Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2023/00064

 

"А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04401 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00352 дугаар магадлалтай,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Тд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 277,497,630 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2014.11.24-ний өдрийн 184 тоот Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК-аас хариуцагч Тд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 277,497,630 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2014.11.24-ний өдрийн 184 тоот Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04401 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т зааснаар хариуцагч Таас зээлийн гэрээний үүрэгт 277,497,630 /хоёр зуун далан долоон сая дөрвөн зуун ерэн долоон мянга зургаан зуун гучин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг, нэхэмжлэгч “А” ХХК-нд холбогдох 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,615,639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Таас улсын тэмдэгтийн хураамжид 1,545,438 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 683,450 төгрөгийг хариуцагч Тд буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00352 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04401 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 453.1 ...” гэсний өмнө “453 дугаар зүйлийн” гэж, “... 277,497,630 /хоёр зуун далан долоон сая дөрвөн зуун ерэн долоон мянга зургаан зуун гучин/ төгрөг ...” гэснийг “246,467,282 төгрөг” гэж, “... олгосугай.” гэснийг “олгож, нэхэмжлэлээс 31,030,348 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дах заалт нэмж “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Т нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.” гэж,

3 дах заалтыг 4 гэж “... 56.1 ...” гэснийг “56.2” гэж, “... 1,545,438 төгрөг ...” гэснийг “1,390,286 төгрөг” гэж, “... хариуцагч Тд буцаан олгосугай. гэснийг улсын төвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А ХХК-аас 683,450 төгрөг гаргуулж, хариуцагч Тд олгосугай. гэж,

4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нэрийдлээр бараг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй шаардлагыг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1, 172,2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх нь ижил төрлийн маргаанууд дээр иргэний хуулийг ялгамжтай хэрэглэж өөр өөр шийдвэр гаргадаг болохыг хэд хэдэн маргаан дээр зохигчоор оролцсоны хувьд гэрч болоод байна. Хуулийг бүх нийтээрээ нэг мөр ойлгож, хэрэглэнэ гэсэн суурь зарчим давж заалдах шатны шүүхэд огт үйлчлэхгүй байна.

Ижил төрлийн иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хэрхэн шийдвэрлэж байсан талаар shuukh.mn сайтаас 2 жишээг баримт болгон харууллаа.

Тохиолдол 1.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.08-ны өдрийн 210/МА2022/00661 тоот магадлалд зээлийн болон барьцааны гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэмээн дүгнэсэн мөртлөө гагцхүү зээлийн гэрээг заавал бичгээр сунгах шаардлагатай гэх үндэслэлээр зөвхөн гэрээний хугацааны хүүг тооцон үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож байсан.

Энэ маргаанд нэхэмжлэгч нь 274,2 сая төгрөг нэхэмжилсэн боловч давж заалдах шатны шүүх нь 194.5 сая төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож зөвхөн олгосон зээл болох 79,9 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байсан юм. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...245,728,986 төгрөгийг...” гэснийг “...79,720,000 төгрөгийг...” гэж, “...28,536,322 төгрөгийг...” гэснийг “...194,545,308 төгрөгийг...” гэж, хэмээн үлэмж хэсгийг нь буюу 194,545,308 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тохиолдол 2.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.02.11-ний өдрийн 210/МА2019/00258 тоот магадлалд "Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд зээлдүүлэгч нь гэрээний 6.1.10-6.1.14.4-т заасан арга хэмжээг авахаар зохицуулсан байхад уг арга хэмжээг аваагүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жил 6 сар 4 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, дүгнэх журамтай нийцсэн байна" хэмээн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 116,621,039 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж байсан. Энэ маргаанд нэхэмжлэгч нь 238,520,000 төгрөг нэхэмжилсэн боловч анхан болон давж заалдах шатны шүүх нь 164,516,607 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож 74,0 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байсан юм Гэтэл давж заалдах шатны шүүх нь А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Тд холбогдох “гэрээний үүрэгт 277,497,630 төгрөг гаргуулах" тухай иргэний хэрэгт илэрхий нэхэмжлэгч байгууллагын талд буюу илт шударга бус шийдвэр гаргалаа.

4.2. Маргааны талаар товч тайлбарлав. Үүнд:

Т нь анх 2012/05/25-ны өдөр 139,000,000 төгрөгийн зээл авсан ба энэ зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 82,900,000 төгрөгийг 2013.11.21-ний өдөр Тын гэр бүлийн хүн Ц.Лхагважавтай гэрээ хийж шилжүүлэн, энэ гэрээгээр Тд холбогдох 2012.05.25-ны өдрийн 55 тоот зээлийг хааж, үүний дараа А нь 2014/11/24-ний өдөр Ттай дахин зээлийн гэрээ байгуулж, гэр бүлийн хүн Ц.Л-н нэр дээрх зээлийг хааж, Т дээр дахин авлага үүсгэсэн гэх мэт олон дүрмийн бус үйлдэл гаргасан.

Хэдийгээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлийг буцаан төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч хариуцагч нь зээлийн төлбөрийг төлж чадахгүй байхад нэхэмжлэгч гэрээнд болон хуульд заасан арга хэмжээг аваагүйгээс хүүгийн хэмжээ 8 жилийн хугацаанд асар их хуримтлагджээ.

Тодруулбал, хариуцагч нь зээлийн гэрээнд зааснаар 139,000,000.00 төгрөгийг 2014.05.25-ны өдөр бүрэн төлөх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ зөрчиж 2013/10/11-ний өдрөөс хойш /энэ өдөр Т нь 100,000,000 төгрөг төлсөн/ ямар ч төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч тал зээлийн гэрээний 6.2.1, 6.2.4, 10.2-т тус тус заасан зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүй, холбогдох хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс улбаалан нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ их хэмжээгээр нэмэгдсэн, ийнхүү зээлийн хүүг үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус байна.

Нэхэмжлэгч нь Таас зөвхөн их хэмжээний хүү тооцож авахаа гол зорилго болгож зээлийн гэрээг цуцлахгүйгээр зүйл бүрийн арга хэрэглэж /гэрээг өөрчлөх, хамаарал бүхий өөр хүн дээр зээлийг шилжүүлэх, буцааж Т дээр зээлийг шилжүүлэх, зээлээ төлөхийг зөвшөөрсөн агуулга бүхий хүсэлтүүдийг хэзээ хойно нь 7-8 жилийн дараа Таар бичүүлж авах г.м/ ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогддог.

4.3. Т нь 2012.05.25-нд 139 сая төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай сарын 28.8 хувийн хүүтэйгээр зээлсэн, гэрээний хугацаанд 100,500,000 төгрөг төлсөн бөгөөд эдгээр үйл баримтууд дээр талуудын хооронд маргаан байдаггүй.

Анхан шатны шүүх нь зээлийн гэрээг 2016.11.24-ний өдөр хүртэл сунгагдсан хэмээн дүгнэсэн бөгөөд 2016/11/24-ний өдрөөр зээл хүүний тооцооллыг гаргахад үндсэн зээлийн үлдэгдэл 82,952,134 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 85,424,773 төгрөг, нийт 168,376,907 төгрөг.

Мөн нэхэмжлэгч А нь анхнаасаа нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас нэхэмжлээгүй, анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсээр байхад давж заалдах шатны шүүх 27,252,524 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг Таас гаргуулахаар шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй" хэмээн хуульчилсныг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлыг шийдвэрлэсэн хэмээн үзэж байна.

Т нь нэхэмжлэгч А-д 168,376,907 төгрөгийг төлөхийг зөвшөөрч буй тул давж заалдах шатны шүүхийн 2023.02.10-ны өдрийн 00352 тоот магадлалд өөрчлөлт оруулж, 246,467,282 төгрөгөөс 78,090,375 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 2021.01.15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулснаас хойш хяналтын журмаар аливаа иргэний хэрэг маргааныг хэлэлцүүлэх боломж эрс багассан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал туйлын хариуцлагатай, үнэн зөв, шударга байх зүй ёсны шаардлага гарч ирсэн.

Гэвч давж заалдах шатны шүүх нь хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш иргэний хуулийг илтэд зөрүүтэй хэрэглэх, өөр өөрөөр тайлбарлах, дээд шүүхийн тайлбарыг ойшоохгүй байх, аливаа хэрэг маргаанд өөрийн үзэмжээр хандах зэргээр зарим нэг хэрэг маргаанд туйлын хариуцлагагүй хандаж байх тул Монгол улсын дээд шүүхийн иргэний танхимын эрхэм шүүгчид та бүхнийг нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023.02.10-ны өдрийн 00352 тоот магадлал бүхий иргэний хэргийг татан авч, хянаж үзэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.04.06-ны өдрийн 001/ШХТ2023/00355 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Таас зээлийн гэрээний үүрэгт 277,497,630 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ: “...зээлдэгч Ттай 2012.05.25-ны өдөр 55 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 139,000,000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ..... хувийн сууц, ...... хувийн сууцыг барьцаалсан.

Гэрээний хугацаанд буюу 2012.12.18-ны өдөр 500,000 төгрөг, 2013.10.11-ний өдөр 100,000,000 төгрөгийг тус тус төлснөөс өөр төлбөр хийгээгүй, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 82,952,134 төгрөг, зээлийн хүү 2022.08.16-ны өдрийг хүртэл тооцоход 194,545,487 төгрөг, нийт 277,497,621 төгрөгийг гаргуулж өгнө үү, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж байна...” гэж тайлбарласан, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбар гэж тооцогдохоор байх тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэжээ.

Хариуцагч Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...2012.05.25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 139,000,000 төгрөг авсантай маргаагүй, 2013.10.11-ний өдрийн байдлаар 100,000,000 төгрөгийг төлсөн, үүнээс ихэнх хэсгийг хүүнд авч, үндсэн зээлээс 56,000,000 төгрөгийг хассан байгаа. Гэрээний хугацаа 2014 онд дууссан. Нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэнээс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 9 жилийн дараа шүүхэд хандаж байгаа тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Мөн нэхэмжлэгч нь анх 2014 оны зээлийн гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан байсан ба энэ гэрээгээр Тд зээлийн хөрөнгө шилжүүлж өгөөгүй, гэрээ бодитойгоор хэрэгжээгүй тул 2014.12.24-ний өдрийн 184 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

8. Анхан шатны шүүх “...талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. 2012.05.25-ны өдрийн 55 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 280,639,917 төгрөгийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангах үндэслэлтэй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хариуцагч нь 2021.11.12-ны өдөр гэрээний хугацааг сунгах, зээлийн төлбөрийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх тул гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй. ...Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохгүй байгаагаас гадна дээрх хэлцэл нь хариуцагчийн ямар эрхийг зөрчсөн, хариуцагч нь зөрчигдсөн ямар эрхийг сэргээлгэх шаардлага гаргаж байгааг тодорхойлох боломжгүй тул үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийж, хариуцагчаас 277,497,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэсгийг мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад “...анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, харин нэхэмжлэгч нь 2019.12.31-ний өдрөөр зээлийн хүүг зогсоосон талаар нэхэмжлэлдээ бичсэн тул хариуцагчийн гүйцэтгэх үүргийг 2019.12.31-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, үндсэн зээлд 82,952,134 төгрөг, зээлийн хүүд 136,262,624 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 27,252,524 төгрөг, нийт 246,467,282 төгрөгийг хариуцагчаас гаргуулна, ...мөн хэрэгт авагдсан 2014.11.24-ний өдрийн зээлийн гэрээ бодитоор хэрэгжээгүй, хууль зөрчиж байгуулсан гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9. Магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн хүүгийн хэмжээ их хэмжээгээр нэмэгдсэн, ...мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, талуудын зарчмыг зөрчсөн, ...хариуцагч нь зээлийн төлбөрийг анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн гэрээний хугацаа дуусгавар болсон 2016.11.24-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, нийт 168,376,907 төгрөг төлөхийг зөвшөөрч байна...” гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

10. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

11. Талууд 2012.05.25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу зээлдүүлэгч “А” ХХК нь зээлдэгч Тд 139,000,000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай шилжүүлсэн, энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй байна.

Зээлдэгч Т нь эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлөх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба 2012.12.08-нд 500,000 төгрөг, 2013.10.11-ний өдөр 100,000,000 төгрөгийг тус тус төлснөөс өөр төлбөр хийгээгүй байна.

2013.11.21-ний өдөр зээлдэгчийн нөхөр Ц.Л-н хүсэлтийг үндэслэн зээлийн үлдэгдэл төлбөр 82,952,866 төгрөгийн үнийн дүнгээр 77 дугаартай зээлийн гэрээ байгуулж, дээрх мөнгөн хөрөнгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, 2014.11.21-ний өдөр Тын гэрээний хугацааг сунгах хүсэлтийг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 82,952,866 төгрөг дээр зээлийн хүүг нэмж, нийт 105,100,000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай олгохоор Ттай 184 дугаартай Зээлийн гэрээг тус тус байгуулсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2014 оны Зээлийн гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж, 2012 оны Зээлийн гэрээний үүргийг шаардсан болно.

12. Зохигчийн хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцжээ.

 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зохицуулсан.

13. Зээлдүүлэгч “А” ХХК зээлийн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул зээлдэгч Т зээлийг буцаан төлөх гэрээний үүргээ биелүүлэх учиртай, энэ үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс гэрээний үүргийг шаардах эрхтэй.

14. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн хүлээх үүргийг тогтоохдоо нэхэмжлэгчийн зүгээс зээлийн хүүг зогсоосон 2019.12.31-ний өдрөөр тооцохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчлөхдөө үндсэн зээл, зээлийн хүүг гаргуулахаар шаардсан байхад давж заалдах шатны шүүх хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй ба энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Иймд магадлалд заасан, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 246,467,282 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүд хамаарах 27,252,524 төгрөгийг хасч, үлдэгдэл 219,214,758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа дээр дурдсан алдааг гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй.

16. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ...төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.

Иймд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2016.11.24-ний байдлаар хариуцагчийн хүлээх үүргийг тооцуулах, шүүх ижил төрлийн хэрэг маргаанд хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00352 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04401 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Таас 219,214,758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,282,872 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалт нэмж, “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар зохигчийн хооронд байгуулагдсан 2014.11.24-ний өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.” гэж,

3 дахь заалтыг 4 гэж өөрчлөн “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,615,639 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 683,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,254,024 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 683,450 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн,

4 дэх заалтыг 5 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Таас 2023.03.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 548,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ЗОЛЗАЯА

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                        ШҮҮГЧИД                                                     Н.БАЯРМАА

                                                                                                              Д.ЦОЛМОН

                                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД