Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/281

 

 

 

 

 

 

 

 

    2024          04         09                                      2024/ШЦТ/281

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв хөтлөн,

улсын яллагч Г.Онон,  

шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт О-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү, эгч нарын хамт Х дүүргийн ***  дугаар хороо, * *** дугаар байрны *** тоотод оршин суудаг гэх, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт О-н Б- /Регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Б- 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны урд талын саравчинд хохирогч Х.М-н эзэмшлийн “Редми Нөүт-11” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар гар утсыг нь ашиглан түүний эзэмшлийн “ХААН” банкны *** дугаартай данснаас нийт 259.000 төгрөгийг гарган авч бусдад нийт 821.500 төрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б- бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан бөгөөд надад хохирогч ойролцоогоор 600.000 төгрөгийн өртэй байсан. Гэтэл тэрийгээ өгөхгүй байхаар нь би уурандаа ийм болчимгүй зүйл хийсэн. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дэх тал/,

 

            Хохирогч Х.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд над руу танил Б- фэйсбүүк цахим хаягнаасаа залгаж “ахаа би компьютер тоглоомын газар байна, над руу мөнгө шилжүүлээч” гэж хэлсэн. Би тухайн үед компьютер тоглоомын газрын данс руу Б-ийн тоглосон тооцоог төлсөн. Яг хэдэн төгрөг шилжүүлсэн талаараа одоо санахгүй байна. Намайг Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны баруун талын тоглоомын талбай дээр байрлалтай саравчинд сууж байхад Б- хүрч ирээд юм ярьж байгаад “өлсөөд байна, та надад идэх юм аваад өг” гэж хэлэхээр нь Б-ийг дагуулаад 10 дугаар хорооллын хойно байрлах “**” дэлгүүр рүү орж гоймон, сендвич, кимбаб авч өгсөн. Авсан зүйлсээ идэж дуусаад “**” дэлгүүрээс гараад хойш чиглэлтэй алхаж байгаад 14 дүгээр байрны саравчинд очоод тамхи татаад сууж байхад Б- надаас “ахаа би явлаа, та надад таксинд суух 2000 төгрөг байвал өгөөч” гэж хэлэхээр нь би гар утсаа гаргаж ирээд “ХААН” банкны интернэт банк руугаа орсон. Намайг мөнгө шилжүүлэх үед Б- “ахаа би өөрөө дансаа хийе” гэж хэлээд надаас гар утсыг маань аваад хойшоо чиглэлтэй далангийн зам руу гүйсэн. Би ардаас нь гүйгээд гүйцээгүй тул замд таарсан хүний утаснаас цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2123 дахь тал/,

 

           Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 20-ны өглөө би 5-6 цагийн орчим гэрээсээ гараад 10 дугаар хорооллын туслах замын ард явж байхад үл таних 165 сантиметр орчим өндөртэй, бондгор залуу ирээд гар утсаараа нэг залгаад өгөөч, миний гар утсыг дээрэмдчихлээ гэж хэлсэн. Тэгээд тухайн залуу миний гар утсаар 102 дугаарын утас руу залгаж дуудлага мэдээлэл өгч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

 

           “Дамно” ХХК-ийн хөрөнгийн “...Рэдми Нөүт-11” маркийн гар утас 562.500 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 3-34 дэх тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 59-66 дахь тал/,  депозит дансны хуулга /хавтаст хэргийн 69 дэх тал/, *** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 84 дэх тал/, хохирогч Х.М-н “...хохирол төлбөрийг бэлнээр авсан...” гэх баримт /хавтаст хэргийн 138 дахь тал/,

 

Шүүгдэгч А.Б хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 91 дэх тал/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч О.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч О.Б-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт хохирогч Х.М-н “...хохирол төлбөрийг бэлнээр авсан...” гэх баримт /хавтаст хэргийн 138 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч О.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Б- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт О-н Б-ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч О.Б-ийг оршин суух газрын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б- хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай. 

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч О.Б- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ