Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 744

 

Т.О, Д.О нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Цэрэнжамц,

хохирогч, шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

хохирогч, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Г.Тулга,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/661 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Д.О-н гаргасан давж заалдах гомдлоор Д.О, Т.О нарт холбогдох эрүүгийн 2006 01259 0720 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Т-н О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Х б” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;  

2. Х овгийн Д-н О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .........аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “А с т” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../; 

Т.О нь 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ............ тоотод иргэн Д.О-тай үл ялих зүйлээс маргалдаж, зүүн талын хөл, хавирга, цээж, толгой хэсэгт нь 4-5 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ........ тоотод иргэн Т.О-тай үл ялих зүйлээс маргалдаж, зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа цохиж, гар утсаараа толгойн зүүн хэсэгт нь 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Т-н О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Д-н О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.О, Д.О нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Учир нь, бусдын хууль бус ятгалгад орж Т.О-г зодсон мэтээр цагдаад мэдүүлэг өгч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт хэргийг шууд хаадаг гэж ойлгож явснаас гэмт хэрэг хийгээгүй байж ял шийтгэл авах нөхцөл байдал үүслээ. Бодит байдал дээр Т.О-г огт цохиж зодсон зүйлгүй бөгөөд үүнийг тухайн үед С.И, С.Б нар гэрчлэх ёстой. Мөрдөн байцаалтын явцад хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Д.О-н өмгөөлөгч Г.Тулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүгдэгч Д.О-тай уулзаж, цаашид гарах үр дагаврын талаар хэлж тайлбарласан. Д.О нь эрүүгийн хариуцлагын талаар огт ойлгоогүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлээд дуусаж байгаа гэж ойлгосон  байсан. Ийм учраас өмнө өгсөн мэдүүлэгтээ цохиж зодсон гэж хэлсэн. Өмгөөлөгчийн хувьд өмнө өгсөн мэдүүлэгтээ огт маргаагүй. Хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоох хэрэгтэй гэсэн байр суурьтай шүүх хуралд оролцож байна. ...” гэв.

 Хохирогч, шүүгдэгч Т.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед Д.О-тай маргалдсанаас болж надад гэмтэл учирсан. Д.О намайг утсаараа цохисон. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Т.О-н өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Т.О-н зүгээс шийтгэх тогтоолд ямар нэг санал гомдол гаргаагүй. Хэргийн нөхцөл байдлын тухайд хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.О нь хуульд зааснаар заавал өмгөөлөгчтэй оролцох субъект биш. Тэрээр “Би өмгөөлөгч авахгүй мэдүүлэг өгнө” гэж хэлээд мэдүүлэг өгсөн. Түүний гаргасан хүсэлтийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Миний бие шүүгдэгч Д.О-т хэргийн нөхцөл байдал болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүнээс гарах үр дагаврыг тодорхой тайлбарлаж өгсөн ба тэрээр энэ байдлыг сайн мэдэж байсан. Тухайн цаг хугацаанд Т.О, Д.О нараас өөр маргалдсан, зодолдсон хүн байгаагүй. Яллагдагч нар нь прокурорын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Т.О нь 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ..............  тоотод иргэн Д.О-тай үл ялих зүйлээс маргалдаж, зүүн талын хөл, хавирга, цээж, толгой хэсэгт нь 4-5 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ......... тоотод иргэн Т.О-тай үл ялих зүйлээс маргалдаж, зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа цохиж, гар утсаараа толгойн зүүн хэсэгт нь 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.О-н хохирогчоор өгсөн “... Миний зүүн хацар хэсэгт Д.О ах нэг удаа баруун гараараа цохисон. Би Д.О ахтай барьцалдаж аваад байшингийнх нь жижиг өрөө лүү түлхэж оруулсан. Д.О ах жижиг өрөөнөөсөө гарч ирээд баруун гартаа барьсан утсаараа миний толгойны зүүн хойд хэсэгт 3 удаа хүчтэй цохисон. ...” /хх 5-6/,

Д.О-н хохирогчоор өгсөн “... Би араас нь гараад газар суугаад цагдаад дуудлага өгөөд байж байхад Т.О зүүн талаас ирээд миний зүүн талын хөл, хавирга, цээж, толгой руу нийт 4-5 удаа өшиглөсөн. ...” /хх 14-15/,

гэрч С.И-н “... Т.О, Д.О нар маргалдаад зодолдоод байна гэхээр нь би гэрээсээ гараад очсон. Намайг очиход хашаан дотор Т.О, Д.О нар хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Д.О-н нүүр нь нил цус болчихсон газар сууж байсан. ...” /хх 16/,

гэрч Г.А-н “... Т.О, Д.О хоёр хэрэлдэж байгаад Д.О-н ууж байсан архийг Одбаяр аваад газар шидээд хагалсан чинь Д.О ах босож ирээд Одбаярыг нэг удаа гараараа нүүрэнд нь цохисон чинь Т.О зөрүүлээд Д.О-н нүүрэнд нэг удаа гараараа цохисон. ... Тэгээд би Т.О-г салгаад гараад хашаан дотор явж байхад Д.О араас гарч ирээд Т.О-н толгойны орой хэсэг рүү гар утсаараа цохиж байгаа харагдсан. ...” /хх 18-19/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Т.О-н биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2961 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.О-н биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, цээжний зүүн талын 4, 10, 11, 12 дугаар хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 3368 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 26-27/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.О нь Д.О-г зодож, түүний биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, цээжний зүүн талын 4, 10, 11, 12 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.О нь Т.О-г зодож, түүний биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, тэдний хувийн байдалд тохирсон байна.

 Шүүгдэгч Д.О-н “... Би Т.О-г зодоогүй, түүнд гэмтэл учруулаагүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх ажиллагааг буруу ойлгож, бусдын ятгалгад орж, Т.О-г зодсон мэтээр мэдүүлсэн тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, хэрэгт авагдсан шүүгдэгч Т.О, Д.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүгүй байгаагийн зэрэгцээ тухайн гэмт хэргийн үйл явц болон өрнөлийг биечлэн харсан гэрч С.И, Г.А-н нарын мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх бөгөөд тухайн үйл явдал нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч нарын мэдүүлэг болон гэрч Г.А-н мэдүүлгээс дүгнэвэл, Т.О-н биед зүүн зулайд хуйханд шарх бүхий хөнгөн гэмтлийг Д.О нь харилцан зодолдох явцдаа учруулсан байх бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.О, Т.О нарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг танилцуулж /хх 42, 48/ гарын үсэг зуруулсан байх ба үүний дараа яллагдагч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтүүд /хх 62-63/ гаргажээ.

Дээрх байдлуудаас дүгнэж үзвэл шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх ажиллагааны үндэслэл, журамтай танилцсан, энэ ажиллагааны талаар тодорхой ойлголттой болсон бөгөөд мөрдөн шалгах болон анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх байдал тогтоогдсонгүй.    

Иймд хохирогч, шүүгдэгч Д.О-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.