Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/248

 

 

   

 

 

 

 

 

    

  2024          03           28                                    2024/ШЦТ/248

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч П.Итгэл,  

шүүгдэгч А.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц овогт А-н М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт С дүүргийн * дугаар хороо Баянголын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт А-н М- /РД:***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.М- Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Б” хүнсний дэлгүүрийн урд замд 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн орчимд Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн ****, Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүдийг мөн явган зорчигч Т.М-г мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний үений урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, суналт, зөөлөн эдийн няцрал, зэрэгцээ холбоосын суналт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.М- тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Т.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...2024 оны 01 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн орчим гэрээсээ гараад **” орох гээд өөрийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа Баянхошууны хөтлөөр даваад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд “**” дэлгүүрийн хойд талын зам дээр явж байгаад зам хальтиргаатай байгааг мэдээд хурдаа хасах гээд тоормосоо гишгэсэн. Гэтэл миний унаж явсан машины бөгс зүүн тийш шарваад автобусны кармаа хэсэг рүү гулгаад машин ямар ч жолоодлогогүй болсон. Тэгээд буудлын карманд зогсож байсан “Тоёота Приус-30” машины багажыг нэг хүн онгойлгоод дотроос нь юм аваад баруун тийш эргэж байхад нь эхлээд тэр машиныг мөргөөд дараа нь тухайн хүнийг мөргөөд машин зогссон. Би машинаасаа буухад автобусны буудлын зам дээр баруун тийш доош хараад хэвтэж байсан. Би шууд түргэн, цагдаа дуудсан. Мөн миний машин урагшлаад урдаа зогсож байсан “Тоёота Приус” маркийн машиныг мөргөсөн байсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Т.М-т 680.000 төгрөг, Б.Т-д 140.000 төгрөг, Б-д 615.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дэх тал/,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,

           

           Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

 

            Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

            Хохирогч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчим ...таксины араас мах аваад эргэтэл нэг машин тухайн таксиг хойд тал руу нь мөргөөд шарвасан. Тэр үед миний 2 хөлийн ар хэсэг рүү мөргөсөн. Би газар унаад босох гэтэл чадахгүй байсан. Тэгээд манай эхнэр Г түргэнд дуудлага өгсөн. Түргэний эмч намайг үзсэн, Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд толгойн томограф хийлгэсэн. Ослоос болж миний зүүн өвдөгний чагтан холбоос гэмтсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

           Хохирлын баримтууд /хх-ийн 16-19 дэх тал/,

 

           Иргэний нэхэмжлэгч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...Тухайн орой 22 цагийн орчим “Тоёота приус” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслээр ажлаа хийгээд Баянхошууны эцэс орчихоод автобусны буудал дээр дуудлага аваад хүүгээ хүлээгээд зогсож байхад миний хойд талд цагаан өнгийн “Тоёота Приус” маркийн машин ирж зогсоод удаагүй байж байтал тэр машиныг араас нь нэг машин мөргөөд миний ард зогсож байсан машины араас мөргөсөн. Нөгөө машинуудын жолооч нар нь бууж ирээд цагдаа, түргэн дуудсан. Уг ослын улмаас миний бие болон тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

           Иргэний нэхэмжлэгч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...Тухайн өдөр өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй халтуур хийгээд явж байгаад Таван шар”-ын драгоны урдаас хоёр настай хүн, 3 хүүхдийн хамт зурагт явна гэхээр нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд Баянхошууны буудал дээр тухайн хүмүүсийг буулгаж өгөх гээд багажаа онгойлгоод байж байхад тэр хүмүүсийг тосож авахаар 30 гаруй насны залуу зогсож байсан, тэр залуу хүрч ирээд ачаагаа аваад зогсож байхад нэг машин ирээд араас нь мөргөсөн. Мөн миний машиныг бас мөргөсөн. Мөргүүлсэн залуугийн ар гэрийнхэн цагдаа, түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн ирээд эмнэлэг рүү аваад явсан. Би тухайн ослоос болж машины багажны хаалганд цохигдож толгойдоо оёдол тавиулсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

           Иргэний нэхэмжлэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...Т.М нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын үйличилгээ авч Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв”-д хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 135.000 төгрөг гарсныг А.М-аас гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

 

           Шүүгдэгч А.М-ын Эрүүл мэндийн даатгалын санд 135.000 төгрөг төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 52 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *** *** Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Т.М-н биед зүүн өвдөгний үений урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, суналт, зөөлөн эдийн няцрал, зэрэгцээ холбоосын суналт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Б.Т-н биед зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн “...буфер 450.000 төгрөг, будах зардал 130.000 төгрөг, шууд бус зардал нийт 35.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 86 дахь тал/,

 

“Кости Астимэйт” ХХК-ийн хөрөнгийн “...хойд буфер 450.000 төгрөг, зүүн хойд гэрэл 400.000 төгрөг, зүүн хойд тогтоогч зам 40.000 төгрөг, багажны хар хайрцаг 35.000 төгрөг, урд буфер 1.200.000 төгрөг, баруун урд их гэрэл 850.000 төгрөг, баруун урд крило 150.000 төгрөг, ар тал 300.000 төгрөг, зүүн хойд крило, шанаа 300.000 төгрөг, багажны шал 200.000 төгрөг, зүүн хойд лонжром 200.000 төгрөг, эд анги солих 650.000 төгрөг будах зардал 2.500.000 төгрөг, шууд бус зардал 120.000 төгрөг, нийт 5.595.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 94 дэх тал/,

 

2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн 254 дугаартай магадлагаа / хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

 

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн “...Тоёота Приус-30 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд буфер зүүн талдаа хагарсан, копуд голын хэсэгтээ хонхойсон, бүртгэлийн дугаарын суурь хугарсан, зүүн талын их гэрэлийн гэрэл ойлгогч цайр гадна талын хамгаалалтын бүрхүүл хагарсан, тогтоогч сэнж хугарсан, хол, ойрын гэрэл асахгүй байна. Хэрэв энэхүү зам тээврийн ослын үед тухайн автотээврийн хэрэгслийн зүүн урд талаар ямарваа нэгэн гадны биет мөргөсөн бол энэхүү эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн байх боломжтой. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмжөөр шалгахад 1 ба 2-р тэнхлэгийн тормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Тоормосны мөр зам дээр үүснэ. “Тоёота приус 30” маркийн *** дугаартай тээврийн хэрэгслийн 1 ба 2-р тэнхлэгийн дугуйнууд “Hankook” брендийн 205/55R17 хэмжээтэй, MS тэмдэглэгээтэй өвлийн улирлын дугуйтай байна. Тоног төхөөрөмжийн хэмжилтээс үзэхэд баруун талын хол ойрын гэрэл тусгал болон тохиргоо стандартын шаардлага хангаж байна. Зүүн талын их гэрлийн гэрэл ойлгогч, цайр, гадна талын хамгаалалтын бүрхүүл хагарсан, тогтоогч сэнж хугарсан, хол ойрын гэрэл асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 106-113 дахь тал/,

 

Хохирогч Т.М-н “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хүний сэтгэцэд учирсан хор уршигийн төлбөр нэхэмжлэхгүй...” гэх баримт /хавтаст хэргийн 142 дахь тал/, хохирол төлбөрт 680.000 төгрөг хүлээн авсан гэх баримт /хавтаст хэргийн 143 дахь тал/, 

 

Шүүгдэгч А.М-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 57 дахь тал/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 136 дахь тал/, гэрч Ш.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 137 дахь тал/, гэрч Ц.А-н мэдүүлэг /хавтаст хэргийн 140- дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч А.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч А.М-ад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт шүүгдэгч А.М- нь Эрүүл мэндийн даатгалын санд 135.000 төгрөг төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 52 дахь тал/, хохирогч Т.М-н хохирол төлбөрт 680.0000 төгрөг хүлээн авсан...” гэх баримт 143 дахь тал/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч А.М-ыг бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.М- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц овогт А-н М-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч А.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ад оногдуулсан 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч А.М- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ