| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0159/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/020 |
| Огноо | 2022-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Д.Рэгзэдмаа,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: Б.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000145 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баярсайханы Гантулга
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Б.Гантулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 10-210 тоотод иргэн Д.Ирээдүйн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би Батмөнх гээд нэг ахынхаа гэрт нь очсон юм. Намайг гэрт нь байхад Батмөнх ах, Саранчимэг эгч, Ирээдүй нар архи уугаад сууж байсан...би Батсайхан 00 орох гээд гараад явсан байх хойгуур Ирээдүй нь сэрээд над руу хэн бэ чи гээд орилоод байхаар нь би Ирээдүйг гараараа нэг удаа цохисон, гаднаас Батсайхан орж ирээд салгасан тэгээд би гэр лүүгээ явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 55-56 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гантулга мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв
3. Хохирогч Д.Ирээдүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр намайг гэрт байхад манай найз Батсайхан нь намайг гараад ир гэж дуудсан тэгээд тэгээд би гэрээсээ гараад Батмөнх гэх найзынхаа гэрт нь очсон гэрт нь Батмөнх, Батмөнхийн эхнэр, Батсайхан гурав байсан тэгээд бид хэд тэндээ тоглож ганц хоёр пиво ууж хоносон харин Батсайхан нь тоглож байгаад хонохгүй яваад өгсөн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 07- ний өдөр хүртэл би Батмөнх гээд найзынхаа гэрт байсан хоносон. Тэгээд 17 цагийн үед манай найз Батмөнхийн дүү Гантулга гэх залуу нэг шил архитай ирээд бид хэд тэрийг нь хувааж уугаад байж байхад Батмөнх, Батмөнхийн эхнэр хоёр орж амарлаа гээд хажуу гэр лүүгээ орсон би босоод харахад Гантулга гэх залуу намайг цохисон тэгээд би босоход миний нүд их өвдөөд хамраас цус гарсан тэгээд доошоо болоод сууж байхад над руу босоод ир чи гээд орилоод байсан цаанаас Батсайхан тэр залууг боль гээд татаад аваад гарсан би араас нь гарчхаад буцаад гэр лүү нь ороод тэр хоёрыг явсныг нь дараа гараад гэртээ очоод эгч цагдаад дуудлага өгсөн...Намайг унтаж байхад л шууд дээрээс цохисон. Миний нүүр лүү нэг удаа цохисон. Миний нүд хавдаж хөхөрсөн өөр зүйл байхгүй. Анх цохиулсан өдөр толгой өвдөж байсан одоо гайгүй зүгээр болсон..гэх мэдүүлэг /ххийн 14-16 /,
4. Гэрч Д.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед манай дүү Ирээдүй рүү хүн залгаж дуудсаар байгаад гэрээс нь гаргасан юм. Тэр өдрөөс манай дүү гэртээ ирээгүй байж байгаад сая 23 цаг өнгөрч байхад манай хажуу айлын хүүхэн орж ирээд танай дүү чинь толгой дээрээ дэвсүүлсэн гээд орж ирлээ гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад хажуу айл руу очсон. Намайг ороход манай дүү нил цус болсон, баруун нүд нь аймар хавдаад нуруу өвдөөд байна гээд орон дээр хэвтэж байсан. Тэгээд би юу болов гэхэд айлд унтаж байхад нэг хүн дээрээс дэвссэн гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 / ,
5. Гэрч Ц.Нямгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манайх Ирээдүй ахтай нэг хашаанд байдаг юм ямар нэг хамаатан садны холбоо байхгүй...Тэгээд өнөөдөр 23 цаг өнгөрч байхад манай гэрт Ирээдүй ах нил цус болсон нэг гараараа нүдээ барьсан орж ирээд цагдаа дууд ахыг нь зодчихлоо нүд бүлтрээд гараад ирсэн гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр айгаад шууд эгч Саранчимэгийн гэр лүү нь ороод Ирээдүй ах зодуулсан байна гэж хэлсэн тэгээд эгч нь орж ирж хараад цагдаад шууд дуудлага өгсөн...Саранчимэг эгч нь юу болсон талаар асуухад Ирээдүй би нэг найзынхаа гэрт нь очиж архи уусан юм тэгээд архи уучхаад унтаж байхад нэг хүн дээрээс нь шууд дэвссэн гэсэн тэгээд босож ирээд нүдээ бариад зогсож байхад нь дахиад өшиглөсөн тэгээд шууд тэр айлаас гараад гэр лүүгээ гүйсэн гэж хэлж байсан...Нил цус болсон нүдийг нь харахад баруун талынх нь нүд таглараад хавдсан байсан өөр гэмтэл харагдаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 23-24/,
5.Гэрч Ө.Дамдины мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би эхнэртэйгээ хамт хэвтэж байхад манай гэрт манай хажуу айлын ах Ирээдүй нь нэг талын нүдээ дарсан орж ирж байсан. Гар нүүр нь цус болсон байсан. Тэгээд би юу болов та гэхэд ах нь хүнд зодуулчихлаа гэхээр гайгүй юу гэхэд нүд бүлтэрч гарч ирээд буцаагаад цааш нь оруулчихлаа доошоо тонгойхоор буцаад гарч ирэх гээд байна гэж хэлсэн тэгээд цагдаа дууд гэхээр нь манай эхнэр хойшоо ороод эгч Саранчимэгт нь хэлээд дагуулаад ороод ирсэн тэгээд Саранчимэг эгч орж ирээд цагдаад дуудлага өгсөн удалгүй цагдаа нар ирээд эмнэлэг дээр хүргэж өгсөн. Эмнэлэг дээр ирээд яасан талаар асуухад ах нь яагаа ч үгүй унтаж байхад л нэг хүн дээрээс дэвсээд зодчихлоо гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй хэнд зодуулсан гэдгээ хэлээгүй. Нэлээн цус болсон , нүдээ дарсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 27-28/,
6.Гэрч Г.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай найз Ирээдүй над руу залгаад хаана байгаа юм хүрээд ирээч би Гантулгын ахынх нь гэрт байна гэж хэлсэн тэгээд би 20 цагийн үед гэрээсээ гараад яваад очиход гэрт нь Ирээдүй, Гантулга, Гантулгын ах эгч хоёр нь байсан ба тэд нар архи уугаад байж байсан. Тэгээд би суугаад тэр архинаас нь бас уусан. Харин гэрт нь Ирээдүй, Гантулга бид 3 үлдсэн 21 цагийн үед байх би 00 орох гээд үлдээгээд гарсан. Ирээдүй нь зүүн талын орон дээр унтаж байсан. Харин Гантулга нь ширээний хажууд сууж байсан юм. Намайг нойл ороод буцаад ороход Ирээдүй доошоо тонгойж дөрөв хөллөсөн.Гантулга нь чи ямар том юм ална шүү гэсэн Ирээдүй чи яагаад байгаа юм гэсэн тэгээд Ирээдүйн хамраас нь цус гарсан гэрээс гүйгээд гараад явсан. Араас нь Гантулга гараад дахиад зодох гээд дайрахаар нь би та хоёр чинь юу болоод байгаа юм бэ боль гээд болиулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 /,
7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 245 дугаартай шинжээчийн:
1. Д.Ирээдүйн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлэ нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт / хх-ийн 46-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Гантулга 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 10-210 тоотод үл ялих зүйлээр шалтаглаж иргэн Д.Ирээдүйн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Ирээдүй, гэрч Д.Саранчимэг, Ө.Дамдин, Ц.Нямгэрэл, Г.Батсайхан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 245 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүх шүүгдэгч Б.Гантулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03- ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн....хамаарна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Гантулга нь 2021 оны 05 дугаар сарын 07-ний өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтад хамаарч байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцсон бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйл хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэх солих, 9 дүгээр зүйл өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд дээрх зүйлчлэл хамаарахгүй байгаа тул Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Гантулга нь 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрөөс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан бөгөөд түүнийг эрэн сурвалжлах талаар шүүгчийн захирамж гарч түүнийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр олж баривчлан ирсэнийг шүүгчийн урьд захирамжид заасны дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч энэ хэргийн учир 14 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлээ.
Шүүх шүүгдэгч Б.Гантулгад холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих байрнаас 2022 оны 02 дугаар сарын 08-ний өдрөөс эхлэн суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Гантулга нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Б.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Б.Гантулга нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ хэргийн учир 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Гантулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2022 оны 02 дугаар сарын 08-ний өдрөөс цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ