Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2021/00241

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн эд холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.тэй 2011 онд танилцсан бөгөөд дотно үерхэж байгаад хайр сэтгэлтэй болж гэр бүл болсон. Бид гэр бүл болоод 9 жил хамт амьдарсан. 2015 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бид 3 хүүхдийн эцэг эх болсон бөгөөд 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүү , 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр охин , 2016 оны 08 дугаар сарын17-ны өдөр охин нар төрсөн. Нөхөр А. анхнаасаа л архи уудаг байсан. Гурван хүүхэдтэй болоод, засрах байх гэж хичээж амьдарсан боловч үнэхээр засарсангүй. Архи уух нь улам ихсэж элдэв үгээр доромжлон хүч хэрэглэж зоддог болсон. Зодохдоо толгой, мөр, хөл гээд хүрсэн газраа цохино. Үр хүүхдээ ч айлган сүрдүүлж, хааяа гар хүрч байсан. Хүүхдүүдийг миний шээснүүд, би яахаа мэднэ гэж сүрдүүлдэг. Архи уусан үедээ унтахгүй үүр цайтал үглэж яншиж, айлгаж тулж ирээд цохиод авах гэж байгаа юм шиг гөлөлзүүлээд суулгадаг байсан бөгөөд намайг эсэргүүцэж үг хэлбэл цохиод авдаг. Ээжийг минь хүртэл сүрдүүлж та нарыг гуйлгачин болгоно, амьдрах нас чинь хэд үлдсэн бэ гэх зэргээр бас л айдас дунд байлгадаг. Ядаад хүүхдүүдээ аваад өвөл ч, зун ч машиндаа хонож байсан. Мөн сумын нийгмийн ажилтан, төлөөлөгч цагдаад хандан 30 хоногоор баривчлуулж байсан. Үүндээ өширхөн ирэх замдаа архи уучихаад ажил дээр ирж агсам тавьж, танхайрч хүч хэрэглэн зодсон тул дахин баривчлагдан ачигдсан. Манай гэрийнхэнд амлалт, өргөдөл өгч дахин тэгэхгүй, би салмааргүй байна гэж байсан ч дандаа худлаа болдог. Согтуудаа хэлсэн үгээ мэдэхгүй байгаа болов уу гээд эрүүл болоход нь хэлэхэд хохь чинь, би мэдэж байна гэдэг. Тэгээд хэрэлдэхээс төвөгшөөж тоохгүй болохоор надаас өөр эртэй болсон байна гээд элдвээр ургуулан бодож хэрүүл өдөж доромжилдог. Сална гэхээр насны чинь тоогоор хутгалж ална, байшин гэрийг чинь шатаана, янхан, гичий чамайг ална гэж байнга сүрдүүлдэг. Энэ хүний гарт ямар ч байдалд орж үрэгдэхийг мэдэхгүй байгаа учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Миний хувьд эвлэрэх хугацаа авмааргүй байна. Би шүүхэд 2020 оны 10 сард өргөдлөө өгсөн, энэ хугацаанд эвлэрэх боломж байсан. Хэрвээ энэ хугацаанд архи уухгүй, гаргаж байсан үйлдлүүдээ давтахгүй байсан бол би өөрөөр хандах байсан. Гэтэл энэ хугацаанд огтхон ч өөрчлөгдөөгүй, өмнөх шигээ архи уусаар л байсан. Хэл амаар доромжилж, агсан тавьсаар л байсан. Тиймээс миний хувьд эвлэрэх боломж байхгүй. ...3 хүүхдээ би өөрийн асрамжид авч үлдэх хүсэлтэй байна. Хоёр охин маань аавтайгаа байх дургүй болчихсон. Хүү маань нэг хэсэг аавтайгаа хамт байсан боловч гэртээ хүмүүс авчирч байнга архидсан байна. Сумын нийгмийн ажилтан над руу утсаар холбогдож ах гэртээ хүмүүс авчраад өдөр, шөнөгүй архидаад байна, танай хүү чинь тань дээр байна уу, аав дээрээ байна уу, хэрвээ аав дээрээ байвал бид нар арга хэмжээ авах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд хүү маань над дээр ирсэн. Одоо би 3 хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. Хүүхдийн тэтгэлгийг энэ удаад нэхэхгүй дараа нэхэж болох юм. Бидний хамтран амьдрах явцад бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгүүдийг хуваарилуулах тухай шаардлага гаргасан боловч дээрх шаардлагаа татан авах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргааныг дараа нь шийдвэрлүүлэх болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, гурван хүүхдийг минь миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 1984 онд Дорнод аймагт төрсөн, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр *******тэйгээ 2011 онд танилцсан. 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүү , 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр охин , 2016 оны 08 дугаар сарын17-ны өдөр охин нар төрсөн. Энэ 9 жилийн хугацаанд эхнэр сумандаа үсчин хийж өглөө ажилдаа явж орой ирдэг болсон. Би 3 хүүхдээ асран цэцэрлэг, сургуульд нь зөөж, хооллож, ундлаж гэрийн бүхий л ажлыг амжуулдаг байсан. 2014 онд бидний анхны барьсан байшин шатаж 2016 онд бага охин Аялгуу мааны халуун шөлөнд түлэгдэж гэмтэл согог сэргээн засварлах эмнэлгийн түлэнхийн тасагт 5-6 удаа хагалгаанд орсон. Улмаар 2 жил эмнэлгийн хяналтанд байх болсон тул 2 жил Улаанбаатар хотод амьдарсан. Би таксинд явж охиныхоо эм тариаг таслахгүйн тулд ажиллаж байсан. Охины эмчилгээ дуусч бид сумандаа эргэж ирж мөн л эхнэр ажлаа хийж би хүүхдүүдээ харах завсар зайгаар нь суманд байшин барилга барьж буй айл өрхөд туслаж хэд гурван төгрөг олдог байсан. Олсон мөнгөө эхнэрийнхээ дансанд хийдэг. Эхнэр бид хоёр хамтдаа асар их зовлон жаргалыг туулсан хэн хэнд маань буруу зөрүү байдаг. Гэвч хоорондоо ойлголцох гэж ярилцаж үзээгүй, эхнэр хааяа ууж идээд намайг долир, хялар, гэрийн ажил хийдэг, гэрийн авгай гэж доромжилдог. Миний нүд гэмтэлтэй учир хань ижил минь намайг ингэж доромжлоход нь сэтгэл санаагаар унаж архи гэж зүйлийг хэд хэдэн удаа ууж гомдсон сэтгэлээ эхнэртээ гаргасан. Тэр үед эхнэр цагдаа дуудаж хоёр ч удаа хоногтой баривчилгаанд өгч байсан. Би хамгийн сүүлд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал баривчилгаанд байсан. Энэ хугацаанд маш их зүйлийг бодож гэмшсэн. Тэгээд шүүхээс дуудахад эхнэр салах өргөдлөө өгсөн байсан. Би өөрийн гараар өсгөсөн 3 хүүхэд, хань ижлээсээ салж чадахгүй. Бид залуу хүмүүс учир хоорондоо сайхан ярилцах, ойлголцох л зүйл дутагдаж байна. Бие биенээ уучлах хамтдаа цааш 3 хүүхдийнхээ төлөө зүтгэх үүрэг бидэнд бий, бусдаар би архины хамааралтай болсон хүн биш, одоо ч архийг жигшиж байна. Үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө амар тайван амьдралыг бий болгохыг хүсч байна. Тийм учраас хуулийн байгууллага болох та бүгдээс эхнэр бид хоёрт эвлэрэх хугацааг бий болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болно.

А., Д.******* нар нь гэрлэлтээ 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2119000006 дугаарт бүртгүүлж, 2011 оноос 2020 он хүртэлх хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүү , 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр охин , 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0000971745, 0000971744, 2119000054 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 2119000006 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч А. нь шүүхэд гаргасан тайлбартаа эвлэрүүлэх хугацаа өгөхийг хүссэн боловч нэхэмжлэгч Д.******* хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргадаг.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авах боломжтой боловч шүүхэд ирүүлсэн бичмэл баримтуудаас үзэхэд гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.*******ийн шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох эмнэлгийн байгууллагад үзүүлж байсан тухай тодорхойлолтууд, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ЗШ/381 дугаар шийтгэвэр, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ЗШ/418 дугаар шийтгэврийг судлан үзвэл хариуцагч А. нь эхнэр Д.*******ийг ...янхан, банзал, гичий... гэх зэргээр хэл амаар доромжлох, архины мөнгө нэхэх, архи авчрахыг шаардах, толгой, цээж, гар уруу цохиж зодох зэргээр бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрийг агуулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогдож байна.

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ЗШ/381 дүгээр шийтгэвэр, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ЗШ/418 дугаар шийтгэврээр хариуцагч А.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болохыг тогтоож тус бүр 25 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 25 цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй , эсхүл учирсан нь тогтоогдсон бол энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар заасан.

А., Д.******* нарын гэр бүлийн харилцаанд дээрх нөхцөл байдал үүссэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр А., Д.******* нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин , 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин нарыг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч А. нь маргаагүй бөгөөд хүүхдүүдийн саналыг харгалзан , , нарыг эх Д.*******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч А.эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Нэхэмжлэгч Д.*******ийн ...А. аймгийн төвд байгаа, өнөөдөр 12 цагийн үед согтуу 2 хүнтэй зогсож байхыг ах, эгч хоёр харсан байна, ...утсаар байнга дарамталдаг учир утсыг нь блоклосон, А.ийг оролцуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү... гэсэн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг шүүх хуралдаанаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн , ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин , 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин нарыг эх Д.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Д.******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 413 350 төгрөгөөс 140 400 төгрөгийг төсвийн орлогод үлдээн, хариуцагч А.ээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 /70200+70200/ төгрөг, төсвийн орлогоос 272 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ