| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2020/03937/И |
| Дугаар | 183/ШШ2021/00795 |
| Огноо | 2021-03-30 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2021/00795
2021 03 30 183/ШШ2021/00795
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ............ хаягт байрлах ЕБГИС /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, Х овогт Д.Э /РД:00000000/-д холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч Д.Э, гэрч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ГИСийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Д.З нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ГИС-ийн сурагч Б.М нь 6б ангид 2019 оноос 2020 оны хичээлийн жилд суралцаж төгссөн. Асран хамгаалагч Д.Э-тай сургуулийн зүгээс төлбөрийн болон суралцах гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээний хугацаа 2019-2020 онд бөгөөд гэрээгээр талууд төлбөр болох 10.000.000 төгрөг боловч хөнгөлөлт эдэлж, сурагч Б.М нь 1.500.000 төгрөгийг төлсөн байдаг. Нийт 4.000.000 төгрөгийг сургууль хөнгөлсөн байдаг. Гэтэл гэрээнд заасны дагуу хариуцагчийн зүгээс төлбөр төлөөгүй. Ийм учраас төлбөр төлөхтэй холбоотой 4.500.000 төгрөг, гэрээнд заасан алданги болох 2.250.000 төгрөг, нийт 6.750.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Сургуулийн зүгээс хэдийгээр Ковид гарсантай холбогдуулан БСШУЯ-аас танхимаар хичээллэхийг зогсоосон боловч онлайнаар 6 дугаар ангийн бүх хичээлийн агуулгыг зааж, боловсролыг бүрэн эзэмшиж, төгссөн байдаг. Б.М нь одоо өөр сургууль руу шилжсэн. Хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул төлбөр болон алданги тооцон нэхэмжилж байна. Алдангийн тооцоо 50 хувиас хэтэрч гарсан тул хуульд нийцүүлэн 50 хувиар тооцож, алдангийн хугацааг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш бодсон байгаа гэв.
Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь би ГИС-ийн төлбөрийн асуудал, мөн Ковидтой холбоотойгоор үйл ажиллагаа зогссон байгаа гэсэн тайлбар өгсөн. Тухайлбал: Хичээл 100 хувь ороогүй учраас төлбөрөө арай уян хатан байлгах нөхцөл байна уу гэсэн хүсэлтийг анх эцэг, эхчүүдийн хамт тавьж байсан. Энэ дээр албан ёсны хариултыг сургуулийн зүгээс өгөөгүй. Хөнгөлөлт гэдэг нь тухайн хүүхэд 2017 онд уг сургуулийг үүсгэн байгуулагдахад шалгалт өгч тэтгэлэг авсан. Тухайн сургуульд 10.000.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг өгч суралцсан. Тэтгэлгийг авахдаа тухайн сургуульд суралцах явцдаа хүчинтэй байсан. 2019 оны хичээлийн жилд 1.500.000 төгрөг төлж, үлдэгдэл 4.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд тэрийгээ 12, 1, 2 дугаар сард хувааж төлөхөөр график гаргаж өгсөн боловч тухайн үед ковид гарч, үйл ажиллагаа бүр зогссон байсан. Гэрээний дагуу үндсэн мөнгө болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь ковид вирус дэлхийн хэмжээнд байгаа ч өнөөдөр энэ гэрээнд 100 хувь танхимын хичээл орохоор гэрээ байгуулагдсан байгаа. Боловсролын тухай хуулийн дагуу ч тусгай хөтөлбөртэй сургууль гэсэн байгаа. Тусгай хөтөлбөртэй сургууль өнөөдөр ямар байдлаар хичээл заасан талаар баримтаар ч гаргаж өгсөн. Багштай харьцсан мэдээллүүдээр ч гаргаж өгсөн. Хариу тайлбар дээрээ ч бичиж өгсөн. Сургалтын үнэлгээтэй маргаагүй. Сургуулийн нэхэмжлэлийн дагуу гэрээний үүрэг хэрхэн биелэгдсэн бэ, биелэгдэх нөхцөл нь хэр байсан бэ гэдэг дээр л маргаж байгаа. Сургуулийн, багш нарын дүнгийн асуудал надад чухал биш байна. Сургууль гэрээний нөхцөлөө 100 хувь биелүүлэх нөхцөл байсан уу, мэйлээр явуулж, хичээл зааснаа 100 хувь хичээл орсон гэж үзэх боломжгүй л гэж бодож байна. Сургалтын төлбөр бол сургалтын үйлчилгээ, чанарт тохирсон байх ёстой. 1 сар гаруй орхигдуулахгүй харьцах боломж байсан. Мэйлээ явуулж хичээл зааснаа 100 хувь заасан гэж үзэж болох уу. Үнэлгээ болон дүн дээр маргах зүйл байхгүй. Манай хүүхэд одоо ч 80 хувийн тэтгэлэг аваад сурч байгаа. Хичээлийн жилийн хуваарийн дагуу 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хичээллэж, 01 дүгээр сарын 20-ны өдөр билүү 23-ны өдрөөс эхэлсэн байдаг. Дээрх хугацаанд танхимаар, үлдсэн нь онлайнаар орсон тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын ГИС нь хариуцагч Д.Э-д холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэлд 4.500.000 төгрөг, алдангид 2.250.000 төгрөг, нийт 6.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд танхимаар, онлайнаар хичээл орж, сурагчийг амжилттай төгсгөж, анги дэвшүүлсэн гэх үндэслэл зааж нэхэмжлэлээ дэмждэг.
Хариуцагч тал танхимаар 100 хувь хичээллэх гэрээний үүргээ биелүүлээгүй, хөтөлбөрт заагдсан зарим хичээлүүдийг заагаагүй гэх үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Ерөнхий боловсролын ГИС нь тусгай зөвшөөрлийн хавсралтад заасны дагуу боловсрол олгох, сургалт эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын ГИС нь суралцагч Б.М-д ерөнхий боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг Кембрижийн болон АНУ-ын бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөртэй хослуулан зааж сургах, хариуцагч Д.Э 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөрт 6.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 491 дугаартай гэрээ зэргээр тогтоогдож байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Дээрх хөлсөөр ажиллах гэрээний дагуу Ерөнхий боловсролын ГИС нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Б.М-г сургах ажлыг хийж гүйцэтгэх явцад Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид 19 халдварын улмаас Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс зогсоосон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд уг үйл баримтын талаар маргаагүй.
Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/194 тоот тушаалаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болгосон нь нийтэд илэрхий үйл баримт байна.
Өөрөөр хэлбэл цар тахлын улмаас сургуулийн танхимаар хичээллэх үйл ажиллагааг зогсоосон нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй байх бөгөөд Б.М-г анги дэвшүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Зохигчид Б.М-гийн танхимын болон онлайн хичээлийн ирц, жилийн эцсийн үнэлгээ, анги дэвшсэн гэх үйл баримтуудтай маргадаггүй болно.
Хариуцагч Д.Э-гийн ...танхимын сургалтад бүрэн хамрагдаагүй, цахимаар сургалт явуулсан нь хангалтгүй, цахим сургалтын төлбөр танхимын сургалтаас хямд байх учиртай, цар тахлын үед төлбөрөө хөнгөлөх, бууруулах арга хэмжээ аваагүй... гэх тайлбар нь сургалтын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Учир нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 01-ний өдөр эхэлнэ, мөн хуулийн 15.2-т Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэсний дагуу тус сургуулийн хичээл 9 дүгээр сарын 01-ний өдөр танхимаар эхэлж, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар бүх шатны сургалтын байгууллагын танхимаар хичээллэхийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс зогсоож, хичээлийн жилийг 6 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгожээ.
Хариуцагч гэрээний нэг тал болохын хувьд танхимаар хичээллэхгүй болсонтой холбоотойгоор гэрээнээс татгалзах эрхтэй байсан боловч энэ эрхээ эдлээгүй байна.
Түүнчлэн онлайнаар япон хэлний хичээл ороогүй, нэг сарын турш онлайн болон танхимаар аль алинаар хичээллээгүй, мэйлээр даалгавар өгч шалгадаг, төлөвлөгөөнөөс гадуур хичээл нэмэлтээр орсон, математикийн багш энэтхэг хүн байгаагүй гэх нөхцөл байдал нь гэрч С.Ц-ын мэдүүлгээр тогтоогдож байх боловч сургуулийн зүгээс танхимын болон онлайн хичээлийн хөтөлбөрт хамруулах байдлаар сурагч Б.М нь 5б ангийг амжилттай төгссөн болох нь сурагчийн хувийн хэрэг, ирцийн бүртгэлийн дэвтэр, гэрч ангийн багш С.Ц-ын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Харин алданги буюу сургалтын төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн хариуцлага 2.250.000 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Учир нь талуудын хооронд байгуулсан нэхэмжлэгч талаас шүүхэд гарган өгсөн 2019-10-18-ны өдрийн 491 дугаартай сургалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.5.2-т 2-12 дугаар ангид элсэгчид хичээлийн жилийн бэлтгэл үйл ажиллагаатай холбогдуулан төлбөрийн 15 хувийн урьдчилгааг жил бүрийн 5 дугаар сарын 30-ны дотор, 50 хувийг 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор, үлдсэн 35 хувийг ....сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлнө гэж тохиролцсон байх боловч сүүлийн төлөлт хийх сар нь хэрэгт авагдсан гэрээн дээр уншигдах боломжгүй буюу тэр хэсэг нь цоорхой байна.
Шүүх Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу бичмэл нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай.
Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн уг баримтаас хариуцагчийн төлбөр төлөх сүүлийн хугацаа тодорхойгүй, энэ талаар хариуцагч маргаж байгаа учир шүүх алдангийг гаргуулах боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Э-гаас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 4.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын ГИС-д олгож, нэхэмжлэлээс хөлсөөр ажиллах гэрээний алданги 2.250.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Э-гаас 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын ГИС-д олгож, нэхэмжлэлээс 2.250.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ГИС-иас төлсөн 122.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-гаас 86.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын ГИС-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ