Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2017/0107/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Шүүгдэгч А.Цагаанзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Тугчин Амгалангийн Цагаанзулд холбогдох эрүүгийн 201709000143 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Тугчин Амгалангийн Цагаанзул, 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 7 дугаар хэсэг 6-53 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТЗ81080470 регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.Цагаанзул нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан сумын 4 дүгээр багийн нутагт явж байхдаа Т.Дэлгэрмаагийн гээгдүүлсэн Samsung J-7 маркийн гар утсыг олж уг гар утсыг ломбарданд тавьж бусдын гээгдэл эд зүйлийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч А.Цагаанзулын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Ямар ч байсан 1 сарын эхээр манай ээж хотоос ирээд би ээжийг төмөр замын вокзалд суудалд суулгаж өгсөн. Тэгээд вокзалаас гараад такси хүлээж зогсож байгаад Sonata-6 маркийн машины арын суудалд суусан. Урд суудал дээр нэг хүн суусан байсан тэр нь намайг суух үед зөрөөд буусан. Би арын суудал дээр суутал суудал дээр гар утас байсан. Би хуучин хорооллын 20-ын буудал дээр буугаад цаашаа Мангиртын таксинд суугаад харьсан. Миний олсон утас шаргалдуу өнгөтэй Samung J-7 гэсэн утас байсан. Олох үед унтарсан байсан. Тэгээд тэр утсыг би ашиглаагүй гэртээ байлгаж байгаад асаах гэж үзсэн чинь асахгүй байсан. Тэгээд цэнэглэж байгаад асаасан чинь ассан. Тэгээд мөнгөний хэрэг гараад би Баян-Идэр худалдааны төвийн доор байдаг ломбарданд 100 000 төгрөгөөр тавиад сарын дараа зээлсэн мөнгөө хүүгийн хамт 108 000 төгрөг өгөөд авсан. Тэгээд би тэр гар утсанд өөрийн 99673032 дугаарын сим хийгээд барьж байсан юм гэх мэдүүлэг, Хохирогч Т.Дэлгэрмаагийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017.01.02-ны өдөр би найз Эрдэнэбилэгийн хамт хээтэй хороололд “ОД” солонгос хоолны газарт хүний төрсөн өдөрт очсон. Тэнд орж пиво, виски гээд нилээн юм хольж уугаад нилээн согтсон байсан тэндээсээ 23 цагийн үед гараад зам руу гараад такси бариад 4/2-р байр луу гэрлүүгээ явсан юм. Байрныхаа гадаа буугаад гэртээ орц руугаа орох гэхэд орцны код солигдчихсон хэсэг түүнтэй ноцолдож байгаад би гэртээ орсон найз гадаа үлдчихсэн байна лээ яагаад үлдсэнийг мэдэхгүй сайн санахгүй байна. Тэгээд гэртээ ороод утсаар ярих гээд утсаа үзтэл байхгүй байхаар нь би дүүгээ гаргаад Эрдэнэбилэгийг олоод ир гээд явуулсан чинь Эрдэнэбилэг орцонд байсан гэсэн тэгээд Эрдэнэбилэг орж ирээд би утсаа асуусан чинь байхгүй байсан. Эрдэнэбилэгийн утас ч бас байхгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10/, Гэрч Н.Болорцэцэгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017.01.20-ны өдөр А.Цагаанзул гэж хүн манайд Samsung J-7 маркийн гар утас 100 000 төгрөгөөр тавьсан байна. Уг гар утсыг 14 хоногийн хугацаатай тавьсан ба би баримтаа бичихдээ хугацааг нь 1 сараар бичсэн байсныгаа сүүлд нь 2017.01.27-28-ны үеэр хараад тэр хүн рүү залгаад би хугацааг нь буруу бичсэн байна удахгүй 14 хоног нь болох гэж байгаа юм байна шүү гэж хэлсэн чинь тэр хүн за за удахгүй очиж утсаа авна гэж хэлсэн. Тэгээд 2017.02.03-ны өдөр утсаа ирж авсан шиг санагдаж байна. Хүүтэйгээ нийлээд 108 100 төгрөгөөр утсаа авсан гэх мэдүүлэг /хх-ийн 11/, Гэрч Ч.Буяндэлгэрийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Хадам ээж намайг төрсөн гээд хотоос эргэж ирсэн байсан. Тэгээд нөхөр маань ээжийг хот руу суудалд суулгаж өгөх гэж яваад таксинаас гар утас олсон байсан. Тэгээд сүүлдээ нөгөө утас нь цагдаа сэргийлэх болоод байсан. Манай хүн олсон утсаа хэд хоногийн дараа мөнгөний хэрэг гараад ломбарданд тавиад удалгүй буцааж аваад өөрөө барьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-39/ зэрэг болно. Шүүгдэгч А.Цагаанзул нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутагт явж байхдаа Т.Дэлгэрмаагийн гээгдүүлсэн 680 000 төгрөгийн үнэ бүхий Samsung J-7 маркийн гар утсыг олж уг гар утсыг ломбарданд тавьж бусдын гээгдэл эд зүйлийг завшсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэсэн хэдий ч хохирогч Т.Дэлгэрмаа нь шүүгдэгч А.Цагаанзултай шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч А.Цагаанзул нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч А.Цагаанзулыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав. Шүүгдэгч А.Цагаанзулын эзэмшлийн LG маркийн 49 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Тугчин Амгалангийн Цагаанзулыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч А.Цагаанзулыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Цагаанзулын эзэмшлийн 1 500 000 төгрөгийн үнэ бүхий LG маркийн 49 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Цагаанзулд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАТЖАРГАЛ