Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2021/00107

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж,шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын нэхэмжлэлтэй *******д холбогдох Зээл, зээлийн хүү 2.746.400 төгрөг гаргуулах-ыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, Моностой 2 дугаар баг, Төхөм хороо 13 дугаар хэсэг, 13-10 тоотод оршин суух, Жавхлант сумын Засаг даргын тамгын газарт бэлчээр, газар тариалан,жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн ажилтай

Халиугчин овгийн *******ын *******

регистрийн дугаар:МД- *******

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Лхагваням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой 2 дугаар багт оршин сууж байсан Амгай овогт Янжмаа нь 2013 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр сум хөгжүүлэх сангаас Хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалттаар төсөл хэрэгжүүлэхээр 2.600.000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр дараах хуваарийн дагуу төлөхөөр авсан. 2014 оны 5 дугаар сард 600.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 2.000.000 төгрөг.

Гэвч иргэн ******* нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нас барсан тул уг зээл одоог хүртэл төлөгдөөгүй байна. Тус зээл нь улсын төсвөөс олгосон бөгөөд төрийн сангийн санхүүгийн тайлан тооцоонд тайлагнагдаж байдаг.

Иймд хариуцагч болох ******* нь нас барж зээлийг төлөх өөр хүнгүй тул үндсэн зээл 2.600.000 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 110.000 төгрөг, алданги 36.400 төгрөг нийт 2.746.400 төгрөгийг зохих хууль журмын дагуу хүчингүй болгож өгнө үү! ... гэжээ

... гэжээ.

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч ******* нь 2013 онд сум хөгжүүлэх сангаас 2.500.000 төгрөгийн зээл авсан. Уг зээл нь 3 жилийн хугацаанд эргэн төлөлт хийх байсан боловч гэрээнд заасан хугацаанд зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй. Ингээд эвлэрлийн гэрээ байгуулсан боловч 100.000 төгрөгийг төлж бусад мөнгийг төлөхгүй байсаар 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өвчний улмаас нас барсан. Одоо нийт хуримтлагдсан зээлийн хүү, алданги 2.746.400 төгрөг болсон. Энэ мөнгө нь төрийн мөнгө буюу төрийн сангийн гүйлгээнд мэдээлэгддэг учир зохих хууль ёсны дагуу хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэв.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргаас *******д холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон Зээл,зээлийн хүү 2746.400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

******* нь 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Сум хөгжүүлэх сангаас Хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалттаар төсөл хэрэгжүүлэхээр 2.600.000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр авсан байна.

Зээлдэгч ******* нь зээл авснаас хойш биеийн эрүүл мэнд нь муудаж, төсөл хэрэгжүүлэх боломжгүй байснаар 2019 оны 06 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар нотлогдсон байна.

Сум хөгжүүлэх сангаас олгосон 2.600.000 төгрөгийн зээлийг төлөх үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгэгч *******д хамааралтай болох нь баримтаар нотлогдсон байх тул үүрэг гүйцэтгэгч нас барсан, уг зээлийг төлөх боломжгүй, үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлтэй байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн *******д холбогдох зээл, зээлийн хүү 2.746.400 төгрөгний төлөх үүргийг дуусгавар болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжид төлөх 58.892 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******гийн Сум хөгжүүлэх сангийн зээлд 2.746.400 төгрөг төлөх үүргийг дуусгавар болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 58.892 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэх болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ