Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/45

 

 

2024 оны 04 сарын 04-ний өдөр                             Дугаар 2024/ШЦТ/45                                           ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

  Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал,

             Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

             Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн ******* овгийн ******* *******т холбогдох 2428000000056 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: 

Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын тоотод орших Н.*******ын гэрт 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр *******тай маргалдан, түүний зүүн шуу хэсэгт заазуураар зүсэж улмаас биед зүүн шуунд шарх зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнө мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч 3.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...******* гэх настай хүн над руу архины шил болон аяга шидсэн намайг оноогүй иймд би цагдаагийн байгууллагад 2024 оны 03 дугаар сарын 04-ний 04 цагаас 05 цагийн хооронд дуудлага өгсөн *******ыг цагдаагийн алба хаагч ирээд аваад явсан. Ууганаагийн гэрт өглөөний 09-10 цагийн хооронд ******* буцаж ирсэн. ******* гэнэт босоод гал тогооны шүүгээний тэндээс заазуур гаргаж ирээд миний зүүн гарын шууны гадна хэсэгт гэмтэл учруулсан. /хх-ийн 9- 14 дэх тал/

Гэрч Х.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...*******тай нөгөө ах маргалдсан өмнөх өдөр түүнийг эрүүлжүүлэх байр луу явуулсан талаар ярьсан. Тэгэхэд ******* над руу аяга шидсэн биз дээ гэдгийг хэлсэн. Тэгтэл шууд гал тогооны шүүгээний шургуулга хэсгээс нөгөө ах хутга авч ******* руу дайрсан. ******* зүүн гараар хаасан. /хх-ийн 18-19 дэх тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "1.3.******* биед зүүн шуунд шарх зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. 3.******* биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. 3.******* биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 26-27 дахь тал/

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/

            Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 58-59 дэх тал/

             Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар багийн засаг даргын 130 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дахь тал/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” гэжээ. /хавтаст хэргийн 69 дэх тал/

Шүүгдэгч О.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "... Намайг ******* айлд шээчихлээ гэж хэлээд байсан би айлгах санаатай далайх явцад ******* гараа өргөсөн. 550.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Цаашид гарах зардлыг төлнө. /хх-ийн 34-35 дахь тал/

            Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “О.******* би *******г заазуураар зүсэж гэмтээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уг гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулахыг дэмжинэ” гэх хүсэлт /хавтаст хэргийн 86 дахь тал/

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 87 дахь тал/

            Прокурорын санал /хавтаст хэргийн 88-89 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

            Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 87 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч О.*******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч О.*******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын 9 дүгээр багийн 4-10 тоотод орших Н.*******ын гэрт 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 3 *******тай маргалдан, түүний зүүн шуу хэсэгт заазуураар зүсэж улмаас биед зүүн шуунд шарх зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч З.*******н мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, гэрч Н.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, гэрч Х.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.           

Шүүгдэгч О.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.*******н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ -ээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч О.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч З.*******н бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.******* мөрдөн байцаалтын шатанд “...З.******* миний бие О.*******т заазуурдуулсан санал гомдлоо барагдуулж 1.000.000 төгрөг авсан. Одоо санал гомдол байхгүй. Энэ хэргийг хялбаршуулан түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт  /хавтаст хэргийн 85 дахь тал/

Голомт банкны дипозит дансны хуулга “1.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт” хавтаст хэргийн 74-76 дахь тал зэргээр шүүгдэгч О.******* нь хохирогч З.*******д 1.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.******* нь хувийн байдлын хувьд 45 настай, бүрэн бус дунд боловсролтой Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар баг Шинэ ******* 1 дүгээр баг 29 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 58-59 дэх тал/, Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар багийн засаг даргын 130 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дахь тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 69 дэх тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч О.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч О.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч О.*******ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Улсын яллагчийн зүгээс:  Шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, 

Шүүгдэгч О.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч О.*******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлж барагдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.*******т шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч О.******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.******* нь хохирогч З.*******д 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй  болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Шүүгдэгч О.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ