Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2021/0827/З |
Дугаар | 128/ШШ2022/0349 |
Огноо | 2022-05-06 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2022/0349
2022 05 06 128/ШШ2022/0349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэл гаргагч: О****** /РД:********/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: О****************** /РД:********/,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О****** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А***********, гэрч Д.А********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О****** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “О****** миний бие Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд зуслангийн зориулалтаар 400 м.кв газар эзэмших эрхтэй болсон. Анх газар эзэмших эрх олгоход Найрамдал зусланд “зөвлөхийн ажил” эрхэлж байсан, газар олгох асуудлаар Найрамдлаас зөвшөөрөл олгож байсан болно. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хугацаагаар сунгасан.
Миний бие тус газрыг 2007 оноос хойш Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээнд заасан эрх, үүргийг хүлээн зохих журмын дагуу эзэмшиж ирсэн. Ингээд тухайн газрынхаа төлбөрийг төлөхөөр төлбөрийн даалгавар үүсгэх гэтэл төлбөрийн даалгавар үүсгэж болохгүй байсан тул миний бие 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 02-06/5933 дугаар албан бичгээр миний газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамжаар цуцалсан талаар мэдэгдлээ. Миний бие энэ талаар огт мэдээгүй бөгөөд газар эзэмших эрхийг цуцлах талаар аливаа мэдэгдэл ирж байгаагүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасан. Түүнчлэн мөн хуулийн 27.2-т мэдэгдлийг хэрхэн хүргүүлэх талаар тодорхой хуульчилжээ. Гэтэл иргэн, надад мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, мэдэгдээгүй.
Үүнээс үүдэн миний бие газар эзэмших эрхээ цуцлагдсаныг даруй 2 жилийн дараа мэдлээ. Нөгөөтэйгүүр Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 28.1.2-т заасан үндэслэлээр сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байх боловч сонсох ажиллагаа хийхгүй байх ямар гарцаагүй байдал бий болсон, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлага үүссэн эсэх нь тодорхойгүй, энэ үндэслэлээ ч захирамждаа тодорхой дурдаагүй байна.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг үндэслэн эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгох зохицуулалтыг хэрэглэсэн байх боловч энэ үндэслэлд миний газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл хэрхэн хамаарч байгаа нь ч ойлгомжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар дээрх 2 үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгох тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болохоор зохицуулсан байна.
Гэтэл дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй бөгөөд иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна. Миний бие тухайн газрыг 2007 оноос хойш эзэмшиж ирсний хувьд газар эзэмших эрхийн төлбөр, газрыг арчлан хамгаалахтай холбоотой зардлуудыг гаргасаар өнөөдрийг хүрсэн байхад газар эзэмших эрхийг маань надад мэдэгдэлгүйгээр цуцлахдаа дээрх байдлаар холбогдох хууль тогтоомжийг зөрчжээ.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/902 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь тухайн үед Найрамдал зусланд зөвлөх багшаар ажиллаж байсан, Найрамдал зуслангаас газар эзэмших зөвшөөрөл олгож байсан. 2021 онд газрын төлбөр төлөх гээд очтол газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн. Үүнээс өмнө газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар дуудаж мэдэгдээгүй, шуудангаар мэдэгдэл ирээгүй. Худалдаж авсан зуслангийн сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй. Зуслангийн сууцыг тэр дор нь буулгаад барилгын хундаам цутгахаар суурь ухсан.” гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжтай маргаж байгаа. Энэ захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн гарсан гэж тайлбарладаг. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж ерөнхий хугацааг зааж өгсөн байдаг. О****** 2007 онд газрыг өөр дээрээ шилжүүлж авахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт заасан бусдын эзэмшил газартай давхцалгүй байна гэдгийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд 2007 оноос хойш 2019 онд захирамж гаргаж байгаа хууль заасан таван жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.
О****** төвд ажил хийдэг байсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогдлоо. 2007 онд Төрийн өмчийн хорооноос хувьчилж өгсөн. 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/612 захирамжаар С.О****** газар эзэмших эрх олгогдсон. 2015 онд газар эзэмших эрхийн хугацааг сунгаж байсан. Газар эзэмших эрхийн хугацаа сунгаж байхад Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор газартай давхцаж байна гэдэг нь тодорхой байсан. Үүнтэй маргах зүйл байхгүй. Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор нь өөрийн эзэмшиж байсан газраас тасдан аваад С олгоё гээд хүсэлтээ өөрөө гаргасан юм. Тэгэхээр одоо маргаж байгаа 2019 оны А/902 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэн газар эзэмших эрх авснаас 12 жилийн дараа газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газар эзэмших эрхийг Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор нь өөрөө хүлээн зөвшөөрөөд олгож байсан юм. Ойр орчимд байдаг хүмүүсээс болж газрыг зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байгаа.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасныг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь учир дутагдалтай байна.
Мөн захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөл үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Яг ямар нөхцөл байдал үүсэн байсан талаар тодорхой дурдаагүй нотлох баримт байхгүй байна. Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаандаа мөрдөх хууль байна, ямар нэг байдлаар бусдын, нийтийн ашиг сонирхолд халдсан гэж үзэн шийдвэр гаргаж гэж байгаа бол түүнийгээ нотлох ёстой. Нөхцөл байдлыг тодорхой тогтоох ёстой. Үнэхээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож байгаа бол түүний ард байгаа этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах нөхцөл байна уу гэдгийг гүйцэд тогтоосны үндсэн дээр захиргааны байгууллага нь шийдвэрээ гаргах ёстой. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.“ гэв.
4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С.О****** Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг анх нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 захирамжаар зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 10 жилээр сунгасан. Иргэн С.О****** газар эзэмших эрх 2007 онд үүссэн бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д "Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” 35.3.2 "Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж заасныг тус тус зөрчин газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх ба нийслэлийн Засаг даргын 2007 оны 612 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/52 дугаар захирамж нь тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчсөн байх тул тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ газрын тухай хууль тогтоомж газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Тус захирамж гарахаас өмнө иргэн С.О****** Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01-0**** дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.
Маргаан бүхий газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүчингүй болгосон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн байх тул тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/140 дүгээр захирамжаар “Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор”-т 2152 га газрыг олон улсын хүүхдийн амралтын зориулалтаар зэмших эрх олгосон. Тэгэхээр энэ 2152 га газар дээр зөвхөн хүүхэд зориулсан амралтын байгууллага, амралтын бүтээн байгуулалт явагдана гэсэн үг юм. Үүний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны 34 дүгээр тогтоолоор Баянголын хөндийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулан, Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборын орчмыг тусгай хамгаалалтад авсан. 2006 оны 152 дугаар тогтоолоор Баянголын хөндийн байгалийн цогцолбор газарт өөрчлөлт орсон. Нэхэмжлэгч С.О****** газар эзэмших эрх бол “Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор”-т газар эзэмших эрх олгосны дараа буюу 2007 онд гарсан. Маргаан бүхий ажилчдын сууц байсан гэх газар нь өөрөө 1996 онд Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборт олгосон газартай 100 хувийн давхцалтай байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамжаар Газрын тухайн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн.
С.О****** зуслангийн байшинг нь өмчлүүлье гэж Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбороос гэрээ байгуулсан, газар эзэмшүүлсэн. Энэ нь өөрөө хууль зөрчсөн асуудал юм. Тухайн 2152 га газрын зөвхөн олон улсын хүүхдийн амралт, зугаалгын зориулалтаар ашиглах байтал ажилчиддаа зуслангийн зориулалтаар амины орон сууцны зориулалтаар гакар эзэмшүүлээд, ингэж эзэмшүүлэхдээ өөрийн эзэмшлийн талбайгаасаа таслан гэрээ байгуулсан нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар л газар эзэмших эрх олгогдох байтал газар эзэмшигч нь өөрөө газраа тасдан шилжүүлсэн байсан. Олон улсын найрамдал цогцолбор бол бусдад газар эзэмшүүлэх, шилжүүлэх шийдвэр гаргах эрхгүй этгээд юм.
Мөн нэхэмжлэгчийн дурдаад байгаа мэдэгдэх сонсгох ажиллагааг хийхгүй байж болох нөхцлийг хуульчилж өгсөн байдаг. С.О****** 2007 онд газар эзэмшүүлээд 2015 онд газар эзэмших хугацааг нь сунгасан. Тэгэхээр 2015 оны захирамж нь 2007 оны газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгоод шинээр эрх зүйн үр дагавар үүсгэсэн юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамж нь хуульд нийцэж гаргасан, үндэслэл бүхий захирамж байна гэж дүгнэж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заарэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дуглтад “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэаартай захирамжаар зөвхөн С.О****** гадна нийт 24 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон үндэслэл нь яг нэг үндэслэлтэй адилхан. Энэ бол шүүхийн практикт тогтсон хэрэг юм.” гэв.
6. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор нь 1978 онд ашиглалтад орж Нийслэлийн Засаг даргын 2009 оны 527 дугаар захирамжаар талбайн хэмжээг 12235450 м.кв газрыг хүүхдийн зуслан, орон сууц, зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 1801404625 дугаартай 15 жилийн хугацаатай сунган эзэмшүүлж 000014997 дугаартай гэрчилгээг олгосон байна.
Иргэн С.О****** эзэмшил газар нь тус Найрамдал цогцолборын эзэмшил газарт давхцуулан олгосон байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий 2019 оны А/902 дугаар захирамж гаргасан болно.
Монгол Улсын Ерөнхий сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар 2019 онд тус цогцолборын үйл ажиллагаатай, бодит нөхцөл байдалтай нь танилцаад, шаардлагатай арга хэмжээг авахаар болж, энэ мэт Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын эзэмшил газар, газрын наймааны золиос болж хүүхдийн эрх зөрчигдөж цогцолборын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрээд байгаа байдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгч дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай" 2019-2020 оныг "Хүүхэд хамгааллын жил” болгон зарлах тухай 60 дугаар зарлиг гарсан.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 209 дүгээр "Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын талаар авах арга хэмжээний тухай" тогтоол гарч тус цогцолборын газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах, цаашид шинээр бусдад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг нийслэлийн Засаг дарга болон Хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгосон байна.
Монгол уУлсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “2019-2020 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлах тухай” 210 дугаар тогтоол гарч холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.
Улмаар нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар "Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай” захирамжаар тус цогцолборын нутаг дэвсгэрт Газрын тухай хуулийн 31.3 дахь заалтыг зөрчин хууль бусаар газар олгосон иргэн С.О****** холбогдох захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай, Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хүрээнд гарсан хууль ёсны захирамж гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.” гэжээ.
7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас газар эзэмших зөвшөөрлийг өгч нэр бүхий хүмүүст хувьчилж газар олгосон байдаг. 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/9** захирамжаар зориулалтын дагуу ашиглаагүй 2 жил болсон гэсэн шалтгаанаар газар эзэмших эрхийг нь цуцалсан байдаг.
2007, 2008 онд тухайн газрын 4 өөр зураг гарж ирж байсан. Энэ газартай холбоотой 3 хүний шүүх хуралд оролцож байхад Олон улсын хүүхдийн найрамдал зуслангийн газрыг хувьчлахын тулд газрын наймааны зориулалтаар гэмт хэргийн шинжтэй кадастрын зургийг өөрчлөөд, регистрийн дугаарыг нь солиод сүүлдээ мэдээллийн сангаас устгуулсан асуудал гарч байсан. Энэ талаар эрүүгийн цагдаагийн газар хандан хуурамч бичиг баримт үүсгэсэн, мэдээллийн сангаас утгуулсан байна гэж цагдаагаас тогтоосон. Тиймээс өмнөх хурал дээр дурдаж байсантай холбоотой шинээр газрын гэрчилгээ авсан юм.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамжаар 24 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн хүчингүй болгосон. Д***** гэдэг багшаар ажиллаж байсан хүн 2006 онд газар эзэмшээд яг энэ асуудал гарсан. Д******* нь гурван шатны шүүхээр яваад нийтийн ашиг сонирхол зөрчсөн байна гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийг хэвээр үлдээж байсан. Тухайн нийтийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах ёстой. Тухайн байгууллагын захирлын зөвшөөрлөөр газар өгсөн байгаа нь хууль бус байна. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга газар дээр нь ажиллаад эхний ээлжид үл хөдлөх хөрөнгө бариагүй газар олгосон, хашаа барьсан, дугуй зоосон хүмүүсийн хашааг буулгаж байсан. Ж******** ХХК бас тэнд газар авсан байж байгаад өөрөө нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм байна гээд хашаагаа буулгаад явж байсан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамж бол хуулийн хүрээнд нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хангасан захирамж юм.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О****** нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 тоот захирамжийн 1.1 дэх “түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан захирамжийг хүчингүй болгосон” хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн Засаг дарга 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 тоот захирамжийн 1.1 дэх заалтаар “Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн орчимд давхцуулан газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн” үндэслэлээр “өөрөө уг шийдвэрээ хүчингүй болгох” мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан С.О****** газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан өөрийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн талаар. Маргаанд хамаарах газарт болон тухайн орчимд Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн эзэмшлийн 1960 онд ашиглалтад орсон, ашиглалтын хугацаа дууссан 7 ширхэг зуслангийн сууц байсныг Төрийн өмчийн хорооны 2006 оны 569 дүгээр тогтоолоор акталж, данснаас хасаж, акталсан сууцнаас ашиглаж болох барилгын материал, эд зүйлийг худалдан борлуулахыг Найрамдал төвд зөвшөөрсөнөөр маргаанд хамаарах газарт байсан сууцны барилгын материалыг нэхэмжлэгч С.О****** худалдан авч, улмаар Олон улсын хүүхдийн Найрамдал төв 2007 оны 12 дугаар сарын 05-ны 1/153 тоот албан бичгээр дэмжлэг хүсч нийслэлийн Засаг даргад хандаж, нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар С.О****** зуслангийн зориулалтаар 400 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрчилгээ олгож, нэгж талбарын ************ дугаараар кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэж, 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байдаг.
3. Гуравдагч этгээдийн газрын эзэмшил баталгаажсан талаар. Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн хувьд эдэлбэр газрын эрхийг шинэчлүүлэхээр хандсанаар нийслэлийн Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар олон улсын хүүхдийн амралтын зориулалтаар 2152.0 га талбайг эзэмшүүлсэн байдаг.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар тогтоолоор Баянголын байгалийн цогцолборт газрынбүсийн хил заагт өөрчлөлт оруулж, нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 482 дугаар захирамжаар Олон улсын хүүхдийн Найрамдал төвд 970.5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар 12.250.000 м.кв буюу 1.225 га болгон нэмэгдүүлж, 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаар захирамжаар Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн газрыг 12,250,000 м.кв хэмжээгээр дахин баталгаажуулж эзэмшүүлжээ.
4. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “иргэн, хуулийн этгээдийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн шаардлага тавигддаг. Гэтэл нэхэмжлэгч С.О****** 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн 400 м.кв газар нь 1996 оны А/140 дүгээр захирамжаар олон улсын хүүхдийн амралтын зориулалтаар Олон улсын хүүхдийн Найрамдал төвд эзэмших эрхийг нь батагаажуулсан 2152.0 га газартай бүхэлдээ давхцалтай байсан болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн байршлын зургаар тогтоогдсон, зуслангийн сууцыг акталж, данснаас хассан Төрийн өмчийн хорооны 2006 оны 569 дүгээр тогтоолын танилцуулгад “актлагдсан сууцны газар нь 1996 оны газар эзэмших эрхийн гэрчилгээний газарт багтаж буй нь” тодорхой тусгагдсан, ийнхүү Найрамдал төвийн эзэмшлийн газартай давхцуулж эзэмшүүлсэн эсэхтэй талууд маргаагүй болно.
Хэдийгээр актлагдсан зуслангийн сууцны барилгын материалыг худалдсан гэдгээр Олон улсын хүүхдийн Найрамдал төв Нийслэлийн Засаг даргаас дэмжлэг хүссэн байх ч нэхэмжлэгчид эзэмшил газраасаа хэсэгчлэн шилжүүлэх хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх агуулгаар гараагүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлээгүй, мөн С.О****** газар эзэмших эрх олгосноор маргаан бүхий газрын хэмжээ байршлаар нь Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн газраас хасагдаагүй байх тул газрыг давхцуулан олгосон гэж үзэх ба, энэ үндэслэлээрээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна.
5. Түүнчлэн олон улсын хүүхдийн амралтын зориулалтаар эзэмших эрхийг баталгаажуулсан газрыг зуслангийн зориулалтаар иргэнд эзэмшүүлсэн нь мөн л Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад нийцээгүй байна.
6. Эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн бүс нутгийг байгалийн цогцолборт газраар тогтоосон байхад, мөн нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшүүлэхтэй холбоотой дүгнэлтийг эрх бүхий этгээдээс гаргаагүй байхад нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нь бас л хуульд нийцэхгүй байна.
Тодруулбал, нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн агентлагаас дүгнэлт гаргуулах шаардлага тавигдах бөгөөд С.О****** нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт 2014 оны 2 дугаар сарын 18-нд гаргаснаар Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хамтарсан техникийн зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 28, 4 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцэж “Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газраас ногоон бүсэд тухайн газрыг эзэмшүүлэх боломжтой эсэхэд дүгнэлт гаргуулах шаардлагатай” гэсэн шийдвэр гарч, Нийслэлийн өмчийн харилцааны газар “ойн сан бүхий газар байрлаж байгаа тул хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхийг хойшлуулсан” талаар 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 5/4587 тоот албан бичгээр хариу өгч, газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг 2014 оны 9 дүгээр сарын 16-нд дүгнэхдээ “Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газраас ногоон бүсэд газар эзэмшүүлэхтэй холбоотой дүгнэлт гаргуулах шаардлагатай” хэмээсэн байдаг. Гэсэн хэдий ч ийнхүү нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшүүлэхтэй холбоотой дүгнэлтийг Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газраас гаргаагүй байхад нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байдаг.
7. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар “өөрийн гаргасан шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэлээр өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
8. С.О****** хууль зөрчин бусад этгээдийн газартай давхцуулан газар эзэмшүүлсэн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамж нь түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамжаар хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй болсон байх тул газар эзэмших эрхийг тодорхойлох газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш юм.
9. Мөн С.О****** нь 2007 онд газар эзэмших эрх авснаас хойш актлагдсан сууцыг буулгаж барилга барихаар суурийн нүх ухсан гэх ч үүнээс хойш 2019 он хүртэл газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.
10. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 01-06/2783 тоот албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох “анх эзэмшүүлэхдээ бусдын газартай давхцуулсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн”, мөн “газраа эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсоноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй” гэсэн үндэслэлүүд бий болсныг мэдэгдэж, холбогдох тайлбар гаргах, баримт бичиг ирүүлэх хугацаа тогтоосон сонсох ажиллагааны мэдэгдлийг С.О****** хүргүүлсэн ч газар эзэмшигч нь гэрээнд заасан хаягтаа оршин суудаггүй байснаас түүнд хүргэгдээгүйд захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй юм. Учир нь түүнтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд газар эзэмшигчийн оршин суух хаягийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5-12 тоот гэж тэмдэглэсэн байхад иргэний улсын бүртгэлийн хаягийн лавлагаагаар тэрээр 2014 оноос Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг 7 дугаар баг, ** тоотод, 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс Дундговь аймгийн Өлзийт сум Рашаант 6 дугаар баг, *** тоотод оршин суугаа бүртгэлтэй байна. Газар эзэмшигч нь захиргааны байгууллагад бүртгэгдсэн буюу газар эзэмшүүлэх гэрээнд заасан өөрийн оршин суугаа хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдүүлэх үүрэгтэй, ийнхүү хаягийн өөрчлөлтийг мэдүүлээгүй атлаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж захиргааны байгууллагыг буруутган маргаж буй нь үндэслэлгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.О****** гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА