| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2020/00460/И |
| Дугаар | 104/ШШ2021/00115 |
| Огноо | 2021-04-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 104/ШШ2021/00115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, Ерөнхий шүүгч Л.Энхбилэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ………………………………………………………………. тоотод оршин суух, Бодь Ж.О / /
Хариуцагч: ………………………………………………… тоотод оршин суух, Хулант Д.М /РД: /-д холбогдуулан
Худалдах худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 250,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 1,211,000 төгрөг нийт 1,461,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, хариуцагч Д.М, гэрч Ж.О, иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2020 онд хашаа худалдан аваад байшин барьж эхэлсэн. Ингэхдээ байшин, хашаа бариулахаар барилгын мэргэжилтэй Ж.Оыг өдрийн 80,000 төгрөгөөр тохирч хөлсөлсөн.
Манай газар цэвдэгтэй байсан учир хашаандаа цэвэр хайрга, дайрга асгуулах хэрэгтэй болсон. Би 2020 оны 8 дугаар сард зар үзэж байхад уулын дайрга, чулуу зарна гэсэн байсан. Би зарын дагуу Д.Мтэй ярихад машин дайрга 25,000 төгрөг гэсэн. Ингээд авахаар болж маргааш нь хашаандаа буулгуулахад Ж.О дайрга биш шар шавар байна гэсэн. Би Д.Мд шавар буулгахгүй гэж хэлэхийг сонсохгүй асгачихсан. Тэгээд урагшлахдаа машины гүүзүүнээс гарсан зузаан төмрөөрөө хашааны хаалгыг хуу татсан.
Би 4 метр өргөн хаалгатай хашааг ................. ХХК-иар хийлгээд 7 хонож байсан. Энэ хаалгаар машин чөлөөтэй багтах боломжтой. Мөн гэрч Ж.О Д.Мд зааварлан өгсөөр байхад хохирол учруулсан.
Тэгснээ Д.М машины рублийн аппарат эвдэрхий учраас ийм зүйл болчихлоо гэсэн.
Би Д.Мд хашаанд байшингийн материал байгаа учир түргэн хашааны хаалга хаагддаг болгоод өгчих гэж хэлэхэд 2 дүүгээрээ янзлуулаад өгье гэсэн. Мөн Д.Мийн ажилласан компанийн захирал гэх хүн ирээд явуулчих, би мөнгийг нь өгнө. Цагдаа дуудаад хэрэггүй гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаагүй. Гэтэл захирал залуу зугтсан. Би араас нь хөөцөлдөж байж барьж авсан. Тэгтэл би танай хаалгыг эвдээгүй, эвдэлсэн хүнээсээ мөнгөө ав гээд явсан.
Би Баянзүрх дүүргийн Замын Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Уг асуудлыг н.Баттулга гэх байцаагч шалгаад, Д.Мийг орой 23 цагийн үед Налайх дүүргээс олж ирсэн.
н.Баттулга байцаагч хашааныхаа үнэлгээг хийлгээд ир гэсэн. Би Хөрөнгө Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд хохирол 594,000 төгрөг, үнэлгээ хийсэн хөлс 65,000 төгрөг болсон. Би байсан 10,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг н.Баттулга байцаагч төлсөн.
Би уг мөнгийг буцаагч н.Баттулгад өгөх тул 65,000 төгрөг, хашаанд учруулсан хохирол 594,000 төгрөг, шүүхэд өгсөн баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 12,000 төгрөг, таксинд явж олдог өдрийн орлого 50,000 төгрөг буюу 6 хоногийн 300,000 төгрөг, нийт 971,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 490,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Учир нь: шар шаврыг хашаанаас холдуулахад зарцуулсан зардал 250,000 төгрөг, шүүхэд ирэхэд зарцуулсан шатахууны зардал 40,000 төгрөг, олох ёстой 4 өдрийн орлого 200,000 төгрөг нийт 1,461,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбартаа: Би барилгын суурийн цэвэр шороо буулгаж өгнө гэсэн зар тавьсан. Ж.О 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 9 цагийн үед залгаад 20 машин шороо буулгуулъя, ямар үнэтэй вэ гэж асуусан. Би ойрхон газар бол үнэгүй буулгаад өгнө. Замаасаа гарах юм бол түлшний мөнгө авна гэсэн. Ж.О Монелын 19 дүгээр гудамжинд гэхээр нь үнэгүй буулгаж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Дарь-Эхийн цаашаа байсан. Ж.О шороог буулгахаас өмнө үзээд 20 машиныг авъя гэхээр нь 10 литр түлшний мөнгө 20,000 төгрөг өгчих гэж хэлсэн.
Тэгээд хашааны хаалгаар машин багтахгүй байсан учир үүдэнд нь буулгаад өгье гэхэд Ж.О заавал хашаандаа буулгуулна гэсэн. Тэгэхээр нь ухраад хашаанд нь буулгасан. Ингэхдээ машины порчикны булангаар хашааны хаалгыг жаахан шүргэсэн нь үнэн.
Харин машины рублийн аппарат эвдэрхий гэж хэлээгүй. Би хашааг нь янзлаад өгье гэхэд Ж.О үгүй, мөнгө өг гэсэн. Би түүнээс түлшний мөнгөө аваагүй. Би уг машиныг түрээсээр барьдаг. Цаг нь дуусаад байсан болохоор аваачиж өгөх гээд явсан. Харин надад зугтсан зүйл байхгүй. Тэр өдөр гэрч Ж.О, бага насны хүүхэд байсан. Тэд болсон зүйлийн талаар гэрчлэх байх. Би Ж.Оийн хашааг эвдсэн талаар маргах зүйл байхгүй. Харин хохирсон гэж шаардаад байгаа мөнгөн дүнг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь:
Би Ж.Оийн орлого олдог машиныг гэмтээгээгүй. Хаалга хаагдахгүй болсон нь орлогоо алдах шалтгаан болохгүй. Одоо тэр хаалга хаалттай байгаа. Мөн Ж.О миний буулгасан шороог машинаар зөөвөрлөж зөөсөн зүйл байхгүй. Би очиж үзэхэд хашаандаа тараагаад тавьчихсан байсан.
Шинжээч Ашидбилгүүн ХХК хохирлыг 414,400 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл 2 метр төмөр хаалгыг 4 метр гэсэн байна. Би 100 айл явж төмрийн үнэ судлахад метр нь 5,200 төгрөг байсан. Гэтэл шинжээч хэт өндрөөр үнэлсэн. Мөн шүүхэд өөрөө нэхэмжлэл гаргасан тул үүнтэй холбоотой зардлыг хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.О хариуцагч Д.Мэс худалдах худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 250,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,211,000 төгрөг нийт 1,461,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Д.М нэхэмжлэгч Ж.Оийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруугийн талаар маргаагүй ч нөхөн төлөх мөнгөн дүнг үл зөвшөөрч маргасан.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэцогт ...нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч бүхэлд нь барагдуулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.
Өгөөж Од ХХК-ийн барилгын газрын хөрс хуулж ухсан шороог тусгай зөвшөөрсөн газарт буулгах ажлыг хөлсөөр гүйцэтгэж байсан хариуцагч Д.М 20 машин шороог Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 39-928 тоотод буулгах нэхэмжлэгч Ж.Оийн саналыг зөвшөөрч, төлбөрийг 10 литр түлшний үнэ 20,000 төгрөгөөр тохирч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Харин хариуцагч Д.Мийн буулгасан шороо нь хашааны шаврыг дарах зориулалтаар ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой шар шавартай шороо байсан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.О Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан байна.
Иймд нэхэмжлэгч Ж.О өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь гэрээнээс татгалзаж хариуцагч Д.Мд биет байдлаар буцаасан шороо саад болсон бол газраа чөлөөлөхийн тулд зарцуулсан зардлаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар шаардах эрхтэй.
Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох, хариуцагч татгалзаж байгаагаа үйл баримтаар няцаах үүрэгтэй.
Нэхэмжлэгч Ж.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүхэд хэд хэдэн удаа ирж байсан боловч нэхэмжлэлээ дэмжсэн баримтыг өнөөдрийг хүртэлх хугацаанд ирүүлээгүй.
Иймд нэхэмжлэгч Ж.Оийн шаардсан 250,000 төгрөгийн хохирол баримтаар нотлогдоогүй тул хангах боломжгүй гэж үзэв.
Мөн хариуцагч Д.М өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ж.Оийн төмөр хаалгыг шүргэж Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 560 дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ЗТО-560 дугаартай эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шийтгэлийн хуудас, хариу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдсон. /хх-7-22/
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Хариуцагч Д.М Нордбенз маркийн 88-72 УБТ улсын дугаартай автомашины өмчлөгч биш ч түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.-т зааснаар шударга эзэмшигч байна.
Иймд хариуцагч Д.М Ж.Од учруулсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 228.1., 229 дүгээр зүйлийн 229.1., 499 дүгээр зүйлийн 499.1.-д зааснаар арилгах үүрэг хүлээнэ.
Шүүх нэхэмжлэгч Ж.Од учирсан гэм хорын хохирлын хэмжээг нийт 420,900 төгрөгөөр хангахдаа хариуцагч Д.Мийн хүсэлтийг хүлээн авч, томилсон шинжээч Ашидбилгүүн ХХК-ийн тогтоосон 414,400 төгрөгийн үнэлгээ, нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 6.500 төгрөгийн баримыг үндэслэл болгосон. /хх-23, 63-69/
Харин нэхэмжлэгч Ж.Оийн олох ёстой байсан орлого 500,000 төгрөг Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээний хөлс 65,000 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхэд гаргасан зардлаас /нотариатын үйлчилгээний хөлс/ 5,500 төгрөгт холбогдох шаардлагаа баримтаар нотлоогүй.
Шатахуунд зарцуулсан 40,000 төгрөг нь шүүхэд ирж мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, хэргийн материалтай танилцах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохтой холбоотой зардал байна.
Мөн нэхэмжлэгч Ж.О шинжээч Ашидбилгүүн ХХК-ийн тогтоосон 414,400 төгрөгийн үнэлгээг зөвшөөрч, 179,600 төгрөгөөс татгалзсан.
Иймээс хариуцагч Д.Мэс гэм хорын хохирол 420,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Од олгож, нэхэмжлэлээс 1,040,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ж.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,204 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Мэс 13,277 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Од олгов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр томилсон шинжээчийн ажлын хөлс 37,296 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.Мэс гаргуулж Ашидбилгүүн ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасныг баримтлан хариуцагч Хулант Д.Мэс гэм хорын хохирол 420,900 /дөрвөн зуун хорин мянга есөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бодь Ж.Од олгож, нэхэмжлэлээс 1,040,100 /нэг сая дөчин мянга нэг зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ж.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,204 /дөчин гурван мянга хоёр зуун дөрөв/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Мэс 13,277 /арван гурван мянга хоёр зуун далан долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.Мэс шинжээчийн ажлын хөлс 37,296 /гучин долоон мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулж Ашидбилгүүн ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ
ШҮҮГЧ Т.БАДРАХ