Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/42

 

 

2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр                     Дугаар 2024/ШЦТ/42                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: У.Баттуяа, Б.Лхагвадорж,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Э.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

              

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Уранчимэгийн Баттуяа, Бунь овгийн Батхүүгийн Лхагвадорж нарт холбогдох 2428000000020 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Б.Лхагвадорж нь шүүгдэгч У.Баттуяатай бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Караоке Хаус" караокены газарт иргэн Э.Амаржаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч У.Баттуяа нь шүүгдэгч Б.Лхагвадоржтой бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Караоке Хаус" караокены газарт иргэн Э.Амаржаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч У.Баттуяа, Б.Лхагвадорж нарыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.Баттуяа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Лхагвадорж утасгүй гэртээ орж ирэхээр нь хаана байгаа юм гэхэд мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд утасных нь location-оор нь хайхад “Караоке хаус”-ын буланд заагаад байхаар нь би очиж хайж байгаад эргэж гэртээ орж ирэхэд Лхагвадорж унтаж байсан. Сэрээгээд хамт яваад утсыг нь хайгаад олоогүй. Хамт явсан хүнээс нь асуухад караоке хауст үлдээсэн гэж хэлсэн. Үүнийг дагуу бид 2 утсаа авах гээд ороход үүдэнд нь Амаржаргалтай таараад орсон. Ороод бид 2 муудалцаагүй. Ярьж байгаад сүүлдээ яриа нь өөр болоод ирэхээр нь маргааш эрүүлдээ ярь гэж хэлэхэд чи намайг удаа дараа хардаж байгаа, ямар үндэслэлээр хардаад байгаа вэ? гэхээр нь ямар үндэслэлээр хардаж байгааг чи мэдэж байгаа биз дээ?, удаа дараа ийш тийшээ явж архидан согтуурдаг, мах шарж иддэг, ижил хувцас өмсөж явсан гээд энэ бүхэн чинь надад хардах сэдэл төрүүлсэн байна гэж хэлэхэд тэгвэл би чамайг ална гээд түлхсэн. Тэгэхээр нь би буцаагаад түлхсэн. Лхагвадорж дээр очоод юу гэж хэлснийг нь мэдэхгүй ч камерын бичлэгээс харахад түрүүлээд цохиод авсан. Тэгэхээр нь Лхагвадорж түлхээд унагаасан тэгээд ширээ сандлын дундуур унасан. Надад Амаржаргалын энд тэнд архидан согтуурч явсан зураг, бичлэг байгаа. Хаана л явна Амаржаргалтай архидаж явдаг. Нэг байгууллагад ажилладаг хүмүүс хамт гарч орох зүйл байдгийг би хүлээн зөвшөөрдөг. Гэтэл байнга хамт энд тэнд яваад байдаг нь надад таалагдахгүй тааламжгүй харилцаа үүссэн. Бусдаар надад муу санасан зүйл байхгүй. Амаржаргалын хүүхэд манай цэцэрлэгт явдаг. Бид нар байнга таардаг. Тэр үед муудах зүйл байсан бол муудах л байсан. Тэр өдөр өөрөө согтуу байсан. Согтуу хүн дургүйгээ л илэрхийлсэн юм болов уу гэж ойлгосон. Өөрөө эхэлж зодуулчхаад надаас төлбөр нэхээд зогсож байгаа нь надад таалагдахгүй байна. Цагдаа дээр шалгагдаж байхад нүүрэн дээрх сорвийг 6 удаагийн давтамжтай 500.000 төгрөгөөр лазердуулна, цагдаад хэлэхэд түрүүлээд мөнгөө аваад эмчлүүлж болно гэж байна гэж хэлсэн. Сүүлд прокурор дээр хэрэг ирэхэд 4.350.000 төгрөг болсон байна. Би ажлаа хийгээгүй үеийн төлбөрийг төлж чадахгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Лхагвадорж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр караоке хаус-т тооцоо хийх гэж очсон ба очиход Амаржаргал тухайн объектын гадаа тамхи татаад зогсож байсан. Би үг хэл солиогүй ороход эхнэртэй юм яриад үлдсэн. Намайг тооцоо хийх гээд зогсож байхад эхнэртэй маргалдаж байсан. Би тооцоогоо хийгээд дуусахад над дээр ирээд хэл амаар доромжлоод эхлээд түлхээд авсан. Би зөрүүлээд нэг гараараа түлхсэн. Өөр зүйл болоогүй. Тухайн үед эхнэр үснээс нь зулгаасан. Камерт тодорхой бичигдсэн байгаа гэв.

 

Хохирогч Э.Амаржаргал шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манайх хэлтсээрээ “Grand gobi” жуулчны баазад шинэ жил тэмдэглэж ирээд “караоке хаус”-т орсон. Шинэ жил тэмдэглэхэд Лхагвадорж байгаагүй. Манай өөр газар ажилладаг найз намайг дуудаад гадаа юм яриад зогсож байхад хажуугаар Лхагвадорж, Баттуяа 2 хажуугаар гарсан. Лхагвадорж юм хэлэхгүй ороход Баттуяа хажуугаар гарахдаа биеэ үнэлэгч, шөнийн цагаар энд биеэ үнэлж явна уу гэж хэлсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч их хэрэгдээгүй байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан ба тийм байсныг хамт явж байсан хүмүүс нотолно. Чи яагаад дандаа намайг олон нийтийн газар доромжилж байдаг юм, энэ байдал чинь хэрээс хэтэрлээ гэж яриа өрнөөд орсон. Ороод цаашаа харж зогсоод намайг янхан, банзал гээд элдэв үгээр хэлсэн. Тэгэхээр нь би гараас нь татаад чи ер нь гэхэд Лхагвадорж руу энэ хүүхэн чинь намайг ална гээд байна, чи энийгээ алаач гэж хэлсэн. Би Лхагвадорж дээр очоод яагаад эхнэртэй тайлбарлаж болдоггүй юм бэ?, одоо олон нийтийн газарт намайг янхнаар нь дуудаад байна, би явалддаг хүүхнийг чинь эхнэрт чинь хэлнэ шүү гэсэн утгатай зүйл хэлэхэд намайг түлхэж унагаасан. Би хөл алдаад унах үед үс зулгаагаад нүүрэн дээр чанга маажсан. Тэндээс гараад цагдаа руу очоод мэдээлэл өгсөн. Би 2022 онд ажилд ороод Лхагвадоржтой нэг хэлтэс болсон. Би Лхагвадоржтой олон удаа хөдөө явж байгаагүй. Лхагвадоржийг архи уудгийг би мэднэ. Лхагвадоржтой 2 удаа үйл ажиллагаанд хамт оролцож согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдол байгаа. Гэхдээ би шөнийн цагаар залгаж байгаагүй. Би эхнэр рүү нь хүртэл Лхагвадоржтой чаталсан чатаа явуулаад тийм зүйл байхгүй байхад яагаад хардаад байгаа юм бэ? гэж байсан. Ямар ч дотно харилцаа байхгүй. Дээрээс нь адилхан эмэгтэй хүмүүс байж уулзаад учраа олчихгүй, гэр бүлийн хүн рүү худлаа үнэн юм зохиож ярьсаар байгаад байнга хардаж, хэрүүл үүссэн. Үүнээс болоод би нөхрөөсөө 2023 онд салсан. Би одоо 2 хүүхдээ ганцаараа өсгөж байгаа. Надад сэтгэл санааны маш их хохирол учирсан. Хэрэг болдгоос 7 хоногийн өмнө гэртээ хүүхдүүдтэйгээ унтаж байхад утас дуугараад харахад Лхагвадорж байсан. Утсаа авахад согтуу байсан. Манай эхнэр чам руу залга гээд байна гэж хэлсэн. Та 2 гэр бүлийнхээ асуудлыг яагаад гэртээ шийдэж болдоггүй юм бэ?, хардах чинь өвчин, наадахаа үзүүлээч гээд би их уурласан. Хажуунаас нь утсыг нь булааж аваад чи намайг ингэлээ, тэглээ, 2 хүний хүүхэд төрүүлсэн янхан гээд элдвээр хэлсэн. Ямар учраас хардаад байдгийг нь мэдэхгүй. Ажил дээр хүртэл ажил хийх гэж хэцүү байдаг. Хүмүүсийн хов жив ихтэй болсон. Манай ажил дээр ирээд хүртэл энэ хүнийг ажлаас нь халаад өг гээд хэлж байсан. Хүүхдийн цэцэрлэг дээр манай нөхрийн үеэл дүү хамт ажилладаг. Тэр хүн элдэв янзаар хэлснээс болоод би хадмуудтайгаа харилцаа муудаад үүнээс болоод нөхөртэйгөө хамт амьдрах боломжгүй болсон. Сэтгэл санаагаар маш их хохирсон. Дээрээс нь  биед гэмтэл учруулсан. Тухайн үед би Лхагвадоржийг согтуу байсан гэж бодож байгаа. Болсон зүйлийн талаар худлаа мэдүүлж байна гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Амаржаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн ЗДТГ-ын олон нийттэй харилцах албанд сэтгүүлчээр ажилладаг юм. 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Даланзадгад сумын 3-р багийн шинэ жилийн арга хэмжээ Гранд говь баазад зохион байгуулагдсан. Уг үйл ажиллагаанд манай хэлтсийн алба хаагчид хамтдаа оролцсон юм. Уг үйл ажиллагаанаас 22 цаг өнгөрч байх үед гараад 23 цагийн үед Даланзадгад суманд ирсэн. Даланзадгад сумын төвд ирээд "Хаан болор" төвийн караокед орцгоосон. Тэнд сууж байгаад 00 цаг болоод бид нар Хаан болороос гараад Даланзадгад сумын 3-р багт байх Караоке хаус гэх газарт очицгоосон. Тэнд очоод караокены өрөө аваад суусан. Тэнд сууж байхад Хөдөө аж ахуйн газарт ажилладаг Оюунчимэг намайг тэнд сууж байгааг мэдээд намайг дуудаж уулзаад гадаа гараад юм ярьж байхад хамт ажилладаг Лхагвадорж эхнэрийн хамтаар хажуугаар гарсан. Тухайн үед би тэр хоёрыг хараад өнгөрсөн. Лхагвадоржийн эхнэр мөн намайг харсан. Тэгчихээд намайг биеэ үнэлдэг шөнийн цагаар энд биеэ үнэлээд явж байна уу гэж хэлсэн. Тэгээд чи яагаад намайг доромжлоод байгаа юм бэ гэсэн чинь намайг муухай үгээр хэлээд караоке хаус руу ороод явчихсан. Тэгэхээр нь би араас нь ороход Лхагвадоржийн эхнэр намайг олон хүмүүсийн дунд янхан, банзал, явдалтай хүүхэн гэх мэтээр хэлж хашхичаад байсан. Тэгэхээр нь би өмнөөс нь чи удаа дараа намайг ингэж доромжилж байгаа. Чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгсэн Лхагвадоржийн эхнэр Лхагвадоржийг дуудаад хөөе энэ явдалтай хүүхэн чинь намайг ална гээд байна гэж хэлсэн. Тэгсэн Лхагвадорж намайг цохиод унагаасан. Би сандал, ширээ хоёрын дундуур унахад дээрээс Лхагвадоржийн эхнэр нь намайг ирээд зодсон. Тэр үед тэнд байсан хүмүүс салгасан. Яг ямар хүмүүс салгасныг мэдэхгүй байна. Би босож ирэхэд манай ажлын хүмүүс гарч ирсэн. Тэгэхэд Лхагвадорж тэндээс гараад явчихсан байсан. Би тэндээс цагдаагийн газарт ирж зодуулсан талаар мэдээлэл өгсөн ийм зүйл болсон юм. Бусдад зодуулснаар миний дотор муухайрч толгой өвдөж байна. Баруун чихний хэсэгт хөндүүр орж өвчин орж хавдсан. Баруун нүдний зовхи хөхөрч хавдсан, баруун хацар эрүү хэсэгт хумсны гүн зулгаралт үүссэн зэрэг гэмтэл авсан. Одоо биеийн байдал дунд зэрэг сэтгэл санаа маш хүнд байна. Миний биед учирсан гэмтлийг Лхагвадорж болон түүний эхнэр нар надад учруулсан. Лхагвадорж бид хоёр 2022 оны 01 дүгээр сараас хойш ЗДТГ-ын олон нийттэй харилцах албанд хамт ажилладаг байсан юм. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 2022 оны 6 сард би ажил дээрээ байж байсан чинь манай хүүхдийн аав Золбаяр залгаад чи ажлынхаа Лхагва гэдэг залуутай олон жил явалдаж байгаа юм уу гэсэн. Тэгэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь би бас мэдэхгүй байна гэж хэлсэн. Лхагваагаас эхнэрийнх нь дугаарыг аваад залгаад  ямар үндэслэлээр ингэж хардаад байгаа юм бэ, чи над  руу шууд ярихгүй яагаад гэр бүлийн хүн рүү яриад хэрүүл үүсгээд байгаа юм бэ гэж асуухад чи манай нөхөртэй явалдсан биз дээ гээд хашхичаад байхаар нь утсаа таслаад мессеж бичсэн. Тэгээд танай нөхөртэй ямар ч холбоо байхгүй гээд Лхагваатай харилцсан чатаа скрийн шот хийгээд явуулсан боловч ойлгоогүй шалтгаангүй хардаад байсан. Түүнээс болоод нөхөр бид хоёр маргалдаад салсан. Удалгүй Лхагвадорж ажлаа солиод өөр хэлтэст орсон. Түүнээс хойш нэг хэсэг харагдахгүй чимээгүй болсон. Лхагвадоржийн эхнэр нь манай хүүхдийн цэцэрлэгт ажилладаг байсан бөгөөд манай хүүхдийн ангид ороод манай хүүхэд рүү муухай хараад багшид нь Сайнбаярын ээж нь манай нөхөртэй явалддаг гэх мэт зүйлсийг хэлсэн байсан юм. Ингээд нэг хэсэг чимээгүй байж байгаад 2023 оны 12 дугаар сарын дундуур шөнө 3 цагийн үед утас дуугарахаар нь авсан чинь Лхагвадорж байсан яасан бэ гэсэн чинь манай эхнэр чам руу залга гэсэн  одоо хажууд сонсож байна гэж хэлсэн. Тэгэхээр нь мэдрэл муутай юм уу гэр бүлийнхээ асуудлыг гэртээ шийдээч ээ гэсэн чинь Лхагвадоржийн эхнэр утсыг нь аваад намайг хоёр хүүхэд чинь өөр эцэгтэй юм биш үү янхан, банзал гээд хараагаад доромжлоод байсан. Тэгэхээр нь чи сэтгэцийн өвчтэй юм байна өвчнөө эмнэлэгт үзүүл гэж хэлээд утсаа унтраагаад унтсан. Тэгээд маргааш нь Лхагвадоржтой таараад та хоёрын асуудлаас би залхаж байна би буруугүй байж хардуулах хэцүү байна эсвэл чиний уулздаг хүүхнийг чинь би эхнэрт чинь хэлчих үү гээд хэлчихсэн юм. Түүнээс болоод л намайг зодсон байх гэж бодож байна. Би архи пиво уусан байсан. Гэхдээ болсон үйл явдлыг боломжийн санаж байна. Би бусдад зодуулсандаа гомдолтой байна. Мөн удаа дараа шалтгаангүй хардуулсан мөн хэл амаар доромжлуулсандаа гомдолтой байна. /хх-ийн 20-21 дэх тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Амаржаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Намайг Караоке хауст байхад Лхагвадорж эхнэрийн хамтаар караоке хауст орсон. Би тухайн үед гадаа байсан. Миний хажуугаар гарахдаа Лхагвадоржийн эхнэр намайг хэл амаар доромжилсон. Тэгчихээд дотогшоо орсон. Би араас нь ороход хүмүүсийн хажууд Лхагвадоржийн эхнэр намайг хэл амаар доромжлоод хашхичаад байсан. Тэгээд бид хоёр муудалцсан. Тэгж байгаад Лхагвадоржийн эхнэр нөхрөө дуудсан. Тэр үед Лхагвадорж текний хажууд утсаа оролдоод зогсож байсан юм. Лхагвадоржийн эхнэр нөхөртөө хандаад энэ хүүхнийг алаач гэх зүйл хэлсэн. Тэгсэн Лхагвадорж миний толгойн зүүн хэсэг рүү түлхсэн. Тэр үед би дайваад хөл алдаад унах гэж байхад Лхагвадоржийн эхнэр миний үснээс зулгаагаад сэгсрээд сандал, ширээ хоёрын завсраар унагаасан. Тэгчихээд миний нүүрийг самардаж чихний хажуу хэсгээр гэмтэл учруулсан. Тэр үед тэнд байсан хүмүүс caлгасан. Хэн салгасныг мэдэхгүй байна. Намайг нөхөртэйгөө хий хардаж хоёр жил гаруй болж байна. Намайг нөхөртэйгөө хардсан асуудлаас болж миний гар утас руу шөнө орой залгаж хэл амаар доромжилдог, мөн мессеж бичиж доромжилдог. Мөн тэр эмэгтэй цэцэрлэгт ажилладаг бөгөөд манай 2 хүүхдийн анги руу нь орж муухай харах хүүхдүүдийн хажууд янз бүрээр хэлэх, багшид нь Сайнбаярын ээж манай нөхөртэй явалддаг, явдалтай хүүхэн гэх мэтээр хэлсэн байдаг. Мөн манай хүүхдүүдийн аав буюу салсан нөхөр рүү утсаар ярьж Лхагвадоржтой явалддаг гэж хэлсэн. Түүнээс болж нөхөр бид хоёр маргалддаг болсон. Түүнээс болж гэр бүл салсан юм. 2022 онд сар өдрийг нь санахгүй байна. Лхагвадорж бид хоёр хамт ажилладаг би сэтгүүлч, Лхагвадорж зураглаач хийдэг байсан үе юм. Тухайн үед Лхагвадорж бид хоёр Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн сонгох арга хэмжээний дараах хүлээн авалтад очсон. Тухайн хүлээн авалтад очоод бид нар архи дарс ууцгаасан. Тэгж байгаад Лхагвадорж намайг дуудахаар нь хамт тек оръё гэсэн. Тэгээд бид хоёр тек орсон чинь Лхагвадорж нэлээд үнэтэй архи авсан. Тэгээд ширээндээ очоод сууж байхад тооцооны хуудас нь ирээд надад өгсөн. Би тэнд сууж байгаад гараад явсан. Тэгж явах үедээ архины тооцоогоо хийгээрэй тэдэн төгрөг болсон шүү гэж нэг удаа бичиж байсан. Өөрөөр шөнө орой аваатах, хамт архи дарс ууя гэх мэт болон өөр шалтгаанаар ярьж мессеж бичиж байгаагүй. Нүүрний сорвио эмчлүүлмээр байна. Мөн Лхагвадоржийн эхнэр намайг удаа дараа хэл амаар доромжилж нэр төрд хадах үйлдэл хийж байсанд гомдолтой байна. Мөн шөнө орой амгалан тайван байдал алдагдуулдаг. Би сая Улаанбаатар хотод Queens med эмнэлэгт үзүүлсэн чинь сорви бүрэн арилгах боломжгүй лазер эмчилгээнд 6 удаа орж байж бүдгэрнэ гэсэн. Нэг удаагийн оролт 500.000 төгрөг болно гэсэн. Ингээд би 6 удаа лазер эмчилгээнд ороход нийт 3.000.000 төгрөг болно. Үүнийг нэхэмжилж байна. Мөн Улаанбаатар хот явах замын ирж очих зардал нийт 6 удаа явж ирнэ нийт 700.000 мянган төгрөг болно. Ингэж явахад ажлаас цалингүй чөлөө авна 12 хоног явна. 12 хоногийн цалин 650.000 төгрөг болно. Би буруутай хүмүүсээс нийт 4.350.000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлтэй холбоотой баримт одоохондоо надаа байхгүй. Queens med гоо сайхны эмнэлгийн үнийн тариф л байна. Тэрийг гаргаж өгнө. Баримт шаардлагатай бол эмчилгээ хийдгэсний дараагаар баримтаа гаргаж өгч болно. /хх-ийн 23-24 дэх тал/

 

Гэрч Ц.Ариунбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Даланзадгад сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Караоке хауст менежерийн ажил хийдэг. Тухайн өдөр би амарч гэртээ байсан. Манай эхнэр Отгончимэг, ажилтан Отгонбаяр гэх хүмүүс ажилласан юм. Тухайн орой манай караокены үүдний хэсэгт сууж байсан хүмүүс хоорондоо муудалцаж хоромхон хугацаанд зодоон болсон байсан. Караоке хаусын камерын бичлэгт үзлэг хийхэд. Архины тухай хууль шинэчилсний дагуу өмнөх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шинэ тусгай зөвшөөрлөөр шөнө 04 цаг хүртэл ажиллаж байгаа юм. /хх-ийн 33 дахь тал/

Гэрч Б.Бямбажавхлан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Даланзадгад сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Караоке хауст зөөгчөөр ажилладаг юм.  Тухайн үед олон хүмүүс орж ирсэн болохоор яг ямар ямар хүмүүс орж ирсэн талаар нарийн мэдэхгүй байна. Лхагвадорж гэдэг ах манай ажил дээр гар утсаа тавиад явсан байсан юм байна лээ.  Тэрийг нь мэдэхгүй байна. Орой 02 цагийн үед Лхагвадорж ах эхнэрийн хамт караокед гар утсаа авах гэж ирсэн. Лхагвадорж ах гар утсаа аваад мөнгө төлж байхад караокед сууж байгаад гарч ирсэн нэг эгчтэй Лхагвадорж ахын эхнэр муудалцаад байсан. Тэр караокед сууж байсан хар хувцастай  нэг эгч согтуу байсан. Тэр хоёр муудалцаж байгаад хар хувцастай согтуу эмэгтэй Лхагвадорж ахын эхнэр дээр ирээд нөгөө хар хувцастай хүүхнийг араас нь үсдээд сандал дээр суулгасан. Тэр үед би хажууд нь байж байгаад дундуур нь орж салгасан. Тэгсэн Лхагвадорж ах эхнэрээ аваад яваад өгсөн. Ийм зүйл болсон юм. Яг юунаас болж муудалцсан талаар мэдээгүй ямартай ч хоорондоо хэрэлдээд л байсан. /хх-ийн 35 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Амаржаргалын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой 3. Э.Амаржаргалын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Э.Амаржаргалын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 39 дэх тал/

 

Шүүгдэгч У.Баттуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай ажлын шинэ жил болсон. Манай хүүхэд хатгаа авсан учраас шинэ жилд орж чадаагүй бөгөөд шинэ жил тарах үеэр зарим нэг ажилчдаа хүргэж өгсөн. Тэгчихээд гэртээ ороод ирсэн чинь аав гаднаас утасгүй орж ирсэн гэж манай том охин хэлсэн. Тэгээд локайшнаар нь хайсан чинь караоке хаусын хажууд заагаад байсан. Би тэр хавиар ганцаараа хайсан боловч олж чадаагүй ирсэн. Тэгээд гэрт орж ирэхэд нөхөр Лхагвадорж сэрсэн. Тэгээд утас чинь байхгүй байна хаана хаясан юм бэ гэхэд нөхөн Лхагвадорж мэдэхгүй байсан. Локайшнаар хайсан чинь караоке хаусын хажууд заагаад байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр утсыг нь хайхаар гэрээс гарсан. Тэгээд хайгаад бас олж чадаагүй. Тэгээд миний утсаар хамт уусан хүн рүү нь залгаад утсаа яасан талаар асуухад караоке хауст 57.000 мянган төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Караоке хаус орох гээд үүдэнд нь ирсэн чинь Амаржаргал гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгээд бид хоёр муудалцсан. Яагаад муудалцсан бэ гэхээр  өмнө нь манай нөхөр рүү 2, 3 удаа шөнө залгаад ууж идсэн тооцоо хийгээд өгөөч гээд байдаг байсан. Түүнээс болоод Амаржаргал бид хоёр муудалцсан байсан юм. Мөн 2023 оны 12 дугаар сарын 25, 26-ны үед шөнө залгаад караоке хауст байна тооцоо хийх гэсэн чинь мөнгө дутаад байна гэж хэлсэн. Түүнээс болоод бид хоёр утсаар дахин муудалцсан. Тэрнээс болоод караоке хауст ороод бид хоёр маргалдсан. Тэгээд би явах гэсэн чинь Амаржаргал намайг зулгаагаад байсан. Тэгэхээр нь би Амаржаргалыг чи муу яахаараа шөнө манай нөхөр рүү залгаад байдаг юм бэ шөнийн амьдралтай хүүхэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэсэг хэрэлдсэн. Амаржаргал цаашаа яваад Лхагвадоржтой очиж юм ярьсан. Тэгж байгаад Лхагвадорж, Амаржаргалыг цохиод авсан. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ гэсэн чинь энэ намайг цохиод авлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Амаржаргалын үснээс нь зулгааж авсан. Тэгчихээд Лхагвадорж бид хоёр гараад явсан ийм зүйл болсон юм. Би үснээс нь зулгаасан. Түүнээс болж биед нь гэмтэл учирсан зүйл болоогүй. Амаржаргал, Лхагвадоржийг цохиод авсан гэсэн. Тэгэхээр нь Лхагвадорж зөрүүлээд цохиод авсан юм байна лээ. Миний нүүр амыг малтаж маажаагүй ч гэсэн сэтгэл санаагаар хохироод байна. Мөн гэр бүлийг минь амгалан тайван байлгахгүй байна. /хх-ийн 48 дахь тал/

 

Шүүгдэгч Б.Лхагвадорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:

2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нь найзуудын хамтаар "караоке хаус" гэх газарт сууж байгаад орой 16 цагийн үед гараад гэртээ очиж унтаж байгаад сэрэхэд утас байхгүй байсан. Тэгсэн эхнэр утас чинь байхгүй байна яасан юм бэ гэсэн. Би утсаа "Караоке хаус" гэх газарт барьцаанд тавьсан байгаа гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр миний гар утсыг авахаар "Караоке хаус" гэх газарт очсон. Тухайн газрын гадна очиход надтай хуучин хамт ажилладаг байсан Амаржаргал гадаа тамхи татаад зогсож байсан. Би шууд яваад "Караоке хаус"-т ороход Амаржаргал нь манай эхнэртэй хэрэлдээд үлдсэн.  "Караоке хаус"-т ороод би текнээс гар утсаа аваад тооцоогоо хийгээд зогсож байхад манай эхнэр болон Амаржаргал нар гаднаас орж ирсэн. Тэгээд манай эхнэрийг Амаржаргал хэл амаар доромжлоод араас нь татаж  чангаагаад байсан. Амаржаргал над дээр хүрээд ирсэн. Тэгээд намайг хэл амаар доромжилсон. Тэгж байснаа намайг түлхээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд  нүүр рүү нь  түлхээд авчихаад гарах гэхэд манай эхнэр Баттуяа нь Амаржаргалыг үсдэж аваад хажууд байсан сандал дээр унагаасан. Тэр үед хажууд байсан хүмүүс салгасан. Тэгээд би эхнэрээ аваад явсан. Ийм зүйл болсон юм. Би Амаржаргалын бие эрхтэнд гэмтэл учруулсан зүйл байхгүй. Бид хоёр ЗДТГ-ын олон нийттэй харилцах албанд хамт ажилладаг байсан. Ажил хэргийн холбоотой байсан. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Амаржаргал бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал болоогүй байхад манай эхнэр бид хоёрыг хардаад байдаг асуудлаас болж л муудалцсан юм. Тухайн үед намайг хэл амаар доромжилж байгаад намайг нэг удаа түлхэж авсан бусдаар бол миний бие эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Амаржаргал тухайн үед их согтуу байсан. Эхнэр бид хоёр эрүүл саруул явж байсан бөгөөд би тооцоо хийгээд гарах хооронд өдсөөр байгаад асуудлыг ийм түвшинд хүргэсэнд гомдолтой байна. /хх-ийн 52 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 дэх тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-84 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63, 72 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59, 70 дахь тал/

Оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 71 дэх тал/

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-80 дахь тал/

Queens med эмнэлгийн үйлчилгээний тарифын хуулбар /хх-ийн 92 дахь тал/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн "Караоке Хаус" караокены камерын бичлэг  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Лхагвадорж, У.Баттуяа нар нь бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Караоке Хаус" караокены газарт иргэн Э.Амаржаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Лхагвадорж, У.Баттуяа нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Амаржаргалын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацарт зулгаралт гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39 дэх тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Лхагвадорж, У.Баттуяа нар нь хүний эрүүл мэндэд халдсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хуульд заасан үндэслэлийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Лхагвадорж шүүх хуралдаанд ... Гаднаас орж очоод хохирогчийг нэг түлхээд ийм хохирол, төлбөр төлөх гэж байгаад гомдолтой байна. Би учир зүггүй зодож нүүрэнд нь гэмтэл учруулсан зүйл байхгүй гэх тайлбар, мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Амаржаргал шүүх хуралдаанд “..."Караоке Хаус" караокены газарт ороод цаашаа харж зогсоод намайг янхан, банзал гээд элдэв үгээр хэлсэн. Тэгэхээр нь би гараас нь татаад чи ер нь гэхэд Лхагвадорж руу  Баттуяа “ энэ хүүхэн чинь намайг ална гээд байна, чи энийгээ алаач гэж хэлсэн. Би Лхагвадорж дээр очоод яагаад эхнэртээ тайлбарлаж хэлж болдоггүй юм бэ?, одоо олон нийтийн газарт намайг хэл амаар доромжлоод, янхнаар нь дуудаад байна, харин би явалддаг хүүхнийг чинь эхнэрт чинь хэлнэ шүү гэсэн утгатай зүйл хэлэхэд намайг шууд түлхэж унагаасан. Би ширээ сандалын завсар  унасан, унасны дараа эхнэр нь миний үснээс зулгаагаад нүүрэн дээр маажсан. Би Лхагвадорж, Баттуяа хоёрт гомдолтой байна гэх тайлбар, мэдүүлэг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Б.Лхагвадорж, У.Баттуяа нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Э.Амаржаргалын бие эрх чөлөөнд халдсан  болох нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгсөн хохирогч Э.Амаржаргалын мэдүүлэг, "Караоке Хаус" караокены газрын камерын бичлэг  зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Лхагвадорж, У.Баттуяа нарын дээрх  хохирогч Э.Амаржаргалын бие эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”  мөн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж хуульчилсан.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Амаржаргал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ... Би Улаанбаатар хотод Queens med эмнэлэгт үзүүлсэн сорви бүрэн арилгах боломжгүй лазер эмчилгээнд 6 удаа орж байж бүдгэрнэ гэсэн. Нэг удаагийн оролт 500.000 төгрөг болох тооцоо хэлсэн. Ингээд би 6 удаа лазер эмчилгээнд ороход нийт 3.000.000 төгрөг болно. Үүнийг нэхэмжилж байна. Мөн Улаанбаатар хот явах замын ирж очих зардал 700.000 мянган төгрөг болно. Ингэж явахдаа ажлаасаа цалингүй 12 хоногийн чөлөө авахад 650.000 төгрөг болж байгаа. Иймд буруутай хүмүүсээс  4.350.000 төгрөгийг урьдчилан нэхэмжилж байна. Нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт одоохондоо надад байхгүй /хх-ийн 34 дэх тал/ гэх тайлбар гаргав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж,

Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Лхагвадорж, У.Баттуяа нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Амаржаргалын биед учирсан тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацарт зулгаралт бүхий гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарах зардлыг шүүгдэгч нараас урьдчилан гаргуулахаар нэхэмжилж байх боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай үнэлж шийдвэрээ гаргахаар хуульчилсан тул хохирогчид эмчилгээтэй холбоотой гарах болсон 4.350.000 төгрөгийн зардлыг нотлох баримтгүйгээр урьдчилан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хохирогч Э.Амаржаргалын гаргасан эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Лхагвадорж, У.Баттуяа нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Лхагвадоржийн хувийн байдлын тухайд 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн ажилтай, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 55 дугаар байрны 1 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэгдээгүй /хавтаст хэргийн 72 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэргээр,

Шүүгдэгч У.Баттуяагийн хувийн байдлын тухайд 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр Цэцэрлэгт багш ажилтай, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 55 дугаар байрны 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хавтаст хэргийн 69 дэх тал/ Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Улсын яллагчийн зүгээс ...шүүгдэгч У.Баттуяа, Б.Лхагвадорж нарын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт

 

Хохирогчийн зүгээс ...Эрүүгийн хариуцлага хөнгөн санагдаж байна. Шүүгдэгч У.Баттуяагийн хувьд боловсрол, хүүхдийн байгууллагад ажиллах ёс зүйгүй хүн байна гэж үзэж байна. Үүнтэй холбоотой шийдвэр гаргаж өгнө үү. хүүхдүүдээ цэцэрлэгт явуулахаар айж байна гэх санал,

 

Шүүгдэгч У.Баттуяа өөрийгөө өмгөөлж ...Хэлэх зүйлгүй гэх санал,

Шүүгдэгч Б.Лхагвадорж өөрийгөө өмгөөлж ...Хэлэх зүйлгүй гэх санал тус тус гаргав.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Лхагвадорж, У.Баттуяа нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял оногдуулахаар хуульчлаагүй, мөн тус гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь шүүгдэгч У.Баттуяагийн ажил мэргэжилтэй холбоотой үйлдэгдээгүй байх тул хохирогч Э.Амаржаргалын гаргасан “шүүгдэгч У.Баттуяагийн цэцэрлэгийн багшаар ажиллах эрхийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.

 

Шүүх шүүгдэгч Б.Лхагвадорж, У.Баттуяа нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Лхагвадорж, У.Баттуяа нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвадорж, У.Баттуяа нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Лхагвадорж, У.Баттуяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лхагвадорж, У.Баттуяа нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Уранчимэгийн Баттуяа, Бунь овгийн Батхүүгийн Лхагвадорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Баттуяад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвадоржид 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч  У.Баттуяа, Б.Лхагвадорж нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Баттуяа, Б.Лхагвадорж нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Амаржаргалын гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч У.Баттуяа, Б.Лхагвадорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Баттуяа, Б.Лхагвадорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ