Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2021/00242

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Чулуунхороот сумын Дэлгэр багт оршин суух, Эийн Аын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суух, Дын От холбогдох

гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 14 938 690 төгрөг гаргуулах тухай,

Гуравдагч этгээд: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суух, Бын Х,  Хэрлэн сумын 7 дугаар багт оршин суух, Бын Х нарын Э.Ат холбогдох

гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох тус бүр 7 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагатай иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А, хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Х, Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Отай 2002 онд танилцаад 2003 оноос 2009 он хүртэл Чулуунхороот суманд хамт амьдарсан. О ажлын шугамаар аймгийн төв рүү шилжиж хоёр охин араас нь явсан. Би сумандаа усны харуулын техникчээр ажиллаад үлдсэн. 2010 онд От цэцэрлэгийнх нь зүгээс 2 өрөө байрны ипотекийн зээлд хамрагдах санал ирсний үндсэн дээр бид хоёр хоорондоо ярилцаад өөрийн гэсэн орох оронгүй байсан учраас уг зээлд хамрагдахаар болсон. Зээлийн шалгуурт тэнцэхийн тулд гэрлэлтийн гэрчилгээ шаардлагатай болсон. Тухайн үед би От хайртай байсан болохоор гэрлэлтээ батлуулахыг зөвшөөрөөд бид хоёр 2010 оны 3 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэний бүртгэлийн Бат-Эрдэнэ гэдэг хүнд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Ингээд гэрлэлтийн баталгаа болон бусад бичиг баримтуудаа бүрдүүлж өгсөн. Бичиг баримтууд нь шалгуурт тэнцэхэд байрны урьдчилгаа болгох 2 000 000 төгрөг яаралтай хэрэг болсон. Тухайн үед бид хоёрт мөнгө байгаагүй. Энэ талаар ээждээ хэлэхэд ээж маань Бадамдорж гэдэг хүнээс 2 500 000 төгрөгийг хүүтэй зээлж өгсөн учир бид хоёр байрны урьдчилгаа мөнгөө төлөөд 2010 оны 6 сард өөрийн гэсэн байртай болсон. Тухайн үед би сумандаа амьдарч байсан болохоор байрны урьдчилгаа болох 2 000 000 төгрөгийг Оийн данс руу шилжүүлж байсан. Ээж маань хүнээс хүүтэй мөнгө зээлсэн учир уг мөнгийг буцааж төлөх шаардлагатай болсон. О өөрийнхөө хашаа, байшинг зарж ээжээс авсан мөнгийг буцааж төлсөн. Миний бие 2014 он хүртэл Чулуунхороот сумандаа амьдарч байхдаа ирж, очин явдаг байсан. Тухайн үед О 10 дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг байсан. Бид 4 жил тусдаа амьдраад 2014 оны намар би өөрийн хүсэлтээр ажлаасаа гараад гэртээ ирсэн. Тэгээд өвлийн хэдэн сар ажилгүй гэртээ байх хугацаанд Оийн зан ааш өөрчлөгдөж “ажил хийхгүй гэрт идэж уугаад зүгээр суугаад байх юм” гэж над руу үглэж бид хоёр маргалдах болсон. Хэрүүл, маргаанаас болоод өөрийгөө тайвшруулах үүднээс хааяа нэг архи ууж эхэлсэн. Архи уугаад ирэхээр үгний зөрүүгүй өөдөөс уурлаж цагдаа дуудаад өгчихнө, заримдаа хаалгаа онгойлгохгүй гадаа хонуулдаг байсан. Иймэрхүү явдал 2, 3 удаа гарсан. Сүүлдээ аргагүй эрхэнд таарч, тохирохгүй байсан учир би 2015 оны 5 сарын 3-нд өөрийн гэх өмч хөрөнгөө аваад Оаас салсан. Би 2003 оноос 2009 он хүртэл Отай хамт амьдарч байх хугацаандаа цалингийн зээл хэд хэдэн удаа авсан болохоор гар дээрээ бүтэн цалин нэг ч удаа авч үзээгүй. Гэтэл О тайлбартаа Аын цалинг огт хэрэглэж байгаагүй гэж бичсэн байсан. Хожим нь ийм асуудал үүснэ гэж мэдээгүй явсан болохоор би байрны мөнгө шилжүүлэхдээ албан ёсоор гарын үсэг зурж, өөрөө шилжүүлж байгаагүй. Учир нь би өөрөө сумандаа амьдарч байсан болохоор байрны мөнгийг Оийн данс руу эсвэл хоёр охиныхон нь данс руу шилжүүлдэг байсан. О өөрөө байрныхаа мөнгийг тушаадаг байсан. Тийм учраас надад ямар нэгэн нотлох баримт үлдээгүй. Байртай болсон болохоор байрандаа эд хогшил авах, хоол хүнс гэх зэрэг айл юм болохоор хэрэглээ гарна. Энэ болгонд О над руу залгаж мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би боломжоороо явуулдаг байсан. Тэр үед нь би хүнээс зээлээд, бүр болохгүй болохоор нь цалингийн зээл дээрээ нэмж зээл аваад аль болох нэхсэн мөнгийг нь олоод явуулдаг байсан. О өөрөө байрныхаа зээлд сар бүр 152 000 төгрөг төлдөг байсан нь үнэн. Хааяа байрныхаа мөнгийг төлөх боломжгүй болчихлоо гэхээр нь би Оийн данс руу мөнгө шилжүүлдэг байсан.  2013 оны 9 сарын 13-нд охин Х нь Улаанбаатар хот руу Их засаг их сургуульд сурахаар болоод О охиноо дагуулаад Улаанбаатар хотод байдаг хуучин нөхрийнхөө ээжийнд очсон. Тэр үед би цаг уурын газраас явуулсан сургалтанд суухаар хот руу явах болсон. Би хот руу явахынхаа өмнө Эрээнцавын банкнаас 6 000 000 төгрөгийн цалингийн зээл авч охин Хгийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гэхээр нь Оийн данс руу 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мэтчилэн надаас мөнгө авч байсан хирнээ хариу тайлбар дээрээ огт мөнгө авч байгаагүй гэж бичсэн байсан. Мөн 2 өрөө байрны ипотекийн зээлд хамрагдахын тулд гэрлэлтийн баталгаа шаардлагатай байсан учраас Атай гэрлэлтээ батлуулсан гэж бичсэн байсан. Миний хувьд О байртай болохын тулд надтай гэрлэлтээ батлуулсан гэж ойлгож байна. Би хожим нь ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй, тэр үед Отай хамт амьдрал ахуйгаа дээшлүүлээд сайхан амьдарна гэж бодож гэрлэлтээ батлуулсан. Одоо бодохоор би От ашиглуулж байсан юм болов уу ч гэж боддог. Оийн бичсэн тайлбарыг нь уншихад надад хайргүй байсан юм шиг сэтгэгдэл төрсөн. Бид хоёрт хамт амьдарч байхдаа маргалдаж, муудалцаж байсан удаа байгаа. Би үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэр бүлийн дунд маргаан гарахыг үгүйсгэхгүй, үл ойлголцох асуудал гарч л байдаг. Мөн Оийн нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгыг харахад  банкнаас гарсан албан ёсны дансны хуулга биш байна. Зүгээр л компьютер дээр шивээд гаргаад ирсэн дансны хуулга байна. Үнэхээр надаас мөнгө авч байгаагүй гэж байгаа бол 2013 оны 9 сарын 13-ны өдрийн орлого, зарлагын гүйлгээг шүүлгүүлэх саналтай байна. Нэг удаа ажлынхаа хүүхнээс 5 хаалгатай хувцасны шүүгээ зээлээр авсан гэхээр нь би цалингийнхаа зээл дээр нэмж зээл аваад шүүгээнийх нь мөнгийг явуулж байсан. Дараа нь ажлынхаа хүүхнээс булган захтай күртик авсан гэхэд нь хүртэл мөнгө явуулж байсан. Энэ мэтчилэн О руу явуулсан мөнгөө ярьвал нилээн их байгаа. Гол нь надад нотлох баримт байхгүй болохоор би өөрөө буруутгагдаад байна. Би 2014 оны 11 сард ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Энэ хүртэл байрны зээлээс төлсөн. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулж, энэ байрны хамтран эзэмшигчийн хувьд өөрт оногдох хувиа авах саналтай байна. Энэ байр тухайн үедээ 20 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Одоогийн зах зээлийн ханшаар 42 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Энэ 42 000 000 төгрөгнөөс Төрийн банканд байгаа орон сууцны зээлийн үлдэгдэл 12 122 620 төгрөгийг хасахад 29 877 380 төгрөг болно. Энэ мөнгөний 50 хувь болох 14 938 690 төгрөгийг авах саналтай байна. От 2 өрөө байраа авч үлдэх боломжийг олгож байна гэв.

Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2002 онд ажлын шугамаар Дорнод аймгийн Чулуунхороот суманд очиж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа найз нөхдийн уулзалтан дээр Атай танилцаж байсан. Тэгээд удалгүй А бид хоёр нэг гэрт орсон. Тухайн үед сайхан гэр бүлтэй боллоо гэж дотроо баярлаж байсан. Гэтэл 2, 3 удаагийн үйлдлийн дараагаас өөрийгөө хэцүү байдалд байгааг ойлгосон. Учир нь ажлын шугамаар ямар нэгэн үйл ажиллагаа болсны дараа надад дарамт шахалт ирдэг байсан. Жишээ дурдвал: Би тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Зүүн бүсийн бүх багш нарын уулзалт болж, сургалтанд суугаад гэртээ ирэхэд намайг хардаж согтуудаа миний нүүрийг хөхөртөл өшиглөж зодсон. Маргааш өглөө нь сургуулийн өмнөх боловсрол хариуцсан Өнөрцэцэг гэдэг хүн “танай сум ямар хаашаа юм бэ, боловсон хүчин байхгүй гээд л байдаг, явуулсан хүнийг маань ийм байдалд оруулчихаад өмнөөс үг дуугарч, тоож байгаа ч хүн байхгүй, хүнээ хайрладаггүй юм бол бид нар хүн өгөхөө болъё” гэж хэлээд намайг хараад халаглаж байсан. Чулуунхороот сумын нийгмийн ажилтан Ням гэдэг хүн намайг харчихаад цагдаа дуудах гэсэн боловч цагдаа нар нь аймаг руу явсан гээд тамгын даргад хүртэл хэлж байсан. Тэгээд би өглөө нь аймаг руу хөхөрсөн нүүртэй төсөл хамгаалах гээд ирж байсан. Тэр үед А надтай цуг аймагт ирээд манай ажилчдын байрлаж байсан байранд манай найз нөхөд, хамт олны дэргэд надаас уучлалт гуйгаад бид хоёр эргээд нийлж байсан. Би энэ хугацаанд Аыг олон удаа уучилсан. А тайлбартаа О хоёр удаа жирэмсэн болсон боловч намайг байхгүйд дөчийн бетонтай ус өргөөд миний хүүхдийг гаргасан гэж бичсэн байсан. Энэ бол огт худлаа. Би ийм юм бичсэнд нь гомдолтой байна. Эх хүнийг ингэж хэлж болохгүй. Тухайн үед би жирэмсэн байсан нь үнэн. Аын эгч нь бас жирэмсэн байсан. Тэр үед манай байрны хажуу талын айлд зурагтаар хүмүүс кино үздэг байсан бөгөөд А тэнд кино үзэж байсан. Би Аын эгч Чимгээтэй хамт гэртээ байсан. Тэгээд гэрийн гадаа том машинаар 2, 3 урт шургаа мод хүн буулгаад явсан. Чимгээ эгч хүн дуудаж оруулах уу, яах уу гэж ярьж байгаад “за за цөөхөн юм чинь хоёулаа өргөөд оруулчихъя” гэхээр нь хашааны зүүн талд бид хоёр хамжаад оруулаад тавьсан. Тэр орой нь миний нуруу өвдөөд хүүхэд маань доошилсон байсан болохоор зулбасан. Тэр үед А миний хажууд байсан хирнээ тайлбар дээрээ байгаагүй гэж бичсэн байна. Атай хамт амьдарч байхад хүмүүс над руу эвэртэй туулай харсан юм шиг л хардаг байсан. Бид хоёрын насны зөрүүг далимдуулж шоглож, араар муулж ярьдаг л байсан. Аын ээж нь хүртэл намайг хүүхдийн толгой эргүүлж суусан гэж загнадаг. Би энэ болгоныг нь өдийг хүртэл тэвчиж ирсэн. Намайг савны гадуурх жирэмслэлтээс болоод эмнэлэгт хүргэгдээд ирэх үед Аын ээж нь над дээр ирэхэд нь би баярлаж байсан. А намайг эмнэлэгт хэвтэж байхад төмөр замаас хүртэл эргэхээр ирж байсан. Согтуу ч гэсэн намайг гээд ирэхэд нь би баярлаж байсан. А надад сэтгэл гаргаж байсан. Би үүнийг нь үгүйсгэхгүй. Би 10 хоног эмнэлэгт хэвтээд удалгүй ажилдаа буцаад орсон. Ажлын шаардлагаар манай ажлынхан шиф байгууллагуудаараа графикийн дагуу явдаг байсан. Тэгээд энэ талаар Ат хэлсэн чинь намайг хардаж, хэрүүл хийгээд байхаар нь би ажил руугаа явлаа гээд гарахад миний араас өшиглөж унагаасан. Тэр үед хоёр охин маань жаахан байсан болохоор намайг хараад уйлаад том охин Х маань Ат уурласан чинь А охиныг маань цохих үед би дотроо хүүхдүүдээ ч зовоогоод өөрийгөө ч ийм байдалд оруулж байдаг бүгд миний буруу л гэж бодож байсан. Тэгээд нэг мэдэхэд эмч нар ирчихсэн байсан. Тэр үед Аын ээж ирээд миний дэргэд Аыг “би чамд хэлсэн биз дээ, энэ хүүхэн чамд гай болно гэж хохино чи” гэж загнаж байсан. Гэхдээ тэр үгийг сонсоод намайг үзэн ядсандаа тэгж хэлсэн гэж боддоггүй. Үхэн үхтлээ үрийнхээ төлөө явдаг эхийн сэтгэл гэж л бодсон. Тэгээд би эргээд эмнэлэгт өтгөн шингэнтэйгээ холилдоод хэвтсэн. А миний хажууд өтгөн шингэнийг маань зөөж байсан. Тэр үед намайг эмчилж байсан Нарангэрэл гэдэг эмч Аыг хараад “чи хагалгаанд ороод 10 хоноогүй байгаа хүнийг зодож болдог юм уу, ямар тэнэг амьтан бэ чи” гэж загнаж байсан. Болортуяа гэж эмч миний өвчний түүхийг Ат өгөөд явуулсан байна. Үүнийг нь А нотлох баримт гэж гаргаж өгч байна. Би өөрийнхөө өвчний түүхийг сөхөж харах нь битгий хэл, ярихыг ч хүсдэггүй. Гэтэл тэр эмч миний зөвшөөрөлгүй өвчний түүхийг өгсөнд гомдолтой байна. Би Атай суухаасаа өмнө хэзээ ч эмнэлгээр явж үзээгүй, эмнэлгийн карт гэж надад байдаггүй байсан. Би бүх бурууг Ат өгөхгүй. Хүний ужиг өвчин ч юм уу ямар нэгэн өвчин сэдэрсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ 50 хувь нь миний сэтгэл санаанаас болсон гэж би үзэж байгаа. Ням эмч хүртэл энэ хүний сэтгэл санааг тайван байлгах ёстой гэж Ат хэлж байсан. Тэгээд сүүлдээ миний өвчин даамжирсаар сард 2, 3 удаа эмчлүүлэх шаардлагатай болсон. Ат эмнэлэгт хэвтэх гэж байгаагаа хэлэхээр заримдаа гайгүй утсаар ярина, заримдаа архи уучихсан үедээ “хөөе эмч нар чамайг хэзээ үхнэ гэж байна” гэх зэргээр доромжилдог байсан. Ингээд бидний харилцаа таарамжгүй болж сэв суусан. Цаашдаа хамт амьдрахад таарч, тохирохгүй учраас хоёулаа салъя гэж 2, 3 удаа хэлж байсан. Тэгсэн хэдий ч А салдаггүй байсан. Миний бие тэнхрээгүй байна, чи архи битгий уугаарай гэж хэлэхээр архи уугаад ирнэ, ууж ирчихээд мөрөөрөө ч унтахгүй намайг үгээр хатгаж хэрүүл өдсөөр байгаад тайван ч унтуулдаггүй байсан болохоор нь би 2 удаа цагдаа дуудаж өгсөн нь үнэн. Сүүлдээ арга ядаад 3 дахь удаагаа цагдаад өгсөн чинь Аыг баривчилгаанд авч явна гэхэд нь дүү Анхзаяа нь баривчилгаанд явуулахгүй авч үлдсэн байсан. Тэгээд тэр өдрөө гэрт ирээд өөрийнхөө эд зүйлийг аваад явсан. Дараа нь ээжийнхээ авч өгсөн 2 хивсийг авсан. Сүүлд зурагт, цаг хоёроо авсан. Иймэрхүү байдлаар өөрийн гэсэн эд зүйлээ цувуулж авсан. Би ч гэсэн авах юм байвал аваад яв гэж хэлсэн. Бид хоёр салахдаа хэрэлдэж, муудалцаж салаагүй. А хариу тайлбартаа би амьдралаа бодоод Отай хамт амьдрахаар ажлаасаа өөрийн хүсэлтээр гараад О руу очсон гэж бичсэн байсан. Энэ бол худлаа. А 2, 3 удаа ажил дээрээ архи уугаад үүнээсээ болоод ажлаасаа халагдсан байсан. Энэ талаар Э гэх нягтлан хийж байсан ажилтнаас нь асуухад “А ажлаасаа халагдсан, гэхдээ дүү Энхбаяр нь ирээд ах маань банканд өртэй, өөр ажилд ороход хэцүү, ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадахгүй шүү дээ гэж гуйсаар байгаад тушаал дээрээ чөлөөлөгдсөн” гэж надаар бичүүлсэн гэсэн. Тийм учраас би Амгаабатарын цалингийн хуулгыг баримтаар хавсаргасан байгаа. А надад хэрэглээний мөнгө олон удаа явуулж байсан гэж ярьж байна. Амьдрахын тулд аль аль нь хэрэглээний мөнгө гаргах л ёстой. Би Ааар зүгээр тэжээлгээд байсан удаа байхгүй, би өөрөө ажилтай, орлоготой хүн. Миний хоёр хүүхэд Эрээнцавд байхдаа тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг өөрсдөө орлоготой байсан. А хүүхдүүдийг минь ад үздэггүй, сайн ханддаг байсан болохоор л би удаан хамт амьдарсан. Мөнгөний асуудлаас болж хэтэрхий бие биенээ гүтгэн доромжлох нь зүй бус гэж бодож байна. А хариу тайлбартаа манай ээж биднийг дэмжиж байрны урьдчилгаанд 2 000 000 төгрөг өгсөн гэж буруу тайлбарласан байсан боловч үүнийгээ шүүх хурал дээр зөв тайлбарлаж байна. Тухайн үед байрны урьдчилгаа мөнгө төлөх шаардлагатай болсон. Тэр үед би байрны урьдчилгаанд хашаа байшингаа зараад төлөх гэж байсан боловч хашаа байшин маань зарагдахгүй байсан болохоор А ээж рүүгээ утсаар яриад ээж нь хүнээс зээлж 4 сарын 19-нд миний данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг байрны урьдчилгаанд төлсөн. Тэгээд  би хашаа байшингийнхаа үнийг буулгасаар байгаад танихгүй хүнд 2 000 000 төгрөгөөр зараад 4 сарын 22-ны өдөр Э гэх Аын ээжийнх нь данс руу хүүгийн хамт 2 200 000 төгрөгийг явуулж байсан. Аынх намайг бодвол бололцоотой айл үүнийгээ өөрөө ч гэсэн хариу тайлбар дээрээ бичсэн байсан. Үнэхээр бид хоёрыг дэмжээд энэ мөнгийг төлсөн байсан бол би өнөөдөр ингэж ярихгүй байх байсан. Гэтэл би өөрөө энэ мөнгийг хүүтэй нь хамт буцааж ээжид нь төлж байсан. Түүнээс биш биднийг дэмжиж зүгээр мөнгө өгсөн удаа байхгүй. Тэгэхээр бид хоёрын хувьд ямар ч өр авлагын асуудал байхгүй хэрүүл, маргаангүй салах боломж байсан. Манай байгууллагын 40 хүн дотроос миний эрүүл мэндийн байдал, ажиллах ур чадвар, өнчин хоёр охиныг минь бодож надад энэ байрыг ипотекийн зээлээр авах боломжийг олгосон. Энэ байрыг авахын зэрэгцээ надад маш өндөр хариуцлага хүлээлгэсэн. Ингээд байрны асуудлаар бичиг баримтуудаа хөөцөлдөж байх үед гэрлэлтийн баталгаа, 500 000 төгрөгөөс дээш дундаж орлоготой байх гэсэн үндсэн хоёр шаардлага тавьсан. Ингээд А бид хоёр цалингаа нэмж бодоод дээрээс нь хоёр хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгийг нэмээд 500 000 төгрөгийн орлогоо нотолж чадсан. Дараа нь бид хоёр гэрлэлтээ батлуулаад энэ байрныхаа зээлд хамрагдах шаардлагыг хангаж улмаар байртай болсон. А хариу тайлбартаа ахуйн хэрэглээний зардлуудыг би гаргаж байсан гэж ярьж байна. Бид хоёулаа л хэрэглээний мөнгө гаргаж байсан. Надад Аыг дарамталж мөнгө авч байсан удаа байхгүй. Баримт харахад А байрны зээлээс 3 удаа төлсөн байна. Хүүхдүүд маань том болсон болохоор ажил хийгээд хааяа нэг байрны мөнгөнд нэмэрлэдэг байсан. ...Миний хувьд зүрхний өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдаж групп тогтоолгож байсан. Тухайн үед Аймгийн Улаан загалмайн нийгэмлэг нь Эмэгтэйчүүдийн хороотой хамтарч, манай байгууллагын хамт олон уриалга гаргаснаар Дорнод аймаг даяараа миний төлөө хөдөлж, надад хандивын аян зарласан. Миний хоёр хүүхдийн заяа түшсэн байх гэж би боддог. Чулуунхороот суманд хүртэл уриалга очиж байсан. Ингээд би түмэн олны хүчээр Турк улсад эмчлүүлж эрүүл саруул болсон. Энэ үед Аын ах, дүү нараас миний биеийг асууж байсан нэг ч хүн байгаагүй. Намайг эмчлүүлээд ирэхэд аяга сүү бариад тосож авах сэтгэлгүй хүмүүс байсныг би хожим нь ойлгосон. 2, 3 жилийн дараа миний өвчин сэдрэх магадлалтай гэсэн, одоохондоо ямар нэгэн зовуурь илрээгүй байгаа ч гэсэн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Тийм учраас хэрүүл, маргаангүй хуулийн дагуу энэ асуудлаа шийдүүлэх хүсэлтэй байна гэв. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулахыг дэмжиж байна. Бид 2-т эргэж амьдрах боломж байхгүй. Мөн Аын нэхэж байгаа 14 938 690 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг орон сууцны зээлийг анх 2010 онд авсан. Атай хамт амьдарч байх хугацаандаа 8 684 000 төгрөгийг төлсөн байна. Тусдаа амьдарснаас хойш 2015 оны 5 сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл 10 184 000 төгрөгийг би өөрөө төлсөн. Ер нь А 2014 оны 11 дүгээр сард ажилгүй болсон, 12 сараас эхлэн байрны зээлээс огт төлөөгүй. Нийт байрны зээлд 18 868 000 төгрөгийг төлсөн. Ингээд зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт  17 612 055 төгрөг үлдсэн байгаа. А нэхэмжлэлдээ хүүгээ оруулахгүй үндсэн зээлийн үлдэгдлийг бичсэн байх шиг байна. Энэ байрны хувьд захиран зарцуулах эрх нь үүсээгүй, банкны барьцаанд байгаа байр юм. 20 жилийн дараа байрны зээлийг төлж дууссаны дараа захиран зарцуулах эрх нь үүснэ. Одоо энэ байрны зээлийг төлөөд 10 жил болж байна. Энэ 10 жилээс 5 жил нь надтай хамт амьдарчихаад 10 жил хамт амьдарсан юм шиг ийм их мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. А дансны хуулгыг өөрсдөө шивээд гаргасан байна гэж ярьж байна. Би ингэж дансны хуулгыг хуурамчаар, хууль бусаар үйлдэж гаргаж чадахгүй. А 2013 оны 9 сарын 14-нд Хгийн сургалтын төлбөрт 1 800 000 төгрөгийг өгч байсан нь үнэн. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Түүнээс биш 6 000 000 төгрөг над руу шилжүүлж байсан удаа байхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 онд А ах манайд ирж ээжтэй амьдрах үед би 8 настай, эгч 10 настай байсан. Ээж Эрээнцавд цэцэрлэгийн багш, эрхлэгчээр ажиллаж байсан. 2009 онд ээж, эгч бид 3 аймгийн төвд ирээд байр түрээслэн амьдарч байгаад Эрээнцавд байсан байраа зарж хороололд хашаа байр авсан. 10 дугаар цэцэрлэгээс ээжид квотоор байр өгсөн. Тэр байрыг банкны зээлээр авсан. А ах суманд ажиллаж хааяа ирж очдог байснаа 2014 онд ажилгүй болоод аймагт ирсэн. Хамт байх хугацаанд архи ууж агсан тавьж, элдэв үгээр доромжилдог байснаас улбаалан ээжийн бие өвдөж эмнэлэгт хүргэгддэг байсан. А ах байрны тооцоонд оролцож байгаагүйг би сайн мэднэ. Гэтэл уг байрны өөрт ногдох хувийг авна гэсэн байна. Миний бие тухайн үед хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүний хувьд дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувиа авах саналтай байна. А ах энэ байрыг зах зээлийн ханшаар 42 000 000 төгрөгөөр үнэлж үүнээс байрны зээлийн үлдэгдэл 12 000 000 төгрөгийг хасаад үлдэх 30 000 000 төгрөгийн 50 хувийг авна гэсэн байна. Миний хувьд өөрт ногдох хэсэг 7 500 000 төгрөг гаргуулах саналтай байна. Би оюутан байхдаа ажил хийж ээж рүүгээ мөнгө явуулдаг байсан. Олон удаа явуулаагүй ч гэсэн тодорхой хэмжээгээр мөнгө явуулдаг байсан гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ээж, дүү, А ах нарын хамт  2003 оноос 2008 он хүртэл Эрээнцавд хамт амьдарсан. 2008 онд Дорнод аймгийн Политехникийн коллежид үсчин, гоо сайханч мэргэжлээр сурсан. Тэгээд Бумбатад авсан байранд 2010 оноос 2013 он хүртэл амьдарч байгаад 2013 оноос эхлэн тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд би 2010 онд Улаанбаатар хотод ажил хийж ээж рүүгээ тодорхой хэмжээгээр байрны зээлэнд нь мөнгө явуулдаг байсан. Нарийн тооцоог хэлж мэдэхгүй байна. Одоо тусдаа амьдарч байгаа ч гэсэн тухайн үед хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүний хувьд дундын эд хөрөнгийг хувь тэнцүү хувааж авах саналтай байна. А ахын тооцоон дээр үндэслэн өөрт ногдох хэсэг 7 500 000 төгрөг нэхэмжилж байна. ...Хамт амьдарч байх хугацаанд А ах байнга ээжийг дарамталдаг байсан. Унтахдаа хүртэл орондоо муудалцаад хэрүүл хийдэг байсан. Архи ууж ирчихээд агсан согтуу тавиад унтуулдаггүй, заримдаа ээжийг зоддог. Тухайн үед би дүүгээ бодвол арай том байсан болохоор дундуур нь орж салгадаг байсан. А ахын хувьд цалингийн зээл аваад бид гуравт зарцуулаад байсан зүйл байхгүй. Өөрийнх нь дүү сургуульд сурдаг байсан болохоор дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж цалингийн зээл авдаг байсан байх. Тухайн үед дүү бид 2 дансгүй байсан учир бид хоёр луу А ах мөнгө шилжүүлж байгаагүй. Ээж мөнгө өгөхөөр нь дүү, бид хоёр зээлээ төлдөг байсан гэв.

Нэхэмжлэгч Э.А нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагат гаргасан хариу тайлбартаа: 2002 онд Д.Отай танилцан дотносоход 8, 10 настай 2 охин ирж байсан. Бид хоёр хамтран амьдарсан цагаас хойш тусдаа амьдрах хүртлээ 2 охины сургалт хүмүүжил, сургалтын төлбөр, амьдрах орчин нөхцөл, өмсөж зүүх бүх асуудалд нэгэн санаатай зүтгэж ирсэн. Хэзээ ч би Оийн 2 охинд хүнийх гэсэн сэтгэлээр хандан ялгаж, эвгүй муухайгаар харьцаж байгаагүй. Одоогийн амьдарч буй орон сууцыг авах гээд ипотекийн зээлд хамрагдах үед охин Б.Х 18 нас хүрсэн байсан байх. О бид хоёр хоёулаа цалин орлоготой, тогтвор суурьшилтай ажил төрөлтэй байсан. Бүх нөхцөл шаардлага хангагдаж өрхийн орлого нотлогдсон учир байрны зээлд хамрагдсан болохоос 2 охины байранд оруулсан хувь нэмэр гэж огт байгаагүй. О 2 охиноо тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг байсан гэж тайлбартаа бичсэн байна. Охин Х 18 нас хүрсэн учир тэтгэмж авахаас хасагдсан байсан байх. Одоо охидууд тус тусдаа амьдралтай, үр хүүхдүүдтэй болж өөр өөр газар амьдарч байгаа. ...Иймд Д.О бид хоёрын эд хөрөнгийн маргааны гол зүйл болох Бумбатын 48-60 тоотын 2 өрөө ипотекийн зээлтэй байгаа байрнаас Б.Х, Б.Х нар нь ногдох хэсэг нэхэх эрхгүй юм. Миний гаргаж өгсөн нотлох баримтаас дээрх байрыг ямар эх сууриас яаж ипотекийн зээлд хамрагдан байртай болсон нь тодорхой байгаа тул гуравдагч этгээдүүдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Д.От холбогдуулан гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 14 938 690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг,

гуравдагч этгээд Б.Х, Б.Х нар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох тус бүр 7 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

1. Нэхэмжлэгч Э.Аын нэхэмжлэлтэй хариуцагч Д.От холбогдох гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухайд.

Э.А, Д.О нар нь 2002 онд танилцан 2003 оноос 2010 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарсан байх бөгөөд 2010 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 02 дугаарт бүртгүүлж 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хамт амьдарсан болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.А нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уригдагч тал Д.О нь өргөдөл гаргагчтай уулзалт хийхээс татгалзсан, цаашид уг ажиллагаа үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой болсон гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2015 оны 5 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулах саналтай байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Д.Оаас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 14 938 690 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тус орон сууц нь Оийн нэр дээр байгаа ч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм, тухайн үед уг орон сууцны үнэлгээ 20 000 000 төгрөг байсан, зэх зээлийн одоогийн ханш 42 000 000 төгрөг болсон учир банкны зээлийн үлдэгдэл 12 122 620 төгрөгийг хасч 29 877 380 төгрөгний 50 хувь болох 14 938 690 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж тайлбарладаг.

Харин хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “...энэ байрны хувьд захиран зарцуулах эрх нь үүсээгүй, 20 жилийн хугацаатай авсан зээлийн барьцаанд байдаг, А 2014 оны 11 дүгээр сараас ажилгүй болсон, үүнээс хойш би дангаараа байрны зээлэнд 10 184 000 төгрөг, хамт амьдарч байх хугацаандаа 8 684 000 төгрөгийг төлсөн байна, 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар зээлийн үлдэгдэл 17 612 055 төгрөг байгаа, ...байрны зээлийг төлөөд 10 жил болж байна, А 10 жилээс 5 жил нь надтай хамт амьдарчихаад 10 жил хамт амьдарсан юм шиг 14 938 690 төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж тайлбарлаж маргадаг.

Маргааны зүйл болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбатын 48-60 тоотод байрлах 48 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр  Дын О бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000092634 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.  

Гэрлэгчид дээрх орон сууцыг худалдан авахын тулд урьдчилгаанд 2 000 000 төгрөг төлж, орон сууцны санхүүжилтийн корпорацитай зээлийн гэрээ байгуулан 18 000 000 төгрөгийн зээлд хамрагдан, нийт 20 000 000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан  үйл баримт тогтоогддог.

Э.Аын ээж Д.Э нь Бадамдорж гэгчээс 2 000 000 төгрөгийг хүүтэй зээлж 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Д.Оийн дансаар шилжүүлснийг байрны урьдчилгаанд төлсөн байх бөгөөд хариуцагч Д.О нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-уулын 14-01 тоотод байрлах газар, хашаа, байраа Ц.Энхбаатар гэгчид зарж дээрх 2 000 000 төгрөгийг хүүгийн хамт Д.Эт буцаан төлсөн үйл баримт тогтоогддог бөгөөд энэ талаар талууд маргадаггүй.

Харин нэхэмжлэгч Э.А нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-уулын 14-01 тоотод байрлах хашаа, байр, газрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ, анх газар аваад хашаа, өвөл зуны пин барихад миний хувь нэмэр, оролцоо байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

Харин хариуцагч Д.Оийг Дорнод аймгийн Чулуунхороот суманд цэцэрлэгийн багшаар ажиллаж байхад нь тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Чулуунхороот сумын Дэлгэр багийн нутаг дэвсгэрт орших 1 давхар 12 айлын орон сууцны 10 тоот байрыг хувьчилж түүнд олгосон болох нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоол, Чулуунхороот сумын засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолтоор батлагдаж байна.

Мөн Д.Оийн “аймгийн төвд шилжин ирэхдээ хувьчилж авсан байраа бусдад худалдан Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-уулын 14-01 тоотод байрлах хашаа, байр, газрыг худалдан  авсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй болно. 

 Иймд Чулуунхороот сумын Дэлгэр багийн нутаг дэвсгэрт орших 1 давхар 12 айлын орон сууцны 10 тоот байр болон түүнийг худалдсаны үр дүнд олж авсан Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-уулын 14-01 тоотод байрлах хашаа, байр, газар нь хариуцагч Д.Оийн хуваарьт хөрөнгө болох нь Чулуунхороот сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоол, 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000078034 дугаартай гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д зааснаар хариуцагч Д.Оийн хуваарьт хөрөнгөөс бий болсон 2 000 000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд тооцох үндэслэлгүй юм.

Маргааны зүйл болох орон сууцыг худалдан авах зориулалтаар Д.О, Э.А нар нь 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Орон сууцны санхүүжилтийн корпорацитай орон сууцны зээлийн гэрээ байгуулан 18 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын /20 жил/ хугацаатай зээлсэн байх бөгөөд уг зээлийн  барьцаанд худалдан авч буй Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбатын 48-60 тоотод байрлах 48 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны 400581 дугаартай гэрээ, талуудын тайлбараар нотлогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

Дээрх гэрээний дагуу Д.О, Э.А нар нь сар бүр 152 000 төгрөгийн зээл төлдөг бөгөөд 20 жилийн хугацаанд 18 000 000 төгрөгийн үндсэн зээл, 18 480 055 төгрөгийн зээлийн хүү, нийт 36 480 055 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд өгсөн тайлбар, нэхэмжлэгчийн 000188790 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзэхэд Э.А нь 2014 оны 11 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд 2014 оны 12 дугаар сараас эхлэн байрны зээлээс төлөөгүй гэдгээ нэхэмжлэгч Э.А хүлээн зөвшөөрсөн байна.

Гэрлэгчид 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 1 895 053 төгрөг, зээлийн хүүнд 6 160 947 төгрөг, нийт 8 056 000 төгрөг төлсөн болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, кассын орлогын баримт, орлогын ордер зэрэг баримтаар батлагдаж байна.

Харин хариуцагч Д.О дангаараа 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс  2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл /нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн үлдэгдлийг үндэслэсэн/ хугацаанд байрны зээлээс 10 944 000 төгрөгийг төлж, 17 480 055 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах тул Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбатын 48-60 тоотод байрлах 48 м.кв талбай бүхий орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болно.

Гэхдээ нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохдоо тус орон сууцны зах зээлийн дундаж үнэ 42 000 000 төгрөгийг баримталсан боловч дээрх үнэлгээг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй.  

Өөрөөр хэлбэл, Э.Аыг  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. 

 Түүнчлэн маргаж буй орон сууцны үнийг гэрлэгчид бүрэн төлөөгүй 17 480 055 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа, хариуцагч Д.О дангаараа 10 944 000 төгрөг төлсөн /нэхэмжлэгч маргаагүй/,  хариуцагчийн эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлыг үндэслэн  гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг гэрлэгчдийн хамтран амьдарч байх хугацаандаа төлсөн зээлээс тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь орон сууцыг Д.Оийн өмчлөлд үлдээн, өөрт ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан учир гэрлэгчдийн хамтран амьдарч байх хугацаандаа төлсөн 8 056 000 төгрөгийн 50 хувь болох 4 028 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Э.Ат олгож, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбатын 48-60 тоотод байрлах 48 м.кв талбай бүхий орон сууцыг Д.Оийн өмчлөлд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Бие даасан шаардлагын тухайд.

Гуравдагч этгээд Б.Х, Б.Х нар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох тус бүр 7 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагыг гаргажээ.

Гуравдагч этгээд Б.Х, Б.Х нар нь бие даасан шаардлагын үндэслэлээ “...А ах энэ байрыг зах зээлийн ханшаар 42 000 000 төгрөгөөр үнэлж үүнээс байрны зээлийн үлдэгдэл 12 000 000 төгрөгийг хасаад үлдэх 30 000 000 төгрөгийн 50 хувийг авна гэсэн, ...тухайн үед гэр бүлийн гишүүний нэг байсан учир ногдох хэсэг болох 7 500 000 төгрөг тус бүрдээ гаргуулна...” гэж тайлбарладаг.

Харин нэхэмжлэгч Э.А бие даасан шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “...бид дөрвүүлээ хамт амьдарч байсан нь үнэн боловч энэ байрыг бий болгоход 2 охины оруулсан хувь нэмэр байгаагүй, ...одоо хоёулаа гэр бүлтэй болж тусдаа амьдарч байгаа тул бид 2-ын эд хөрөнгийн маргааны гол зүйл болох Бумбатын 48-60 тоотын 2 өрөө ипотекийн зээлтэй байгаа байрнаас Б.Х, Б.Х нар нь ногдох хэсэг нэхэх эрхгүй...” гэж тайлбарлаж маргадаг.

Нэхэмжлэгч Э.А нь эхнэр Д.О, дагавар охин Б.Х,  Б.Х нарын хамт 2003 оноос 2015 он хүртэл хамт амьдарсан болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар гэр бүлийн гишүүнд гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүн хамаарна.

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болох үед Б.Х, Б.Х нар нь насанд хүрээгүй, гэрлэгчидтэй хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүн боловч эцэг, эхийн хөрөнгөөс тэдгээрийн адил тэнцүү хувааж авах эрхгүй юм.  Гуравдагч этгээд Б.Х, Б.Х нар нь одоо насанд хүрсэн, хоёулаа гэр бүлтэй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болгоход хөдөлмөр, хөрөнгөөрөө оролцоогүй гэж тайлбарлаж буй нэхэмжлэгч Э.Аын тайлбар үндэслэлтэй байна. 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь зохигчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Гэвч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Х, Б.Х нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд гуравдагч этгээд Б.Х, Б.Х нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох тус бүр 7 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Эийн А, Дын О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбатын 48-60 тоотод байрлах 48 м.кв талбай бүхий орон сууцыг Д.Оийн өмчлөлд үлдээж, хариуцагч Д.Оаас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 4 028 000 /дөрвөн сая хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 910 690 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Б.Х, Б.Х нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг тус бүр 7 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,     44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 438 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 135 307 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 149 598 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч Э.Ат олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар гуравдагч этгээд Б.Хгийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 134 950 төгрөг, Б.Хгийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 134 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ