Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/216

 

 

 

 

 

 

 

 

    2024          03           18                                    2024/ШЦТ/216

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,  

шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

                                                                                                             

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ч-н Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын ***-ний өдөр Ө аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт С дүүргийн ** дугаар хороо, Б-н **  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч-н Д  /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ буюу 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Э-н замд “Тоёота Приус-30“ маркийн **-**  *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б, насанд хүрээгүй Б.А нарыг мөргөж, Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ч.Д-ны мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хороололд найзтайгаа тааралдаад 12 цагийн үед найзынхаа гэрт нь очиж архи хувааж уусан. Тэгээд ярьж сууж байгаад согтоод унтсан. Манай найз 17 цагийн үед намайг сэрээгээд хоол ид гэж хэлсэн. Би хоол идчихээд 18 цагийн үед гайгүй байх гэж хэлээд найзынхаа гэрээс гараад хорооллын эцэс орчмоос өөрийн машиныг жолоодон гэр рүүгээ явах замд буюу Э-н замаар “Ө”-гөөс хойд зүг рүү өгсөөд явж байхад миний зүүн гар талаас нэг хүн зам руу ороод ирсэн. Би толь орчмоор шүргэсэн санагдаад байгаа юм. Би зогсоод хартал тэр залуу урагшаа явж харагдахаар нь би гайгүй юм байх гэж бодоод хөдлөөд явсан. Түгжрээд зогсож байхад нэг залуу ардаас ирээд намайг зогсоосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/,

 

           Мөн Ч.Д-ны мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар өгсөн: “Би Тоёота Приус-30 маркийн машиныг 2019 онд захаас хувь хүнээс худалдаж авч байсан. Би бусдад учирсан гэм хор, хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дэх тал/,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

           

           Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дэх тал/,

 

            Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...2023 оны 12 дугаар сарын 10-ны орой намайг ажил дээрээ байж байхад манай нөхөр над руу залгаад охин бид хоёр зам хөндлөн гарч байгаад “Тоёота Приус-30” маркийн машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Би ажлаасаа гараад Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очиж үзүүлэхэд охины биед ямар нэгэн гэмтэл бэртэл, ясны хугарал байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлсэн. Манай нөхрийг үзээд зүгээр байна гэж хэлээд явуулсан. Маргааш нь М” эмнэлэг дээр очиж нарийн шинжилгээнүүд өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 105 дахь тал/,

 

           Хохирлын баримтууд /хх-ийн 16-19 дэх тал/,

 

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Э-н

           “...2023 оны 12 дугаар сарын 10-ны орой 18 цаг 10 минутын үед Энхбаярын замаар охинтойгоо явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарах гэж байгаад 20**-** улсын дугаартай “Тоёота-Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Гэтэл нөгөө машин хөдлөөд явчихаар нь охиноо замын хажуу тал руу гаргаж байгаад хойноос нь гүйж очоод машиных нь цонхоор гараа оруулж машиныг нь унтраасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 102 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний = өдрийн *** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Б.А-н биед баруун ташаа, баруун өвдөг, зүүн сарвуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Б.Б-н биед ууцны 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

 

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн “...Ч.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиодолд” эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, мөн дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон байна...” гэх магадалгаа /хх-ийн 44 дэх тал/,

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн “...Уг тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд уг тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна. Уг тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэл байхгүй байна. Эвдрэл гэмтэл байхгүй байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгсэл шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлагыг хангаж байна. Зогсоолын тоормос хэвийн ажиллаж байсан байна. Асуултад дурдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал үүсээгүй болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

 

Хохирлын баримтуд /хавтаст хэргийн 90, 91, 92, 93 дахь тал/, хохирогч Б.Б-н  “сэтгэцэд учирсан хор уршигийг нэхэмжлэхгүй...” гэх баримт /хавтаст хэргийн 152 дахь тал/, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн “...эрх хасагдсан...” гэх лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 134, 145 дахь/,

 

Хохирогч Б.Б-н “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хүний сэтгэцэд учирсан хор уршигийн төлбөрт нийт 3.230.000 төгрөг авсан. Үүнд охин Б.А-н хохирлын 130.000 төгрөг багтсан. Ч.Д-с хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэх баримт /хавтаст хэргийн 162 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо Э-н замд “Тоёота Приус” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч Б.Б, Б.А нарыг мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Дээрх гэмтлийн улмаас хохирогч Б.Б нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 96.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Ч.Д-с гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111 дэх тал/,

 

Шүүгдэгч Ч.Д-ны хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 25 дахь тал/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ч.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Ч.Д-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ч.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Ч.Д нь Эрүүл мэндийн даатгалын санд 96.000 төрөг төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 161 дэх тал/, хохирогч Б.Б, Б.А нарт нийт 3.230.000 төгрөг төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 162 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Ч.Д-ыг бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж өөрчлөлт оруулсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус хуульчилсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Ч.Д-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-н Д-г согтууруулах ундаа хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ч.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журмлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Ч.Д-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Ч.Д нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт дахин хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Ч.Д энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ