг маань булаан авах оролдлого хийж байна гэж бид үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлээ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хүсэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Бд “УБЦТС” ТӨХК-иас 2011 оны 10 сард 1699/2011 дугаар техникийн нөхцөлийг олгохдоо Ж.Тангадаас нэр шилжүүлэх хүсэлт болон үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ, итгэмжлэлийг үндэслэн олгосон. Манай мэдээллийн санд бүртгэгдсэнээр Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Туул 5 гудамжинд байрлах, 30 кВА бүхий АТП-2498 дугаартай цахилгааны эх үүсвэрийн өмчлөгч нь Б.Б.

Б.Б манайд өргөдөл гаргаснаар шалгаж үзэхэд “ЖО” ХХК техникийн нөхцөл авалгүй 400 кВА болгосныг шалгаж тогтоосон. “ЖО” ХХК нь 2011 оны 8 сард 30 кВА чадалтай, АТП-2498 дэд өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх  хүсэлт гаргаж байсан гэх боловч энэ талаар архиваас шүүлгэхэд 400 кВА болгож нэмэгдүүлэхээр гаргаж байсан хүсэлт болон уг хүсэлтийг шийдвэрлэсэн гэх баримт олдоогүй.

Уг 30 кВА хүчин чадалтай дэд өртөө буюу трансформаторыг “ЖО” ХХК нь манай байгууллагаас техникийн нөхцөл авалгүй 400 кВА болгосныг бид 2011 онд мэдсэн бөгөөд үүнтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ аваагүй.  Энэ үйлдэлд манайх хариуцлага хүлээхгүй. Б.Бы нэр дээр бүртгэлтэй цахилгаан үүсгүүрийн хүчин чадлыг  өөрчилж байгаа эсэх дээр тэрээр өөрөө хяналт тавих байсан гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “ШД” ХХК нь хариуцагч Б.Б, Т.Э, Ж.Тнарт холбогдуулан АТП-2498 дугаартай цахилгааны эх үүсвэрийн хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

        

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 9 сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Туул 5-р гудамжинд байрлах, 400 кВА бүхий АТП-2498 дугаартай цахилгааны эх үүсвэрийн хууль ёсны өмчлөгч “ШД” ХХК мөн болохыг тогтоолгохоор өөрчилсөн байна.

       /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 108 дугаар тал/

 

         Мөн нэхэмжлэгч “ШД” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 сарын 3-ны өдрийн 20619 дугаар захирамжаар “УЦТС” ТӨХК-ийг  хамтран хариуцагчаар татан оролцуулахаар  шийдвэрлэжээ.

         /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 249, 2 дугаар хавтасны 1-2 дугаар тал/

           

“ЖО” ХХК нь оноосон нэрээ “ШД” ХХК болгож өөрчлөн уг өөрчлөлтийг 2019 оны 9 сарын 6-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 5 сарын 6-ны өдрийн 01034 дугаар бүхий лавлагаагаар тогтоогдсоныг дурдлаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5-7, 162-164 дүгээр тал/

 

Хариуцагч Б.Б, Т.Э нар нь Хан-Уул дүүрэг, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Ж.Т-ын эзэмшлийн 25.851 м.кв газарт чацаргана тарьж, 10*60 м хэмжээтэй 1 ширхэг өвлийн, 2 ширхэг зуны хүлэмж бүхий аж ахуй эрхэлж байсан гэх ба тэд үүнийгээ бусдад худалдахаар “Шуурхай Зар” сонинд зар нийтлүүлсэний дагуу уг сонины 2009 оны 10 сарын 30-ны өдрийн 82 дугаарт “Био комбинатад Шувуун фабрикийн дунд блокон хашаатай 380в, гүний худаг, 2 давхар хаус, 2 зуны хүлэмж, өвлийн хүлэмжтэй 2.5 га газар зарна” гэсэн зарыг нийтэлжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 10-12, 111-112 дугаар тал/

 

“ЖО” ХХК-ийн захирал Н.Сайнжаргал уг зарын дагуу хариуцагч Ж.Тнартай холбогдон уг газар, газар дээр буй зард тусгагдсан хөрөнгүүдийг болон 380в-ын цахилгааны эх үүсвэр болох 30кВт-ын АТП-2498 дугаартай дэд өртөөг нийт 150.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирсон гэж,

Хариуцагч Ж.Тангад, Б.Б, Т.Э нар зард нийтлэгдсэн хөрөнгүүдийг нийт 130.000.000 төгрөгөөр “ЖО” ХХК-д худалдсан, уг газар 380в-ын цахилгаанаар хангагдсан талаар зард тусгаснаас бус 30кВА-ын хүчин чадал бүхий АТП-2498 дугаартай дэд өртөөг худалдаагүй гэж тус тус тайлбарлалаа.

 

Хан-Уул дүүргийн засаг даргын 2010 оны 2 сарын 4-ний өдрийн 32 дугаартай захирамжийг үндэслэн Жаргалын Тангадад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд  25.851 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн 2010 оны 2 сарын 8-ны өдөр 0289886 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд тэрээр “ЖО” ХХК-ийн захирал Н.Сайнжаргалтай 2010 оны 2 сарын 10-ны газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан уг газрын эзэмших эрхийг “ЖО” ХХК-д шилжүүлсэн нь талуудын тайлбар болон уг гэрээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 15-17 дугаар тал/

 

“ЖО” ХХК нь Ж.Тангад, Б.Б, Т.Э нарт 2009 оны 11 сарын 3-ны өдөр 40.000.000 төгрөг бэлнээр,

Т.Эгийн Хаан банк дахь 5019201543 тоот дансанд 2009 оны 11 сарын 13-ны өдөр 15.000.000 төгрөг, 11 сарын 25-ны өдөр 9.570.000 төгрөг,

Б.Бы мөн банк дахь 5030217490 тоот дансанд 2010 оны 2 сарын 26-ны өдөр 12.000.000 төгрөг, 2010 оны 3 сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг тус тус дансаар,

Үлдэх 63.430.000 төгрөгийг тодорхой хугацаануудад бэлнээр өгч гэрээний үнэ 150.000.000 төгрөгийг төлж дууссан хэмээн тайлбарлаж байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 18-19 дүгээр тал/

 

Ж.Тангад, Б.Б, Т.Э нар гэрээний үнэд 2009 оны 11 сарын 3-ны өдөр 40.000.000 төгрөг бэлнээр,

Т.Эгийн Хаан банк дахь 5006461368 тоот дансаар 2009 оны 11 сарын 20-ны өдөр 39.000.000 төгрөг, 2010 оны 2 сарын 10-ны өдөр 29.000.000 төгрөг,

Б.Бы мөн банк дахь 5030217490 тоот дансаар 2010 оны 2 сарын 26-ны өдөр 12.000.000 төгрөг, 2010 оны 3 сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг, гэрээний үнэ 130.000.000 төгрөгийг хүлээн авсан, “Шуурхай зар” сонинд зарахаар нийтэлсэн хөрөнгийг 130.000.000 төгрөгөөр “ЖО” ХХК-д худалдсан гэж маргаж байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 84-91 дүгээр тал/

 

Дээрхи газрыг 15 жилийн хугацаагаар чацарганы үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрх Хан-Уул дүүргийн засаг даргын 2011 оны 7 сарын 10-ны өдрийн 273 дугаар захирамжийн дагуу “ЖО” ХХК-д 2011 оны 7 сарын 20-ны өдөр шилжин 0231632 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

Иргэн Ж.Төөрийн эзэмшлийн газрыг эзэмших эрхийг тус компанид шилжүүлэхдээ түүнд олгосон 2008 оны 10 сарын 1-ний өдрийн 1996/2008 тоот техникийн нөхцлийн дагуу баригдсан АТП-2498 дугаартай 30кВт дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангахаас тухайн үедээ татгалзаагүй нь талуудын тайлбар, “УБЦТС” ТӨХК-ийн 2020 оны 5 сарын 8-ны өдрийн 6-/1110 тоот албан бичгээр тогтоогдсон байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 20, 21, 93, 95-98 дугаар тал/

 

“УЦТС” ТӨХК-ийн 2020 оны  5 сарын 8-ны өдрийн 6/1110 тоот лавлагаанд тусгаснаар Ж.Тгазар эзэмших эрхээ шилжүүлэхдээ АТП-2498 дугаартай дэд өртөөнөөс тус компанид цахилгаан эрчим хүчээр хангахаас татгалзаагүйгээс гадна мөн компани нь “УБЦТС” ТӨХК-тай тусдаа цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан цахилгаан эрчим хүчинд холбогдож цахилгаан эрчим хүчээр хангагдаж байгаа ажээ.

“ЖО” ХХК, “ШД” ХХК нь цахилгаан түгээх сүлжээний компанитай байгуулсан гэрээгээ тухай бүр сунган, ХТП-6381, АТП-2498 дэд станцуудаас цахилгаан эрчим хүчээр хангагдан төлбөрийг нь төлж байгаа нь гэрээ, “УЦТС” ТӨХК-иас ирүүлсэн төлбөр төлсөн баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 93, 113-125, 165-167,  2 дугаар хавтасны 72-100 дугаар тал/

 

Дээр дурдсан байдлуудаас дүгнэж үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу “ЖО” ХХК, Ж.Тангад, Б.Б, Т.Э нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Ж.Т-ын эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, Туул 5 дугаар гудамж дахь 25.851 м.кв газарт түүний хүүхдүүд гэх Б.Б, Т.Э нар өөрсдийн хөдөлмөрийн үр шимээр сонины зард тусгасан хөрөнгийг буй болгосон талаар Ж.Тмаргаагүй тул тэднийг худалдах, худалдан авах гэрээний талууд мөн гэж үзсэн болно.

 

“УЦТС” ТӨХК-ийн 2020 оны  5 сарын 8-ны өдрийн 6/1109 тоот, 2020 оны 11 сарын 4-ний 2/2295 тоот лавлагаа болон тус газраас ирүүлсэн баримтуудад:

“УБЦТС” ТӨХК нь Ж.Тангадад 2008 оны 10 сарын 1-ний өдрийн 1996/2008 тоот техникийн нөхцөл олгосон ба уг техникийн нөхцлийн дагуу баригдсан АТП-2498 дугаартай дэд өртөөний 30кВт-ын трансформатор манай компанийн өмчлөлд байдаггүй.

Б.Бд 2011 оны 10 сарын 4-ний өдрийн 1699/2011 дугаартай техникийн нөхцөл олгохдоо иргэн Ж.Тангадаас нэр шилжүүлэх Б.Бы 2011 оны 7 сарын 28-ны хүсэлт, 2011 оны 7 сарын 27-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ, 2011 оны 7 сарын 26-ны өдрийн 358 дугаартай итгэмжлэлийг тус тус үндэслэн олгосон байна...” гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 14, 22-50,  2 дугаар хавтасны 4 дүгээр тал/

 

Б.Б нь Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороонд жимс, жимсгэний зориулалтаар 20.000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар 2011 оны 7 сарын 27-ны өдрийн 0231655 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмших болсон ба иргэн Ж.Т2008 оны 10 сарын 1-ний өдрийн 1996/2008 тоот техникийн нөхцлийн дагуу баригдсан АТП-2498 дугаартай дэд өртөөг 2011 оны 7 сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээний дагуу Б.Бд бэлэглэснээр “УБЦТС” ТӨХК 2011 оны 10 сарын 4-ний өдөр 1699/2011 дугаартай техникийн нөхцлийг олгон тэрээр уг АТП-2498 дугаартай дэд өртөөний эзэмшигчээр бүртгэгдсэн байна.

 /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 78-83, 148-160 дугаар тал/

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 198.2-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасан ба талуудын тайлбар, “Шуурхай зар” сонины 2009 оны 10 сарын 30-ны 82 дугаарт “Био комбинатад Шувуун фабрикийн дунд блокон хашаатай 380в, гүний худаг, 2 давхар хаус, 2 зуны хүлэмж, өвлийн хүлэмжтэй 2.5 га газар зарна” гэж нийтлэгдсэн зэргээс үзэхэд худалдан авагч “ЖО” ХХК нь 380в-ын цахилгаан эрчим хүчээр хангагдсан зард тусгагдсан 2.5 га газар, газар дээрх хөрөнгийг худалдан авсан байх бөгөөд компанийн эзэмшилд шилжсэн газарт бус өөр бусдын эзэмшил газарт байрлах АТП-2498 дугаартай дэд өртөөг худалдан авсан гэж үзэхээргүй байна.

 

Иргэн Ж.Тангадад 2008 оны 10 сарын 1-ний өдөр олгосон 1996/2008 тоот техникийн нөхцлийн дагуу Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Туулын 5-р гудамжинд баригдсан 30кВА чадалтай, АТП-2498 дугаартай дэд өртөөний ажлын зургийг эх хувиар нь “ЖО” ХХК-д шилжүүлэн өгсөн нь АТП-2498 дугаартай дэд өртөөг тус компанид худалдсан гэсэн ойлголт биш юм.

 

Ж.Тнь Т-ын Эд 2011 оны 7 сарын 26-ны өдөр итгэмжлэл олгон түүгээр АТП трансформаторыг архивт шүүлгэх, ... бусдад шилжүүлэх эрхийг олгосон нь тухайн дэд өртөө хэний эзэмшилд байгааг Ж.Тмэдэхгүй байгаа гэж үзэх үндэслэл болохгүй болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 83 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд гэрээний нийт дүн 150.000.000 төгрөг, 63.430.000 төгрөгийг тодорхой хугацаануудад бэлнээр хариуцагч талд өгсөн гэх боловч хэзээ, хэдэн төгрөгийг төлсөн нь баримтаар нотлогдоогүй, үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй тул гэрээний дүнг хариуцагч талын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 130.000.000 төгрөг гэж үзсэн болно.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”,

 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”,

106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заажээ.

Дээр дурдсан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “УЦТС” ТӨХК, Б.Б, Ж.Тангад, Т.Э нарт холбогдох Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Туул 5 гудамжинд байрлах, 400 кВА хүчин чадалтай АТП-2498 дугаартай цахилгааны эх үүсвэрийн хууль ёсны өмчлөгч нь “ШД” ХХК мөн болохыг тогтоолгох тухай “ШД” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

АТП-2498 дугаартай дэд өртөөний 30 кВА хүчин чадлыг “ЖО” ХХК нь “УЦТС” ТӨХК-иас техникийн нөхцөл авалгүй 400кВА чадалтай трансформатороор өргөтгөсөн нь “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 1, 2 дугаар зүйлүүдэд заасан ... шинээр холболт хийх, цахилгаан ачааллыг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох бүрт иргэн, хуулийн этгээд техникийн нөхцөл авна“ гэснийг зөрчин цахилгаан сүлжээнд холбогдсон нь “УЦТС” ТӨХК-ийн 2020 оны 5 сарын 8-ны 6/1109, 6/1110 тоот албан бичгүүдээр тогтоогдож байх тул “ЖО” ХХК-ийн хөрөнгө бусдын хөрөнгөтэй нийлсэн, холилдсон гэж үзэхгүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 14, 93 дугаар тал/

 

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн  30.1.8-д заасны дагуу өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг дэд өртөөний эзэмшигч өөрөө хариуцах бөгөөд 30кВА хүчин чадал бүхий техникийн нөхцөлтэй, техникийн нөхцөлгүйгээр 400кВА болгосон АТП-2498 дугаартай дэд өртөөний эзэмшигч Б.Б уг асуудлаа дээрхи хуулийн зүйл заалтад заасны дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

“ЖО” ХХК нь “УЦТС” ТӨХК-д техникийн нөхцөл олгох хүсэлт гаргасны дагуу 2019 оны 7 сарын 2-ны өдөр 15/01560/19 тоот техникийн нөхцөл олгож 400кВа хүчин чадал бүхий дэд өртөөг шинээр барихаар, 2019 оны 9 сарын 24-ний өдөр олгосон 15/04164/19 тоот техникийн нөхцлийн дагуу өмнө авсан техникийн нөхцөлд өөрчлөлт оруулан 500кВА чадал бүхий болгон өргөтгөжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 233-248 дугаар тал/

 

Иргэн Ж.Төөрийн эзэмшлийн газрын эзэмших эрхийг “ЖО” ХХК-д 2010 оны 2 сарын 10-ны өдөр гэрээний дагуу шилжүүлэх үед болон Б.Бд 2011 оны 7 сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээний дагуу 30кВА хүчин чадалтай, АТП-2498 дугаартай дэд өртөөг бэлэглэн Б.Бд 2011 оны 11 сарын 4-ний өдөр 1699/2011 дугаартай техникийн нөхцөл олгогдох үед Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 12 сарын 5-ны өдрийн 263 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийг мөрдөж байсан бөгөөд АТП-2498 дэд өртөөний эзэмшигч Б.Б мөн тухайн үедээ “ШД” ХХК-ийг цахилгаанаар хангахаас татгалзаагүй, тухай компани “УБЦТС” ТӨХК-тай байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний харилцаагаа үргэлжлүүлэн эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

 

Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлд эрчим хүчээр хангагчийн эрх, үүргийн талаар заасан ба 29.1.9-д “хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй”, 30 дугаар зүйлд хэрэглэгчийн эрх, үүргийн талаар заасан бөгөөд 30.1.10-т “түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах” гэж заасан байна.

Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Туул 5 гудамжинд байрлах, 400 кВА бүхий АТП-2498 дугаартай цахилгааны эх үүсвэрийн хууль ёсны өмчлөгч нь “ШД” ХХК мөн болохыг тогтоолгох тухай “ШД” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь АТП-2498 дэд өртөөний эзэмшигч Б.Б нэхэмжлэгч “ШД” ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангахаас татгалзах үндэслэл болохгүй ба тэрээр тухайн хэрэглэгчид анхааруулалгүйгээр эрчим хүчний холболтыг салгана гэсэн ойлголт биш болохыг дурдлаа.

 

Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Туулын 5-р гудамжинд баригдсан 30кВА чадалтай, АТП-2498 дугаартай дэд өртөө нь Хан-Уул Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын мэдээллийн санд АТП-2948 хэмээн тооны алдаа гарган бүртгэгдсэнийг АТП-2498 хэмээн залруулан бүртгэсэн нь “УЦТС” ТӨХК-ийн 2020 оны 5 сарын 8-ны өдрийн 6/1109 тоот лавлагаагаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 14 дүгээр тал/

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “УЦТС” ТӨХК, Б.Б, Ж.Тангад, Т.Э нарт холбогдох Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Туул 5 гудамжинд байрлах, 400 кВА бүхий АТП-2498 дугаартай цахилгааны эх үүсвэрийн хууль ёсны өмчлөгч нь “ШД” ХХК мөн болохыг тогтоолгох тухай “ШД” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “ШД” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Туул 5 гудамжинд байрлах, 400 кВА бүхий АТП-2498 дугаартай цахилгааны эх үүсвэрийн хууль ёсны өмчлөгч нь “ШД” ХХК мөн болохыг тогтоолгох тухай “ШД” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь АТП-2498 дэд өртөөний эзэмшигч Б.Б нэхэмжлэгч “ШД” ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангахаас татгалзах үндэслэл болохгүй ба тэрээр тухайн хэрэглэгчид анхааруулалгүйгээр эрчим хүчний холболтыг салгана гэсэн ойлголт биш болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх  хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН