Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00076

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Г.Энхбат

Иргэдийн төлөөлөгч Ц.С

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Хохирогч Б.Б

Шүүгдэгч У.З- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овгийн У-гийн З-ад холбогдох 201714000009 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгч А- овгийн У-гийн З-, Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ** аймгийн ** сумын ** баг, 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:хх0000000/

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч У.З- нь согтуугаар 2016 оны 12 сарын 30-31-нд шилжих шөнө ** аймгийн ** сумын ** багийн 0-0 тоот гэртээ хамтран амьдрагч Д.Быг куртик шатаасан гэх үл ялих зүйлээр шалтаглан заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрч бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн куртикээ шатаасан, гэртээ ирсэнгүй гэх шалтгаанаар эхнэр болон хүүхдийнхээ хувцасыг зуухны дээд талын тагийг онгойлгон шатааж, галыг унтраах боломжтой байхад унтраалгүй Д.Бын байшин эд хөрөнгийг галдан шатааж 4 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.2 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 1. Хохирогч Д.Бын “2016 оны 12 сарын 30-ны орой гэртээ харихад хүн байхгүй байсан. Байшин их хүйтэн байсан болохоор гал түлэх гэсэн чинь мод нойтон байхаар нь би З-ын нүүрс оруулахдаа өмсдөг муу куртикийг нь шатааж гал асааж байхад З- гаднаас согтуу орж ирээд яагаад миний хувцасыг шатаадаг юм бэ? чи яагаад гэртээ ирдэггүй алга болдог юм бэ? гэж агсам тавиад миний хувцас болон 2 хүүхдийнхээ хувцасыг авдарнаас гаргаж ирээд зуухны тагийг онгойлгож хувцаснуудыг хийгээд шатаасан. Би З-ыг хориглосон боловч миний үгийг авахгүйгээр хувцасыг зуух руу хийхэд маш хурдан шатаад байшин тэр чигээрээ утаатай болоод угаартаж эхэлсэн. Би байшин дотор байхдаа гал унтраах гэхэд З- наад галаа унтраавал ална шүү, ингээд дуусгачихъя бүгдийг нь шатаа гээд байсан. Би гал руу ус асгах гэсэн чинь З- ширээн дээр ил байсан ногоон иштэй заазуур аваад миний хүзүүнд тулгаад гал унтраавал ална шүү, хоёулаа ингээд эндээ үхэнэ гээд байсан. Би байшинд байхдаа З-аас зугтаагаад гараад гүйх гэхэд хүзүүнд барьж байсан заазуураараа миний зүүн талын мөрийг зүссэн. Би З-аас гар утсаа өгөөч, Онцгой байдлын албанд дуудлага өгөх хэрэгтэй байна гэхэд З- утсаа өгөхгүй, ингээд шатаг гээд байхаар нь З-ын утсыг булааж авахад З- миний баруун гарын шуу хэсгийг хазсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-22-р хуудас/

 

2.Гэрч Э.О-ын “Г- бид хоёр З-ын гэрт очиход Онцгой байдлын алба хаагч нар ирээд байшинд гарсан галыг унтраачихсан байсан. З- Б нар Онцгой байдлын машинд суучихсан байсан. Би З-аас юу болсон талаар асуухад эхнэр бид хоёр жаахан маргалдаж байгаад гал алдчихлаа, унтраах гээд дийлээгүй гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32-р хуудас/

 

3.Гэрч Э.Г-ын “З-аас юу болсон талаар асуухад шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэж ирчихээд эхнэртэйгээ маргалдаж байхад гал гарчихлаа гэж хэлсэн. Шатсан байшинг харах гээд хашаа руу орох гэтэл Онцгой байдлын ажилтан намайг хашаа руу оруулаагүй. Газар цус болчихсон заазуур байна цагдаагийн хүмүүс иртэл хашаа руу оруулахгүй гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-34-р хуудас/

 

4. Гэрч Д.Б-н “2017 оны 01 сарын 01-ний өдөр ажлаа тараад унтаж байхад охин Б, эхнэр Д- нар хоорондоо юм яриад охин уйлаад байхаар нь би босоод юу болоод байгаа талаар асуухад эхнэр Д- надад Бын нөхөр З- байшингаа шатаасан байна. Мөн охины маань зодсон байна. Заазуураар мөрийг нь зүссэн, хүзүүнд нь тулгасан, айлгасан байна гэж хэлсэн. Б, З- нар 2012 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. 2012 онд Б, З- нарыг тусдаа гарах гээд бид хоёр өөрсдийнхөө амьдарч байсан Р багийн 0-0 тоот хашаа байшинг үлдээгээд өөр тийшээ нүүсэн. Шатсан гэх байшин нь Бын эзэмшлийн хашаа байшин байгаа юм. Би Бд хашаа байшингаа өгсөн юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30-р хуудас/

 

5. Гэрч М.У-гийн “2017 оны 01 сарын 01-ний орой Б миний утас руу хүүхэд чинь гэрээ галдан шатааж, намайг заазуурдсан гэж мессэж бичсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-28-р хуудас/

 

6. Гэрч Л.Ц-ын “2016 оны 12 сарын 31-ний өглөө Б байшинг З- шатаасан, хүзүүнд заазуур тулгаж мөрийг нь зүссэн, хамт үхнэ гэж хоолойг нь боосон гэж ярьж байсан. Тэр үед З- согтуу байсан гэсэн. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35-р хуудас/

 

7. Гэрч Э.Т-ийн “2016 оны 12 сарын 31-ний өглөө миний утас руу Б залгаад З- байшин шатаачихлаа, миний хүзүүнд заазуур тулгаад мөрийг зүсчихлээ гэж хэлж байсан. Би Боос яагаад байшингаа шатаачихсан юм бэ гэхэд З- согтуу орж ирээд надад уурлаад миний болон хүүхдүүдийн минь хувцасыг зуух руу хийгээд шатаасан. Тэрнээс болоод гал алдсан. Асаж байсан галыг унтраах гэсэн боловч З- хүзүүнд заазуур тулгаад унтраах юм бол ална шүү гэж сүрдүүлсэн. Байшингаас гараад гүйх гэхэд З- барьж аваад хоёр гутлыг нь тайлаад хүзүүг нь боож ухаан алдуулсан, мөн З-ын утсаар 7035101 дугаар руу дуудлага өгөх гэхэд З- уурлаад гар хазсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-р хуудас/

 

8. Гэрч Д-ын “охин маань хэлэхдээ 2016 оны 12 сарын 30-ны орой З- гэртээ халамцуу орж ирээд гэртээ ирсэнгүй, хувцас шатаасан гэж уурлаж хардаад хоёулаа эндээ үхнэ гээд Б болон хүүхдүүдийн хувцасыг гал руу хийж шатаасан. Гал асаад эхлэхээр нь унтраах гэхэд З- хүзүүнд заазуур тулгаад гал унтраавал ална шүү гээд байсан. Мөн зодсон, боож унагаасан. Тэгээд байшингаас угаартаж гарахад З- заазуураар мөрийг зүссэн гэж хэлсэн. Шатсан гэх байшинг Бд нөхөр бид хоёр өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-41-р хуудас/

 

9.Гэрч Б-гийн “2016 оны 12 сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед Рашаант багийн 15 дугаар гудамжны 4 тоотод гал гарсан гэсэн дуудлагын дагуу тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан 1 дүгээр тасгийн алба хаагчийн хамт дуудлага өгсөн айл дээр очиход Рашаант багийн 14б-06 тоот хашаанд байх 4*5 хэмжээтэй модон байшин шатаж байсан. Хашаан дотор ногоон иштэй заазуур газар хэвтэж байсан. Уг заазуурын талаар эхнэр нь манай нөхөр намайг ална гэж сүрдүүлж байгаад заазуураар зүсчихсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-р хуудас/

 

10.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 63 дугаартай дүгнэлтийн “Д.Бын биед зүүн мөрний хэсэгт шарх, нүүр, цээж, нуруу зүүн мөр, бугалга, шуу баруун шуунд зулгаралт үүсчээ. Дээрхи гэмтлүүдийн зүүн мөрний хэсэгт үүссэн шарх нь үзүүр иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүүн мөрний хэсэгт шарх, нүүр, цээж, нуруу зүүн мөр, бугалга, шуу, баруун шуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал нь гэмтлйн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун шуунд үүссэн зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 46-р хуудас/

 

11.Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 06/18 дугаартай дүгнэлтийн “Хэргийн материалтай танилцаж байхад 6,7 дугаар зурган дээр байшингийн хойд хэсэгт голлож байх зуухнаас үүсвэрлэн зуухны баруун хэсгээс эхлэн шатлага явагдсан байх магадлалтай. 6 дугаар зурган дээр зуухны зүүн талын хэсэгт хана байх бөгөөд тэр хэсэгт гал тогооны хэрэгсэл байрлаж байсан байх магадлалтай байна.

 

Иргэн, З-, Б нарын өгсөн мэдүүлэгт зуухны дээд талын тагийг таглалгүй хувцас шатаасан, мөн хувцасыг зууханд бүрэн хийлгүй шатааснаас гал дамжиж ойролцоох хялбар шатах материалд авалцаж гал түймэр тархан дэлгэрэх нөхцөл бүрдсэн байх магадлалтай. Иргэн Д.Б, иргэн З- нарын өгсөн мэдүүлгээр гадны ямар нэгэн нөлөөгүй, өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж гал түймэр гарсан байх магадлалтай. Гал түймэр нь шатлагын ачаалал, шатах бодис материалын шинж чанар шатлага явагдаж байгаа орчны нөхцөл байдлаас шалтгаалан харилцан адилгүй байдаг тул шатаж дуусах хугацааг тодорхойлоход хүндрэлтэй, Онцгой байдлын албанд дуудлага өгснөөс хойш гал унтраах анги хүрэлцэн очиж гал түймрийн голомт руу гал унтраах бодис өгөх хүртэл шатлага 6 минут үргэлжилсэн байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 59-р хуудас/

 

12. “Найдвар Од аудит” ХХК-ий 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай “байшин, эд зүйлсийг 4 000 000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. / хх-ийн 63-64-р хуудас/

 

13. Хэргийн газраас 1 ширхэг заазуур, 1 ширхэг эмэгтэй хүрэмийг хураан авч үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол. /х/х-н 17-р хуудас/

 

14. Шүүгдэгч У.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Намайг зуух руу хувцас хийх үед гал гарах нөхцөл үүсээгүй байсан. Харин зууханд бүрэн ороогүй, хувцас шатаж гал алдсан. Тухайн үед гал хяналтаас гарч зуухны хажуу талд байсан сандал руу асаад эхэлсэн. Галыг унтраах боломжгүй байсан. Б над руу таваг шидэхээр нь би ширээн дээрээс гартаа таарсан зүйлийг бариад авахад заазуур байсан. Би заазуурыг буруу харуулж яриад Бд хандаж “яагаад байгаа юм бэ чи хохь чинь шүү гэж хэлж байсан.” тэр үед гал хяналтаас гараад угаартсан. Б бид хоёр байшингаас гарсан. Быг хэзээ заазуураар зүссэн талаар мэдэхгүй байна. Бтой маргалдаж байхдаа 1-2 удаа гараараа биеийн толгой хэсэг рүү цохисон. Б хүртэл намайг зуурч авсан. Би Бын хүзүүнд заазуур тулгасан зүйл болоогүй. Б гэртээ ирэхгүй 3 хоног алга болохоор нь би уурласан. Мөн өмнө нь удаа дараа гэртээ ирэхгүй гадуур хонодог байсан. 2016 оны 12 сарын 30-ны орой намайг гэртээ ирэхэд Б согтуу орон дээр хэвтэж байсан. Би хуучин куртикээ өмсөх гээд Боос хаана байгаа талаар асуухад гал асаачихсан гэж хэлэхээр нь би уурласан юм. Өмнө миний хуучин хувцас, гутал,өөрийнхөө хувцас зэргийг шатаагаад гал асааж байсан. Тэр байдалд нь би тухай бүрт нь уурладаг байсан. Дээрхи шалтгааны улмаас Бтой маргалдаж биед нь гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг /82-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.З- мэдүүлэхдээ “тэр өдөр гэртээ ирээд эхнэр Бтой маргалдсан. Миний куртикийг шатаасан байсан учир уурандаа хүрэмээ тайлаад шатаахад Б над руу хувцас шидээд эднийг ч гэсэн шатаа гэхээр нь би зууханд авч хийсэн. Тэгтэл гал зуухнаас гарч түргэн шатаж эхэлсэн. Быг гал унтраах гэхээр нь түлэгдэж магадгүй гээд хориод болиулсан. Быг болиулж хориглож байхад мөрийг нь зүссэн байж магадгүй. Санаатай зүсээгүй. Миний буруу гэдгийг ойлгож байна” гэв.

 

Хохирогч Д.Б мэдүүлэхдээ “З-ад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, надаас уучлал гуйсан” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Жавхлантуяа ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгч У.З- нь үл ялих зүйлээр шалтаглан согтуугаар танхайрах явцдаа санаатай гал тавьсан, галыг унтраах гэсэн хохирогчийг санаатайгаар хориглож, боож унагасан, хоолойд заазуур тулгасан, үүний улмаас байшин эд зүйл шатаж, хохирогчийн биед гэмтэл учирсан байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 хоногийн хорих ял, 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулах, Ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар зарим ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоох саналтай” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд мэтгэлцэхдээ “Энэ хэрэг бол анхнаасаа танхайрах гэмт хэргийн шинжгүй байсан. Хохирогч шүүгдэгч нарын хувийн таарамжгүй харьцаанаас болж үйлдэгдсэн хэрэг. Хохирогч гэртээ ирж хоноогүй, З-ын куртикийг шатааснаас үүдэж маргалдаж биед хөнгөн гэмтэл учруулсан. Шүүгдэгч санаатай гал тавиагүй. Гал маш хурдан асаж байсан учир хохирогчийг түлэгдэж болзошгүй учраас галд ойртуулахгүй гэж ноцолдсон. Галдан шатаах гэсэн субъекив санаа сэдэлт байгаагүй хөнгөмсгөөр найдсан гэж үзэх үндэстэй. Хохирогчид галыг унтраах боломж байгаагүй. Гэрт нь ус байгаагүй. Иймд энэ хэргийн зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч У.З- нь согтуугаар 2016 оны 12 сарын 30-31-нд шилжих шөнө ** аймгийн ** сумын ** багийн 0-0 тоот гэртээ хамтран амьдрагч Д.Быг куртик шатаасан гэх үл ялих зүйлээр шалтаглан заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрч бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, танхайрах явцдаа эхнэр болон хүүхдийнхээ хувцас, Д.Бын байшин, эд хөрөнгийг санаатай галдан шатааж 4 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Бын “З- гаднаас согтуу орж ирээд яагаад миний хувцасыг шатаадаг юм бэ? чи яагаад гэртээ ирдэггүй алга болдог юм бэ? гэж агсам тавиад миний хувцас болон 2 хүүхдийнхээ хувцасыг авдарнаас гаргаж ирээд зуухны тагийг онгойлгож хувцаснуудыг хийгээд шатаасан. Би З-ыг хориглосон боловч миний үгийг авахгүйгээр хувцасыг зуух руу хийхэд маш хурдан шатаад байшин тэр чигээрээ утаатай болоод угаартаж эхэлсэн. Би байшин дотор байхдаа гал унтраах гэхэд З- наад галаа унтраавал ална шүү, ингээд дуусгачихъя бүгдийг нь шатаа гээд байсан. Би гал руу ус асгах гэсэн чинь З- ширээн дээр ил байсан ногоон иштэй заазуур аваад миний хүзүүнд тулгаад гал унтраавал ална шүү, хоёулаа ингээд эндээ үхэнэ гээд байсан. Би байшинд байхдаа З-аас зугтаагаад гараад гүйх гэхэд хүзүүнд барьж байсан заазуураараа миний зүүн талын мөрийг зүссэн. Би З-аас гар утсаа өгөөч, Онцгой байдлын албанд дуудлага өгөх хэрэгтэй байна гэхэд З- утсаа өгөхгүй, ингээд шатаг гээд байхаар нь З-ын утсыг булааж авахад З- миний баруун гарын шуу хэсгийг хазсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт очсон гэх Э.О-, Э.Г-, Б- нарын мэдүүлэг, хэргийн талаар хохирогч Боос сонссон гэрч Д.Бавуужин, М.У-, Л.Ц-, Э.Т-, Д- нарын мэдүүлэг, хохирогч Бын биед үзлэг хийж “зүүн мөрний хэсэгт шарх, нүүр, цээж, нуруу зүүн мөр, бугалга, шуу баруун шуунд зулгаралт үүссэн болохыг тогтоож уг гэмтлүүдийн зүүн мөрний хэсэгт үүссэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болох, зүүн мөрний хэсэгт шарх, нүүр, цээж, нуруу зүүн мөр, бугалга, шуу, баруун шуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал нь гэмтлйн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болох 1 ширхэг заазуур, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд “У.З-ын үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжгүй, хувийн сэдэлттэй, санаатай галдан шатаагаагүй, болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарсан учир хэргийг зүйлчлэлийг өөрчилж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч У.З-ын үйлдэл нь гэр бүлийн маргаан гэхээсээ илүүтэй уг маргааныг шалтаглан согтуугаар, гэнэт үүссэн сэдлээр, хохирогчийг айлган дарамталж, хутга мэс хэрэглэн догшин авирлаж, илтэд ёс зүйгүй үйлдлээр гэр бүлийн гишүүдийнхээ хувцас, эд хөрөнгийг санаатай галдан шатааж, гал гаргахгүй унтраах гэсэн хохирогчийн үйлдлийг айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх замаар таслан зогсоож танхайрсан гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.З- нь “хохирогч Быг түлэгдэж магадгүй гэж бодож гал унтраахыг нь хориглосон, хохирогчийг боож унагасан, хоолойд хутга тулгасан зүйл байхгүй гэж мэдүүлж байх боловч уг мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. Харин хохирогчийн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт, гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

У.З- нь танхайрах явцдаа хэд хэдэн объектод халдсан бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь танхайрах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус хангаж байх тул Эрүүгийн хуулийн тохирох зүйл хэсгээр давхар зүйлчилсэн нь үндэстэй байна.

 

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн санал дүгнэлт, мэдүүлгийг хүлээн авах боломжгүй байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.З-ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч, шүүгдэгч нар шинээр баригдсан байшингаа Бд өгөхөөр тохиролцсон учир хохирол төлөгдсөн гэж үзэх үндэстэй” гэсэн санал дүгнэлт гаргажээ.

 

Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “шатсан эд зүйлийн хохирлыг үнэлгээний дагуу У.З-аас нэхэмжлэн гаргуулна” гэсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, гэм хорын нэхэмжлэлгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.З-ад ял шийтгэл оногдуулахдаа  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож үзлээ.

 

Мөн шүүгдэгч У.З- нь хутга мэс хэрэглэж, галдан шатаах зэрэг нийгэмд аюултай, хүнд хор уршиг учирч болох аргаар гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаан хүртэл хугацаанд шүүгдэгч У.З- нь 88 /наян найм/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, цамц 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн 201714000009 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.З- нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 293, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч А- овгийн У-гийн З-ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Шүүгдэгч У.З-ыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 /тав/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 5 /тав/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч У.З-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар оногдуулсан 5/тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ялаас 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил/, 6 /зургаа/ сар, 1/нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч У.З-ад оногдуулсан 5/тав/ жил/, 6/зургаа/ сар, 1/нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч У.З-ын цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.З- нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.З-ад авсан бусдын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж биечлэн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС

 ШҮҮГЧИД                                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                                                                         Ж. БАЙГАЛМАА