Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/224

 

 

                                                           

 

 

 

 

 

 

   2024         03         22                                    2024/ШЦТ/224

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч О.Нандинцэцэг,

хохирогч Б.М

шүүгдэгч О.Н нарыг оролуулан эрүүгийн 2311 0167 11711 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.Н , ... өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.Н нь хохирогч Б.М ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл хохирогч Б.М , гэрч У.Ж, гэрч Т.А, гэрч М.З нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10342 дугаартай дүгнэлт, шүүгдэгч О.Н ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М  мэдүүлэхдээ “....Би караокеноос гарахдаа нүдээ цохиулсан байсан. Дараа нь буцаж караоке руу ирээд цагдаа дуудсан. Намайг согтуу байгаа гэж хэлээд байгаа боловч би өөрийн биеэ хянах чадвартай байсан. Яагаад гэвэл манай найзууд эхлэж ирээд би дараа нь ирсэн учраас бага уусан байсан. Би тухайн үед ууртай байсан. Шүүгдэгч О.Н намайг буланд шахаж байгаад цохьсон гэдгийг бид хоёр мэдэж байгаа. Шүүгдэгч О.Н шударга байх хэрэгтэй гэж хэлмээр байна” гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ “...Өмнөх шүүх хуралдаан дээр хохирогч Б.М  нь намайг түүнийг цохиогүй тохойдсон гэж хэлсэнийг тодруулмаар байна. Хохирогч Б.М  хэрэг болсон өдөр манай караокед орж ирээд хамт явж байсан эмэгтэйтэйгээ муудалцаад байхаар нь салгасан чинь надаас гар утсаа нэхээд байсан. Маргалдаад байсан эмэгтэйгийн ард хохирогч Б.М ын гар утас байхаар нь түүнд аваад өгсөн чинь зөрүүлээд миний салтай руу өшиглөсөн учраас би түүн рүү гар далайсан. Харин би түүнийг цохиогүй.” гэжээ.

  Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч  О.Н нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо хохирогч Б.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл хийгээгүй гэж маргаж оролцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч О.Н нь 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Рич” нэртэй караоке дотор хохирогч Б.М ын биед халдаж цохисны улмаас зүүн цовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоно.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

Хохирогч Б.М  мэдүүлсэн “...Би найз болох А, З, О гэх 3 найз болох нөхөр У.Ж-тай хамт 19 цагийн үед цуг караоке орохоор Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрдийн тойргийн хойд талд байрлах автобусны буудлын зогсоолын зүүн талд байрлах караокед очсон. Тэр үед нөхөр бид 2 бага зэрэг маргалдаад манай нөхөр болон найзууд түрүүлээд ороод явчихсан. Тэгээд би араас нь орох гэтэл үүдний ресепшн намайг хаачих гэж байгаан гээд зогсоосон. Би миний нөхөр болон найзууд энд байгаа юм гэсэн чинь оруулахгүй байхаар нь дайраад орчихсон юм. Ороод удаагүй байхад нөгөө ресепшн араас өрөөнд орж ирээд миний гарнаас татаад дагуулаад шатаар буулгаж байгаад явах замдаа миний нүд болон цээж хэсэгт 3-4 удаа цохиод намайг караокеноос хөөж гаргасан. Удалгүй би гэртээ хариад миний нүд болон цээж хөндүүрлэж өвдөөд байсан болохоор цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

Гэрч У.Ж мэдүүлсэн “...2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажлынхаа найз А, З, хуучин хамт ажилладаг байсан эмэгтэй болох О, эхнэр Б.М  нартай хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо “Рич” караокед 19 цагийн үед үйлчлүүлэхээр орсон. Бид хэд ороод 750 граммын архи, ус захиалсан бөгөөд манай эхнэр О бид хоёрыг хардаад байх шиг байсан бөгөөд эхнэр Б.М  30 минутын дараа уурлаад гараад явсан юм. Түүний дараа бид 4 дуулаад сууж байтал эхнэр Б.М  гаднаас орж ирээд намайг толгой руу хэд хэдэн удаа уурлаад цохиод эхэлсэн. Бид хэд маргалдаад байхаар нь гаднаас тухайн караокений зөөгч залуу гэх өндөр сахалтай залуу орж ирээд манай эхнэрийг бидний сууж байсан өрөөнөөс татаж гаргасан. Бид 4 өрөөндөө үлдсэн юм. Гэнэт байж байтал дахин коридорт шуугиад орилолдоод хашгичаад эхэлсэн болохоор нь бид 4 цуваад гарсан би түрүүлж гарсан. Гарсан гэдэг нь тухайн караокений үүдэнд буюу яг хаалгаар орох коридорт болсон бөгөөд тэр залуу манай эхнэрийг заамдаад нэг удаа нүд рүү нь цохисныг би харсан юм. Яагаад тухайн залуу манай эхнэрийг цохисон бэ гэхээр манай эхнэр намайг өөр хүнтэй хардаад байхаар орилж хашгачаад үймээн самуун гаргаад байсан учраас өмнө нь нэг удаа хөөж гаргаад дараа нь дахин манай эхнэр орох гэж маргалдаад байхаар нь тэр зөөгч өндөр залуу цохисон байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

Гэрч Т.А мэдүүлсэн “...Тухайн өдөр найз Жаргалсайхан, Б.М , Зоригоо, Одноо нар нэг караокед дуулаад байж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.М  гээд Жаргалсайхан ахын эхнэр гаднаас орж ирээд нөхрийгөө Одноо гэх эмэгтэйгээ хардаад хэд хэд цохих шиг болсон гэхдээ Жаргалсайхан ах бол эхнэрийнхээ урдаас нэг ч гар хүрээгүй тийм цохих хүн биш эхнэр нь уурлаад байх шиг байсан. Тэр хавиар караоке дотор орилоод шуугиан тариад байсан юм. Тэгсэн чинь гадаа тухайн караокений зөөгч гэх өндөр сахалтай залуу орж ирээд Б.М  эгчийг татаад аваад гарсан юм. Бид хэд харин караокед үлдсэн юм. Бид хэд гарахаар болоод үүдэнд очтол Б.М  би цохиулчихлаа чи муу миний нүд рүү цохидог хэн бэ би нөхөртөө ч зодуулж үзээгүй мэдэв үү гээд нөгөө караокений зөөгч өндөр сахалтай залуу руу орилоод байсан. ...караокений залуу Б.М  эгчийг аваад гараад явахдаа л жоохон ууртай аваад явсан тэгээд караокенээс гаргах юм уу буцаж оруулахгүй л гээд уурлаад караокений залуу Б.М  эгч цохисон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

Гэрч М.З мэдүүлсэн “...2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажлынхаа найз А, Ж ах, Б.М  эгч нартай хуучин хамт ажилладаг байсан эмэгтэй болох О нартай хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо “Рич” караокед 19 цагийн үед үйлчлүүлэхээр орсон. ...сууж байтал нэг мэдсэн Ж ахын эхнэр Б.М  эгч уурлаад гаднаас орж ирээд Жаргалсайхан ахыг толгой руу нь цохиод байсан. Харин Жаргалсайхан ах Б.М  эгчийн биед нэг ч халдаагүй халдахаар тийм зан авиртай хүн биш байгаа юм. Маргалдсан шалтгааныг би бодохдоо гэр бүлийн маргаанаас болж согтуудаа маргалдаж байна гэж бодсон. Бид хэд зүгээр сууж байтал Б.М  эгч орж ирээд гэнэт үймээн самуун тариад маргалдаан үүссэн болохоор гаднаас караокений зөөгч гэх өндөр сахалтай залуу байсан бөгөөд тэр орж ирээд Б.М  эгчтэй муудалцсан. Караокений залуу одоо гарчихаа битгий үймээн самуун тариад бай гэж хэлсэн чинь Б.М  эгч гарахгүй байсан. Тэр 2 муудалцаж байгаад караокений залуу Б.М  эгчийг гадагшаа аваад гарсан. Б.М  эгч гарахгүй гээд урдаас нь янз бүр болсон болохоор нь караокений залуу цохисон юм шиг байна лээ”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10342 дугаартай дүгнэлт “...Б.М ын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар 2023/ШЗ/140 тоот захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд хийж гүйцэтгэсэн ажиллагааны хүрээнд гэрч Ц.О мэдүүлсэн “...Би Рич зочид буудалд ресепшний ажил эрхэлдэг, яг манай зочид буудлын текээр дамжин Рич караоке Б1 давхарт нь байдаг болно. Улмаар тухайн өдөр би ер нь караоке руу орж байгаа хүмүүсийг ажиглаад хараад хаашаа орох гэж байгааг тодруулаад асуудаг тэгээд тэр өдөр дундаж биетэй бор арьстай нэг эгчийг /согтуу/ Нара ах 2 удаа гаргаж өгсөн гаргаж өгөхдөө танай хүмүүс чинь гараад явчихсан ш дээ одоо ингээд гарчихаа” гэх зэргээр тайван л байх шиг байсан тэр эгч байгаа байгаа гэх зэргээр дайраад байсан. Тэгээд би Н ахаас яагаад наад эгчийгээ байн байн гаргаж өгөөд байгаа юм бэ гэж асуутал Н ах хамт байгаа хүмүүс нь явчихсан юм аа тэгээд энд байгаа гээд байн байн орж ирээд байна гэж надад хэлсэн. Төд удалгүй тэр эгч яваад өгсөн цаг гарны дараа тухайн эгч гаднаас орж ирэхэдээ нүд нь хавдсан байдалтай орж ирээд танай караокений ах чинь намайг цохичихлоо тэр ийм болгочихсон гээд уйлаад гэж надад хэлсэн би тэр үед нь Н ахыг дуудаад Н ах гарч ирээд би юу гэж таныг цохих билээ дээ гэтэл тэр эгч цагдаа дуудна гээд тэр хавиар нэг юм болоод байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Н ээс гаргаж ирүүлсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагджээ. Шүүгдэгч О.Н ээс гаргаж ирүүлсэн камерын бичлэгийг шүүх хуралдааны үед тоглуулж бүрэн шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, гэмт хэрэг гарсан үйл явдлыг сэргээн дүрсэлж үнэлэлт дүгнэлт өгсөн болно.

Шүүгдэгч О.Н нь хэдийгээр хохирогч Б.М ыг цохиж гэмтэл учруулаагүй талаар маргасан боловч түүнээс гаргаж ирүүлсэн дүрс бичлэгүүд, мөн гэрч Ц.О-н мэдүүлэг нь шүүгдэгч О.Н ийг гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолж цагаатгах нотлох баримт болоход хангалттай, хүрэлцээтэй биш байх бөгөөд бусад нотлох баримтуудаар буюу хохирогч Б.М  мэдүүлсэн  “…Ороод удаагүй байхад нөгөө ресепшн араас өрөөнд орж ирээд миний гарнаас татаад дагуулаад шатаар буулгаж байгаад явах замдаа миний нүд болон цээж хэсэгт 3-4 удаа цохиод намайг караокеноос хөөж гаргасан”, гэрч У.Ж мэдүүлсэн “…караокены үүдэнд буюу яг хаалгаар орох коридорт болсон бөгөөд тэр залуу манай эхнэрийг заамдаад нэг удаа нүд рүү нь цохисныг би харсан юм”, гэрч Т.А мэдүүлсэн “…Б.М  би цохиулчихлаа чи муу миний нүд рүү цохидог хэн бэ би нөхөртөө ч зодуулж үзээгүй мэдэв үү гээд нөгөө караокений зөөгч өндөр сахалтай залуу руу орилоод байсан”,  гэрч М.З мэдүүлсэн “…караокений залуу Б.М  эгчийг гадагшаа аваад гарсан. Б.М  эгч гарахгүй гээд урдаас нь янз бүр болсон болохоор нь караокений залуу цохисон юм шиг байна лээ” гэх мэдүүлэг, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10342 дугаартай дүгнэлтээр “…Б.М ын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлтээр гэмтлийн талаар болон гэмтэл үүссэн цаг хугацаа, механизмын талаар дурьдсан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч, гэрч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэг бөгөөд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээдэг. Энэ хэрэгт хохирогч, гэрчээр асуугдсан этгээдүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, эргэлзээгүй байхын зэрэгцээ худал мэдүүлсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Шүүгдэгч О.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч О.Н ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч  О.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Хохирогч Б.М  нь шүүхэд Мед Траума эмнэлэгт 290.000 төгрөгөөр дүрс оношилгооны шинжилгээ хийлгэсэн баримтыг гаргаж ирүүлсэн нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд хамааралтай байх тул шүүгдэгч О.Н ээс гаргуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх санал гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд 290.000 төгрөгийг хохирогч Б.М д төлж барагдуулсан хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна.

            Хохирогч Б.М  нь гэмт хэргийн улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.М ын гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хохирол учирснаас үүдэлтэй хөдөлмөрийн хөлс, цалин, орлого олж чадаагүй эсэх талаарх нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлд зааснаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч О.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг сайн дураар нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч О.Н ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч О.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, мөн энэ гэмт хэрэг үйлдэгдэн гарахад хохирогч Б.М ын байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, танхайрсан хууль бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч О.Н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй …гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол …эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэж зааснын дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флаш дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалсугай.

Шүүгдэгч О.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав..  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Н-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Шүүгдэгч О.Н ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флаш дискийг хэрэгт хадгалсугай.

4. Шүүгдэгч О.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

5. Хохирогч Б.М  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос үүдэлтэй ажил хөдөлмөр эрхлээгүй байх хугацааны цалин хөлсийг Иргэний хуульд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР