| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/0088/э |
| Дугаар | 2024/ШЦТ/85 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/85
2024 02 28 2024/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,
Шүүгдэгч Б.Н-э нарыг оролцуулан тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-эд холбогдох эрүүгийн 2205025972151 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ххх сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт, 0 дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны 0 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогтой Б-н Н-э. /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н-э нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл буюу “Хаан банк”-ны интернэт банкны “Захиалгат гүйлгээ” цэсийг ашиглан “Захиалгат гүйлгээ амжилттай бүртгэгдлээ” гэсэн бичгийг бусдад харуулан төлбөрөө шилжүүлсэн мэтээр хуурч,
- 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “РС Маll” дэлгүүрийн орчим хохирогч Г.А-оос түүний “iphone 13” загварын гар утсыг худалдаж авах нэрийдлээр залилан авч 2,500,000 төгрөгийн хохирол,
- 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багт үйл ажиллагаа явуулдаг “Хх” худалдааны төвийн 0 дугаартай лангуунаас “Michael kors” загварын эмэгтэй гар цүнхийг худалдаж авах нэрийдлээр залилан авч хохирогч М.М-т 436,500 төгрөгийн хохирол,
- 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багт үйл ажиллагаа явуулдаг “Хх” худалдааны төвийн 0 дугаартай лангуунаас эрэгтэй хүний нүүрний тос, нүүрний чийгшүүлэгч, нүүрний саван, массажны тос зэрэг гоо сайхны барааг худалдаж авах нэрийдлээр залилан авч хохирогч Г.С-т 108,540 төгрөгийн хохирол,
-2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт” их дэлгүүрийн нэг давхарт байрлах “Ххх” дэлгүүрээс эмэгтэй хүний нүхжилт агшаах шингэн, гуужуулагч шингэн, эмэгтэй хүний нүүрний хөөс зэрэг гоо сайхны барааг худалдаж авах нэрийдлээр залилан авч хохирогч М.Э-д 111,350 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 3,156,390 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Б.Н-ийн мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өглөө манай найз охин А- нь “fасеbook” цахим сүлжээнд байрлах iphone зарын групп дээр iphone 13-г 2.400.000 төгрөгөөр зарна гэх утгатай зарыг байршуулахад “А-” гэх цахим хаягтай улаан машины урд нүдний шилтэй эмэгтэй хүний зурагтай хүн байсан ба тухайн хүн нь манай найз охины “fасеbook” цахим хаяг руу холбогдож “Тухайн зарах гэж байгаа iphone 13 загварын гар утсаа манай дүүд үзүүлчих, одоо зурагтаас гарах гэж байна” гээд миний ажил болох Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “РС Маll” дэлгүүрийн гадна 16 цаг 54 минутын үед ирсэн байна гэж манай найз охин руу “facebook” чатаар залгаж хэлсэн ба манай найз охин над руу тухайн хүн нь ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би гарч тухайн эмэгтэйтэй уулзаж midnight өнгийн iphone 13 загварын гар утсыг үзүүлэхэд миний гар утсыг шалгаж үзэж байгаад авахаар болоход 2,300,000 төгрөгийн үнэ тохироод хоёр талаасаа зөвшөөрөөд би ээж рүү залгаж “Би утсаа зарчих уу” гэж асуухад манай ээж “Тэг тэг” гэж зөвшөөрөхөд нь би ажил руугаа утсаа авч ороод тухайн зарах гэж байсан phone 13 загварын гар утасныхаа apple ID, find my phone зэргийг нь салгасан. Удалгүй гарч нөгөө эмэгтэй хүнд хайрцаг савтай нь өгөхөд миний хаан банкны 000000000 дугаарын дансыг асуугаад утсаа оролдож байгаад болчихлоо гэж хэлээд “Гүйлгээ амжилттай" гэх зүйлийг харуулаад шууд цаашаа алхаад яваад өгсөн ба би өөрийн гар утсаа хараад мөнгө орж уу гэж дансаа шалгахад ороогүй байхаар нь би араас нь гүйхэд асфальтан саарал өнгийн “Аqua” загварын тээврийн хэрэгсэлд суугаад яваад өгсөн. Тэгээд би өөрийгөө залилуулчихлаа гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Цагаан өнгийн пүүз, цагаан өнгийн тактикийн юм шиг өмдтэй, хар бараан өнгийн цамц гэх юм уу тиймэрхүү хувцастай байсан, давхраатай алаг нүдтэй, хар өнгийн үстэй дээр нь ягаанд өнгийн сортой байсан. 150-160 см орчим өндөртэй намхан, 20 орчим насны эмэгтэй хүн байсан. Гадуураа масктай байсан....”А-” гэх нэртэй facebook цахим хаягтай байсан ба avatar дээр байгаа зураг нь улаан өнгийн машины урд нүдний шилтэй зогссон байсан эмэгтэйн зураг байсан. Ерөнхий байдлаар нь ажиглахад хуурамч facebook цахим хаяг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 184-186х/,
-“Ашид Билгүүн ХХК” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх-ийн 199-202х/,
-2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хохирогч Г.А-оор Б.Н-ийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх- ийн 171-177х/,
-Хаан банк”-ны 000000000дугаартай Б.Н-ийн дансны хуупга, /хх-ийн 233х/,
- 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “РС Маll” дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 168-170х/,
-2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б.Н-ийн “Хаан банк”-ны интернэт банкны “Захиалгат гүйлгээ амжилттай бүртгэгдлээ” гэсэн бичгийг гаргаж хохирогчийг төөрөгдөлд оруулсан үйлдлийг “Хаан банк”-ны интернэт банк дээр туршилт хийж үзсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 212-214х/,
-Хохирогч М.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 13 цаг 20 минутын үед манай худалдагч Н...над руу залгаад...би юм зарсан чинь барааных нь мөнгө дансанд ороогүй байна гэхээр нь би өөрийн дэлгүүр дээрээ очиж хяналтын камераа шүүхэд...цагаан өнгийн хувцастай маск зүүсэн нүдний шилтэй эмэгтэй ирээд эмэгтэй хүний 485,000 мянган төгрөгийн үнэлгээтэй цүнх аваад гарж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Хаан банкны туслах руу залгаад гүйлгээ шууд орж байгаа юу гэж асуухад манай гүйлгээ хэвийн байгаа сүүлийн үед манай банкны захиалгат гүйлгээ гэх цэсээр хүмүүс залилан хийгээд байгаа шалгаад үзээрэй гэж хэлсэн...Тэгээд би Хх худалдааны төвийн Ундраа руу залгаад болсон асуудлаа хэлээд хяналтын камер шүүж үзье гэхэд Ундраа надад танаас гадна 2-3 хүний лангуунаас юм алдагдсан байна гэсэн. Тэгээд би хяналтын камерын өрөөнд ороход цагдаа ирчихсэн бичлэг үзээд байж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96х/,
-“Ашид Билгүүн ХХК” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-622/4292 дугаартай “Мicheal kors” загварын эмэгтэй хүний цүнхийг 436,000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 104-106х/,
-Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “Хх” худалдааны төвийн 0 дугаартай лангуун дээрх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 118-122х/,
-Б.Н-ийн “Хаан банк”-ны 0000000000, 000000000дугаартай данснуудын дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 143-144х/,
-Б.Н-ийн “Хаан банк”-ны 000000000дугаартай дансны хуулганд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 145-146х/,
-Хохирогч Г.С- мөрдөн шалгах ажиллагаанд: “…2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Хх дэлгүүрийн 2025 тоот лангуун дээр ажлаа хийгээд сууж байхад 13 цагийн үед цагаан өнгийн цамцтай, ягаан өмдтэй, маск нүдний шилтэй эмэгтэй орж ирээд манай зарж байгаа барааг үзэж байгаад нүүрний тос 44,900, чийгшүүлэгч 29,900, нүүрний саван 15,900, тосон цэвэрлэгч 29,000 төгрөгийн үнэлгээтэй 4 бараа 120,600 төгрөгийн худалдан авалт хийж мөнгөө шилжүүлж гүйлгээ амжилттай гэх бичиг харуулахаар нь мөнгө нь орчих байх гэж итгээд явуулсан...Би залилуулсан...барааны 120,600 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54х/,
-“Ашид Билгүүн ХХК” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-622/4295 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 64-66х/,
- Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “Хх” худалдааны төвийн 2025 дугаартай лангуун дээрх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 67-70х/,
-Хохирогч М.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Гэрэл косметик дэлгүүрт манай худалдагч Зулням нь худалдагчийн ажлаа хийгээд байж байхад гаднаас үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд 130,000 төгрөгийн гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаж аваад шилжүүлсэн гэж хэлээд гүйлгээ амжилттай хийгдсэн гэж гар утсаа харуулсан байсан. Тухайн 2 хүнийг гараад явсны дараа манай худалдагч над руу залгаад 130,000 төгрөгийн орлого орсон уу гэж асуухад тухайн мөнгө нь ороогүй байсан учир би цагдаад ханд гэж хэлсэн. Тэгээд манай худалдагч цагдаад хандсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй хохирлоо барагдуулж авсан. Манайх компани биш зүгээр Гэрэл косметик гэх нэртэй лангуу юм. Эрдэнэт их дэлгүүрийн 1 давхарт лангуу түрээслэн ажиллуулдаг юм. Зулням манай лангууны худалдагч юм. Энэ асуудалд би хохирогчоор оролцоно. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 101-102х/,
-“Ашид Билгүүн ХХК” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-622/4286 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх-ийн 21-23х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Н-э нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл буюу “Хаан банк”-ны интернэт банкны “Захиалгат гүйлгээ” цэсийг ашиглан “Захиалгат гүйлгээ амжилттай бүртгэгдлээ” гэсэн бичгийг бусдад харуулан төлбөрөө шилжүүлсэн мэтээр хуурч хохирогч Г.А-од 2,500,000 төгрөгийн, М.М-т 436,500 төгрөгийн, Г.С-т 108,540 төгрөгийн, М.Э-д 111,350 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт болсон байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Б.Н-э болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.Н-э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Н-э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Н-э нь энэ хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 13 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнийг цагдан хоригдсон 13 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, 195,000 төгрөгийн торгох ялыг эдлэх ялаас нь хасаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-эд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогтой Б-ын Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-э нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийн цагдан хоригдсон 13 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000 төгрөгөөр тооцон 195,000 төгрөгийн ялыг эдлэх ялаас нь хассугай.
5. Шүүгдэгч Б.Н-э нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг камерийн бичлэгийг хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-эд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ