Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00076

 

 

 

 

 

 

 

                             

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Г.Энхбат

Иргэдийн төлөөлөгч Ц.Сайнбаяр

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Хохирогч Б.Бундхорол

Шүүгдэгч У.Заяат нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аргамууд овгийн Ундармаагийн Заяатад холбогдох 201714000009 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгч Аргамууд овгийн Ундармаагийн Заяат, Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг, 14-6Б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:РЭ89040110/

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч У.Заяат нь согтуугаар 2016 оны 12 сарын 30-31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 14-6б тоот гэртээ хамтран амьдрагч Д.Бундхоролыг куртик шатаасан гэх үл ялих зүйлээр шалтаглан заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрч бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн куртикээ шатаасан, гэртээ ирсэнгүй гэх шалтгаанаар эхнэр болон хүүхдийнхээ хувцасыг зуухны дээд талын тагийг онгойлгон шатааж, галыг унтраах боломжтой байхад унтраалгүй Д.Бундхоролын байшин эд хөрөнгийг галдан шатааж 4 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.2 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 1. Хохирогч Д.Бундхоролын “2016 оны 12 сарын 30-ны орой гэртээ харихад хүн байхгүй байсан. Байшин их хүйтэн байсан болохоор гал түлэх гэсэн чинь мод нойтон байхаар нь би Заяатын нүүрс оруулахдаа өмсдөг муу куртикийг нь шатааж гал асааж байхад Заяат гаднаас согтуу орж ирээд яагаад миний хувцасыг шатаадаг юм бэ? чи яагаад гэртээ ирдэггүй алга болдог юм бэ? гэж агсам тавиад миний хувцас болон 2 хүүхдийнхээ хувцасыг авдарнаас гаргаж ирээд зуухны тагийг онгойлгож хувцаснуудыг хийгээд шатаасан. Би Заяатыг хориглосон боловч миний үгийг авахгүйгээр хувцасыг зуух руу хийхэд маш хурдан шатаад байшин тэр чигээрээ утаатай болоод угаартаж эхэлсэн. Би байшин дотор байхдаа гал унтраах гэхэд Заяат наад галаа унтраавал ална шүү, ингээд дуусгачихъя бүгдийг нь шатаа гээд байсан. Би гал руу ус асгах гэсэн чинь Заяат ширээн дээр ил байсан ногоон иштэй заазуур аваад миний хүзүүнд тулгаад гал унтраавал ална шүү, хоёулаа ингээд эндээ үхэнэ гээд байсан. Би байшинд байхдаа Заяатаас зугтаагаад гараад гүйх гэхэд хүзүүнд барьж байсан заазуураараа миний зүүн талын мөрийг зүссэн. Би Заяатаас гар утсаа өгөөч, Онцгой байдлын албанд дуудлага өгөх хэрэгтэй байна гэхэд Заяат утсаа өгөхгүй, ингээд шатаг гээд байхаар нь Заяатын утсыг булааж авахад Заяат миний баруун гарын шуу хэсгийг хазсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-22-р хуудас/

 

2.Гэрч Э.Оргилын “Галбадрах бид хоёр Заяатын гэрт очиход Онцгой байдлын алба хаагч нар ирээд байшинд гарсан галыг унтраачихсан байсан. Заяат Бундхорол нар Онцгой байдлын машинд суучихсан байсан. Би Заяатаас юу болсон талаар асуухад эхнэр бид хоёр жаахан маргалдаж байгаад гал алдчихлаа, унтраах гээд дийлээгүй гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32-р хуудас/

 

3.Гэрч Э.Галбадрахын “Заяатаас юу болсон талаар асуухад шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэж ирчихээд эхнэртэйгээ маргалдаж байхад гал гарчихлаа гэж хэлсэн. Шатсан байшинг харах гээд хашаа руу орох гэтэл Онцгой байдлын ажилтан намайг хашаа руу оруулаагүй. Газар цус болчихсон заазуур байна цагдаагийн хүмүүс иртэл хашаа руу оруулахгүй гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-34-р хуудас/

 

4. Гэрч Д.Бавуужийн “2017 оны 01 сарын 01-ний өдөр ажлаа тараад унтаж байхад охин Бундхорол, эхнэр Даранбазар нар хоорондоо юм яриад охин уйлаад байхаар нь би босоод юу болоод байгаа талаар асуухад эхнэр Даранбазар надад Бундхоролын нөхөр Заяат байшингаа шатаасан байна. Мөн охины маань зодсон байна. Заазуураар мөрийг нь зүссэн, хүзүүнд нь тулгасан, айлгасан байна гэж хэлсэн. Бундхорол, Заяат нар 2012 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. 2012 онд Бундхорол, Заяат нарыг тусдаа гарах гээд бид хоёр өөрсдийнхөө амьдарч байсан Рашаант багийн 14-6Б тоот хашаа байшинг үлдээгээд өөр тийшээ нүүсэн. Шатсан гэх байшин нь Бундхоролын эзэмшлийн хашаа байшин байгаа юм. Би Бундхоролд хашаа байшингаа өгсөн юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30-р хуудас/

 

5. Гэрч М.Ундармаагийн “2017 оны 01 сарын 01-ний орой Бундхорол миний утас руу хүүхэд чинь гэрээ галдан шатааж, намайг заазуурдсан гэж мессэж бичсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-28-р хуудас/

 

6. Гэрч Л.Цэрэнжаргалын “2016 оны 12 сарын 31-ний өглөө Бундхорол байшинг Заяат шатаасан, хүзүүнд заазуур тулгаж мөрийг нь зүссэн, хамт үхнэ гэж хоолойг нь боосон гэж ярьж байсан. Тэр үед Заяат согтуу байсан гэсэн. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35-р хуудас/

 

7. Гэрч Э.Төмөрийн “2016 оны 12 сарын 31-ний өглөө миний утас руу Бундхорол залгаад Заяат байшин шатаачихлаа, миний хүзүүнд заазуур тулгаад мөрийг зүсчихлээ гэж хэлж байсан. Би Бундхоролоос яагаад байшингаа шатаачихсан юм бэ гэхэд Заяат согтуу орж ирээд надад уурлаад миний болон хүүхдүүдийн минь хувцасыг зуух руу хийгээд шатаасан. Тэрнээс болоод гал алдсан. Асаж байсан галыг унтраах гэсэн боловч Заяат хүзүүнд заазуур тулгаад унтраах юм бол ална шүү гэж сүрдүүлсэн. Байшингаас гараад гүйх гэхэд Заяат барьж аваад хоёр гутлыг нь тайлаад хүзүүг нь боож ухаан алдуулсан, мөн Заяатын утсаар 7035101 дугаар руу дуудлага өгөх гэхэд Заяат уурлаад гар хазсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-р хуудас/

 

8. Гэрч Даранбазарын “охин маань хэлэхдээ 2016 оны 12 сарын 30-ны орой Заяат гэртээ халамцуу орж ирээд гэртээ ирсэнгүй, хувцас шатаасан гэж уурлаж хардаад хоёулаа эндээ үхнэ гээд Бундхорол болон хүүхдүүдийн хувцасыг гал руу хийж шатаасан. Гал асаад эхлэхээр нь унтраах гэхэд Заяат хүзүүнд заазуур тулгаад гал унтраавал ална шүү гээд байсан. Мөн зодсон, боож унагаасан. Тэгээд байшингаас угаартаж гарахад Заяат заазуураар мөрийг зүссэн гэж хэлсэн. Шатсан гэх байшинг Бундхоролд нөхөр бид хоёр өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-41-р хуудас/

 

9.Гэрч Батмагнайгийн “2016 оны 12 сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед Рашаант багийн 15 дугаар гудамжны 4 тоотод гал гарсан гэсэн дуудлагын дагуу тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан 1 дүгээр тасгийн алба хаагчийн хамт дуудлага өгсөн айл дээр очиход Рашаант багийн 14б-06 тоот хашаанд байх 4*5 хэмжээтэй модон байшин шатаж байсан. Хашаан дотор ногоон иштэй заазуур газар хэвтэж байсан. Уг заазуурын талаар эхнэр нь манай нөхөр намайг ална гэж сүрдүүлж байгаад заазуураар зүсчихсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-р хуудас/

 

10.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 63 дугаартай дүгнэлтийн “Д.Бундхоролын биед зүүн мөрний хэсэгт шарх, нүүр, цээж, нуруу зүүн мөр, бугалга, шуу баруун шуунд зулгаралт үүсчээ. Дээрхи гэмтлүүдийн зүүн мөрний хэсэгт үүссэн шарх нь үзүүр иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүүн мөрний хэсэгт шарх, нүүр, цээж, нуруу зүүн мөр, бугалга, шуу, баруун шуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал нь гэмтлйн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун шуунд үүссэн зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 46-р хуудас/

 

11.Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 06/18 дугаартай дүгнэлтийн “Хэргийн материалтай танилцаж байхад 6,7 дугаар зурган дээр байшингийн хойд хэсэгт голлож байх зуухнаас үүсвэрлэн зуухны баруун хэсгээс эхлэн шатлага явагдсан байх магадлалтай. 6 дугаар зурган дээр зуухны зүүн талын хэсэгт хана байх бөгөөд тэр хэсэгт гал тогооны хэрэгсэл байрлаж байсан байх магадлалтай байна.

 

Иргэн, Заяат, Бундхорол нарын өгсөн мэдүүлэгт зуухны дээд талын тагийг таглалгүй хувцас шатаасан, мөн хувцасыг зууханд бүрэн хийлгүй шатааснаас гал дамжиж ойролцоох хялбар шатах материалд авалцаж гал түймэр тархан дэлгэрэх нөхцөл бүрдсэн байх магадлалтай. Иргэн Д.Бундхорол, иргэн Заяат нарын өгсөн мэдүүлгээр гадны ямар нэгэн нөлөөгүй, өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж гал түймэр гарсан байх магадлалтай. Гал түймэр нь шатлагын ачаалал, шатах бодис материалын шинж чанар шатлага явагдаж байгаа орчны нөхцөл байдлаас шалтгаалан харилцан адилгүй байдаг тул шатаж дуусах хугацааг тодорхойлоход хүндрэлтэй, Онцгой байдлын албанд дуудлага өгснөөс хойш гал унтраах анги хүрэлцэн очиж гал түймрийн голомт руу гал унтраах бодис өгөх хүртэл шатлага 6 минут үргэлжилсэн байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 59-р хуудас/

 

12. “Найдвар Од аудит” ХХК-ий 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай “байшин, эд зүйлсийг 4 000 000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. / хх-ийн 63-64-р хуудас/

 

13. Хэргийн газраас 1 ширхэг заазуур, 1 ширхэг эмэгтэй хүрэмийг хураан авч үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол. /х/х-н 17-р хуудас/

 

14. Шүүгдэгч У.Заяатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Намайг зуух руу хувцас хийх үед гал гарах нөхцөл үүсээгүй байсан. Харин зууханд бүрэн ороогүй, хувцас шатаж гал алдсан. Тухайн үед гал хяналтаас гарч зуухны хажуу талд байсан сандал руу асаад эхэлсэн. Галыг унтраах боломжгүй байсан. Бундхорол над руу таваг шидэхээр нь би ширээн дээрээс гартаа таарсан зүйлийг бариад авахад заазуур байсан. Би заазуурыг буруу харуулж яриад Бундхоролд хандаж “яагаад байгаа юм бэ чи хохь чинь шүү гэж хэлж байсан.” тэр үед гал хяналтаас гараад угаартсан. Бундхорол бид хоёр байшингаас гарсан. Бундхоролыг хэзээ заазуураар зүссэн талаар мэдэхгүй байна. Бундхоролтой маргалдаж байхдаа 1-2 удаа гараараа биеийн толгой хэсэг рүү цохисон. Бундхорол хүртэл намайг зуурч авсан. Би Бундхоролын хүзүүнд заазуур тулгасан зүйл болоогүй. Бундхорол гэртээ ирэхгүй 3 хоног алга болохоор нь би уурласан. Мөн өмнө нь удаа дараа гэртээ ирэхгүй гадуур хонодог байсан. 2016 оны 12 сарын 30-ны орой намайг гэртээ ирэхэд Бундхорол согтуу орон дээр хэвтэж байсан. Би хуучин куртикээ өмсөх гээд Бундхоролоос хаана байгаа талаар асуухад гал асаачихсан гэж хэлэхээр нь би уурласан юм. Өмнө миний хуучин хувцас, гутал,өөрийнхөө хувцас зэргийг шатаагаад гал асааж байсан. Тэр байдалд нь би тухай бүрт нь уурладаг байсан. Дээрхи шалтгааны улмаас Бундхоролтой маргалдаж биед нь гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг /82-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Заяат мэдүүлэхдээ “тэр өдөр гэртээ ирээд эхнэр Бундхоролтой маргалдсан. Миний куртикийг шатаасан байсан учир уурандаа хүрэмээ тайлаад шатаахад Бундхорол над руу хувцас шидээд эднийг ч гэсэн шатаа гэхээр нь би зууханд авч хийсэн. Тэгтэл гал зуухнаас гарч түргэн шатаж эхэлсэн. Бундхоролыг гал унтраах гэхээр нь түлэгдэж магадгүй гээд хориод болиулсан. Бундхоролыг болиулж хориглож байхад мөрийг нь зүссэн байж магадгүй. Санаатай зүсээгүй. Миний буруу гэдгийг ойлгож байна” гэв.

 

Хохирогч Д.Бундхорол мэдүүлэхдээ “Заяатад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, надаас уучлал гуйсан” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Жавхлантуяа ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгч У.Заяат нь үл ялих зүйлээр шалтаглан согтуугаар танхайрах явцдаа санаатай гал тавьсан, галыг унтраах гэсэн хохирогчийг санаатайгаар хориглож, боож унагасан, хоолойд заазуур тулгасан, үүний улмаас байшин эд зүйл шатаж, хохирогчийн биед гэмтэл учирсан байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 хоногийн хорих ял, 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулах, Ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар зарим ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоох саналтай” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд мэтгэлцэхдээ “Энэ хэрэг бол анхнаасаа танхайрах гэмт хэргийн шинжгүй байсан. Хохирогч шүүгдэгч нарын хувийн таарамжгүй харьцаанаас болж үйлдэгдсэн хэрэг. Хохирогч гэртээ ирж хоноогүй, Заяатын куртикийг шатааснаас үүдэж маргалдаж биед хөнгөн гэмтэл учруулсан. Шүүгдэгч санаатай гал тавиагүй. Гал маш хурдан асаж байсан учир хохирогчийг түлэгдэж болзошгүй учраас галд ойртуулахгүй гэж ноцолдсон. Галдан шатаах гэсэн субъекив санаа сэдэлт байгаагүй хөнгөмсгөөр найдсан гэж үзэх үндэстэй. Хохирогчид галыг унтраах боломж байгаагүй. Гэрт нь ус байгаагүй. Иймд энэ хэргийн зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч У.Заяат нь согтуугаар 2016 оны 12 сарын 30-31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 14-6б тоот гэртээ хамтран амьдрагч Д.Бундхоролыг куртик шатаасан гэх үл ялих зүйлээр шалтаглан заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрч бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, танхайрах явцдаа эхнэр болон хүүхдийнхээ хувцас, Д.Бундхоролын байшин, эд хөрөнгийг санаатай галдан шатааж 4 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Бундхоролын “Заяат гаднаас согтуу орж ирээд яагаад миний хувцасыг шатаадаг юм бэ? чи яагаад гэртээ ирдэггүй алга болдог юм бэ? гэж агсам тавиад миний хувцас болон 2 хүүхдийнхээ хувцасыг авдарнаас гаргаж ирээд зуухны тагийг онгойлгож хувцаснуудыг хийгээд шатаасан. Би Заяатыг хориглосон боловч миний үгийг авахгүйгээр хувцасыг зуух руу хийхэд маш хурдан шатаад байшин тэр чигээрээ утаатай болоод угаартаж эхэлсэн. Би байшин дотор байхдаа гал унтраах гэхэд Заяат наад галаа унтраавал ална шүү, ингээд дуусгачихъя бүгдийг нь шатаа гээд байсан. Би гал руу ус асгах гэсэн чинь Заяат ширээн дээр ил байсан ногоон иштэй заазуур аваад миний хүзүүнд тулгаад гал унтраавал ална шүү, хоёулаа ингээд эндээ үхэнэ гээд байсан. Би байшинд байхдаа Заяатаас зугтаагаад гараад гүйх гэхэд хүзүүнд барьж байсан заазуураараа миний зүүн талын мөрийг зүссэн. Би Заяатаас гар утсаа өгөөч, Онцгой байдлын албанд дуудлага өгөх хэрэгтэй байна гэхэд Заяат утсаа өгөхгүй, ингээд шатаг гээд байхаар нь Заяатын утсыг булааж авахад Заяат миний баруун гарын шуу хэсгийг хазсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт очсон гэх Э.Оргил, Э.Галбадрах, Батмагнай нарын мэдүүлэг, хэргийн талаар хохирогч Бундхоролоос сонссон гэрч Д.Бавуужин, М.Ундармаа, Л.Цэрэнжаргал, Э.Төмөр, Даранбазар нарын мэдүүлэг, хохирогч Бундхоролын биед үзлэг хийж “зүүн мөрний хэсэгт шарх, нүүр, цээж, нуруу зүүн мөр, бугалга, шуу баруун шуунд зулгаралт үүссэн болохыг тогтоож уг гэмтлүүдийн зүүн мөрний хэсэгт үүссэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болох, зүүн мөрний хэсэгт шарх, нүүр, цээж, нуруу зүүн мөр, бугалга, шуу, баруун шуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал нь гэмтлйн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болох 1 ширхэг заазуур, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд “У.Заяатын үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжгүй, хувийн сэдэлттэй, санаатай галдан шатаагаагүй, болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарсан учир хэргийг зүйлчлэлийг өөрчилж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч У.Заяатын үйлдэл нь гэр бүлийн маргаан гэхээсээ илүүтэй уг маргааныг шалтаглан согтуугаар, гэнэт үүссэн сэдлээр, хохирогчийг айлган дарамталж, хутга мэс хэрэглэн догшин авирлаж, илтэд ёс зүйгүй үйлдлээр гэр бүлийн гишүүдийнхээ хувцас, эд хөрөнгийг санаатай галдан шатааж, гал гаргахгүй унтраах гэсэн хохирогчийн үйлдлийг айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх замаар таслан зогсоож танхайрсан гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.Заяат нь “хохирогч Бундхоролыг түлэгдэж магадгүй гэж бодож гал унтраахыг нь хориглосон, хохирогчийг боож унагасан, хоолойд хутга тулгасан зүйл байхгүй гэж мэдүүлж байх боловч уг мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. Харин хохирогчийн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт, гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

У.Заяат нь танхайрах явцдаа хэд хэдэн объектод халдсан бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь танхайрах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус хангаж байх тул Эрүүгийн хуулийн тохирох зүйл хэсгээр давхар зүйлчилсэн нь үндэстэй байна.

 

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн санал дүгнэлт, мэдүүлгийг хүлээн авах боломжгүй байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Заяатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч, шүүгдэгч нар шинээр баригдсан байшингаа Бундхоролд өгөхөөр тохиролцсон учир хохирол төлөгдсөн гэж үзэх үндэстэй” гэсэн санал дүгнэлт гаргажээ.

 

Хохирогч Д.Бундхорол нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “шатсан эд зүйлийн хохирлыг үнэлгээний дагуу У.Заяатаас нэхэмжлэн гаргуулна” гэсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, гэм хорын нэхэмжлэлгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.Заяатад ял шийтгэл оногдуулахдаа  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож үзлээ.

 

Мөн шүүгдэгч У.Заяат нь хутга мэс хэрэглэж, галдан шатаах зэрэг нийгэмд аюултай, хүнд хор уршиг учирч болох аргаар гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаан хүртэл хугацаанд шүүгдэгч У.Заяат нь 88 /наян найм/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, цамц 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн 201714000009 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Заяат нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 293, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Аргамууд овгийн Ундармаагийн Заяатыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Шүүгдэгч У.Заяатыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 /тав/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 5 /тав/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч У.Заяатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар оногдуулсан 5/тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ялаас 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил/, 6 /зургаа/ сар, 1/нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч У.Заяатад оногдуулсан 5/тав/ жил/, 6/зургаа/ сар, 1/нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч У.Заяатын цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Заяат нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Заяатад авсан бусдын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж биечлэн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС

 ШҮҮГЧИД                                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                                                                         Ж. БАЙГАЛМАА