Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

   2024       02          23                                   2024/ШЦТ/157

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхжин,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгч С.Э , түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан эрүүгийн 2311 0000 01022 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.Э, ......... өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, вакум цонхны үйлдвэрт ажилладаг гэх, ам бүл 4, ........ хамт, Чингэлтэй дүүргийн 0 тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э  нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 0 тоотод байрлах хохирогч Ц.Ж ы хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, мөн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 0 тоотод байрлах хохирогч Б.Б ийн хүн байнга амьдрах зориулалттай орой байр болох монгол гэрт хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажилагаа ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.Ж, Б.Б нарын мэдүүлэг, гэрч С.Г Б.Э, Д.С, Н.Н нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Э ын ялалгдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт, Дамно ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн № дугаартай шинжээчийн дүгнэлт, Дамно ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн № дугаартай шинжээчийн дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан бусад нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

  Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтайгаар, түүний өмгөөлөгч нь дээрх байр суурийг дэмжиж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Э  нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо 0 тоотод байрлах хохирогч Ц.Ж-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 16 кг хонины махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 224.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 0 тоотод байрлах хохирогч Б.Б ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө болох Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 659.940 төгрөгийн хохирол учруулж тус тус хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэйгээр үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5, 94 дэх тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-13 дахь тал),

Таньж олуулах ажилагаа ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 114-117 дахь тал),

Хохирогч  Ц.Ж  мэдүүлсэн “...Би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчийн албан тушаалд үүрэг гүйцэтгэж ажилладаг юм. Тэгээд би 2023 оны 5 дугаар сараас Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Бүлгийн эргүүлд үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа ба тус ажлынхаа хүрээнд ээлжээр ажиллаж байгаа бөгөөд өчигдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагаас Сүхбаатарын талбай орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан учраас би гэртээ буюу Чингэлтэй дүүргийн  дугаар хороо 0 тоотоосоо 14 цаг 10 минутын орчимд Монгол гэрийнхээ хаалгыг түгжээд гэрээсээ гарсан юм. Би тус өдрөө 21:00 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгээд ажлаасаа буусан ба хамтран ажилладаг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Рийн гэрт хамт очиж хоол унд идээд тэндээ унтаж гэрийнхээ гадаа ирэхэд манай гэрийн өрхийг хойшоо нь татчихсан гэрийн бүрээс урагдчихсан мөн гэр дотор байсан албаны дүрэмт хувцсыг гэрийн гадаа хаяанд шороон дээр хаячихсан байсан юм. Тэгэхээр нь би гэрийнхэээ хаалган дээр очиход хаалга цоожтой байсан ба хаалгаа түлхүүрээрээ онгойлгоод ороход гэрийн доторх эд зүйлсийг эвдэж устгасан байдалтай байхаар нь харьяа дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэхээр цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарт өөрийн 00000  дугаараас дуудлага мэдээлэл өгсөн юм. ...Манай гэрт байсан миний албаны дүрэмт хувцас байхгүй. Мөн гэрийн хөргөгчинд байсан 15-16 орчим килограмм хонь болон үхрийн мах зэрэг зүйл алдагдсан байсан ба гэрийн доторх эвдэрч сүйрсэн зүйлийн талаар гэвэл манай гэрийн хойморь байдаг Sharp брендийн 32 инчийн зурагтыг хагалсан мөн гэрийн хаалганд байдаг цонх хагалсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

Хохирогч Б.Б мэдүүлсэн “...Би 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн орой 23 цаг 40 минутын орчим өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 0 тоотдоо эхнэр Н.Н болон хүү М (12 настай), охин Э (5 настай) нарынхаа хамт таван ханатай монгол гэртээ хаалгаа түгжилгүй унтаж амарч байсан юм. Тэгсэн эхнэр гэнэт намайг түлхэж сэрээгээд хөөе юун хүн бэ гээд орилсон. Би гайхаад сэрээд харахад манай гэрийн голд гал зуухны дэргэд дээгүүрээ цээж нүцгэн жижигхэн биетэй эрэгтэй хүн зогсож байсан ба би тэр хүнийг хөөе гээд дуудахад над руу эргэж харснаа өө гэж уулга алдаад гараад гүйчихсэн юм. Тухайн эрэгтэй манай гэрийн орон дээр байсан хуйлаад тавьчихсан байсан хивсийг авах гэж байгаад чимээ гаргаад харин манай эхнэр тэр үед нь сэрээд дуудсан юм байна лээ. Тэгээд тухайн эрэгтэй доошоо гудамж руу нэлээдгүй хол гүйчихсэн байхаар нь би буцаж ирээд гэр рүүгээ ороод эхнэр Н-аа хандаад миний гар утас хаана байна. Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгье гээд гар утсаа хайхад миний эзэмшлийн Самсунг А52 маркийн гар утас алга болчихсон байсан. Утсаа алга болсон гэдгийг мэдээд би хашаанаасаа өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 00 00  улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ тухайн гэрт орж ирээд баригдаад зугтдаг залуугийн араас нь хөдөлсөн ба би хашаанаасаа гараад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 20 дугаар гудамжныхаа замаар явж байтал тухайн манай гэр рүү орсон эрэгтэй зам дагуу гүйж байхаар нь би урдуур нь машинаараа амдаж зогсоод тухайн эрэгтэйг бариад авсан юм. Тэр үед би эхнэр Наранмандахынхаа хамт явж байсан бөгөөд тэр эрэгтэйгээс миний гар утас хаана байна гэж асуухад би аваагүй. Надад таны гар утас байхгүй гээд байсан ба би чамайг цагдаагийн байгууллагад хандаж дуудлага мэдээлэл өгнө гэж хэлэхэд та цагдаад битгий мэдэгдээч би таны гар утсыг буцаагаад өгье гээд гуйгаад байсан юм. Би тэр үед тухайн эрэгтэйн халаасыг үзэхэд халаасанд нь ямар нэгэн зүйл байхгүй байсан бөгөөд тэр эрэгтэй миний гар утсыг өмднийхөө шуумагнаас бүүр цааш нь хийчихсэн байж байгаад миний Самсунг А52 маркийн утсыг гаргаж өгсөн. Тэгээд би тухайн эрэгтэйг цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэж өгье гэж бодоод эхнэрээрээ дуудлага өгүүлэхэд миний гарнаас мултраад зугтаачихсан ба би хойноос нь хөөхөд нэг айлын хашаа даваад зугтаагаад алга болчихсон. Тэр үед цагдаагийн алба хаагч нар манай гэрийн гадаа ирчихсэн байна гээд утас руу маань залгасан ба би буцаад гэртээ очоод дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нарт болсон зүйлийн талаар хэлээд нөгөө эрэгтэйн даваад орчихсон айлын гадаа цуг ирэхэд тухайн тоот айлын эзэн нь дөнгөж сая цээж нүцгэн эрэгтэй хүн манай хашаанд сууж байгаад доошоогоо зугтаачихлаа гэтэл цагдаа нар хойноос нь явсан ба удалгүй намайг цагдаа нар дуудаад нөгөө хүнийг нь барьчихлаа. Та ирээд нэг уулзаадхаач гэхээр нь яваад очиход манай гэрт ороод миний гар утсыг хулгайлсан эрэгтэйг барьчихсан байсан. Тухайн эрэгтэйтэй цагдаагийн хажууд уулзахад намайг огт танихгүй. Манай эхнэр бид хоёрыг та хоёр юун хүмүүс вэ? Яасан бэ, юу болсон юм гэх зэрэг асуултууд асуугаад мэлзээд байсан бөгөөд би энэ талаар нь цагдаагийн алба хаагч нарт хэлээд тухайн эрэгтэйг эрүүлжүүлэх саатуулах төв рүү авч явсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88 дахь тал),

Гэрч С.Г мэдүүлсэн “...Би гэртээ буюу Чингэлтэй дүүргийн  хороо 0 тоотод унтаж амарч байхад яг хэдэн цагийн орчим гэдгийг мэдэхгүй ямар ч гэсэн баримжаагаар 23 цагаас 00 цагийн хооронд байх манай төрсөн дүү С.Э  нь гэрт орж ирчихээд удалгүй шууд гараад явчихсан. Гэрт орж ирээд юу хийснийг нь мэдэхгүй гэрт байж байгаад гараад явчихсан ба буцаж одоог хүртэл гэртээ орж ирээгүй байна. ...Тус гутлыг одоогоос 2-3 жилийн өмнө манай аав Сүхбаатар гудамжнаас урагдаагүй гутал байна гээд гэрт авч ирээд орхиж байсан юм. Тэгээд тухайн гутлыг манай дүү С.Э  ганц нэг удаа өмсөж байсан юм. Тэгээд ерөнхийдөө баруун талын орон доор далд байгаад байдаг байтал өнөөдөр өглөө босоод ирэхэд тус гуталны өрөөсөн нь гэрийн үүд баруун орны доод талд ил гарчихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Гэрч Б.Э мэдүүлсэн “...Би хувиараа зургаан од нэртэй найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд 2023 оны 6 дугаар сарын 09-ний орой хаах дөхөж байсан үе гэхээр 23 цаг өнгөрч байхад манай дэлгүүрээр үе үе үйлчлүүлдэг зүс таних эрэгтэй нүүр ам нь цус болчихсон дээгүүрээ Police гэсэн бичигтэй цагдаагийн цамц өмсчихсөн орж ирээд манай дэлгүүрээс ямар нэгэн худалдан авалт хийгээгүй ба надаас мах хийх гэсэн юм уут байвал өгөөч гэсэн ба би уут өгөхөд барьж явсан цүнхнээсээ мах гаргаад тус уут руу мах хийгээд зогсоод байсан ба би өөр үйлчлүүлэгч нарт үйлчлээд байж байх хооронд гараад явчихсан байсан. ...Тухайн эрэгтэй нь манай дэлгүүрээр үе үе үйлчлүүлдэг архи согтууруулах ундаан хэрэглээд байдаг хүн байгаа юм. Би нэрийг нь мэдэхгүй. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

Гэрч Д.С мэдүүлсэн “...Би 2023 оны 1 дүгээр сард надад миний танил дүүгийндээ очиход тус бор өнгийн уулын гутлыг өөр хоёр хуучин пүүзний хамт гадуур дотуур өмсөж бай гээд бэлэглэсэн юм. Тэгэхээр нь би тус гутлыг өөрөө өмсөх гэсэн боловч надад таарахгүй байхаар нь би өөрийн бага хүү болох С.Э ыг хорих 441 дүгээр ангиас суллагдахаар нь өмсүүлье гэж бодоод хадгалчихсан байж байгаад 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр суллагдаад гараад ирэхээр нь би хүүдээ энэ гутлыг таарвал өмс гэж хэлээд өгсөн юм. ...Би тухайн өдөр гэртээ өнжсөн ба өөрийн хөршийнхөө хамт нэг шил архи хувааж уугаад унтаж амарсан. Би хүү С.Э ыг ямар хувцас өмссөн байсныг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

Гэрч Н.Н мэдүүлсэн “...Би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн хороо 0 тоотдоо 2023 оны 6 дугаар сарын 15-ны оройны 23 цагийн орчим гэртээ унтаж амарч байхад манай гэрт зуух руу хүн юмаар цохичих шиг болохроор нь би сэрээд харахад манай гэрийн зуухны зүүн талд цээж нүцгэн намхан, 20 орчим насны бололтой эрэгтэй хүн зогсож байсан юм. Тэгэхээр нь би нөхөр Б.Б ийг дуудаж сэрээхэд нөгөө эрэгтэй өө гээд уулга алдаад гэрээс гараад зугтаачихсан. Тухайн эрэгтэйн араас нөхөр шууд гараад гүйсэн ба удалгүй нөхөр гаднаас орж ирээд нөгөө эрэгтэй хаалганы цоож цүүг эвдээд гараад гүйчихлээ гэж хэлээд гэртээ ороод ирсэн. Нөхөр гэртээ орж ирээд намайг цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд мэдэгдчих гэж хэлсэн юм. Тэгээд дуудлага өгөх гээд нөхрийн гар утсыг хайхад утас нь байхгүй. Алга болчихсон байсан бөгөөд нөхөр бид хоёр утсаа алдсан гэдгээ мэдээд нөхрийнхөө хамт нөхрийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслээр хашаанаасаа гараад зам дагуу нөгөө гэрт орж ирээд гараад зугтсан гэх эрэгтэйг хайхаар гарсан. Хашаанаасаа гараад зам дагуу нөгөө гэрт орж ирээд нөгөө гэрт орж ирээд гараад зугтсан гэх эрэгтэйг хайхаар гарсан. Хашаанаасааа гараад зам дагуу уруудаж явахад нөгөө эрэгтэй зам дагаад гүйж явж байхаар нь нөхөр бид хоёр машинаараа гүйцэж түрүүлээд очоод бариад авсан. Тэгсэн чинь нөгөө эрэгтэйд хандаад гар утас авсан уу гар утсыг маань гаргаад ир гэтэл эхэндээ надад байхгүй би аваагүй гээд утсыг нь гаргаж өгөхгүй байхаар нь нөхөр нөгөө залуу чамайг тэгвэл одоо цагдаад өгнө гэж хэлэхэд тухайн эрэгтэй намайг битгийг цагдаад өгөөч гэж гуйгаад өөрийнхөө өмсөж явсан дотуур өмднийхөө шуумаг руу хийсэн байсан утас болох Самсунг А52 маркийн гар утсыг маань гаргаж өгсөн юм. Тэгсэн нөгөө эрэгтэйгээ нөхөр бид хоёр гар утсаа авчихаад цагдаад дуудлага өгөхөд нөгөө эрэгтэй зугтаачихсан ба удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд нөгөө эрэгтэйг барьчихсан байсан ба нөхөр бид хоёрыг дуудаад тухайн эрэгтэй танай гэр рүү ороод утсыг чинь авсан хүн мөн үү гэж асуусан ба бид хоёрыг тухайн эрэгтэйг мөн болохыг нь хэлэхэд тухайн эрэгтэй нөхөр бид хоёрыг огт харж байгаагүй, уулзаж байгаагүй хүн шиг царайлаад яасан билээ хэн билээ гээд эхэлсэн. Тэгээд тэр залууг цагдаагийн алба хаагч нар саатуулахаар авч явсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дэх тал)

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 32-35, 130-131 дэх тал),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

Дамно ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №ЧД2-23-395 дугаартай шинжээчийн дүгнэлт “...474.000 төгрөг” (хавтаст хэргийн 38-41 дэх тал),

Дамно ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №ЧД2-23-428 дугаартай шинжээчийн дүгнэлт “...659.940 төгрөг” (хавтаст хэргийн 106-112 дахь тал),

Шүүгдэгч С.Э  яллагдагчаар мэдүүлсэн ”...Би 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн орчим гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо 0 тоотод байж байгаад гадагш гараад нэрийг нь мэдэхгүй дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн багтаамжтай би уншиж бичиж чаддаггүй болохоор нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн том савлагаатай архинаас нэг шилийг аваад ганцаараа гэрийнхээ хойд уулан дээр очоод сууж байгаад уучихсан юм. Тэгээд би ганцаараа тус архиа уусан ба архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн учраас тасарчихсан хаана юу хийсэн гэдгээ мэдэхгүй байгаа. Өглөө гэрийнхээ хойно байдаг майханд сэрсэн ба гэртээ ороход манай гэрт цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан. ...Би тус бор өнгийн уулын гутлыг харлаа. Тус гутал нь миний өөрийн өмсөж хэрэглэдэг гутал мөн байна.Намайг хорих ангиас суллагдсаны дараа манай аав надад өмсөж бай гэж хэлээд өгч байсан юм. Би тус гутлыг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өглөө гэрээсээ гарахдаа өмссөн байсан. Хаана яаж тайлж орхисон гэдгээ санахгүй байгаа.”  

“...Би 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зам гүүрийн баазын эцсийн автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгийн ойролцоо өөрийн өмнө нь хамт ажилладаг байсан Бат-Эрдэнэ гэх найзтайгаа тааралдсан юм. Тэгээд бид хоёр уулзсаных гээд хоорондоо тамхилсан бөгөөд Б нь хоёулаа ойрд уулзаагүй юм чинь ганц хоёр архи хувааж авч ууя гэхээр нь би зөвшөөрөөд дагаад явсан. Бид хоёр доошоогоо яваад Чингэлтэй дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гахайн байрны ойролцоох нэрийг нь сайн мэдэхгүй дэлгүүрийн гадаа очсон ба Б нь ганцаараа дэлгүүр орчихоод гарч ирэхдээ нэг шил Хараа нэртэй 0.5 литрийн багтаамжтай архи, 2.5 литрийн хуванцар шар айраг авчихсан гараад ирсэн. Тэгэхээр нь бид хоёр  тухайн дэлгүүрээсээ нэг их холдолгүй хашааны гудамж руу ороод архиа хувааж ууж эхэлсэн ба архи арай дуусаагүй байхад манай найз Б гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би найзыгаа гахайн байрны доод автобусны буудал дээрээ найзыг автобусанд суулгаж өгчихөөд цаашаагаа жаахан доошлоод гудамж руу орж байгаад үлдсэн архийг ганцаараа уугаад дуусгасан. Тэгээд тухайн газраас хаашаа яаж явснаа хэрхэн юу хийсэн гэдгээ огт санахгүй байгаа болно. Нэг мэдэхэд эрүүлжүүлэх байранд сэрсэн. ...Би бусдын орон байр гэр рүү хууль бусаар нэвтрэн орсон эсэхээ санахгүй байгаа. Харин нэг хүнээс зугтаагаад зугтааж байхдаа гудамжны жалга руу унаад гүйгээд байсан гэдгээ бүдэг санаад байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71, 127 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдог тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн талаарх үйл баримтыг сэргээн дүрслэхэд эргэлзээгүй, шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр объектив үнэлэлт өгч гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байгаа болно.

Шүүгдэгч С.Э  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, мөн хохирогчийн гэрээс мах, гар утас зэргийг хулгайлан авч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилготой, амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахай сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч С.Э ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, мөн прокуророос шүүгдэгч С.Э д холбогдох хэрэгт зүйлчлэл хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Шүүгдэгч С.Э  нь 2 удаагийн хулгайлах гэмт үйлдлээр бусдад шууд  889.940 төгрөгийн шууд хохирол учруулсан байна. Үүнээс хохирогч Б.Б ийн Самсунг А52 загварын гар утсыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Б.Б т баригдаж газар дээр нь буцааж өгсөн талаар хохирогч Б.Б , гэрч Н.Н нар мэдүүлжээ. Мөн шүүгдэгч С.Э  нь хохирогч Ц.Ж ы монгол гэрт хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа 32 инчийн телевизорыг унагааж хагалж гэмтээсний улмаас бусдад  250.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Иймд  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч С.Э аас нийт 474.000 төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн  тоотод оршин суух, Ц.Ж-д төгрөг олгохоор шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.Э  нь урьд хулгайлах гэмт хэрэгт 1 удаа ял шийтгүүлж (хавтаст хэргийн 54 дэх тал) 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан боловч 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө болон 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр хүндрүүлэх шинжтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, ашиг хонжоо олох гэсэн зорилготой, шунахай сэдэлтээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдэх арга, гэмт хэргийн объект, халдлагын зүйл зэргийг урьдчилан сонгож, гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг онцлогтой гэмт хэрэг байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн шүүгдэгч С.Э  нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй байна. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Э  нь урьд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч дахин хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа нь түүнийг нийгэмшүүлэх, мөн дахин гэмт хэрэг үйлдлүүлэхгүй байх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэхгүй, өөрийн үйлдлийг ухаарч, засарч хүмүүжихгүй байгааг илтгэн харуулж байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч С.Э  нь шүүхийн шатнаас оргон зайлсан, дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Дугаар 2024/ШЗ/203 тоот захирамжаар шүүгдэгчийг албадан ирүүлж, баригдсан өдрөөс эхлэн түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгсөн гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э ын цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос 2 ширхэг гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч С.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Э д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э ын цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч С.Э аас нийт 474.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 0 тоотод оршин суух, Ц.Ж-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж, 1 хос 2 ширхэг гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Э ыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР