Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/81

 

 

 

2024     02          23                                             2024/ШЦТ/81

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Хохирогч Т.Т-,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тулга,

Шүүгдэгч Б.Э-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Э-эд холбогдох эрүүгийн 2325002760462  дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний төрсөн, эрэгтэй 0 настай, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, “ххх” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр 0 багийн 0-0 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б-ын Э-э //.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э-э нь 2023 оны 08 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг К- бааранд хохирогч Т.Т-ыг баарны ариун цэврийн өрөөнд оруулахгүй гэснээс болж маргалдаж, толгойн тус газар нь гараараа цохиж, тархи доргилт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Э-э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй... Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Т.Т- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед 2023 оны 08 сарын 3-4 шилжих шөнө би төрсөн өдрөө 15 хүний  бүрэлдэхүүнтэй тэмдэглэсэн. Төрсөн өдөр дуусаад тарах гэж байтал зарим найзуудаас маань К- баар ажиллаж байгаа тийшээ орьё гэсэн саналыг гаргасан. Тэгээд К- бааранд орох гээд очсон. Очиход 1 хүн 30,000 төгрөгийн такстай гэсэн. 15 хүнд 30,000 төгрөгийн такс үнэтэй  санагдсан учир орохоо больсон. Эндээсээ таръя гээд зарим найзуудыг маань нөхрүүд нь ирээд аваад явсан. Б- Х-Э-э бид 3 үлдээд надад ариун цэврийн өрөө орох зайлшгүй шаардлага үүсээд ариун цэврийн өрөөгөө ашиглуулаач ээ гэсэн хүсэлтийг баарны хамгаалагчид тавьсан үгүй оруулахгүй гэсэн. Эндээс маргаан үүссэн бид нар 12:50 цагт баарны хамгаалагчтай  маргаан үүсгээд энэ цагт яагаад ажиллаж байгаа  юм бэ бид нар биш зөвхөн би ариун цэврийн өрөө орно гэж хэлсэн. Зөвхөн мөнгөө төлбөл оруулна гэсэн. Тэгээд оруулахгүй байсан учраас цагдаа дуудсан. Тухайн үед дотроос өөр хүмүүс гарч байсан. Хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Тэгэхэд 2 хүн ирсэн энэ хүн юу болсын мэдэхгүй хашгираад машинаас бууж ирсэн. Зөвхөн би ариун цэврийн өрөө ороод гарья аа гэхэд үгүй гээд чи манайхыг ажилладаг ажилладаггүй дээр хяналт тавьдаг хэн бэ гээд гадаа байхад бид хоёрын дунд маргаан үүссэн. Цагдаа нар ирээд цагдаад хүсэлт тавьж байж намайг оруулсан оруулахдаа баарны хамгаалагч нь юм уу хэн нь юм мэдэхгүй дотогшоо орох явцад хойноос хүн татсан түлхсэн ингэхэд миний биед гэмтэл учирсан. Тэгээд ороход харанхуй юу ч харагддаггүй юм байна лээ. Тэгээд ариун цэврийн өрөө ороод гарсан. Гарч ирээд манай  найз охидуудын бичлэг хийж байсан утсыг хурааж авах гэж  дээрээс нь манай  найз охидууд руу  хамгаалагч нар нь халдаж байсан. Ингээд оруулчих юман дээр яагаад оруулчихаж болоогүй юм бэ гэж хэлсэн. Тэгээд миний биед халдсан. Холбогдогч нь худлаа мэдүүлэг өгсөн. Намайг 2 удаа цохисон  байна  лээ  эхлээд  цохиход манраад юу  болж байгааг мэдээгүй дараа нь дахиад 1 цохисон  гэж  найзууд цагдаа нараас мэдсэн. 2 дахь удаагаа цохиход миний  баруун тал бараг байхгүй болчихсон  юм шиг санагдаж байсан. Би эрэгтэй  хүнд зодуулж үзээгүй. Аав маань ч намайг бараг чанга дуугарч үзээгүй  өсгөсөн. Гэтэл хэн ч мэдэхгүй, надад ямар ч хамааралгүй  нэг хүнд зодуулсан. Тэгээд цагдаа нар бид гурвыг машиндаа суулгаад холбогдогчийг аваад явах гэтэл зүгээрээ би араас чинь машинаараа дагаад явчихая гээд дагаад цагдаа дээр ирсэн. Тэгээд мэдүүлэг бусад мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ дунд мартагдсан алдагдсан юм байвал өмнө өгсөн мэдүүлэгт байгаа. Анх гомдол гаргахдаа эрүүл мэндтэй  холбоотой  зардлуудаа нэхэмжилж байсан. Мөрдөн байцаалтын явцад сэтгэл санааны хохирол гаргуулдаг юм байна  лээ  энэ шинжилгээг би 2 удаа  өгсөн. Эхлээд БОЭТ-д үзүүлсэн дараа нь өнгөрсөн оны  сүүлийн ажлын өдөр Шүүх шинжилгээний  ерөнхий газарт үзүүлж шинжилгээ өгсөн. Энэ сэтгэл санааны  хохирлыг нэхэмжилж байна. Өнөөдөр надад учирсан хамгийн том хохирол нь би 158 цагийг мөрдөн байцаах ажиллагаа шүүхийн шатанд зарцуулсан байна. Энэ цагаа би гэр орондоо зарцуулах ёстой  байсан. Үүнээс болж би илүү цагаар ажиллаж гэр бүлдээ зарцуулах ёстой байсан цагаа зарцуулсан. Сая эмчилгээний зардлыг төлсөн. Сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлд тогтоогдсон үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 хувиар нэхэмжлэх боломжтой байдаг юм байна. Үүнийг 12,99 хувиар, өмгөөллийн зардалд 1,000,000 төгрөгийн хөлс төлсөн. Эдгээрийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Т.Т- мөрдөн шалгах ажиллагаанд: “...би хамгаалагч залууд хандаж “ер нь та нар яагаад 01 цаг хүртэл ажиллаж байгаа юм бэ гээд Х-Э-ийн утсаар цагдаад дуудлага өгчихөөд зогсож байхад 00-00 дугаартай хар өнгийн кроун машин ирээд дотроос нь 2 эрэгтэй хүн гарч ирээд улаан подволктой баруун гар нь гипстэй залуу юу болоод байгаа юм бэ, наад хүмүүсээ зайлуул гэж хашхирсан. Би тэр эрэгтэйд хандаж, би ариун цэврийн өрөө ормоор байна гэхэд гэр орондоо очиж бааж шээ, чам шиг юманд үйлчлэхгүй гэсэн бааранд цагдаагийн 2 албан хаагч, Хаш-Э-э, Б- нарын хамт зогсож байхад гараа гипсдчихсэн залуу миний баруун шанаа руу 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32х/,

 

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...баарны эзэн Э-э гэх залуу ягаан плажтай эмэгтэйтэй бааран дотор маргалдаж байгаад зүүн гараараа нүүрэн тус газар нь хоёр удаа алгадсан. ...уг маргаан нь цагдаад дуудлага өгсөн эмэгтэй баарны ариун цэврийн өрөө орж бие засна гэснээс болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38х/,

 

- Гэрч Т.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр найз Т.Т-ы төрсөн өдөрт оролцсон. Шөнө дунд буюу 00 цаг 50 минутад К- баарны гадна очсон. Уг баар шөнө ажилладаг гэж сонсоод бид нар орох гэж очсон. Баарны гаднаас манай найзуудын нөхрүүд нь ирээд аваад явсан. Т-, Х бид гурав үлдээд бааранд орох гээд очиход хамгаалагч гээд 1 залуу гадаа нь зогсчихсон 1 хүний 30,000 төгрөгөөр оруулна гэхээр нь арай үнэтэй байна, ариун цэврийн өрөөнд орчихоод гарч болох уу гэж асууснаас болоод маргаан болсон. Х утсаараа цагдаад шөнийн 01 цагийн үед баар ажиллаж байна гэж дуудлага өгчихөөд зогсож байхад хар өнгийн кроун маркийн машинтай 2 эрэгтэй хүн бууж ирээд гараа гипсдчихсэн эрэгтэй бид нар луу хандаж юун хүмүүс вэ, зайлуулаачээ гэж хаширсан. Энэ үед Т- машинаас бууж ирсэн залууд танайх ариун цэврийн өрөөндөө бид нарыг оруулах ёстой гэж хэлээд маргалдсан. Дуудлагын дагуу цагдаагийн 2 албан хаагч ирэхэд баарны хамгаалагч залуу хаалгаа дотор талаас нь цоожлоход цагдаа нар хаалгыг нь тогшиж байгаад онгойлгуулсан. Тухайн үед баарнаас хүмүүс гарч байсан. Бид нар цагдаа нарын хамт бааранд орж ариун цэврийн өрөөнд орох гэхэд гараа гипсдсэн залуу оруулахгүй байсан. Т- ариун цэврийн өрөө орсон эсэхийг мэдэхгүй байна. Бааран дотор гараа гипсдсэн залуутай Т- хэрэлдэхэд тэр залуу Т-ы баруун талын шанаа хэсэг рүү 2 удаа гараараа алгадсан. Т- тэр залууд цохиулаад доороо хагас эргэсэн. Тэр залуугийн үйлдлийг цагдаагийн албан хаагч болиулаад Хаш-Э-э, Т- бид гурвыг машинд суулгаад цагдаагийн газарт авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37х/,

 

-Гэрч Б.Ү мөрдөн шалгах ажиллагаанд: “...Дуудлагын дагуу цагдаагийн дэд ахлагч Б.Б-гийн хамт “К-” баарны гадна очиход 3 эмэгтэй 2 эрэгтэй хүн зогсож байсан ба хар өнгийн хувцастай эмэгтэй “энэ баар цаг хэтрүүлж ажиллаж байна”. Ягаан өнгийн плажтай эмэгтэй нь “бид нарыг ариун цэврийн өрөөндөө оруулахгүй байна гэж хэлсэн. Тэр гурван эмэгтэйтэй хамт байсан 2 эрэгтэйн нэг нь баарны эзэн Э-э, нөгөө нь хамгаалагч залуу байсан. Б.Б- бид 2 бааранд ороход цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж байсан тул баарны тусгай зөвшөөрлийг нь хураан авч байхад гадна байсан 3 эмэгтэй ариун цэврийн өрөө орно гэж бааранд орж ирсэн. Ягаан өнгийн плажтай эмэгтэй нь баарны эзэмшигч Э-э гэх хүн рүү та нар яагаад цаг хэтрүүлж ажилладаг юм бэ, ариун цэврийн өрөөгөөр үйлчлэх ёстой” гэж хэлээд хуруугаараа зааж /чичилж/ ярихад Э-э нь тэр эмэгтэйгийн хацар хэсэг рүү зүүн гараараа дарааллаад 2 удаа хүчтэй алгадахад ягаан өнгийн плажтай эмэгтэй зүүн тал руу нь газарт гараараа тулж унасан. Э-э нь ягаан өнгийн плажтай эмэгтэйг газар уначихсан байхад нь өшиглөхийг завдахад Б- болиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 679 дугаартай:

1.Т.Т-ы биед тархи доргилт, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45х/,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 сарын 17-ны өдрийн “... Магадлуулагч Т.Т-д тухайн гэмт хэрэг үйлдэгдсний дараа нойронд муу, уур бухимдлын шинж тэмдэг илэрч байна... сэтгэцийн эмчийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ шаардлагагүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 154-156х/,

 

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт “...Т.Т- сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэргэлэлийг тогтоов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 160х/,

 

-Шинжээч Э.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд: “...Э-эт медикал эмнэлгийн компьютер томографикийн шинжилгээгээр ямар нэгэн өөрчлөлт илрээгүй ба тухайн үед миний өөрийн үзлэгээр нүдний алимны чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингөтэй, амбульторын гэмтлийн эмнэлгийн үзлэгээр хүзүү хөшингө үүссэн байсан. Энэ нь тархи доргилтын шинж бөгөөд гадны цочруулын улмаас тархины нугасны шингэний дотоод даралт нэмэгдэж тархи хавагнаснаар дээрх шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс тархи доргилт гэмтэл тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 164х/,

 

- Шүүгдэгч Б.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э-ийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Э-э нь 2023 оны 08 дугаар сарын 03-04-ны  шилжих шөнө хохирогч Т.Т-тай  маргалдаж түүний толгойн тус газар нь гараараа цохиж, тархи доргилт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Хохиролын хувьд эмчилгээний төлбөрийг өнөөдөр төлсөн. Өмгөөлөлийн хөлс нь заавал гаргуулах гэм хорын хохирол биш. Сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд 2 дугаар зэрэглэл тогтоогдсон, тухайн гэмт хэрэг гарах үед үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээ 550,000 төгрөгийг 4 дахин нэмэгдүүлж 2,200,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй...” гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч: “...Гэм буруугийн тал дээр улсын яллагчтай нэг байр суурьтай  байна...Сэтгэл санаанд учирсан хохирлын тухайд өнгөрсөн оноос  батлагдаад хэрэгжиж байгаа энд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулахаар заасан. Иймээс хохирогчийн нэхэмжилсэн хэмжээгээр гаргуулж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Б.Э-э нь яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа зөвшөөрч байгаа... сэтгэцэд учирсан хохирлын тухайд эмч үзээд сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагагүй  гэж үзсэн. Тиймээс сэтгэцэд учирсан хохирлоо дараа нэхэмжлэх эрх нь байгаа  учраас дараа нэхэмжлэх эрхийг тусгаж болно...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Э-э нь 2023 оны 08 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг К- бааранд хохирогч Т.Т-ыг баарны ариун цэврийн өрөөнд оруулахгүй гэснээс болж маргалдаж, толгойн тус газар нь гараараа цохиж, тархи доргилт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э-ийн үйлдлийн улмаас хохирогч Т.Т-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Т.Т-ы “...би хамгаалагч залууд хандаж “ер нь та нар яагаад 01 цаг хүртэл ажиллаж байгаа юм бэ гээд Х-ийн утсаар цагдаад дуудлага өгчихөөд зогсож байхад 00-00 дугаартай хар өнгийн кроун машин ирээд дотроос нь 2 эрэгтэй хүн гарч ирээд улаан подволктой баруун гар нь гипстэй залуу юу болоод байгаа юм бэ, наад хүмүүсээ зайлуул гэж хашхирсан. Би тэр эрэгтэйд хандаж, би ариун цэврийн өрөө ормоор байна гэхэд гэр орондоо очиж бааж шээ, чам шиг юманд үйлчлэхгүй гэсэн бааранд цагдаагийн 2 албан хаагч, Х, Б- нарын хамт зогсож байхад гараа гипсдчихсэн залуу миний баруун шанаа руу 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.Б-ы “...баарны эзэн Э-э гэх залуу ягаан плажтай эмэгтэйтэй бааран дотор маргалдаж байгаад зүүн гараараа нүүрэн тус газар нь хоёр удаа алгадсан. ...уг маргаан нь цагдаад дуудлага өгсөн эмэгтэй баарны ариун цэврийн өрөө орж бие засна гэснээс болсон...” гэсэн мэдүүлэг,

-гэрч Т.Б-ы “...хар өнгийн кроун маркийн машинтай 2 эрэгтэй хүн бууж ирээд гараа гипсдчихсэн эрэгтэй бид нар луу хандаж юун хүмүүс вээ, зайлуулаачээ гэж хаширсан. Энэ үед Т- машинаас бууж ирсэн залууд танайх ариун цэврийн өрөөндөө бид нарыг оруулах ёстой гэж хэлээд маргалдсан. Дуудлагын дагуу цагдаагийн 2 албан хаагч ирэхэд баарны хамгаалагч залуу хаалгаа дотор талаас нь цоожлоход цагдаа нар хаалгыг нь тогшиж байгаад онгойлгуулсан... Бид нар цагдаа нарын хамт бааранд орж ариун цэврийн өрөөнд орох гэхэд гараа гипсдсэн залуу оруулахгүй байсан... Бааран дотор гараа гипсдсэн залуутай Т- хэрэлдэхэд тэр залуу Т-ы баруун талын шанаа хэсэг рүү 2 удаа гараараа алгадсан. Т- тэр залууд цохиулаад доороо хагас эргэсэн. Тэр залуугийн үйлдлийг цагдаагийн албан хаагч болиулаад Хаш-Э-э, Т- бид гурвыг машинд суулгаад цагдаагийн газарт авчирсан...” гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.Ү-ын “...Дуудлагын дагуу цагдаагийн дэд ахлагч Б.Б-гийн хамт “К-” баарны гадна очиход 3 эмэгтэй 2 эрэгтэй хүн зогсож байсан ба хар өнгийн хувцастай эмэгтэй “энэ баар цаг хэтрүүлж ажиллаж байна”, ягаан өнгийн плажтай эмэгтэй нь “бид нарыг ариун цэврийн өрөөндөө оруулахгүй байна” гэж хэлсэн. Тэр гурван эмэгтэйтэй хамт байсан 2 эрэгтэйн нэг нь баарны эзэн Э-э, нөгөө нь хамгаалагч залуу байсан... гадна байсан 3 эмэгтэй ариун цэврийн өрөө орно гэж бааранд орж ирсэн. Ягаан өнгийн плажтй эмэгтэй нь баарны эзэмшигч Э-э гэх хүн рүү “та нар яагаад цаг хэтрүүлж ажилладаг юм бэ, ариун цэврийн өрөөгөөр үйлчлэх ёстой” гэж хэлээд хуруугаараа зааж /чичилж/ ярихад Э-э нь тэр эмэгтэйгийн хацар хэсэг рүү зүүн гараараа дарааллаад 2 удаа хүчтэй алгадахад ягаан өнгийн плажтай эмэгтэй зүүн тал руу нь газарт гараараа тулж унасан...” гэсэн мэдүүлэг,

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт,

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 679 дугаартай дүгнэлт,

-Шинжээч Э.Батбаяын “...Э-эт медикал эмнэлгийн компьютер томографикийн шинжилгээгээр ямар нэгэн өөрчлөлт илрээгүй ба тухайн үед миний өөрийн үзлэгээр нүдний алимны чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингөтэй, амбульторын гэмтлийн эмнэлгийн үзлэгээр хүзүү хөшингө үүссэн байсан. Энэ нь тархи доргилтын шинж бөгөөд гадны цочруулын улмаас тархины нугасны шингэний дотоод даралт нэмэгдэж тархи хавагнаснаар дээрх шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс тархи доргилт гэмтэл тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э-э нь хохирогч Т.Т-ы биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Т.Т- нь баримтаар эмчилгээний төлбөр 329,200 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Б.Э-э шүүх хуралдаанаас өмнө төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өмгөөлөгчийн төлбөр 1 сая төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл буюу 8,573,400 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ”,

-хоёрдугаар зэрэглэл: хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 4-8% буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заасан.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 сарын 17-ны өдрийн “... Магадлуулагч Т.Т-д тухайн гэмт хэрэг үйлдэгдсний дараа нойронд муу, уур бухимдлын шинж тэмдэг илэрч байна... сэтгэцийн эмчийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ шаардлагагүй” гэсэн дүгнэлт зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Э-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогч Т.Т-ы нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй учир өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, сэтгэцэл учирсан хохирол 5,273,400 төгрөг нийт 6,273,400 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Э-э шүүхээс хохирогчид гаргуулсан сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол болох 3,300,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 минутын завсарлага авч төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх  төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-эд нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх... гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж байгаа  боловч хохирогчоос нэг ч удаа уучлал гуйгаагүй, шүүх хуралдаан дээр ч гэсэн  уучлал гуйсангүй. Үүнийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна гэж үзэж байгаа мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтүүдийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Э-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирол төлбөрөө төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Бусад асуудлаар:

   Шүүгдэгч Б.Э-э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Э-ийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-э нь 800,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э-э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хохирогч Т.Т-ы нэхэмжлэлийн шаардлагаас 6,273,400 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ