Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0312

 

 

 

 

 

 

         2022         04           20                                    128/ШШ2022/0312

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т*********** ХХК /РД:...................,

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яам,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулах, Т*********** ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, А.Б**********,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ:  “Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт "Компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зовшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ", Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ", 15.5 дахь хэсэгт "Хууль зүйн чиглэлээр" гээд 15.5.8 дахь заалтад "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх", 7 дугаар зуйлийн 7.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно" гэж тус тус заасан.

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулж болохыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрсөн байхаас гадна тус үйл ажиллагааг явуулж орлого олсон иргэн, аж ахуйн нэгжид орлогын албан татвар ногдуулах, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр явуулж байгаа төлбөрт таавар, бооцоот тоглоомын орлого нь иргэний эрх зүйн харилцаанд шаардах эрх бий болгох зэргийг салбарын бусад хуулиар тусгайлан зохицуулсан байдаг.

 Тиймээс манай компани хууль тогтоомжийн дагуу төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хуульд заасны шаардлагатай баримт материалыг бүрдүүлэн холбогдох төрийн захиргааны төв байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлт гаргасан.

Гэтэл тус яамны зүгээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сүүлийн жилүүдэд олгоогүй болно. Тус яамнаас Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулж байгаа, мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга Улсын Их Хуралд хэлэлцэгдэж байгаа учир төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "Захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтална” гэж тус тус заасан.

Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжуудын дагуу төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж болохыг зөвшөөрсөн атал Хууль зүй, дотоод хэргийн яам хуульд заагаагүй үндэслэлээр зөвшөөрөл олгохоос татгалзаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан.

Иймд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзаж буй Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, "Т*********** ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгаж өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж: “Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Т*********** ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа Хууль зүй, дотоод хэргийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Т*********** ХХК-д Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу даалгуулах” гэж тодруулж байна.” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т "Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно", 8.1.3-т "казиногийн үйл ажиллага эрхлэх” гэж заасан байдаг. Харин Улсын дээд шүүхийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 2009 оны 9 дүгээр тогтоолын 3-т "Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан  “Казиногийн үйл ажиллагаа эрхлэх”-ийг хориглох гэдэгт мөнгө буюу түүнийг орлогч металл /токенс/ хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос /чип/ буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж ойлгоно.” гэж заасан. Мөн хариуцагчийн тайлбарлаж байгаачлан Улсын Дээд шүүхийн “Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийн /хуучнаар/ зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 2010 оны 15 дугаар тогтоолд яг адил байдлаар тайлбарласан байдаг.

Тэгэхээр төлбөрт таавар, хонжворт тоглоом нь казиногийн төрлийн тоглоом биш юм. Хуулиар хориглосон аль ч хэрэглэгдэхүүн нь өөр ижил төстэй зүйл үгүй. Төлбөрт таавар нь урьдчилан тааварлах боломжтой. Учир нь спортын таавар дээр нь оролцож байгаа багийн түүх, статистик тоо баримт, тухайн тоглогчийн мэдээлэл зэрэг шаардлагатай мэдээллүүдийг спорт сонирхогч өөрөө судлан мэргэжлийн дүгнэлт гаргасны үндсэн дээр уг тааварт оролцдог. Энэ тааварт тоглоомоор зарим хүн амьдралын эх үүсвэрээ болгодог, зарим хүн стрессээ тайлах зорилгоор оролцдог. Манайх казиногийн төрлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бус төлбөрт таавар, бооцоот тоглоомын тусгай зөвшөөрөл хүссэн юм.

Төлбөрт таавар, бооцоот тогг лоомын үйл ажиллагааг нарийвчилсан хуулиар зөвшөөрч холбогдох бусад хуулиар энэ харилцаазохицуулсан байна гэж үзэж байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу "энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ.", 15.5 дах хэсэгт "Хууль зүйн чиглэлээр:", 15.5.8 дах заалтад "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх" гэж заасан байна. Харин Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.3 дахь хэсэгт "Хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгоно." гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана", 20.1.3-т "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 860,000-2,150,000 төгрөг" гэж холбогдох бусад хуулиудаар тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг эрхлэх боломжтой байна.

Нэхэмжлэгчийн хувьд хууль болоод Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан казиногийн зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл биш төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх хүссэн. Энэ нь хуулиар хориглосон мөрийтэй тоглоом, казино биш, хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа юм.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зарчмын хүрээнд  улс орныг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа гэж тайлбарлаж байна. Улс орны батлан, хамгаалах аюулгүй байдлыг хангах гэдэг нь маш өргөн утга агуулгатай гэж ойлгож байгаа учир хэрхэн яаж хэчнээн аж ахуй нэгжийн аюулгүй байдлыг хангаж байгаа талаар тодорхой байх ёстой гэж бодож байна. Улс орны батлан хамгаалах гэдэг нэрийн дор асуудлуудыг шийдэж хүний эрхийг зөрчил асуудал үүсэж байна. Улсын Дээд шүүхээс төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааны талаар хориглосон тайлбар гаргаагүй байна. Дээд шүүх практикт өөрөөр тайлбарлах нөхцөл үүсээгүй байна гэж үзэж тайлбар гаргахгүй гэдэг хариуг өгсөн.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.С****** 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 3/467 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан албан бичиг болон тус яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тайлбар нь хоорондоо уялдаа холбоогүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн утгатай байна. Төрийн нарийн бичгийн хариуд “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага олгохоор заасан боловч уг зөвшөөрлийг сүүлийн жилүүдэд тус яамнаас олгоогүй болно” гээд төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулж байна. Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл Улсын Их Хурал дээр хэлэлцэгдэж байна” гэсэн.

Эндээс нэгдүгээрт, тусгай зөвшөөрлийг яам олгохоор заасан боловч сүүлийн жилүүдэд олгоогүй гэдэг нь тусгай зөвшөөрлийг яам олгох хуультай, сүүлийн жилүүдэд л олгоогүй болохоос өмнө нь олгодог байсан, хоёрдугаарт холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байгаа гэдэг нь Эрүүгийн хуульд заасан казино буюу мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт төлбөрт таавар, бооцоот тоглоом хамаарахгүй буюу хуулиар зөвшөөрсөн, харин зохицуулалтыг нь боловсронгуй болгох ажил хийгдэж байна гэсэн агуулга харагдаж байна.

Энэ дүгнэлтийг зүгээр л утга болон уг үсгийг нь мушгин өөрт ашигтай байдлаар тайлбарлаагүй. Үнэхээр ч төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг яамнаас олгож байсан тохиолдлууд олон байдаг. Аж ахуйн үйл ажиллагааны тухай хууль 2001 онд батлагдахад төлбөрт таавар, бооцоот тоглоомын уйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн. Түүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 192 дугаар тушаал, 2003 оны 155 дугаар тушаалаар “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журам” батлагдаж, 2008 онд хүчингүй болох хүртлээ тусгай зөвшөөрөл олгосон. Гэвч хууль зүй дотоод хэргийн сайд зөвшөөрөл олгохоор хуульд заасан болохоос захиргааны хэм хэмжээний акт батлах эрх хуулиар олгогдоогүй байсан учраас хүчин төгөлдөр бус болгосон. Эндээс үзвэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг учраас тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан утга Төрийн нарийн бичгийн хариу албан бичигт байхгүй байна.

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар нь "Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом буюу казино гэж юу болохыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарыг дурдаад төлбөрт таавар, бооцоот тоглоом нь Эрүүгийн хуульд заасан мөрийтэй тоглоом учир зөвшөөрөл олгохгүй" гэсэн утгатай буюу "ТТ*********** ХХК" ХХК-д яамнаас хүргүүлсэн албан бичгийн агуулгаас зөрүүтэй байна. Т*********** ХХК-д хүргүүлсэн албан бичигт дурдсанаар “Төлбөрт таавар, бооцоот тоглоом эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төсөл, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл тус бүрийг боловсруулж, батлах гэж байгаа учраас тусгай зөвшөөрөл олгохгүй гэж байгаа нь үндэслэлгүй тайлбар байна.

Тэгээд ч Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг анх 2015 онд боловсруулсан боловч өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд батлагдаагүй, Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулж ч дуусаагүй байна. Эдгээр хууль хэзээ батлагдана гэж тэр хүртэл иргэн хуулийн  этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөөр байх вэ? Иймээс тусгай зөвшөөрөл олгох боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Дээрх бүгдийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг авалгүй буцаасан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т*********** ХХК нь вэб сайтын үйлчилгээ, спортын клубийн үйл явуулах чиглэлээр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Н*******-т "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим хэлбэрээр хугацаагүйгээр эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэх" тухай хүсэлтээ 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/147 тоотоор ирүүлсэн байдаг.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийн /хуучнаар/ зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 13-т "хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино)” гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр,  тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтын өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна." гэж заасан.

 Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулах” нь эрүүгийн гэмт хэрэг болохыг тодорхойлж, тус хуулийн 20.17 дугаар зүйлд тусгасан.

Тиймээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.5.8-д заасны дагуу "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг олгох эрх зүйн үндэслэлгүй болно.

Иймд Т*********** ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно." гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам тус зөвшөөрлийг олгохоор, 15 дугаар зүйлийн 15.5.8 дахь заалтад "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх" гэж заасан ч тус заалтыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгоогүй.

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсэгт "Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө." гэж заасны дагуу 3/467 дугаартай албан бичгээр Т*********** ХХК-ийн албан бичгийн хариуг хүргүүлсэн байдаг. Энэхүү хариуг гаргахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад заасны дагуу "улс орныг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах", 9.1.2 дахь заалтад "аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх", 9.1.3 дахь заалтад "ил тод, шуурхай байх", 9.1.4 дэх заалтад “зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох" зарчмыг үндэслэн тус хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулах нь эрүүгийн хуулийг зөрчсөн гэмт хэрэг гэж заасан. Тодруулбал Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн 20.17 дахь зүйлийн 1 дэх хэсэгт "Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол..." 20.17 дахь зүйлийн 2 дахь хэсэгт "Yр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол..." гэж заасан. Улсын дээд шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тайлбарласан тайлбарт "хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр,  тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтын өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна." гэж заасан.

Т*********** ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.5.8 дахь заалтад заасны дагуу "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх" асуудлаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлтдээ компани цаашид төлбөрт таавар, хонжворт тоглоомын үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн татвар хураамжийг, төлж цахим хэлбэрээр, хугацаагүйгээр эрхлэх хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжид заасан шаардлага, нөхцөлийг биелүүлж холбогдох баримтыг хавсарган тухайн төрлийн тусгай зөвшөөрлийг авахаар хүсэлт гаргасан байсан нь учир дутагдалтай байна. Тухайн хүсэлт нь ямар үйл ажиллагаа  явуулах нь тодорхойгүй, нарийвчилж заагаагүй байна. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас энэхүү харилцаатай холбоотой Улсын дээд шүүх рүү тайлбар гаргуулахыг хүссэн албан бичиг явуулсан бөгөөд "Ийм практик харилцаа үүсэж байсан нь тогтоогдоогүй байна" гэсэн хариу ирсэн. Иймээс Т*********** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Т*********** ХХК нь вэб сайтын үйлчилгээ, спортын клубийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим хэлбэрээр, хугацаагүйгээр эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэж" 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/147 тоотоор хандсан, Хууль зүй, дотоод хэргийн яам “хууль, журмаар зохицуулалт шаардлагатай байгаа, Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн, Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах хүртэл тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” хэмээн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж буцаасан байна.

Нэхэмжлэгч Т*********** ХХК нь тус компанид төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3/467 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгээр хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэл.

1. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулахаас гадна энэ харилцаанд хамаарах хууль тогтоомжууд байна. Тухайлбал,  

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулах бөгөөд "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа”-г  тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр, энэ төрлийн тусгай зөвшөөрөл нь хууль зүйн чиглэлд хамаарахаар уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.8-д, энэ чиглэлийн тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны холбогдох төв байгууллага буюу Хууль зүй, дотоод хэргийн яам олгохоор 7 дугаар зүйлийн 7.1-д заажээ. Мөн тусгай зөвшөөрлийг олгохдоо үйл ажиллагааны төрөл, хугацаа, үйлчлэх хүрээ, тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг заахаар мөн хуулийн 4 дүгээр зүйлд, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавьж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэхээр 10, 13, 14 дүгээр зүйлүүдэд зохицуулсан байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.3-т хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход улсын тэмдэгтийн хураамж хураахаар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого нь үйл ажиллагааны орлогод хамаарч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдохоор, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого нь хувь хүний орлогын албан татвар ногдох бусад орлогод хамаарахаар, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулахаар тус тус заажээ.   

Ийнхүү Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яам олгохоор, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлж болохыг зохицуулснаас гадна  дээрх бусад хуулиудаар энэ төрлийн харилцааг хууль тогтоомжийн хүрээнд эрхэлж олсон орлого нь хуулиар зөвшөөрөгдсөн орлого байхаар зохицуулалтууд байх тул Хууль зүй, дотоод хэргийн  яам нь энэ төрлийн тусгай зөвшөөрлийг нөхцөл шаардлагыг нь хангуулан олгоход хууль тогтоомжийн зохицуулалт дутмаг, зохицуулалт шаардлагатай гэж, батлагдаагүй хуулийн төслүүдийг иш татан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд хууль тогтоомжийн зохицуулалт шаардлагатай гэж үзэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн үндэслэл няцаагдаж, хуульд нийцээгүй байна.

2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон аж ахуйн үйл ажиллагааны төрлийг нэрлэн заасан, үүнд 8.1.3-т казиногийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон ч нэхэмжлэгчийн эрхлэхээр хүсэлт гаргасан үйл ажиллагаа нь казиногийн үйл ажиллагаа биш байна, тодруулбал хариуцагч нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэл болгосон Улсын Дээд шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолын 13-т заасан "хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино)” гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр,  тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтын өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна." гэх тайлбар нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т эрхлэхийг хориглосон казиногийн үйл ажиллагааны казино гэх ойлголтыг тайлбарлаагүй, Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарласан тогтоол байх тул энэ маргаанд хамаарахгүй буюу Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.8-д заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзах үндэслэл болохгүй.

Түүнчлэн нарийвчилсан зохицуулалт бүхий Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.8-д тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлж болох төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан “үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулах” гэмт үйлдэлтэй хольж тайлбарлах нь үндэслэлгүй байна.

Тиймээс  “хууль, журмаар зохицуулалт шаардлагатай байгаа, Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн, Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах хүртэл тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэх хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаарлагаас Т ХХК-д төлбөрт, таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан шийдвэр буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн **** дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоох хэсгийг хангаж, Т ХХК-ийн төлбөрт, таавар бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. 

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл.

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д тусгай зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлэх баримт бичгийг хуульчилсан, тухайлбал 11.1.1-д “тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө эрхлэх үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах”, 11.1.7-д “15.5.8-д заасан аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхдээ аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байх” гэсэн шаардлагыг тавьсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь спортын төлбөрт тааврын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах хүсэлтэй, компанийнх нь үндсэн үйл ажиллагаа энэ чиглэлтэй болохыг шүүх хуралдаан дээр тайлбарладаг ч анх тусгай зөвшөөрөл хүсэхдээ энэ талаар тодорхойлоогүй, ямар үйл ажиллагаа хэрхэн явуулах талаарх хүсэл зоригоо тодорхой илэрхийлээгүй, нийслэлийн Засаг даргын саналыг авсан эсэх нь тодорхойгүй байх тул тусгай зөвшөөрөл олгохыг даалгах хууль зүйн боломжгүй байна.

2. Нөгөөтэйгүүр мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1-д тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр эрх хэмжээг нь хуульчилсан, түүнчлэн тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шүүх дүгнэхгүй, өөрөөр хэлбэл шүүх тусгай зөвшөөрөл олгох эрх хэмжээ, чиг үүрэгтэй этгээд биш тул төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохыг хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж даалгах боломжгүй.

3. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4-т тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаатайгаар олгохоор хуульчилсан байхад тусгай зөвшөөрөл хүсэгчийн гаргасан “тусгай зөвшөөрлийг хугацаагүй авах” хүсэлт үндэслэлгүй, хуулийн боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Т*********** ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.5.8 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, Т*********** ХХК-д төлбөрт, таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан шийдвэр буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3/467 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Т ХХК-ийн төлбөрт, таавар бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Т*********** ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны  дагуу нэхэмжлэгч Т*********** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч с-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА