| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/00216/И |
| Дугаар | 101/ШШ2021/00982 |
| Огноо | 2021-03-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2021/00982
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал М.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“И” ХХК нь Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх Газрын “Хилийн чанад дахь төрийн өмч хөрөнгийг удирдах газар”-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, Оросын Холбооны Улсын өмчлөлийн орон сууцны зориулалттай 7 дугаар байрыг түрээслэх гэрээг 2017 оны 11 сарын 1-ний өдөр байгуулан 3 дахь жилдээ ажиллаж байна.
Энэхүү гэрээ байгуулагдсанаар “И” ХХК-д Монгол Улсын Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна”, 90 дүгээр зүйлийн 90.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасан хуульд заасан эрхүүд үүссэн.
Тус “И” ХХК нь дээрхи түрээсийн гэрээнд заасан эрхийнхээ хүрээнд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны 65 тоотын 3 өрөө орон сууцыг Оросын Холбооны Улсын иргэн УМВтүрээслэхээр орон сууц түрээслэх гэрээг тус компанитай 2019 оны 8 сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулан, сарын түрээсийн төлбөрт 500.000 төгрөг төлөхөөр тохирч уг орон сууцанд мөн өдрөөс нь амьдарсан бөгөөд 2020 оны 1 сараас түрээсийн төлбөрөө огт төлөөгүй.
Түүний тус компанитай байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний 2.3-д түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-ны дотор төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд тэрээр уг үүргээ болон орон сууцны ашиглалтын төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй үйлдэл гаргах болсноос үүдэн “И” ХХК Оросын Холбооны Улсын дээрхи байгууллагад түүний өмнөөс түрээсийн төлбөр төлөх, ус, дулаан, эрчим хүчээр хангагч байгууллагуудад ашиглалтын төлбөрийг нь төлж санхүүгийн хохирол хүлээх болсон.
УМВид орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа амаар болон бичгээр анхааруулж, төлбөрөө төлөх хугацаа олгох зэргээр хүлээцтэй хандсан боловч элдэв шалтаг тайлбар хэлж дээрх төлбөрийг төлөлгүй өнөөг хүрлээ.
УМВнь 2020 оны 8 сард байраа хүлээлгэн өгсөн бөгөөд 2020 оны 1 сараас түрээсийн төлбөрөө төлөөгүй бөгөөд 2020 оны 8 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тэрээр орон сууцны түрээсийн төлбөрт 3.600.600 төгрөг төлөх байсан.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 2.3 болон 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж заасны дагуу алдангийг тооцоход алдангид 2.064.750 төгрөг төлөх ёстой.
Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 7-р байрны 65 тоотын 3 өрөө байрыг түрээслэгч УМВнь 2019 оны 8 сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөр 3.600.600 төгрөг, алданги 2.064.750 төгрөг, нийт 5.665.350 төгрөгийг түрээслүүлэгч “И” ХХК-д төлөхөөр байгаа.
Иймд түрээслэгч УМВаас 5.665.350 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч УМВд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 5.665.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“И” ХХК нь Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх Газрын “Хилийн чанад дахь төрийн өмч хөрөнгийг удирдах” Холбооны улсын үйлдвэрийн газрын Алс Дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчтэй /Белозеров Василий Владимирович/ 2019 оны 7 сарын 1, 2020 оны 7 сарын 31-ний өдрүүдэд тус тус түрээсийн гэрээ байгуулан гэрээний хавсралтанд тусгасан Оросын Холбооны Улсын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг түрээслэхээр, дамжуулан түрээслэхээр, хавсралт дахь хөрөнгүүдийг хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн хугацаагаар түрээсийн хугацааг тооцохоор тус тус харилцан тохирсон байна.
Гэрээний дагуу талууд эд хөрөнгийг хүлээлцэх акт үйлдсэн ба дээрхи 2 гэрээнд тусгасан болон хавсралтанд заагдсан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 7-р байрны 1-40, 57-75 тоот орон сууцууд Оросын Холбооны Улсын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь эрхийн улсын бүртгэлийн Y-2205016741 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 14-23 дугаар тал/
Дээрхи гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хүрээнд нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч УМВтай 2019 оны 8 сарын 13-ны өдөр орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан УМВнь ОХУ-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 7-р байрны 65 тоотын 3 өрөө орон сууцыг 1 сарын 500.00 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохирсон бөгөөд гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, “И” ХХК тамгаа даран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.
/ХХ-ийн 9-12 дугаар тал/
Хариуцагч УМВБаянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 7-р байрны 65 тоотын 3 өрөө орон сууцыг 2019 оны 8 сарын 13-ны өдрөөс 2020 оны 8 сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд өөрийн ашиглалтад байлгасан ба тэрээр 2020 оны 8 сарын 1-ний өдөр дээрх орон сууцны түрээсийн төлбөрт 3.850.600 төгрөг төлөхөөс 250.000 төгрөг төлсөн, үлдэх 3.600.600 төгрөгийг төлнө оршин суугч, түрээслэгч УМВгэх тайлбарыг “И” ХХК-д гаргаж байсан байна.
/ХХ-ийн 13 дугаар тал/
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу “И” ХХК нь УМВаас түрээсийн төлбөрийн үлдэх хэсгийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”,
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “Түрээслэгч тал нь сар бүрийн 15-ны дотор ... түрээсийн төлбөр 500.000 төгрөгийг түрээслүүлэгч талд шилжүүлнэ”,
4 дүгээр зүйлийн 4.4-т “Хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж заасны дагуу түрээсийн төлбөрөө сар бүрийн 15-ны дотор төлөх үүргээ биелүүлээгүй хариуцагч буюу түрээслэгч УМВаас алданги 2.064.750 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч УМВаас 5.665.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч УМВд нэхэмжлэлийн хувийг 2021 оны 1 сарын 25-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 27-33 дугаар тал/
2021 оны 3 сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг хариуцагч талд 2021 оны 3 сарын 4-ний өдөр мэдэгдсэн бөгөөд хариуцагч УМВуг өдрийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ч түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлүүдэд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хугацаа олгох, мэтгэлцэх эрхийг нь хангах үүднээс шүүх хуралдааныг 2021 оны 3 сарын 29-ний өдрийн 10 цагт хэлэлцүүлэхээр хойшлуулсан болно.
/ХХ-ийн 40-51 дүгээр тал/
Хариуцагч УМВд шүүх хуралдааны товыг хуралдаан болохоос 14 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
/ХХ-ийн 52-55 дугаар тал/
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч УМВаас 5.665.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УМВаас 105.596 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 сарын 3-ны өдрийн 3647 дугаар захирамжаар хариуцагч УМВ/Паспортын дугаар RUS 71 9960463/-ын банкууд дахь харилцах банкны дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 5,665,350 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН