Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 148/ШШ2021/00117

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Б.Оюунномингийн нэхэмжлэлтэй А.Алтанбаганад холбогдох Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Орхон 6 дугаар баг, 3 дугаар хэсэг, 25 дугаар байрны 21 тоотод оршин суух, одоогоор Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, 30 дугаар байрны 37 тоотод түр оршин суух, Дархан дээд сургуульд түүх нийгэм судлалын багш ажилтай

Олхонууд овгийн Батцэцэгийн Оюунномин

регистрийн дугаар: МЗ-95033000

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган зам 7 дугаар баг, 4 дүгээр 58 айлын 48 тоотод оршин суух, УБТЗ-ийн Сүхбаатар ДЕПО-д машинч ажилтай

Монгол овгийн Алтанхүүгийн Алтанбагана

регистрийн дугаар МЮ- 96051818

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б Оюунномин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие А.Алтанбаганатай нь 2017 онд танилцаад 2018 оноос өрх тусгаарлаж тусдаа амьдарсан. Бидний хооронд гэрлэлтийн баталгаа байхгүй.

Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 07 дугаар сарын 29-нд хүү Анх-Эрдэнэ төрсөн ба 2020 оны 04 дүгээр сараас А.Алтанбаганатай зан харьцаа болон ар гэрийн байдлаас болж хамт амьдрахаа больсон. Тухайн үед Алтанбаганын ар гэрийн зүгээс орон сууц лизингээр аваад миний зүгээс тавилга авч тусдаа гарч амьдарч байсан. Гэтэл А.Алтанбагана нь амьдарч байгаа байраа бусдад хөлслүүлж, хүү бид хоёр ээжийндээ ирсэн.

Одоо бид цаашид амьдрах нөхцөл боломж байхгүй тул 2019 оны 07 дугаар сарын 29-нд төрсөн хүү Анх-Эрдэнийн эцэг нь А.Алтанбагана мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэг гаргуулж өгнө үү! ... гэжээ.

 

Хариуцагч: А.Алтанбагана 2021 оны 02 дугаар сарын 24-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

...Б.Оюунномингийн А.Алтанбагана надад холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргууулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

2019 онд төрсөн хүү Анх-Эрдэнэ нь миний төрсөн хүүхэд мөн. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу төлнө... гэжээ.

 

Нэхэмжлэгч: Б.Оюунномин 2021 оны 02 дугаар сарын 24-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

...Оюунномин би хүү А.Анх-Эрдэнэтэй хамт Дархан-Уул аймагт ажиллаж, амьдарч байгаа бөгөөд Covid -19 вирусын хөл хорионы улмаас биеээр очиж шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул цахимаар хуралд оролцох хүсэлтэй байна.

Мөн А.Алтанбаганатай буцаж эвлэрэх тал дээрх асуудлын хувьд нийлэхгүй гэсэн бодолтой байгаа.

Учир нь:Хүү Анх-Эрдэнэ минь эцэг, эхтэйгээ хамт элэг бүтэн амьдраасай гэж бодож, чамгүй их тэвчсэн ч хүүгийн маань эцэг А.Алтанбагана өөрийн хариуцлага, хүний нөхөр байх, хүний аав байх ухамсаргүй, хэл амаар доромжилдог, удаа дараа надад гар хүрсэн.Хамтран амьдарч байсан байраа түрээсэлж, хүү бид хоёрыг ээжийнд маань буцаасан, хүүгийн маань нэг насны ойд ирээгүй гэх мэт бие сэтгэлийн их дарамттай байсан учир салахаар шийдсэн юм. Хүүхдээ ч ийм орчинд, гэр бүлийн хүчирхийлэл дунд өсгөхийг хүсээгүй.

Харин А.Алтанбаганы хувьд тодорхой хэмжээний хариуцлагыг заавал үүрэх ёстой гэсэн үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хэргийг хурдан шийдэж өгнө үү! ... гэжээ.

 

Нэхэмжлэгч: Б.Оюунномин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...А.Алтанбагана бид хоёр анх танилцаад хоёр жилийн дараа хүүхэдтэй болсон. Хүүхдийг маань Алтанбаганын Анх-Эрдэнэ гэдэг. Бид хоёр хүүхдээ 7 сартай байхад салсан. Түүнээс хойш хоорондоо эвлэрэх гэж хичээсэн боловч 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хоорондоо огт холбоогүй болсон. Алтанбагана нь хүүхэд бид хоёртой амьдарч байхдаа нэг ч удаа хүүхдээ салхинд авч гардаггүй, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй байсан. Тэгээд бид хоёр салснаас хойш ч мөн адил нэг ч удаа хүүхдээ асуудаггүй байсан. Хүүхдийн маань төрсөн өдөр болж байхад хүртэл ирээгүй. Нэг ч удаа утсаар ярьдаггүй байсан. Би Алтанбагана гэх хүнийг эцэг хүний үүрэг хариуцлага болон хүүхдийнхээ өмнө хариуцлагатай байгаасай гэдэг үүднээс шүүхэд Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Одоо хүү маань 1 нас 6 сартай, манай аав ээж болон надтай хамт амьдарч байгаа. Би хүүгээ өөрөө харж, өсгөнө... гэв.

 

Хариуцагч: А.Алтанбагана шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Бид хоёр 2017 онд анх танилцаад 2 жилийн дараа хүү Анх-Эрдэнэ төрсөн.Бид хоёр хамт амьдарч байхдаа би өглөө ажлаасаа буугаад хүүхдээ аваад нарсан дунд агаарт гараад явдаг үе олон байсан. Яагаад гэхээр манай хүүхэд тархины даралттай байсан учраас би өдөр бүр салхинд гаргадаг байсан. Төрсөн өдрөөр нь би очих гэтэл энэ хоёрыг хаанаа байгааг нь мэдээгүй. Утас руу нь залгахаар миний дууг сонсоод л салгачихдаг байсан. Намайг хүүхэдтэй минь уулзуулдаггүй байсан. Түүнээс биш би хайгаад Дарханд очтол байгаагүй. Тухайн үед Булганд эгчийндээ байсан юм билээ. Би сүүлд мэдсэн. Энэ хүүхэд миний хүүхэд мөн учраас эцэг тогтоолгох шаардлагагүй гэж үзсэн. Цаашид хүүхдийн тэтгэлэг төлнө... гэв.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюунномин нь А.Алтанбаганад холбогдуулан Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид нь 2017 онд танилцан улмаар хамтран амьдрах хугацаанд 2019 оны 07 дугаар сарын 29-нд хүү А.Анх-Эрдэнэ төрсөн ба зохигчид гэр бүлийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан 2020 оны 04 дүгээр сараас тус тусдаа одоог хүртэл амьдарч байна.

Нэхэмжлэгч нь А.Алтанбаганыг хүү А.Анх-Эрдэнийн төрсөн эцэг мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.Алтанбагана ...2019 онд төрсөн хүү Анх-Эрдэнэ нь миний төрсөн хүүхэд мөн. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу төлнө... гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул А.Алтанбаганыг 2019 оны 07 дугаар сарын 29-нд төрсөн хүү А.Анх-Эрдэнийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу тогтоож, эцэг А.Алтанбаганаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул бага насны хүү А.Анх-Эрдэнийг хүссэн цагт нь төрсөн эцэг А.Алтанбаганатай уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн аль нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчидод анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Алтанбаганаас гаргуулан 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Монгол овгийн Алтанхүүгийн Алтанбаганыг 2019 оны 07 дугаар сарын 29-нд төрсөн хүү А.Анх-Эрдэнийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.5-д зааснаар бага насны хүү А.Анх-Эрдэнийг насанд хүртэл эх Б.Оюунномингийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2019 оны 07 дугаар сарын 29-нд төрсөн хүү А.Анх-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Алтанхүүгийн Алтанбаганаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунномингийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Алтанбаганаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар А.Алтанбаганаас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 34.416 төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулсугай.

 

 

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Уянгад даалгасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэхийг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр

 

 

зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ