Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/210

 

 

 

 

 

 

 

 

   2024        03          18                                    2024/ШЦТ/210

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дэлгэрмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч А.Дэлгэрмөнх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т ,

шүүгдэгч С.Г  нарыг оролцуулан эрүүгийн 2311 00578 1023 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.Г , Монгол улсын иргэн,  өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн .. хороо, .. гудамж .. байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Б 00 тоотод түр оршин суудаг гэх,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г  нь 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 тоотод хохирогч Б.Б гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Б.Б , гэрч Т.Самнандорж нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Г ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 2906 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар 980 тоот дүгнэлт, цагдаагийн байгууллагын гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №04/2102 албан тоот, хавсралтын хамт зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г  мэдүүлэхдээ “...Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т  мэдүүлэхдээ “...Миний дүү Б.Б  залуу хүн байсан. Би С.Г ыг энэ гэмт хэрэгт холбоотой гэж үзэж байгаа. Хохирогчийн ээж нь гомдолтой байгаа тухайгаа надаар хэлүүлсэн. Эмчилгээний зардал болох 1,732,200 төгрөгийг шүүгдэгч С.Г аас гаргуулмаар байна.” гэжээ.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 2023/ШЗ/1190 дугаартай захирамжаар шүүгдэгч С.Г д холбогдох эрүүгийн 2311 00578 1023 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хэргийг хянан хэлэлцэхийг хойшлуулсан хугацаанд шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Г  нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Г  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч С.Г  нь 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 тоотод хохирогч Б.Б гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний биед баруун хөлийн зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд шарх, баруун хөлний шаант ясны гадна булууны сэлтэрч салсан хугарал, баруун шаант болон дунд чөмөгний гадна булуунд шахагдсан хугарал, баруун өвдөгний үений урд болон арын чагтан холбоосны суналт, гадна, дотор менискийн тасрал, зүүн талын 5, 6-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал),

Хохирогч Б.Б  мэдүүлсэн “...2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 18 ца гийн орчимд 3, 4 дүгээр хороололд ганцаараа паб ороод 100 граммын архи 3 удаа авч уусан. Тэгээд шууд Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороонд байрлах нийтийн байранд ирсэн. Тэгсэн манай нийтийн байрны 2 давхарт байрлах настай хөгшийн бил нар Хонз гэж дууддаг гэхдээ өөрийнх нь нэрийг мэдэхгүй. Би 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд 0 давхарт байрлаах Хонз гэж дууддаг өвгөний гэрт орсон чинь С.Г  гэх эмэгтэй түүний хамтран амьдрагч гэх залуу хоёр ирсэн байсан. Тэр гурав хамт архи уугаад сууж байсан. С.Г  гэх эмэгтэй нөгөө хосроосоо илүү согтуу байсан. Тэр гурав байсан архинаасаа надад 2-оос 3 удаа хийж өгсөн би тухайн хийж өгсөн архийг нь уусан. Тэгээд би сууж байсан С.Г  гэх эмэгтэй надаас гар утсаа өгч бай гэж хэлэхээр нь би өөрийн гар утсаа өгсөн. Тэгээд хэсэг хугацаанд юм яриад сууж байгаад С.Г  гэх эмэгтэй намайг элдэв үгээр доромжлоод үгээр өдөөд байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утсаа аваад явах хэрэгтэй байна гэхэд С.Г  чиний гар утас гэж юу байдаг юм зайл гэж хөөсөн. Тэгэхээр нь явах гээд боссон чинь нөхөр нь намайг түлхэж унагаасан тэгсэн С.Г  гэх эмэгтэй миний нүүр болон толгой хэсэг рүү маш олон удаа өшиглөсөн. ...Би элэгний хатууралтай бөгөөд Баянзүрх дүүргийн эмнэлгийн хяналтад байдаг халамжийн мөнгө авдаг. Тухайн үед зодуулсны улмаас миний баруун өвдөгний зөөлөн эдийн гэмтэл сэдэрсэн учир нь би 2010 онд баруун хөлийн өвдөгний дурангийн хагалгаанд ороод одоо хүртэл сайн нугалардаггүй бага зэрэг хазгар явдаг байсан юм. Миний учирсан гэмтлийг С.Г  гэх эмэгтэй учруулсан харин түүний нөхөр гэх залуу намайг 1 удаа түлхсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал),

Гэрч Т.Самдандорж мэдүүлсэн “...Би Нарантуул зах дээр ачаа зөөдөг ажилтай бөгөөд С.Г  эмэгтэйтэй хамтран амьдраад 1 жилийн хугацаа болж байна. Одоогоор бид хоёр нийтийн байр түрээслэн амьдарч байгаа юм. Хамтран амьдрагч С.Г  бид Баянзүрх дүүрэгт нийтийн байр түрээслэн амьдардаг бөгөөд Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороонд хамтран амдьрагч С.Г ын хүргэн ахын гэрт 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр очсон юм. Тэгээд тухайн  өдөр С.Г  болон түүний хүргэн ахынд хамт архи хувааж уусан. Тэгээд 2023 оны 2 дугаар сарын 15-нгы өдөр би хэвтэж байсан чинь манай эхнэр С.Г  Б.Б  гэх залуутай маргалдаад байх шиг байхаар нь гараад харсан чинь Б.Б  газар унасан харин хамтран амьдрагч С.Г  түүнийг өшиглөж байсан тэгэхээр нь би хамтран амьдрагч С.Г  согтуудаа битгий ийм үйлдэл гаргаарай одоо боль гэж хэлсэн. Тэгээд тухайн зодооныг салгаад Б.Б г Баярсайхан ахын орон дээр хэвтүүлсэн юм. Би ямар нэгэн байдлаар Б.Б гийн биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал),

Гэрч Т.Алтансүх мэдүүлсэн “...2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Чиглэл 115 машинт эргүүлийн үүргийг 24 цагаар цагдаагийн дэд ахлагч Г.Х-ын хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Тус өдрийн 18 цаг 02 минутанд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны байран дээр хүнд зодуулсан бололтой согтуу хүн орж ирээд цагдаа дуудаад өгөөч гэсэн дуудлагын дагуу очиход 2 эрэгтэй 1 эмэгтэй хүмүүс байсан тухайн хүмүүс бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд зодуулсан гэх хүнийг эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Т хэлтэс рүү аваад явсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 235 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч М.М мэдүүлсэн “...миний очсон нийтийн байрны гадаа хашаанд нь тоглож байгаад гадаа гэгээтэй байсан. 18 цагт Б бид хоёр нийтийн байр руу яваад ороход Ж гээд эгч нийтийн байрны коридор дотор Б.Б  гээд хөл доголон ахыг түлхээд унагаасан чинь Б.Б  ах нүдээрээ нэг юмны булан мөргөөд унасан. Тэгээд Ж гээд эгч Б.Б  ахыг унасан байхад нь нүүр рүү нь нэмж цохиод нүднээс нь цус гаргасан. ...Б.Б  ахыг Ж гээд эгч зодоод байсан. Түүний нөхөр нь салгахгүй зүгээр хараад зогсоод байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 236 дахь тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 2906 тоот дүгнэлт “...Б.Б гийн биед баруун хөлний зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар 980 тоот дүгнэлт “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2906 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ...Б.Б гийн биед нэмэлтээр баруун хөлийн зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд шарх, баруун хөнлийн шаант ясны гадна булууны сэлтэрч салсан хугарал, баруун шаант болон дунд чөмөгний гадна булуунд шахагдсан хугарал, баруун өвдөгний үений урд болон арын чагтан холбоосны суналт, гадна, дотор менискийн тасрал, зүүн талын 5,6-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2906 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтэлтэй цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. ...Нэмэлтээр тогтоогдсон баруун хөлийн зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд шарх, баруун хөнлийн шаант ясны гадна булууны сэлтэрч салсан хугарал, баруун шаант болон дунд чөмөгний гадна булуунд шахагдсан хугарал, баруун өвдөгний үений урд болон арын чагтан холбоосны суналт, гадна, дотор менискийн тасрал, зүүн талын 5,6-р хавирганы хугарал гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Өшиглөх, цохих үед үүсэх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хөлийн зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд шарх, баруун хөнлийн шаант ясны гадна булууны сэлтэрч салсан хугарал, баруун шаант болон дунд чөмөгний гадна булуунд шахагдсан хугарал, баруун өвдөгний үений урд болон арын чагтан холбоосны суналт, гадна, дотор менискийн тасрал, зүүн талын 5,6-р хавирганы хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 224-227 дахь тал),

Шүүгдэгч С.Г  яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 2 сарын 15-ны өглөө Б.Б , Туяа хоёр нэг танихгүй хүнтэй хамт манай ахын хашаанд орж ирсэн. Тэгээд хүргэн ах тэд нарыг гэртээ оруулах дургүй байсан тэгэхээр нь тэд нарыг яв гэж хэлэхэд Б.Б гээс бусад нь яваад өгсөн. Харин Б.Б  явахгүй ганцаараа үлдсэн тэгэхээр нь би Б.Б тэй эндээс яв гэж хэлэхэд маргалдсан тэгсэн Б.Б  миний нүүр хэсэгт цохиод хиймэл шүд гэмтээсэн тэгэхээр нь би зөрүүлээд нүүр хэсэг рүү цохисон. Тэгсэн газар унасан тухайн үед миний архи гаргаагүй байсан мөн Б.Б  бас согтуу байсан юм. Мөн Б.Б г газар унасан байхад нь 2-оос 3 упаа нүүр хэсэгт өшиглөсөн тэгсэн манай нөхөр чи согтуу байна эрүүл болохоороо маргаанаа шийдвэрлэсэн нь дээр гэж хэлэхээр нь би Б.Б тэй маргалдахаа больсон. Тэгээд Б.Б  босох тэнхэлгүй байхаар нь нөхрийн хамт өргөөд ахын орон дээр хэвтүүлсэн тухайн үед бид хоёроос өөр хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Би Б.Б тэй маргалдаж өшиглөх үед манай хамтран амьдрагч Самдандорж байсан өөр ямар нэгэн хүн байхгүй байсан. Би өөрийн гэм буруутай хууль зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрч хуулийн дагуу шийдвэрлүүлэхэд ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. ...Би 96 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би шүүх, прокуррор, цагдаагийн байгууллагаас дуудах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан учраас очиж чадахгүй байсан. Надад нуугаад байх зүйл байхгүй бөгөөд би архины хамаарал бүхий болчихоод байгаа юм. Архи уухаараа маргааш нь үргэлжлүүлээд уух эсхүл маргааш нь бие өвдөөд босч чадахгүй нөхцөл байдалтай болчихоод байгаа юм. Миний бие одоо энэ хэргийг хурдан шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Б.Б гийн өөрийн учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байгаа учир надад ямар нэгэн санал,  хүсэлт байхгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 119, 223 дахь тал) зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Г ын гэмт үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Г ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирогч Б.Б  нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан тухай лавлагаа хэрэгт авагджээ. Хохирогч Б.Б гийн нас барсан нь энэ гэмт хэрэгтэй хамааралтай талаарх баримт авагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

  Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа мэдүүлсэн “...Б.Б  нь 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөгийн зардал бүхий гэмтлийн яаралтай тусламж, мөн өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48.000 төгрөгийн зардал бүхий ойрын дуудлага, үйлчилгээг тус тус авсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №04/2102 албан бичгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч С.Г аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №04/2102 албан тоот, хавсралтын хамт (1 дүгээр хавтаст хэргийн 105-108 дахь тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч С.Г  нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нийт 209.000 /хоёр зуун есөн мянган/ төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаасан баримт (1 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал) хэрэгт авагдсан байна.

Хохирогч Б.Б  нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар (2 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал) тогтоогдож байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 510 тоот захирамжаар түүний хууль ёсны төлөөлөгчөөр Б.Т ыг тогтоож шийдвэрлэсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т  нь “...Эмчилгээний зардал болох 1.732.200 төгрөгийг шүүгдэгч С.Г аас гаргуулмаар байна.” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд хохирогч Б.Б гийн зүгээс эмчилгээний зардалтай холбоотой гаргаж ирүүлсэн баримтуудтай танилцахад энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 1.606.769  төгрөгийн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх зардал гарсан байна.

Шүүгдэгч С.Г  нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 50.000 /тавин мянган/ төгрөгийг хохирогч Б.Б гийн Төрийн банкны ххххххххххххххх тоот дансанд тушаасан баримт (1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал) хэрэгт авагдсан байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд тус тус  зааснаар шүүгдэгч С.Г аас 1.556.769 /нэг сая таван зуун тавин зургаан мянга долоон зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 00 тоотод оршин суух, Б.Т  -т олгож шийдвэрлэв. 

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүхээс шүүгдэгч С.Г д ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч С.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч С.Г ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч С.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 488 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

            Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч С.Г  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж оргон зайлсан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Дугаар 2024/ШЗ/1607 тоот захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийн эрэн сурвалжилж, мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Дугаар 2024/ШЗ/129 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэсний дагуу 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагаас шүүгдэгч С.Г ыг саатуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих, хаалттай 461 дүгээр ангид хүргэснээс хойш 61 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар дүйцүүлж нийт 488 цагийг шүүгдэгчид оногдуулсан 488 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцохыг дурьдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Г -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 488 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г д оногдуулсан 488 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г ын цагдан хоригдсон 61 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүү байхаар тооцож нийт 488 цагийг эдлэх ялаас нь хасч тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд тус тус зааснаар С.Г аас 1.556.769 /нэг сая таван зуун тавин зургаан мянга долоон зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 00 тоотод оршин суух, Б.Т  -т олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР