| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2022/0017/З/Т |
| Дугаар | 109/ШШ2022/0035 |
| Огноо | 2022-06-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 109/ШШ2022/0035
109/ШШ2022/0035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Нэргүй, шүүгч Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Н” ХХК
Хариуцагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хоорондын “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, иргэдийн төлөөлөгч С.Содномцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. “Н” ХХК нь 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан байх бөгөөд 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрийг хамарсан “Д" овоо” нэртэй 27709 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч байжээ.
3. “Н” ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад 21/10 дугаартай албан бичиг хүргүүлэхэд, тус сумын Засаг даргаас 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3/465 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн байна.
Энэхүү татгалзалд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Шаргачны гол” орчмын 32800 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талаар дурджээ.
4. Ийнхүү нэхэмжлэгч “Н” ХХК-иас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдсан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргасан болно.
5. Шүүх дээрх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хүрээнд уг хэргийг тусгаарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: “Н” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлуулахаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад хүргүүлсэн боловч 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3/465 тоот албан бичгээр хуульд заасан үндэслэлгүйгээр төлөвлөгөөг батлахаас татгалзаж манай компанийн эрх, ашгийг ноцтойгоор хөндсөн бөгөөд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа манай тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан учраас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэж үндэслэлээ дурджээ. Гэтэл “Н” ХХК нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт орших Далтын овоо нэртэй газарт ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2009 оноос хойш эзэмшиж ирсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг хүчинтэй байх хугацаанд буюу 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байна.
Газрын тухай хуулийн дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж заасан боловч манай компанид ямар нэг мэдэгдэл өгөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны үйл ажиллагаа нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх,” 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчим баримтална” гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага нь дээрх хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр давуу эрхээ ашиглан нэхэмжлэгчийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хуульд нийцээгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасан байхад хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээрх тогтоолуудыг гаргахдаа хуульд заасан ажиллагааг хийгээгүй нь хууль бус гэж үзэж байна.
Иймд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай “Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ ... Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай “Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” тогтоолыг гаргахаас өмнө “Н” ХХК-ий ***** дугаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсоныг дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 75 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.05.20-ны өдрийн 178 тоот тогтоол тус тус хүчин төгөлдөр болчихсон байсан. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дээрх цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ***** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан эсэх талаар холбогдох төрийн байгууллагаас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээс хайхад ямар ч мэдээлэл олдоогүй учир дээрх шүүхийн шийдвэрүүд гарснаас хойш Ашигт малтмалын тухай хуулийн 53.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон байна гэж ойлгосон. Тийм учраас нэгэнт дуусгавар болсон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар аливаа хууль тогтоомжинд заасан эрх, үүрэг үүсэхгүй. Өөрөөр хэлбэл Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай “Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” тогтоол гаргах үед “Н” ХХК-ийн 5359Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусчихсан, тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээсэн, сунгасан талаар эрх бүхий төрийн захиргааны байгууллагын шийдвэр байхгүй, хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь дуусгавар болсон байсан ...” гэжээ.
8. Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын саналыг үндэслэж Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус багийнхаа 32.800 га газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор тусгай хамгаалалтад авсан. Энэ тусгай хамгаалалтад авсан тогтоолоо Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2017 онд дууссан. Дууссан гэдэг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 178 дугаартай тогтоолоос харагдана.
Мөн бидний зүгээс тусгай зөвшөөрлийг цуцалсан эсэх талаар мэргэжлийн хяналт болон өдөр тутмын хэвлэлүүдээс харахад нэхэмжлэгч талын гаргаад байгаа шиг мэдээлэл байгаагүй. Ийм учраас бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Тухайн Д гэх газар нь манай нутгийн гол мөрөн мод элбэгтэй байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн байгалийн тогтоцтой газар байгаа юм. Уг багт 400 гаруй өрх айл амьдардаг. Манай сумын хамгийн том баг юм. Тэгсэн хирнээ газар нутаг давчуухан уулын дунд оршдог баг байдаг. 100 гаруй өрхийн 10000 гаруй мал байгаа учраас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан учраас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж ойлгосон учраас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэв.
9. Хариуцагчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолыг Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тус сумын Засаг даргын саналыг үндэслэж Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уг тогтоолыг гаргаж Өндөр-Улаан сумын Шаргачийн гол орчмын 32.800 га газрыг тусгай хамгаалалтад авсан байгаа. Уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлт 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5263 дугаарт бүртгэсэн. Мөн захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаарт нийтлэгдэж хүчин төгөлдөр болсон байна. Иймээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын маргаан бүхий 04 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа захиргааны хэм хэмжээний акт юм. Нэхэмжлэгч талаас дурдахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т аймаг, нийслэл сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж заасан боловч манай компанид мэдэгдэл өгөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа хуулийн энэ зохицуулалт нь зөвхөн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр үйлчлэлд хамаарах боломжтой зохицуулалт юм. Гэвч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4 дугаартай тогтоол гарахаас өмнө “Н ХХК-ийн **** дугаартай цацраг идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон байсан. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 75 дугаартай магадлал, мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаартай тогтоолуудад тодорхой тусгагдсан байгаа. Эдгээр магадлал тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх хэсэгт зааснаар цацраг идэвхт бодис эрх хайх үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тус хуулийн 15 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл дуусахаас 1 доошгүй сарын өмнө түүний хугацаа сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад гаргахаар, 27 дугаар зүйлийн 27.1.1-т тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор тус тус заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт мөн адил тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол хайгуулын болон тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоор тус тус заасан. Хуулийн эдгээр заалтаас үзхэд нэхэмжлэгч компанид олгосон **** дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон. Уг хугацаа дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. Үүнээс гадна хэрэгт авагдсан Ашигт малтмал газрын тосны 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 8/1727 тоот албан бичигт дурдсанаар кадастрын хэлтсийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байгаа. Мөн Цөмийн энергийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Энэ хуулийн 15.1.1, 15.1.3, 15.1.4, 15.2.1, 15.2.3, 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1-ээс доошгүй сарын өмнө түүний хугацааг сунгуулах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Хэрэгт авагдсан баримтаар тухайн компани нь хугацаандаа хугацаа сунгуулах нөхцөл байдлаа илэрхийлсэн хүсэлт өгөөгүй тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй нөхцөл байдал тогтоогддог. Мөн хариуцагч байгууллагаас 4 тоот тогтоолыг гаргахдаа Мэргэжлийн хяналтын байгууллагаас тодруулсан. Тухайн компани тусгай зөвшөөрлөө сунгуулсан байна уу үгүй гэдгийг цахимаар ороод шалгах боломжтой. Энэ нөхцөл байдлаар шалгасан. Холбогдох нөхцөл байдал өдөр тутмын мэдээллийн хэрэгслээс хайж үзсэн. Тэгэхэд тусгай зөвшөөрөл нь ямар нэгэн байдлаар сунгагдсан асуудал байхгүй, хүчингүй болсон нөхцөл байдал үүссэн учраас тогтоолоо гаргасан. Нэгэнт компанийн тусгай зөвшөөрөл дууссан учраас Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай тогтоолтой нэхэмжлэгч маргах эрх байхгүй гэж хариуцагч талаас үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дахь хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно” гэж заасан. Тэгэхээр “Н” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, хугацаагаа сунгуулсан асуудал байхгүй. Хүчингүй болсон нөхцөл байдал хэргээс харагдаж байгаа учраас “Н” ХХК нь хайгуулын зөвшөөрлөө дахин шинээр авах асуудал үүсэж байна. Шинээр олгох асуудал үүссэний дараа энэ асуудал тавигдана уу гэхээс биш одоогийн нөхцөл байдлаар 4 дугаартай тогтоолд маргах эрхгүй байна. Эрх ашиг нь зөрчигдсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэж үзэж байна. Мөн энэ тогтоолыг гаргахад нэхэмжлэгч компанид нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг мэдэгдэл өгөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр нэгэнт тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон тухайн газрыг эзэмшиж байгаа нөхцөл байдал байхгүй, тухайн компанийн эрх ашиг зөрчигдөхгүй учраас мэдэгдэх сонсох ажиллагаа хийх шаардлагагүй. Мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх шаардлагатай байлаа гэж үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй гэж заасан. Хариуцагчийн маргааны зүйл нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол, 28.1.3-т иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдол, гэсэн нь сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөлд хамаарч байгаа. Яагаад вэ гэхээр хэрэгт авагдсан баримтууд байгаа. Тухайн багийн Засаг дарга нарын зуун хувийн саналаар ураны хор нөлөө тухайн орон нутагт маш их байгаа. Иргэдийнх нь үс хүртэл унаж байгаа, ямар нэгэн өөрчлөлтэй төл мал гарч байгаа талаар иргэд нь хурал дээр тайлбарласан байсан. Азарга багийн иргэд гарын үсгээ зурж сум орон нутгаа эрсдэлтэй байдалд оруулмааргүй байна гэдэг байдлаар өргөдөл, гомдол маш ихээр гаргаж Иргэдийн Хуралдаа саналаа оруулсны дараа энэ байдлаар тогтоол гарсан. Үүнээс гадна ашигт малтмал газрын тосны 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шүүхэд ирүүлсэн албан бичгээс харахад хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий хамгаалалтын бүсийн хилийн заагтай, ойн сан бүхий газрын хилийн заагтай талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай байна гэсэн албан бичиг ирүүлсэн. Мөн хариуцагчийн төлөөлөгч ч гэсэн тухайн газар нутаг ой, ус ургамалтай үүнээс гадна тусгай зөвшөөрөл олгосон газраас урсаж байгаа гол нь Чулуут гол руу цутгаж цаашаа Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг. Усны сан бүрэлдэх нөөц газар оршиж байгаа нөхцөл хамаарч байгаа. Тийм учраас зайлшгүй тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага хуралд байсан. Тухайн үед ямар нэгэн компани тусгай зөвшөөрөлтэй эзэмшээгүй байсан. Нэхэмжлэгч компанийн хайгуулын зөвшөөрөл хүчингүй болсон, хугацаагаа сунгуулаагүй дууссан байсан нөхцөл байдал байсан. Тийм учраас мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх шаардлагагүй байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тухайн хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол нь хууль бусад тооцогдсон нөхцөл байдал байхгүй байгаа. Хоёрдугаарт энэхүү тогтоолын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хэрхэн зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч мөн үүнийгээ нотолж чадахгүй байгаа. Хэрэгт энэ талаар ямар ч үйл баримт авагдаагүй. Маргаан болж буй акт нь хууль зөрчсөн асуудал байхгүй, тогтоол нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг хөндөөгүй гарсан тогтоол учраас хүчинтэй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.
10. Иргэдийн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хариуцагч талын хариу тайлбар үндэслэлтэй байна гэв
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:
Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд,
1. “Н” ХХК нь 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрийг хамарсан “Д” нэртэй 27709 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байна. /х.х.-н 168-170/
2. Улмаар “Н” ХХК нь 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 21/10 дугаартай албан бичгийг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад хүргүүлэхэд, тус сумын Засаг дарга 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3/465 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн байна. Тодруулбал, дээрх 3/465 дугаартай албан бичигт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Шаргачны гол” орчмын 32800 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талаар дурджээ. /х.х-н 6-7/
3. “Н” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. /х.х-н 1-5/
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа “ ... 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04 тоот тогтоолуудаар Шаргачны гол орчмын 32800 га газрыг сумын тусгай хамгаалалтад авсан ...” гэх үндэслэлийг дурджээ. /х.х-н 57-58/
5. Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргасан байна. /х.х-н 73-75/
6. Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын тухайд, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дугаартай тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "к" хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн тус сумын "Шаргачны гол" орчмын 32800 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авч, тусгай хамгаалалтанд авсан газрын хилийн заагийг хавсралтаар баталж, холбогдох материалыг эрх бүхий байгууллагад хүргүүлж бүртгүүлэхийг сумын Засаг дарга /Ю.Б/-д даалгаж шийдвэрлэжээ. /х.х-н 123-124/
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д зааснаар захиргааны хэм хэмжээний актын улмаас хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон хууль зөрчигдсөн байхыг шаарддаг.
8. Өөрөөр хэлбэл, захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол “зөрчигдсөн” эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд л шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасан шийдвэрийг гаргахаар заасан байна.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд захиргааны хэм хэмжээний актыг батлах эрхийг хуулиар олгосон эсэх тухайд:
9. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1. дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.” гэж заасан. Хуулийн энэхүү заалтаас үзвэл, “хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас” гаргасан байх шинж нь захиргааны хэм хэмжээний актын үндсэн шинж төдийгүй захиргааны хэм хэмжээний актад тавигдах тухайлсан шаардлага болно.
10. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах эрх зүйн шаардлагыг тусгайлан зохицуулсан бөгөөд энэхүү шаардлагыг хангасан эсэх хяналтыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд тухайн хэм хэмжээний актыг бүртгэхдээ ерөнхий хяналтыг хэрэгжүүлж хянан шалгаж тогтоосон гэж үзэх үндэстэй.
11. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дугаартай тогтоолд 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "к" хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.
12. Тодруулбал, 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсэг Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.2.-т “нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар: к/нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйл Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 3/-т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.3.-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж тус тус заажээ.
13. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг хуулиар тухайлан зааж олгосон байна.
Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам, нөхцөл шаардлагыг хангасан эсэх тухайд:
14. Маргаан бүхий Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дугаартай тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаарт нийтлэгдсэн, хүчин төгөлдөр байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3-2/59 дугаартай лавлагаа ирүүлжээ. /х.х-н 184-192/
15. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэгт Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: 11.1.1.-д “захиргааны акт”, 11.1.2.-т “захиргааны гэрээ”, 11.1.3.-т “захиргааны хэм хэмжээний акт”, 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг ойлгоно.”, 12.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 11.1.3-т заасан шийдвэр гаргах ажиллагааг энэ хуулийн Зургаадугаар бүлэгт зааснаар зохицуулна.” гэж заасан.
16. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1. дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр тус сумын нэр бүхий багийн иргэдийн төлөөллийг оролцуулан уулзалт хэлэлцүүлэг хийж, 66 дугаар зүйлд заасан журмын дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлжээ. Улмаар маргаан бүхий 04 дүгээр тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаарт нийтэлсэн бөгөөд хүчин төгөлдөр болсон байна.
17. Үүнээс үзвэл, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” 04 дугаартай тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д албан ёсоор нийтлэгджээ.
18. Түүнчлэн захиргааны үйл ажиллагааны хэлбэр нь захиргааны хэм хэмжээний актыг батлах мөн боловч захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, түүний дагуу хийгдэх Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах зэрэг ажиллагаа нь захиргааны акт, захиргааны гэрээний хувьд хамааралтай байхаар зохицуулагдсан.
19. Харин Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 11.1.3-т заасан шийдвэр гаргах ажиллагааг энэ хуулийн Зургаадугаар бүлэгт зааснаар зохицуулна.” гэж зааснаас үзвэл захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах түүнтэй холбоотойгоор хийгдэх ажиллагааг мөн хуулийн Зургаадугаар бүлэгт заасан журмаар явуулахаар хуульд тухайлан заажээ.
20. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” 04 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэм хэмжээний акт байна. Захиргааны хэм хэмжээний актын тухайд мөн хуулийн 60, 61, 62, 64, 65, 66, 67 зүйлд заасан журмын дагуу шийдвэр гаргах ажиллагаа явагдах бөгөөд тус захиргааны хэм хэмжээний акт нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр болох нөхцөл, журмыг хангаж хүчин төгөлдөр болсон байна.
21. Нэхэмжлэгч “Н” ХХК-ны эзэмшилд байсан цацраг идэвхт ашигт малтмалын ******* дугаартай хайгуулийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1. дэх хэсэг Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно: 53.1.1-т тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан ... тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд уг тусгай зөвшөөрлийн талбай нь улсын мэдэлд бүртгэлтэй байна.
22. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 8/1427 дугаартай албан бичигт “ ... *********** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь ... 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон бүртгэлтэй байна ... Ашигт малтмалын тухай хуулийн 22, 40 дүгээр зүйлд заасан баримт бичгийг ирүүлээгүй тул Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр ************* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн болно., ...... цацраг идэвхт ашигт малтмалын ************** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь улсын мэдэлд бүртгэлтэй байгаа болно ...” гэх хариу ирүүлжээ. /х.х-н 113-114/
23. Цөмийн энергийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэг Тусгай зөвшөөрөл дараахь үндэслэлээр дуусгавар болно: 27.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан ... /бол тусгай зөвшөөрөл дуусгавар болох/-оор, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан ... /тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болох/-оор тус тус зааснаас үзвэл, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосон ***** дугаар цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсноор уг тусгай зөвшөөрөл дуусгавар болсон, ийнхүү тусгай зөвшөөрөл дуусгавар болсон хууль зүйн фактын үр дагавар нь “Н” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эрх, үүрэг дуусгавар болох хууль зүйн үр дагаварыг үүсгэнэ.
24. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаартай шийдвэрээр “Н” ХХК-д олгосон *****, ***** дугаар цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ. Мөн өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээсэн, сунгасан талаарх эрх бүхий этгээдийн ямар нэгэн шийдвэр гараагүй байна.
25. Ийнхүү нэхэмжлэгч “Н” ХХК-д уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эрх, үүрэг дуусгавар болсон тохиолдолд тухайн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хууль зүйн хувьд зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.
26. Иймд хариуцагчаас захиргааны хэм хэмжээний акт буюу Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” 04 дугаартай тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний актыг батлан гаргах, нөхцөл журмын дагуу баталсан нөхцөлийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
27. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ ... маргаан бүхий тогтоолыг гаргахдаа ... манай компанид ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны үйл ажиллагаа нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх,” 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчим баримтална” гэж заасан бөгөөд дээрх хуулийн заалтыг хариуцагч байгууллага нь дээрх хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр давуу эрхээ ашиглан нэхэмжлэгчийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хуульд нийцээгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасан байхад хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээрх тогтоолуудыг гаргахдаа хуульд заасан ажиллагааг хийгээгүй нь хууль бус үзэж байна ...” гэж дурджээ.
28. Гэвч дээр дурдсанаар “Н” ХХК-ийн эзэмшиж байсан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээсэн, сунгасан талаарх эрх бүхий этгээдээс шийдвэр гараагүй нөхцөлд тухайн хуулийн этгээдийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль зүйн хувьд зөрчигдөх этгээд гэж үзэх, хайгуулийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр газар эзэмшиж буй этгээд гэж тодорхойлох боломжгүй бөгөөд захиргааны хэм хэмжээний актын тухайд сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулахаар заасан хуулийн зохицуулалт тухайлан үйлчлэхээргүй байна.
29. Түүнчлэн уг хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч түүний шүүхэд гаргасан хүсэлт нь баримтаар нотлогдохгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бодитой шалтгаанд хамааралгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
30. Иймд шүүх дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын “К” хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, Цөмийн энергийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Н” ХХК-иас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ