Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
Хэргийн индекс | 104/2021/00053/И |
Дугаар | 104/ШШ2021/00091 |
Огноо | 2021-03-17 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 104/ШШ2021/00091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............................................................. тоотод оршин суух, Боржигин Ц.О / /,
Хариуцагч: ................................................................. тоотод оршин суух, Харагчин Б.Б /РД: /-д холбогдуулан
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Бтэй 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр танилцсан. Тухайн үед Б.Б надтай танилцахдаа ..Хүүхэдгүй учир эхнэрээсээ салсан... гэж хэлж байсан. Би түүний үгэнд итгэж дотно харилцаатай болсон. Гэтэл Б.Б намайг жирэмсэн болсноос хойш хэл амаар доромжилж, харилцаагаа тасалсан.
Би гуч гараад анхны хүүхдээ олсон. Бидний асуудалд хүүхэд маань буруугүй. Би 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүү О.Аыг төрүүлсэн.
Харин надтай Б.Б нэг ч удаа ярьж байгаагүй. Би энэ хүнээс болж ажилгүй болсон. Мөн нөхөргүй хүүхэд гаргасан болохоор ах, дүү нарынхаа нүүрийг харахад хэцүү байдаг. Би Б.Бгээс болж маш их сэтгэлийн шаналал амсаж, амьдралаараа хохирч байна. Гэхдээ би түүнээс их зүйл хүсээгүй. Надтай хааяа холбогдож хүүгээ асуугаад, шүүх дээр өмнө нь хэлсэн үгэндээ байсан бол дахин нэхэмжлэл гаргахгүй байсан. Одоо би ажилгүй учир хүүхдээ ганцаараа тэжээхэд хэцүү байна. Иймд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Аын эцэг Б.Б болохыг тогтоож өгнө үү.
Мөн хүүхдийн тэтгэлгийн хувьд эвлэрэх боломжгүй. Иймээс хуулийн дагуу хүүхдээ тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тухайн үед эхнэрээсээ түр хугацаанд салаад тусдаа амьдарч байсан. 2017 онд Ц.Отэй танилцаж дотно харьцаатай болсон нь үнэн. Иймд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Аын эцэг мөн эсэх талаар маргах зүйлгүй тул зөвшөөрч байна.
Харин би хүүхдийн тэтгэлгийн хувьд эвлэрэх хүсэлтэй байна. Учир нь: Би хүүхдийн тэтгэлэг төлдөг. Мөн энэ байдлаа эхнэртээ мэдэгдмээргүй байна. Үүнээс гадна банк бусдад төлөх төлбөрийн талаар судлаад зээл олгодоггүй юм билээ. Иймд нэхэмжлэгч Ц.О нэхэмжлэлээ татан авбал би жил болгон хүүхдийн тэтгэлэгт 2,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэргүйгээр өгч байх саналтай байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О хариуцагч Б.Бд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.Б 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Аын эцэг мөн эсэх болон хүүхдийн асрамжийн талаар маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан тул нэхэмжлэгч Ц.Оийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Аын эцэг Б.Б мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн.
Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Б.Б нар 2017 онд танилцаж, эр, эмийн харьцаатай байсан байх ба тэдний дундаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүү О.А төрж, эх Ц.Оийн овог, нэрийг авч овоглосон. Одоо хүү О.А эх Ц.Оийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа нь хүү О.Аын №1113000501 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн Нарны эрч өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-8/
Иймд хариуцагч Б.Б 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Аын эцэг болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д зааснаар тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.
Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Б.Б нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг.
Иймд эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу үүсэж байгаа тул нэхэмжлэгч Ц.О хүү О.Аыг хариуцагч Б.Бгээр тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна. /Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5., 35 дугаар зүйлийн 35.1.-д/
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Аыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү О.Аыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Харагчин Б.Бгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид хүү О.Аыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.
Хариуцагч Б.Б бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч Ц.О нь хүү О.Аад зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б.Б зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ц.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,230 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Бгээс 107,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.От олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.А /РД:УЕ19283078/-ын эцэг Харагчин Б.Б болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Аыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү О.Аыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Харагчин Б.Бгээр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.Бгээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,230 /нэг зуун долоон мянга хоёр зуун гуч/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Бгээс 107,230 /нэг зуун долоон мянга хоёр зуун гуч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.От олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС