Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2021/00049/И |
Дугаар | 102/ШШ2021/00753 |
Огноо | 2021-03-23 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2021/00753
2021 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2021/00753 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.С-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л ХХК,
Хариуцагч: Ц.Б холбогдох,
8 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Сарнайцэцэг нь “Ласти- Интернэшнл” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 хороолол, “Ласти Таун” нэртэй 144 айлын орон сууцны 10Б блокийн 14 тоот хаягт байрлах орон сууцыг 89 325 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэрээний урьдчилгаа төлбөрт 2 500 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Ласти-Интернэшнл” ХХК-ийн захирал Ц.Батаагийн Хаан банкны 5085211847 дугаар дансанд тушаасан. Байрны дотоод засвар дуусгаагүй байсан тул уг засварыг нэхэмжлэгч өөрөө хийхээр болж үндсэн үнээс засварын зардал 1 150 000 төгрөгийг хасуулан тооцуулахаар тохирч, нийт 3 650 000 төгрөгийг төлөгдсөнд тооцсон.
Улмаар 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 500 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 500 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 850 000 төгрөг, нийт гэрээний үүрэгт 8 500 000 төгрөгийг төлж, орон сууцанд орсон.
Гэтэл 2018 онд “Ласти-Интернэшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Батаа нь нягтлан Т. Чимэддуламд уг компанийн хувьцааг 100 хувийг шилжүүлж, тухайн байрны хөрөнгө оруулагчид нарын хооронд, мөн оршин суугч иргэдийн хооронд шүүхийн маргаан үүсэж, “Ласти-Интернэшнл” ХХК-ийн данс, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.
Хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК нь уг орон сууцны барилгыг 2016 онд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин тухайн орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Болормаагийн нэр дээр шилжүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж гэрээний үүргээ зөрчсөн.
Иймд хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК нь гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийг манай нэр дээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн боловч өөр хүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон тул гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн нийт 8 500 000 төгрөгийг “Ласти- Интернэшнл” ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч Ц.Батаад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Дархан уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 144 айлын “Ласти таун” орон сууцыг А.Лхагвасүрэн нь “Ласти-Интернэшнл” ХХК-ийн захирал байхдаа барьж, байрны урьдчилгаа авах, материал авч оронд нь байр өгөх, хүнээс их хэмжээний мөнгө зээлж маргаан бүхий орон сууцыг барьцаанд тавих гэх мэтээр тохиролцож тухайн орон сууцны нэг тоотыг 3-4 хүнд давхардуулан зарж, төлбөр тооцоог хувьдаа завшсан тул 144 айлын “Ласти таун” орон сууцанд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээр Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Сарнайцэцэг нь хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК, Ц.Батаа нарт холбогдуулан 8 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Батаад холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч гэрээний үүргээ нэгэнт биелүүлэх боломжгүй болсон нь тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан гаргуулах” гэж тодорхойлсон. Хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэн маргажээ.
Шүүх хариуцагч “Л” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ц.Батаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч болон хариуцагч “Л” ХХК нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 15 дугаартай “орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 1.1, 1.4, 3.1-д нэхэмжлэгч нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байр, 14 тоот орон сууцыг 89 325 000 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК нь тухайн орон сууцыг 2017 оны 12 дугаар сард багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр заажээ.
Гэрээний зүйл, талуудын эрх үүрэг, гэрээний төлбөр төлөх нөхцөл зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээг 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан, гэрээний 3.1-д хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг мөн оны 12 дугаар сард багтаан нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг хавсралтад зааснаар 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, сарын 0.6 хувийн хүүтэй төлөх үүрэг хүлээсэн зэрэг нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг бус, харин зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Учир нь, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд талууд гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг хариуцагчид төлснөөр хариуцагч тухайн орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, талууд тухайн гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудал болон гэрээг байгуулсан талаар маргаагүй, мөн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Гэрээний хавсралтад зааснаар нэхэмжлэгч нь гэрээний төлбөр 89 325 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хуваарийн дагуу төлж дуусгахаар тохирсон байх бөгөөд уг төлбөрөөс гэрээний 5-д зааснаар нэхэмжлэгч нь тухайн орон сууцны дотоод заслыг өөрийн зардал болох 1 150 000 төгрөг хийж гүйцэтгэсэн тул гэрээний нийт үнийн дүнгээс хасуулж тооцохоор харилцан тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаанд 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдрийг хүртэл нийт 7 350 000 төгрөгийг хариуцагчид төлсөн нь Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаанд нийт 8 500 000 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.
Маргааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б дугаар байр, 14 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Болормаа нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг улсын бүртгэл хүчинтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000691001 дугаартай гэрчилгээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж авсан дээрх орон сууцны өмчлөгчөөр Д.Болормаа улсын бүртгэлд бүртгэлтэй байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний талаарх шаардлага гаргах эрхэд мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д заасан ерөнхий зохицуулалт нэгэн адил хамаарна. Тодруулбал, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан гэрээний худалдан авагчийн хүсэл зориг нь гэрээний төлбөрийг тодорхой цаг хугацааны туршид бүрэн төлснөөр түүнд өмчлөх эрхийг олж авах асуудал байдаг. Гэтэл нэхэмжлэгч гэрээний хавсралтад заасан төлбөрийг төлөх явцад хариуцагч нь гэрээний зүйл болох орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлсэн, ийнхүү гэрээний зүйл бусдын өмчлөлд шилжсэнээр нэхэмжлэгчид гэрээний зүйлийн өмчлөх эрх цаашид шилжих боломжгүй болсон бодит нөхцөл бий болсон байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэж заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 8 500 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нөгөөтээгүүр, хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК-ийг өмнө нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан А.Лхагвасүрэнгийн үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх тайлбар нь хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК-ийг нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК-иас 8 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.Батаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК-иас 8 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сарнайцэцэгт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.Батаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ч.Сарнайцэцэг татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ласти-Интернэшнл” ХХК-иас 150 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН