| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2020/00219/И |
| Дугаар | 134/ШШ2021/00065 |
| Огноо | 2021-04-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 134/ШШ2021/00065
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1949 онд төрсөн, 71 настай, эрэгтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байрны 16 тоотод оршин суух, Б овогт Х-гийн Э /РД:....................., Утас:..................../,
Нэхэмжлэгч: 1959 онд төрсөн, 61 настай, эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байрны 16 тоотод оршин суух, Бөөвөлзий овогт Д-гийн С /РД:.............., утас....................../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт байрлах УСДУ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /РД:2004933, утас:70543270/-т холбогдох,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байрны 1 дүгээр орцны 16 тоотод байрлах, 3 өрөө орон сууцны эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Санжидмаа, нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буянтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,*******нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буянтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
УСДУ компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан 5 дугаар байрны 16 тоот 3 өрөө орон сууцыг *******,*******бид 2002 оны 04 дүгээр сард одоогийн УСДУ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлдөө авсан. Уг компани 2002 оны 04 дүгээр сард байгуулсан гэрээндээ бичихдээ Гэрчилгээг сууцны үнэ төлөгдөж дууссаны дараа сольж өгнө гэж заасан боловч сольж өгөөгүй учраас аймгийн Засаг даргад 2 удаа, Үл хөдлөх хөрөнгийн газарт /хуучнаар/ олон удаа, шинэ нэрээр Орон нутгийн өмчийн албанд 1 удаа, Улсын бүртгэлийн хэлтэст 3 удаа хандсан юм.
Гэтэл байраа УСДУ компанид өрөндөө өгчихөөд явсан Д.Бямбагарав гэгч хүний эхнэр Д.Лхамсүрэн гэгч 2009 онд байрны маргаан гаргаж эхэлсэн. Д.Лхамсүрэн нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч шүүх хурлын үеэр ямар ч шалтгаангүй ирээгүй тул шүүх хурлаа хойшлуулсан юм. Дараа нь 2020 оны 05 дугаар сард ирж 2,000,000 төгрөг өгвөл байрны гэрчилгээг танай нэр дээр болгоод өгье гэж тохиролцохыг оролдоод явсан. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 01-нд байрны гэрчилгээг шилжүүлж өгөхөөр ирсэн боловч хувьчлагдсан цэнхэр гэрчилгээ байхгүй учир Улсын бүртгэлийн хэлтэс олж ирэхийг шаардан буцаасан. Хэрэв Д.Лхамсүрэн та цэнхэр гэрчилгээг шинээр аваад ирвэл Улсын бүртгэл шинэ гэрчилгээг бичиж өгнө гэж явуулсан тул гэрчилгээг Д.Лхамсүрэнг авахаас нь өмнө хуулийн байгууллагад хандаж буй нь энэ билээ. Бид нар Иргэний хуулийг уншин, судалж байхад манай өмчлөлд шилжсэн, бид нар шударга эзэмшигч мөн гэдэг нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэг, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан заалттай нийцэж байна.
Бид нар өмчлөгчөөр тогтоолгох гэхээр Өмч хувьчлалын тухай хуульд манайд ашигтай заалт байхгүй гэж үзэж байгаа ба энэ байрыг худалдаж авсан учраас Өмч хувьчлалын тухай хуулиар биш, Иргэний хуулийн дагуу шударга эзэмшигчээр тогтоолгож, манайх өөрсдийн нэр дээр өмч хувьчлалын гэрчилгээ авах гэхээр эзэмшигч нь гэсэн шүүхийн шийдвэр байж гэрчилгээ гарна гэсэн. Иймд бид нар өмчлөлийн гэрчилгээ авахын тулд албан ёсоор эзэмшигч мөн гэдгээ тогтоолгож, эрх ашгаа хамгаалуулж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Иймд Найрамдал хотхоны 5 дугаар байр, 1 дүгээр орцны 16 тоот 3 өрөө орон сууцыг 2002 оны 04 дүгээр сараас одоог хүртэл 19 жил илээр, шударгаар тасралтгүй эзэмшиж ирсэн учир *******,*******биднийг эзэмшигч мөн болохыг тогтоож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Бат-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллагад 1998 онд Д.Бямбагарав гэх иргэн 580,368 төгрөгийн өртэй байсан тул маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 5 дугаар байрны 16 тоот, 3 өрөө байрыг тухайн үед 720,000 төгрөгөөр үнэлж өрөндөө 580,368 төгрөгийг суутгуулж, 139,632 төгрөгийг буцаан суутгаж авахаар хүсэлт гаргаж, байгууллагын өмчид бүртгэгдсэн. Тухайн үед тус байрыг өмчлөх эрхийн гэрчилгээгүй, бичиг баримтгүй.
Нэхэмжлэгч*******нь 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай байгууллагатай дээрх байрыг 600,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2002 оны 12 дугаар сард дуусгахаар тохиролцсон боловч 2005 оны 06 дугаар сарын 28-ны өдөр сүүлийн төлбөрийг хийсэн байна. Улмаар 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дахин дээрх орон сууцыг худалдан авахаар *******,*******нар нь худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Анх байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Учир нь 600,000 төгрөгийг 12 сард төлөхөөр тохиролцсон боловч*******нь 2005 оны 06 дугаар сард сүүлийн төлбөрийг төлсөн.
Говьсүмбэр аймгийн орон нутгийн өмчийн албаны зөвшөөрлийн дагуу манай байгууллага нь 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай албан бичигт зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай шийдвэр гаргаж, байгууллагын үндсэн эд хөрөнгийн бүртгэлээс хассан. Нэхэмжлэгчид өмнө нь УСДУ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг хариуцагчаар татаагүй мөртлөө, 19 жилийн дараа энэ асуудлыг сөхөн гэрчилгээгүй байран дээр маргаан үүсгэж байна. Иймд тус байр нь манай байгууллагын эд хөрөнгийн жагсаалтаас хасагдаж бүртгэлгүй байгаа, нэхэмжлэгч нь 2 удаа хийсэн гэрээний аль гэрээг үндэслэж манай байгууллагад холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна.
Мөн энэ байр нь хувьчлагдсан 8 хүний нэр дээр байдаг гэдгийг Улсын бүртгэлийн газрын албан бичгийн хариунд тодорхой байдаг учраас үүнийг нотлох шаардлагагүй, хавтас хэрэгт байгаа тул гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргаагүй. Тухайн 8 иргэнийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг талууд өөрсдөө шийдвэрлэнэ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан. Өөрөөр хэлбэл 2005 онд төлбөр төлсөн хугацаанаас эхэлж 6 жилийн хугацаа байна. Энэ хугацаа 2011 онд дууссан. 2009 онд жинхэнэ эзэмшигч нь маргаан үүсгээд явсан. Тухайн үед нэхэмжлэгч тал уг маргаанд гуравдагч этгээдээр оролцож бие даасан шаардлага гаргасан. Иймд тухайн орон сууц нь эрх бүхий хүмүүст хувьчлагдсан, манай байгууллага өмчлөлдөө аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эдгээр болон Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн заалтыг үндэслэж манай байгууллага хариуцагч биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Энэ байрны асуудалд маргаан байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь УСДУ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг хариуцагчаар татаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байрны 16 тоотод байрлах, 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Санжидмаа нь хамтран нэхэмжлэгчээр оролцож, нэхэмжлэгч нар нь уг орон сууцны эзэмшигч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Хариуцагч талаас уг орон сууцыг 8 хүний нэр дээр хувьчлах гэрчилгээ гарсан, манай байгууллага өөрийн өмчлөлд орон сууцыг аваагүй, одоо өмчлөлд байхгүй, гэрээ хүчин төгөлдөр биш, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, манай байгууллага уг орон сууцтай маргаагүй, хариуцагч биш гэх агуулга бүхий тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх өөрчилсөн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гээд 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх явдал нь эрх зүйн харилцааг зогсоож байгаа биш, харин энэ харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байгаа ойлголт юм. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр хариуцагч талд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах эрх олгогдож байгаа хэдий ч нэхэмжлэгчийн субьектив эрх үгүй болж байгаа ойлголт биш юм.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эзэмшигчийн эзэмших эрхийг хязгаарлах үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.
Иргэн Д.Бямбагарав нь 1998 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хувьчилж авсан, 48 м.кв талбайтай, 3 өрөө байраа өрөндөө шилжүүлж өгөх тухай агуулга бүхий өргөдлийг Говьсүмбэр аймгийн НААҮ-ий Ус-Ду компанид гаргаснаар /хх-8/ одоогийн УСДУ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 5 дугаар байрны 16 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг үндсэн хөрөнгөдөө бүртгэж авч, 1998 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байрны үнийн зөрүү 19,632 төгрөгийг олгож өгнө үү гэх агуулга бүхий Д.Бямбагарав гэх гарын үсэгтэй өргөдлийг үндэслэн мөн өдрийн 11 дугаартай Кассын зарлагын ордероор 19,632 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. /хх127-128, 132-135/
Үүний дараа 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч*******нь 5 дугаар байрны 1 дүгээр орц, 16 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг 600,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, Ус-Ду компанитай НААҮ-ний Ус-Ду компанийн мэдлийн байрыг худалдан авах тухай нэртэй гэрээ байгуулж, улмаар агуулгын хувьд адил буюу гэрээний зүйл нь ижил гэрээг 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах нэртэйгээр байгуулж, *******,*******нар гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлжээ. /хх9-10/
Ингээд Говьсүмбэр аймгийн НААҮ-ний Ус-Ду компанийн 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаар албан бичгээр Ус-Ду компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 дугаар байрны 1-16 тоот, 3 өрөө сууцны үнэ 600,000 төгрөг бүрэн төлөгдсөн тул уг сууцыг данснаас хасаж *******ын өмчлөлд шилжүүлэв гэжээ. /хх11, 21-23/
Үүний дагуу нэхэмжлэгч *******,*******нарт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил үүсч, 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл уг орон сууцыг эзэмшиж байгаа болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1064 дугаартай ******* нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүд, зээ нарын хамт Найрамдал хотхоны 5-1-16 тоотод 2002 оноос одоог хүртэл оршин сууж байгаа гэх тодорхойлолт, УСДУ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 5-1-16 тоотын өмчлөгч ******* 2002 оноос 2021 оны 03 дугаар сарын 01-ний байдлаар дулаан, цэвэр ус, хэрэглээний халуун ус, бохир усны төлбөрийн үлдэгдэлгүй тогтмол төлж байсныг тодорхойлов гэх, Бадрах-70 сууц өмчлөгчдийн холбооны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар байрны 1-16 тоотод оршин суугч Хорлоогийн Элбэгбаяр нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар СӨХ-ны хураамжийн үлдэгдэлгүй гэх, БЗӨБЦТС ТӨХК-ийн 5-1-16 тоот хаягтай, төлөгч Элбэгбаяр 2002 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 он 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд өрийн үлдэгдэлгүй гэх агуулга бүхий тодорхойлолтуудаар нотлогдож байна. /хх24, 146-148/
Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байрны 16 тоотод байрлах, 3 өрөө орон сууцны эзэмшигч болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай байгууллага өөрийн өмчлөлд орон сууцыг аваагүй, одоо өмчлөлд байхгүй, гэрээ хүчин төгөлдөр биш гэж тайлбарласан хэдий ч шүүх уг орон сууцыг нэхэмжлэгч нар эзэмшиж байгаа эсэх талаар шийдвэрлэсэн тул дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийгээгүй болно.
Нэхэмжлэгч *******,*******нар нь эзэмшиж буй орон сууцаа өмчлөлдөө бүртгүүлэхээр Говьсүмбэр аймгиийн Улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа хандсан боловч бүртгэл хийх боломжгүй гэх хариуг 2009 оны 08 дугаар сарын 07, 2015 оны 06 дугаар сарын 16, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр тус тус өгсөн байна. /хх14-17/
Түүнчлэн уг орон сууцыг 8 хүний нэр дээр хувьчлах гэрчилгээ гарсан, Улсын бүртгэлийн газрын албан бичгийн хариунд байдаг учраас үүнийг нотлох шаардлагагүй гэж хариуцагч талаас тайлбарласан, энэхүү тайлбарын агуулга хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгүүдэд тусгагдсан боловч 5 дугаар байрны 16 тоотод байрлах орон сууцыг анх хувьчилж авсан гэх иргэдийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг зохигч хэн аль нь гаргаагүй.
Мөн 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Д.Лхамсүрэн гэх иргэн 5 дугаар байрны 16 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авахаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 399 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ. /хх169-171/
Дээрх баримтуудаас дүгнэхэд шүүхээс гарах шийдвэр анх хувьчилж авсан гэх иргэдийн эрх, үүргийг хөндөж болзошгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно. 29.3-т ...шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж тус тус зааснаар энэхүү ажиллагаа шүүхийн санаачилгаар хийгдэх ажиллагаа биш бөгөөд зохигч болон өөр этгээдүүдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар тодорхойлох ба орон сууцны эзэмшигчээр тогтоолгох шаардлага нь үнэлж болохгүй шаардлага болох юм. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70,200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна. Нэхэмжлэгч*******нь улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг төлсөн байх ба 187,750 төгрөгийг илүү төлсөн байх тул орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байрны 1 дүгээр орцны 16 тоотод байрлах, 3 өрөө орон сууцны эзэмшигч Боржигин овогт Хорлоогийн Элбэгбаяр, Бөөвөлзий овогт Довчинцэрэнгийн Санжидмаа нар мөн болохыг дурдсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Санжидмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 187,750 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч УСДУ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******,*******нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ