Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/79

 

 

 

 

2024     02          23                                           2024/ШЦТ/79

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

шүүгдэгч С.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2425000000063 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр У аймгийн Т суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр 0 баг 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Ш- овогт С-гийн П- /рд:/.

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч С.П- нь 2023 оны 12 дугаар сард Булган аймгийн Орхон сумын 0 дугаар багийн “Ххх-” гэх газрын ойд хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 1.68 шоо метр хуурай шинэс мод бэлтгэж, байгаль экологид 283,644 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 25-ний шөнийн 04 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Хуйндай портер” загварын 00-00 ОРБ улсын дугаартай автомашин ашиглан гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч С.П- мэдүүлсэн: ...хуурай мод өмнө бэлтгээд хураасан байсан тэрийгээ хүүхдүүд дээрээ аваачиж өгөх гээд явж байгаад баригдсан. Уг нь татвар гэж бид нараас авдаг байсан өнгөрсөн жилийн татвараа төлсөн. Энэ жил татвар нэхээгүй төлөөгүй байсан. Би өөрөө Орхон аймагт харъяалалтай байдаг болохоор зөвшөөрөл өгдөггүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчтай тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна. Машины мотор нь цохиод айлын хашаанд байгаа учраас үнийг төлөхөөр тохиролцсон...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Намайг Орхон сумын засаг даргаас тус хэрэгт хохирогчоор оролцуулахаар томилсон бөгөөд би яг ямар хэрэг болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан буруутай этгээдээр ойн санд учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Манай сумын Халиун 2 дугаар багийн нутагт Ххх- гэх газар байдаг. Буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

 

- Гэрч Я.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Булган аймгийн Орхон сумын Халиун 2 дугаар багийн байгаль хамгаалагчаар ажилладаг. Ххх- гэдэг нэртэй ойн сан бүхий газар байдаг. 2023 онд дээрх газар мод бэлтгэх чиглэлээр тусгаарлалт хийгдээгүй. С.П- нь Орхон сумын 0 дугаар багийн Ххх- гэх нэртэй газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тэгээд ч тэр газраас тусгаарлалт хийгээгүй учраас мод бэлтгэх эрхийн бичиг олгох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/,

 

- С.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:“...Би 2023 оны 12 дугаар сарын дундуур байх /яг сайн өдрөө санахгүй байна/ Булган аймгийн Орхон сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр Ххх- гэх газраас ганцаараа ойгоос түлээний мод бэлтгээд гэрийнхээ гадаа буулгасан байсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Орхон аймаг орж сургуулийн хүүхдүүдээ авахаар явах далимдаа гэрийнхээ гадаа бэлтгэсэн модыг төвд байдаг хүүхдүүдийн гэрийн галын түлшинд буулгах зорилготой тээвэрлэж яваад 2023 оны 12 дугаар сарын 25-ны шөнийн 04 цагийн үед Орхон аймгийн хиймэл уулын ертөнцийн зүгээр баруун талд явж байхад цагдаа зогсоож бичиг баримтгүй мод тээвэрлэж явсан гээд Орхон аймгийн цагдаа дээр авчирсан. Би модыг ганцаараа бэлтгэсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээж байгаа учир хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71х/,

 

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Жамсранжавын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “..хууль бус мод бэлтгэсэн гэх газрыг С.П-гээр заалгаж очиход тус газрын байршлыг ЖПС-ээр тогтооход N48° 5312 N 104° 15114” гэж зааж байлаа...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 62-65х/,

 

- Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд зөөвөрлөн хүргэсэн 43 ширхэг модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 31-33х/,

 

-Орхон аймгийн сум дундын ойн ангийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 дугаартай “С.П-гийн бэлтгэсэн мод нь гадна шинж байдал нь давирхай гоожоогүй, чийгтэж, бантаагүй хуурай шинэс мод (larix sibirica) болно. Тухайн модыг хөрөөдсөн тайрцын ором шинэ, шинээр бэлтгэсэн мод байна. Экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 283,644 төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38х/,

 

-Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай албан бичиг “...Танай байгууллагаас ирүүлсэн М1100-5524 дугаартай гомдол, мэдээлэлд шалгагдаж байгаа иргэн С.П-гийн Байгаль орчинд учруулсан хохирол нь Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 д заасны дагуу тогтооход Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр 850,932.0 төгрөг байна” гэсэн албан бичиг/хх-ийн 42х/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10016154 дугаартай “...2003 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд монголд орж ирсэн porter маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 2,300,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-49х/,

 

- Хураагдсан моднуудад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Цагаанчулуут багт байрлах Байгаль орчин аялал жуулчлалын хашаанд байх модыг 1-43 хүртэл дугаарлан, мод тус бүрийг хэмжиж, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-26х/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1001614 дугаартай “....Модны бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 1 ширхэг 80,000 төгрөг ” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-55х/,

 

- Булган аймгийн Булган сум дундын ойн ангийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай “...Булган аймгийн нутагт "Зэд Хантай Бүтээлийн нуруу", "Хөгнө тарна" тусгай хамгаалалттай газар нутаг байдаг. Эдгээр тусгай хамгаалалттай газар нутагт Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Рашаант сумдын нутгаас хамрагддаг болно. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн № 48053'2" Е104015'14", N 48052'23" Е104015'44" солбилцолд байрлах Ххх- гэх газар нь улсын тусгай тустай хамгаалалттай газарт хамаардаггүй болно” гэсэн албан бичиг /хх-ийн 59/,

 

-С.П-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.П- нь 2023 оны 12 дугаар сард Булган аймгийн Орхон сумын 0 дугаар багийн “Ххх-” гэх газрын ойд хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 1.68 шоо метр хуурай шинэс мод бэлтгэж, байгаль экологид 283,644 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 25-ний шөнийн 04 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 00-00 ОРБ улсын дугаартай “Хуйндай портер” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар  ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч С.П- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч С.П- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         

          Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “иргэн, аж ахуйн нэгж байгууллага ойн сан түүний нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөх бөгөөд экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.П- нь 850,932 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

 

          Улсын яллагч шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хуйндай портер” маркийн 00-00 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.П-д үлдээж, тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор тохиролцсон гэсэн тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэхь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолоор битүүмжлэгдсэн “Хуйндай портер” маркийн 00-00 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч С.П-д олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2,300,000 төгрөгийг С.П-гээс гаргуулан улсын орлогод оруулж,

          хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа нийт 283,644 төгрөгний үнэтэй 43 ширхэг 1,68 метр куб шинэс мод, ouligen” гэсэн бичигтэй 80,000 төгрөгийн үнэтэй улаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг улсын орлого болгуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, 

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.П-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш- овогт С-гийн П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-гийн П-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.П- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор 00-00 ОРБ улсын дугаартай “Хуйндай портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг С.П-д олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 2,300,000 төгрөгийг шүүгдэгч С.П-гээс гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа нийт 283,644 төгрөгний үнэтэй 43 ширхэг 1,68 метр куб шинэс мод, ouligen” гэсэн бичигтэй 80,000 төгрөгийн үнэтэй улаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг улсын орлого болгуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ