Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1649

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/01660 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ЭСКК” ХХК-д холбогдох

 

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халагдсан болохыг тогтоолгох, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 824 726 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 812 996 төгрөг, олгогдоогүй цалин хөлс 800 000 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4 518 077 төгрөг, дутуу олгогдсон цалин 196 169 төгрөг, алданги 3 575 984 төгрөг, нийт 10 727 952 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Нийгмийн даатгалын шимтгэл 1 834 200 төгрөг, алданги 1 191 406 төгрөг, нийт 3 025 606 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Энканто таун спорт комплекст хөдөлмөрийн гэрээ байгуулан массажистаар ажиллаж эхэлсэн ба ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалаа төлүүлэхээр удаа дараа хүсэлт гаргаж байсан. Намайг хүсэлт гаргах болгонд удахгүй төлнө, шинэ байгуулагдсан байгууллага учраас ажилтнууддаа нэг нэгээр нь төлж эхэлж байна гэдэг байснаа сүүлдээ мартсан байна, ирэх сард яг оруулна гэсээр өдийг хүртэл миний нийгмийн даатгалыг төлөлгүй намайг хохироосоор байна. Би жирэмсэн болж, 2017 оны 05 сараас эхлэн миний жирэмсэн гэдэг нь хүн харахад мэдэгдэж эхэлсэн. Хэдий тийм боловч би ажлаа хийсээр байсан. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн би байгууллагын удирдлагад нь ресепшн хийх санал тавьж, миний саналыг хүлээн авч, намайг ресепшнээр ажиллуулсан. Би энэ ажлыг хийх явцад 7 хоног бүрийн мягмар гарагт амардаг. 2017 оны 08 дугаар сарын 02-ны лхагва гарагт би амраад ажилдаа очиход, миний ажлын байран дээр өөр хүн байсан. Би үйл ажиллагаа хариуцсан н.Сансар захиралтай уулзахад, ерөнхий захирлын шийдвэрээр жирэмсэн хүн ажиллуулахгүй гэсэн, тиймээс чамайг ажлаас халсан гэсэн. Ажлаас халж байгаа бол ажаас халах тушаал, тойрох хуудсаа авъя гэхэд чамайг ажлаас халах тушаал гаргах гэхээр ямар үндэслэлээр халж байгаа талаар бичиж мэдэхгүй байна гэсэн. Би 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан ба гомдол гаргасныг удирдлагууд мэдэж, захирал н.Сансар над руу ярьж санхүү хариуцсан захиралтай уулз, асуудлыг чинь шийдэж, гомдлыг чинь барагдуулж өгнө гэсэн тул 08 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор “ЕСКК” ХХК-ийн захиргаанд өргөдөл бичсэн. Миний өргөдлийг хүний нөөцийн менежер хүлээн аваад, н.Хишгээ захиралд танилцуулаад хариу өгнө гэсэн. 08 дугаар сарын 16-ны өдөр надад н.Хишгээ захиралтай уузахад 07 дугаар сарын цалин, амралтын мөнгийг өгөхгүй, нийгмийн даатгалыг төлж өгнө, өгөхдөө нийгмийн даатгалын 11 хувийг л өгнө гэсэн. Үлдсэн хувийг өөрөө төл гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас өргөдлийн дагуу шалгаж, манай байгууллага хууль зөрчсөн болохыг тогтоож, хуулийн дагуу акт тавьж, Нийгмийн даатгалын санд миний төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгасан. Мэргэжлийн хяналтын газраас байгууллагын буруутайг тогтоож, алдааг засахыг даалгасаар байтал, “ЕСКК” ХХК-ийн удирдлагууд өдий хүртэл миний асуудлыг шийдэж өгөхгүй, ажлаас халсан тухай тушаалаа ч гаргаж өгөхгүй, цаг хугацаа хожин намайг чирэгдүүлсээр байгаа тул асуудлыг хуулийн дагуу шийдүүлэхээр шүүхэд хандсан. Иймд 2017 оны 08 дугаар  сарын 01-ний өдөр ажлаас халагдсан болохыг тогтоолгох, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 824 726 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 812 996 төгрөг, олгогдоогүй цалин хөлс 800 000 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4 518 077 төгрөг, дутуу олгогдсон цалин 196 169 төгрөг, алданги 3 575 984 төгрөг, нийт 10 727 952 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргасан боловч энэ шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б-э нь тус компанид 2015 оны 10 дугаар сарын 28-нд массажистын ажилд орж, 2016 оны 09 сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан, 2017 оны 01 сард массажистын ажилд дахин орсон. 2015-2016 онд массажистаар ажиллаж байхдаа үндсэн цалин 800 000 төгрөг, мөн үндсэн цалин дээрээ ажлын үзүүлэлтээс хамаарч нэмэгдэл цалин авдаг байсан. 2017 онд ажилд орохдоо үндсэн цалин нь 700 000 төгрөгөөр тогтоогдсон. Г.Б-э жирэмсэн болсон тул массажист хийхгүй, ажлаа өөрчилмөөр байна гэж хүсэлт гаргасан тул 2017 оны 07 сараас ресепшнээр ажиллуулсан. 2017 оны 08 сард жирэмсний амралт авах хугацаа нь болсон тул Г.Б-ийн жирэмсний болон амаржсаны амралтын хугацаанд оронд нь ажиллах хүнийг ажилд авсан. Компанийн зүгээс Г.Б-ийг ажлаас халсан тушаал гаргаагүй бөгөөд түүнд жирэмсний болон амаржсаны амралтыг нь эдлүүлж, хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасны дагуу Г.Б-э нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны хооронд 60 хоногийн жирэмсний амралт, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 03-ны хооронд 60 хоногийн амаржсаны амралт эдэлсэн. Г.Б-э нь одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Иймд ажлаас хууль бус халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах шаардлага нь үндэслэлгүй. Компанийн зүгээс Г.Б-ийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл суутгана гэхэд би нийгмийн даатгал төлмөөргүй байна гэсэн тул нийгмийн даатгалд хамруулаагүй. Гэтэл жирэмсэн болсныхоо дараа нийгмийн даатгалд хамрагдаагүй компанийн буруу мэтээр Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж, компаниар 2015 оны 10 сараас 2016 оны 09 сар, 2017 оны 01 сараас 08 сар хүртэлх нийт ажилласан 20 сарын нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлсэн. Компани ингэж нөхөн төлснөөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д заасны дагуу Г.Б-э жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй болж, жирэмсний тэтгэмж нь компанийн дансанд орж ирсэн. Г.Б-э нийгмийн даатгал төлмөөргүй байна гээд цалингаасаа ажилтны төлөх ёстой 10 хувийг суутгуулалгүй цалингаа бүтэн авч байгаад жирэмсний амралт эхэлсний дараа мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж, өнгөрсөн хугацаанд өөрийн төлөх ёстой байсан 10 хувийг ажил олгогчийн төлөх ёстой хувьтай хамт компаниар бүрэн төлүүлсэн нь анхнаасаа зориуд, санаатай үйлдэл байсан гэж үзэж байна. Нийгмийн даатгалын байгууллагад өөрийн төлөх ёстой хувийг төлөхгүйгээр ажил олгогчоор төлүүлдэг аргыг нэхэмжлэгч хэрэглэсэн. Одоо Г.Б-ийн жирэмсний болон амаржсаны амралттай байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг компани төлж байгаа. Г.Б-э нь тус компанид 12 сарын хугацаанд ажиллаагүй тул ажлаас гарахад нь түүнтэй ээлжийн амралтын тооцоо хийгээгүй. Хэрэв Г.Б-э ажлаас гарахдаа ээлжийн амралтын олговорт 1 584 764 төгрөг авах ёстой байсан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу 2016 оны 09 сараас хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Энэ 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаангүигээр хэтрүүлж шүүхэд хандсан байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2017 оны 01 сараас хойш 08 сар хүртэл ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг нэхэмжилж байгаа бол тэгж нэхэмжлэх эрх нь үүсээгүй байсан болно. 2017 оны 01 сараас хойш 12 сарын хугацаанд ажиллаж байж ээлжийн амралт авах эрх үүсэхээр хөдөлмөрийн дотоод журамд заасан болно. 2017 оны ээлжийн амралтын олговор 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажлын 9 хоногийн ээлжийн амралтын олговроор нэхэмжлэх эрх байна гэж хүлээн зөвшөөрч байгаа. Нийтдээ 7 сар ажилласан тул оногдох ээлжийн амралт нь ажлын 9 хоног байна гэжтооцвол 814 368 төгрөг нь суутгалгүй дүнгээр гарч байгаа. Г.Б-ийн жирэмсний амралт нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлсэн гэж компани тооцож байгаа. Ээлжийн амралт болон жирэмсний амралтын хугацаа нь заавал зөрж байх ёстой. Г.Б-э хүүхэд асрах чөлөөтэй байгаа учраас 2017 оны ээлжийн амралтын оногдох 9 хоногийн 418 368 төгрөг олгохыг зөвшөөрч байна. 08 сард нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 240 000 төгрөгөөс тооцож төлсөн. Жирэмсний амралттай байх хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалыг төлөх үүрэгтэй. Тэр үүргийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд тооцож төлсөн. Гэтэл энэ мөнгийг өөрт нь олгох ёстой мөнгө гэж ойлгосон юм уу гэж ойлгож байна. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анх массажистаар ажилд ороход 800 000 төгрөгийн үндсэн цалинтай байсан. Ажлаасаа гараад 2017 оны 01 сард эргэн ажилд ороход массажистийн үндсэн цалин 700 000 төгрөг болж буурсан байсан. Тиймээс үндсэн цалингаа 700 000 төгрөгөөр тогтоогоод хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2017 оны 01  дүгээр сарын 23-ны өдөр ажилд авах тушаал дээр үндсэн цалин 700 000 төгрөг гэж бичсэн. 2017 оны 06 сар хүртэл массажистаар ажиллаж байгаад өөр ажилд шилжье гээд ресепшн болсон. Ресепшн нь 600 000 төгрөгийн цалинтай байдаг. 2017 оны 07 сараас 600 000 төгрөгийн үндсэн цалинтай болоод явсан. 08 сарын хувьд биеэрээ ажиллаагүй, жирэмсний амралттай байсан. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүний хувьд 10 сарын 05-төрсөн өдрөөс өмнөх 60 хоног жирэмсний амралттай хугацаанд тооцогдоно. Тэгэхээр жирэмсний амралттай байсан хугацаанд ажиллаагүй, 2017 оны 08 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нийгмийн даатгалыг төлсөн. Тиймээс нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрт нь олгосон цалин гэж үзэх боломжгүй. 200 000 төгрөгийг цалин гэж нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 478 606 төгрөг нэхэмжилсэн. Тэтгэмжийн зөрүү 844 116 төгрөгөөр нэхэмжилсэн. Нийтдээ 198 350 төгрөгөөр өссөн байна. Байгууллагын хувьд Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс Г.Б-ийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж гэж 1 739 303 төгрөг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 1 780 710 төгрөг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, нийт 3 520 018 төгрөг тус компанийн дансанд орж ирсэн. Энэ мөнгийг авъя гэж Г.Б-э компанид хүсэлт гаргасан байдаг ба ажилласан хугацааны нийгмийн даатгалыг чиний өөрийн хариуцан төлөх ёстой. Нийт 18 342 000 төгрөгийн цалин олгосон. Үүнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу 1 834 200 төгрөгийг өөрөө төлөх ёстой байсан. Тэгэхээр төлөх ёстой байсан мөнгийг компани нөхөж төлсөн учраас 1 834 200 төгрөгөө компанид буцааж төл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс суутгая гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Энэ тэтгэмжийг олгох асуудал харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөөгүй тул одоо болтол олгогдоогүй байгаа. 1 834 200 төгрөгийг нийгмийн даатгалын байгууллагад төлөхдөө хугацаа хэтэрсний алданги гэж 1 191 406 төгрөг, нийт 3 025 606 төгрөг компани төлсөн учраас үүнийг жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс суутгая гэж хэлсэн. Хэрвээ үүнийг зөвшөөрвөл зөрүү 494 412 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэж хэлсэн. Энэ шаардлагаас 494 412 төгрөгийг буцаан олгохоор хүлээн зөвшөөрч байгаа. Дутуу олгогдсон цалин 196 169 төгрөг гэдэг нь хэзээний цалинг яаж бодсон нь тодорхойгүй байна. Ажилласан цагийг нь бүртгээд цалинг нь бүрэн олгоод явж байсан. Шүүхэд хандахаасаа өмнө цалин дутуу олголоо гэсэн гомдол, шаардлага гаргаж байгаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Хэзээнээс алданги тооцож байгаа нь тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4 дэх заалт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Учир нь 7 151 968 төгрөгийн 4 518 077 төгрөг нь цалин хөлс биш нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлсэн жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй холбоотой шаардлага. Ингээд хасахаар 2 633 891 төгрөгөөс 1 637 722 төгрөг нь тогтоосон хугацаанд олгох цалин хөлсний маргаан биш ээлжийн амралт, олговортой холбоотой маргаан. Ингэхээр 969 169 төгрөгийн шаардлага үлдэж байна. Энэ төгрөгийг сар бүр авсан цалин дээрээ нэмж авах ёстой байсан гэж нэхэмжилж байна гэж ойлгож байна. Тэгэхээр дээрх хуулийн заалт нь ажил олгогч нь сард 2 удаа тогтоосон хугацаанд ажилтанд олгох ёстой цалин хөлсөө тогтоосон хугацаандаа олгохгүй, саатуулсан нөхцөлд хэрэглэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, талуудын хоорондын цалин хөлсний хэмжээн дээр маргаан байхгүй байх ёстой гэж ойлгож болно. Ажил олгогч цалингаа өгөхгүй байвал алдангийг тооцно. Тэрнээс биш Г.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагад хэрэглэгдэх хуулийн заалт биш учраас алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нийгмийн даатгалд хамрагдах хүсэлтэй хүмүүсээ нэг нэгээр нь биш, бөөнд нь хамруулж байсан. Энэ нь манай нийгмийн даатгалын тайлангаар нотлогдоно. Г.Б-э 2017 оны 01 сард массажистын ажилд дахин орсон ч мөн л нийгмийн даатгалын дэвтрээ компанид авчирч өгөөгүй. 2015-2016 онд массажистаар ажиллаж байхдаа үндсэн цалин 800 000 төгрөг, мөн үндсэн цалин дээрээ ажлын үзүүлэлтээс хамаарч нэмэгдэл цалин авдаг байсан. 2017 онд ажилд орохдоо үндсэн цалин нь 700 000 төгрөгөөр тогтоогдсон. Г.Б-э жирэмсэн болсныхоо дараа нийгмийн даатгалд хамрагдаагүй тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах болзол хангахгүй болсноо мэдээд, нийгмийн даатгалд хамрагдаагүй нь компанийн буруу мэтээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2017 оны 08 сард гомдол гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02-06-2508/161 тоот актаар Г.Б-ийн 20 сарын цалин болох 18 342 000 төгрөгийн цалин хөлсөнд ногдох 3 851 819.86 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, хугацаа хэтрүүлсний алданги 1 191 406.14 төгрөг, нийт 5 043 226 төгрөгийг нөхөн төлүүлэх акт тогтоосон тул төлсөн. Г.Б-э нийт 18 342 000 төгрөгийн цалин хөлс авахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажилтан даатгуулагчийн хариуцан төлөх 10 хувийн шимтгэл 1 834 200 төгрөгийг компанид суутгуулж, компани нийгмийн даатгалын байгууллагад төлөх ёстой байсан тул түүний өмнөөс төлсөн уг мөнгийг Г.Б-ээс шаардаж байна. Компани нийгмийн даатгалын байгууллагад 1 191 406.14 төгрөгийн алданги төлсөн нь Г.Б-э компанид нийгмийн даатгалын дэвтрээ өгдөггүй, нийгмийн даатгалд хамрагдахгүй гэж татгалзаж байснаас болсон тул уг алдангид төлсөн 3 025 606 төгрөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурьдсан 2 сарын туршилтын хугацаагаар анх ажилд авсан гэдэг нь огт үндэслэлгүй байна. 2016 оны 09 сард ажлын байран дээр унаж гэмтэн нурууны 3 нугалмаа хугалан өвчтэй байсан тухай эмчийн магадлагааг цаг тухай бүрт нь “ЕСКК” ХХК-д өгч, өвчтэй байх хугацааны сунгалтыг өгч байсан. Гэтэл хариу тайлбарт 2016 оны 9 сард ажлаасаа гарсан гэж худал бичсэн байна. Би өөрийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ тус байгууллагын хүний нөөцөд удаа дараа өгөх гэсэн боловч шинээр байгуулагдсан байгууллага учир ажилчдаа нэг нэгээр нь хамруулж байгаа. Он гаргаад санхүүгийн хэлтэсдээ уламжлан хамруулна, цалингаас суутгахаар дэвтэрээ авчирч өгөөрэй, олон хүний бичиг баримт байгаа тул алга болж магадгүй гэж хэлсэн. 2016 онд удаа дараа хүний нөөцөд нийгмийн даатгалаа төлөх талаар хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. 2016 оны 09 сард ажлын байран дээр бэртэн 4 сарын хугацаанд гэртээ хэвтэрт байхад нийгмийн даатгал төлөгдөөгүйн улмаас улсаас үзүүлдэг аливаа хөнгөлөлт, тэтгэмж, халамжид хамрагдаж чадалгүй эдийн засгийн хувьд хохиролтой байсан. Тухайн үед хуулийн талаар мэдлэггүй байсан тул Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагад хандаагүй. 2017 оны 01 сард ажилд ороод нийгмийн даатгалаа төлөхөөр дэвтрээ өгсөн. 2017 оны 02 сард цалин дутуу орсон тул хүний нөөцөөс нийгмийн даатгалын шимтгэл суутгагдсан эсэх талаар лавлахад нийгмийн даатгалын шимтгэл суутгагдаагүй, үндсэн цалинг өөр массажистын цалинтай андуурч бодсон байна, дараа сарын цалин дээр нөхөн олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгана гэж тайлбарласан. Нийгмийн даатгал төлөлгүй 2017 оны 08 дугаар сарын 02-нд шалтгаангүйгээр ажлаас халсаны улмаас Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасны дагуу зөрчлийг шалган Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 55 дугаар зүйлийн 55.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д заасныг баримтлан хариуцагч “ЕСКК” ХХК-аас 2017 оны ээлжийн амралтын олговорт 707 884.35 төгрөг, жирэмсний тэтгэмж болон амаржсаны тэтгэмж 3 520 018 төгрөг, нийт 4 227 902.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 049.65 төгрөгт холбогдох хэсэг, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халагдсан болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ээс нийгмийн даатгалын шимтгэл 1 834 200 төгрөгийг гаргуулан хариуцагч “ЕСКК” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 191 406.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 566 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 360 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЕСКК” ХХК-аас нэхэмжпэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 82 596.45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-эд олгож, нэхэмжлэгч Г.Б-ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 44 297.2 төгрөгийг гаргуулан хариуцагч “ЕССК” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1011/ШШ2018/01660 тоот шийдвэрийг зарим хэсгийг нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг тогтоохдоо нэхэмжлэгчийн эрх зүйн байдал болон компанийн зүгээс удаа дараа ээлжийн амралтын олговрыг хойшлуулсан байдал зэргийг шүүх авч үзээгүй, холбогдох нотлох баримтуудыг гаргаагүй, үнэлээгүй Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн. Энэ талаар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад гомдлоо удаа дараа гаргаж байсан, тус байгууллагад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлыг хуралдуулаагүй, маргаан таслах комисс байхгүй зэрэг үйл баримтаас хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо хариуцагчийн хойшлуулсан хугацаанд тоолоогүй нь эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдэх боломжтой байсан хугацааг буруу тоолсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д “үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд” хойшлуулахаар заасныг шүүгч баримтлаагүй байна.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын бүртгэл хийх, татвар хураамж суутгах үүрэг нь ажил олгогчийн үүрэг үү, ажилтны үүрэг үү гэдгийг тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн тайлбарлаж байгаа нийгмийн даатгалын дэвтрээ өгдөггүй, нийгмийн даатгалд хамрагдахаас татгалзсан гэх тайлбараа нотлоогүй, нотлох үүргээ хүлээгээгүй байхад шүүх хуульд заасан үүргийн хувьд ажил олгогч нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэл дансны суутгалыг хураан авч тайлагнах нь ажил олгогчийн үүрэг болохыг тодорхойлохгүйгээр шийдвэрлэсэн байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг шүүх хэрэглээгүй. Уг зүйлд заасны дагуу ажил олгогч төлөх үүрэг хүлээнэ.

Нөгөө талаар сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг шүүх буруу тодорхойлсон, шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг дурьдаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардах эрх юу вэ. Хэрвээ шаардах эрх байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу гомдол гаргах хугацааг шүүх бас тогтоох ёстой байсан. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн атал шүүх 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг үндэслээгүй хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Б-э нь хариуцагч “ЕСКК” ХХК-д холбогдуулан 2017 оны 08 сарын 01-ний өдөр ажлаас халагдсан болохыг тогтоолгох, 2016 оны ээлжийн амралтын олговор 824 726 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 812 996 төгрөг, олгогдоогүй цалин хөлс 800 000 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4 518 077 төгрөг, дутуу олгогдсон цалин 196 169 төгрөг, алданги 3 575 984 төгрөг, нийт 10 727 952 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлаас халагдсан болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсанаас хариуцагч 2017 оны ээлжийн амралтын мөнгө 418 368 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгөнөөс Г.Б-ийн нийгмийн даатгалыг нөхөн төлсөнтэй холбоотой түүний төлбөл зохих мөнгийг хасаад үлдэгдэл 494 412 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрч, нийгмийн даатгалын шимтгэл 1 834 200 төгрөг, алданги 1 191 406 төгрөг, нийт 3 025 606 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Ажил олгогч “ЕСКК” ХХК-ийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/15 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг массажистаар ажилд авч, сарын үндсэн цалин 800 000 төгрөгөөр тогтоосон бөгөөд тус компанийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/13 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, мөн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн В/01/23-01 дугаар тушаалаар массажистын эгүүлэн томилж, сарын үндсэн цалин 700 000 төгрөгөөр тогтоож, Г.Б-этэй хөдөлмөрийн гэрээг байгуулжээ. /хэргийн 162, 163, 164-165, 166, 167-168 дугаар тал/

Зохигчид Г.Б-ийг жирэмсэн болсон шалтгаанаар ресепшнээр ажиллах хүсэлт гаргасны дагуу 2017 оны 07 сараас ресепшнээр ажиллах болсон талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Б-э нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр амаржиж, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажил олгогчид хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлийг гаргасан тул 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/05 дугаар тушаалаар түүнд хүүхэд асрах чөлөөг олгожээ. /хэргийн 183, 184 дүгээр тал/

 

Хариуцагч “ЕСКК” ХХК-д нэхэмжлэгчийн жирэмсний тэтгэмж 1 739 303 төгрөг, амаржсаны тэтгэмж 1 780 715 төгрөг, нийт 3 520 018 төгрөгийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шилжүүлсэн ба хариуцагч уг мөнгийг нэхэмжлэгчид олгоогүй байх тул 3 520 018 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зүйтэй байна. /хэргийн 2 дахь хавтас 3-4 дүгээр тал/ Харин нэхэмжлэгчийн 2016 оны ээлжийн амралтын олговор 824 726 төгрөгийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргаагүй буюу нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагчаас шаардаж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “ЕСКК” ХХК-аас 2017 оны ээлжийн амралтын олговорт 707 884.35 төгрөг, жирэмсний тэтгэмж болон амаржсаны тэтгэмж 3 520 018 төгрөг, нийт 4 227 902.35 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-эд олгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02-06-2508/161 дугаар актыг үндэслэн хариуцагч “ЕСКК” ХХК нь нэхэмжлэгч Г.Б-ийн 2015 оны 10 сараас 2017 оны 07 сар хүртэл олгосон 18 342 000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох 3 851 819 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, хугацаа хэтрүүлсний алданги 1 191 406 төгрөг, нийт 5 043 200 төгрөгийг төлсөн байна. /хэргийн 1 дэх хавтас 6, 56, 169 дүгээр тал/

 

Хариуцагч “ЕССК” ХХК сөрөг нэхэмжлэлээр нийгмийн даатгалын шимтгэл 1 834 200 төгрөг, алданги 1 191 406 төгрөг, нийт 3 025 606 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгчээс шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэх зохицуултад хамаарахгүй. Учир нь гомдол гаргах эрх ажилтанд хамаарахаас бус ажил олгогч ажилтанд холбогдуулж гомдол гаргах үндэслэлийг хуулиар зохицуулаагүй юм. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд ажилтанд илүү төлсөн төлбөрөө буцаан шаардаж байх тул Иргэний хуулийн ердийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам үйлчлэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа хамаарахгүй юм.

 

Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчид олгогдсон нийт 18 342 000 төгрөгийн цалин хөлснөөс хуульд заасан хэмжээ болох 10 хувиар шимтгэл төлөх үүрэгтэй тул нийгмийн даатгалын шимтгэл 1 834 200 төгрөгийг түүнээс гаргуулж хариуцагчид олгож, улсын байцаагчийн актын дагуу төлсөн алданги 1 191 406.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/01660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                                                              С.ЭНХТӨР