| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 132/2017/0055/Э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 103
Н.Ч, Ц.П нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Н.Ч-гийн өмгөөлөгч С.Намжилмаа, шүүгдэгч Ц.П-гийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 41 дүгээр магадлалтай, 201606000258 дугаартай эрүүгийн хэргийг Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1956 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Н-ийн Ч,
2. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Ц-гийн П нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэж, орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ч, Ц.П нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч, Ц.П нараас эд хөрөнгө хураахгүйгээр, тус бүрийг 2 жил 1 хоног хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Н.Ч, Ц.П нарт холбогдох 201606000258 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар гаргасан эсэргүүцэлдээ “...Шүүгдэгч Ц.П, Н.Ч нар нь бүлэглэж орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно. Тухайлбал, гэрч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Н-ийн гэрээр ороод гарья гэж бодоод хашааных нь хаалгаар ороод гэрийн үүдэн дээр очиход миний урдаас П түрүүлээд араас нь Ч гарч ирсэн. Ч нь зүүн талынхаа мөрөн дээр хэт хутга тохоод явж байсан” гэсэн мэдүүлгийг удаа дараа өгсөн болно. Уг мэдүүлэг нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа болон шууд бус нотлох баримтууд болох гэрч С.Р, Д.Э, З.З нарын мэдүүлгээр давхар нотлогдож тогтоогдсон. Дээрх нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийхэд гэрч Д.Э нь удаа дараагийн мэдүүлгээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хууль зөрчөөгүй, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт сэлт гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрүүдийг хуульчилсан байсан. Дээрх гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрүүдийн “бүлэглэн гүйцэтгэх” гэсэн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэсэн томьёоллоор хуульчлагдаж өмнөх хуулийн шинжийг хадгалсан байна. Гэмт хэргийг бүлэглэж үйлдэх нь оролцогчдын оролцооны дотоод холбоогоор тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг бүлэглэж үйлдэх нь хамтран оролцогчдын хамгийн энгийн хэлбэр бөгөөд ийм хэлбэр нь а/ гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй, б/ хоёр буюу түүнээс дээш гүйцэтгэгч хамтарсан үйлдлээрээ тухайн гэмт хэргийн хор уршгийг бий болгосон байгаа нь тухайн гэмт хэрэгт бүлэглэж хамтран оролцсон хэлбэрийг харуулж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийж, тэдгээр нотлох баримтуудаас нэрлэн дурдаж шийтгэх тогтоолдоо тодорхой заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Харин давж заалдах шатны шүүх нь хохирогчтой хамаарал бүхий этгээдийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа эсэх нь тодорхой бус гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгсөн гэрчийг “хамаарал бүхий” гэх байдлаар хийсвэр дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, “хамаарал бүхий” этгээдийг гэрчээр байцааж болохгүй талаар хуульчлаагүйг анхаарч үзээгүй байна. Мөн шүүгдэгч Н.Ч, Ц.П нарыг Ж.Н-ийн гэрээс хэт хутга аваад гарч явсан үйл баримтын талаар гэрч Д.Э мэдүүлдэг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй гэж ерөнхий байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Дээр дурдсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2-т заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.П-гийн өмгөөлөгч Р.Нямцэрэн хэлсэн саналдаа “...Миний үйлчлүүлэгч хилс хэрэгт гүтгүүлж нийт 70 хоног цагдан хоригдсон. Анхан шатны шүүх Ц.П-г хохирогчийн ойр дотны хүмүүсийн мэдүүлгээр ялласан. Шүүх тухайн хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн мэдүүлгээр яллаж байгаад гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ц.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Ч-гийн өмгөөлөгч С.Намжилмаа хэлсэн саналдаа “...Хохирогчийн хэт хутга яг хэдийд алга болсон гэдэг нь тодорхойгүй байдаг бөгөөд цаг хугацааг тодорхой тогтоосон зүйл байдаггүй. Мөн хохирогчийн алга болсон гээд байгаа эд хөрөнгийг хэн авсан эсэх нь эргэлзээтэй байгаа учраас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Учир нь зүгээр л хохирогчийн гэртэй ойрхон явж байсан хоёр хүнийг хулгай хийсэн гэж буруутгаад байгаа юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул хэлсэн саналдаа “...Тухайн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо харилцан зөрүүтэй гэсэн дүгнэлт хийсэн боловч чухам хэн хэн гэдэг гэрч нарын мэдүүлэг хэрхэн зөрүүтэй талаар огт дүгнэлт хийгээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нар гэм буруутай болох нь хохирогч Ж.Н, гэрч Д.Э нарын мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Гэрч Д.Э-гийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Харин давж заалдах шатны шүүх хууль сануулж мэдүүлэг авсан гэрчийг хамаарал бүхий этгээд гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Ц.П, Н.Ч нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Ц.П, Н.Ч нарын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Булган аймаг, Сайхан сум, 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суух хохирогч Ж.Н-ийн орон байранд хууль бусаар нэвтрэн хэт хутга хулгайлж 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.П, Н.Ч нар нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Булган аймаг, Сайхан сум, 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суух хохирогч Ж.Н-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч хэт хутга хулгайлж, 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний ялыг шүүгдэгч нарт оногдуулж, ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэрэг нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа, мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Э буюу хохирогчтой хамаарал бүхий этгээдийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа эсэх нь тодорхой бус байгаагаас гадна гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хэргийг нотолсон баримтууд нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн болохыг шалгаж, тэдгээрийн эх сурвалж болон агуулгыг тусгаж, өөрийн дотоод итгэлээр үнэлсний эцэст Ц.П, Н.Ч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэжээ.
Харин давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс нотлох баримт, үйл баримтад өгсөн дүгнэлт нь чухам ямар нотлох баримттай зөрчилдөж байгаа, эсхүл хуульд заасан журмыг зөрчсөн эсэхэд ямар нэг тодорхой дүгнэлт өгөөгүй атлаа шийтгэх тогтоолыг тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхээр байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлэх зэрэг шийдвэр гаргах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн дотоод итгэлээр мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5-д заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргах боломжтой бөгөөд анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлага үүсээгүй гэж дүгнэв.
Иймд прокурорын хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хангаж, Ц.П, Н.Ч нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 41 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН