Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 104/ШШ2021/00101

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...................................................... тоотод оршин суух, Боржигон Л.П /РД: /,

 

Хариуцагч:  , өөрийн байранд байрлах, .........................................т холбогдуулан

 

Дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.П, өмгөөлөгч Б.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээд Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.П, өмгөөлөгч Б.Эрдэнэбат нар тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр гаргаж байна.

1.......................... ХХК нь нэхэмжлэгч Л.Птэй ямар ч гэрээ байгуулаагүй мөртлөө үнэлгээ гаргасан. Иймд Л.Пгийн сонгоогүй этгээд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчиж үнэлгээ хийсэн гэж үзэж байна.

2.Хувийн зориулалттай орон сууц хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг байхад 2 дугаар бүсчлэлд гэж газрын ангиллыг буруу тодорхойлсон учир үнэлгээг буруу гаргасан. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь бүсчлэл, зэрэглэлээс хамаарч байдаг.

3.Барилгын нэг давхарт хүнсний найман нэрийн дэлгүүр, хоёр давхарт хүүхдийн өдөр өнжүүлэх төв ажилладаг, 3 давхарт өөрсдөө оршин суудаг, төвийн цэвэр ус, дулааны шугамд холбогдсон, улаан тоосгоор баригдсан хотын А зэрэглэлд байрлах, сургууль, цэцэрлэг, автобусны буудалтай ойр, үзэмж, тохижилт сайтай, 105 м.кв газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй хувийн орон сууцны зориулалттай барилгын үйл ажиллагаа явуулдаггүй, дэд бүтэц хөгжөөгүй газарт байрлалтай, хотын Б бүсэд байрлалтай, адил, төсгүй үл хөдлөх хөрөнгө сонгон авч харьцуулсан. Уг хөрөнгөө ямар шалгуураар сонгон авсан нь тодорхойгүй байна.

4.Орлогын хандлагаар тооцох гэсэн атлаа Тооцоолоогүй гэж бичсэн. Амины орон сууцны 1 дүгээр давхарт 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллаж байгааг мэдсэн, цар тахлаас болоод 2 дугаар давхарт хүүхэд өнжүүлэх төв түр зогссон байгаа ч ажиллаж байсан байдлыг мэдсэн мөртлөө ирээдүйд олох орлогогүй гэж дүгнэсэн.

5.Үл хөдлөх хөрөнгийн нийт ашигтай талбай 180 м.кв байхад огт дурдаагүй. Мөн орон сууцны 3 дугаар давхрыг үзсэн эсэх, үнэлгээнд яаж оруулсан нь тодорхойгүй.

6.Баянзүрх дүүргийн Засаг дарга олгосон, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон гэж худал бичсэн. Манай орон сууцны газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлөх эрхтэйгээр олгогдсон. Газар өмчлөх эрхийн хугацаа дуусна гэсэн ойлголт байхгүй. Эзэмших эрх, өмчлөх эрхээс шалтгаалан үнэлгээ өөр байх ёстой.

Би өөрийн хувийн орон сууцыг 1,300,000,000 төгрөгөөр үнэлэх санал өгсөн байхад шинжээч огт харгалзаж үзээгүй. Өмнө нь уг орон сууцыг шинжээч 680,000,000 төгрөгөөр үнэлж байсан. Гэтэл үнийг зах зээлийн ханшнаас хэт доогуур 380,000,000 төгрөгөөр үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлж байна.

7.Өмгөөлөгч Б.Эрдэнэбатыг миний өмгөөлөгч гэдгийг мэдсээр байж хуулиар хориглосон, ашиг сонирхлын зөрчил үүсэх этгээд Г.Оыг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан.

8.Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг шүүхэд гаргасан гэдгийг мэдсээр байж хариуцагч ......................................... анхны албадан дуудлага худалдааг зарлан явуулж хууль зөрчсөн.

Иймд дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ......................................... шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Эрдэнэ тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараах тайлбарыг өгч байна.

1.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр Л.Пгээс 98,716,614 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Гэтэл Л.П өнөөдрийг хүртлэх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16261592/01 дүгээр тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2204043996 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Лувсан цэвээний гудамж 6-1 тоотод байрлах 180 м.кв талбайтай хувийн орон сууц, 105 м.кв газрын хамт битүүмжлэн, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16261592/160/1 дүгээр тогтоолоор хураасан.

Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар төлбөр төлөгч Л.Пгээс 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үнийн санал авсан. Төлбөр төлөгч Л.П хөрөнгөө 1,300,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал өгсөн. Төлбөр авагч Хаан банк ХХК төлбөр төлөгч Л.Пгийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2. дах хэсэгт зааснаар шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8/397 дугаар тогтоолоор ......................... ХХК-ийг шинжээчээр томилж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13 ,14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг танилцуулсан. Энэ үед нэхэмжлэгч Л.П өмгөөлөгчөөр Б.Эрдэнэбатыг аваагүй байсан. Энэ нь нэхэмжлэгч Л.П, өмгөөлөгч Б.Эрдэнэбаттай эрх зүйн туслалцаа авах гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн баримтаар нотлогдож байгаа.

Ер нь нэхэмжлэгч Л.Пгийн хөрөнгийг үнэлсэн болохоос өмгөөлөгч Б.Эрдэнэбатын хөрөнгийг үнэлээгүй. Мөн үнэлгээчин Г.От өмгөөлөгч Б.Эрдэнэбат нөлөөлсөн асуудал байхгүй учир садан төрлийн холбоотой эсэх нь үнэлгээ хийхэд хамаарахгүй гэж үзэж байна.

2. ......................... ХХК нь ......................... тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай амины орон сууцыг, 105 м.кв талбай бүхий газрын хамт 388,845,822 төгрөгөөр үнэлсэн. Үүнийг төлбөр төлөгч Л.Пд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэж, танилцуулсан. Энэ үнэлгээг шинжээч Олон улсын үнэлгээний стандарт, хууль журмын дагуу гаргасан. Энэ талаар өөрөө тайлбарлах байх.

3..........................аас 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион явуулах үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах ......................... тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай, амины орон сууцыг, 105 м.кв талбай бүхий газрын үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн дүнгийн 70 хувь болох 272,192,075 төгрөгөөр тогтоосон 1429 дугаартай тогтоол, 4/160/33798 дугаартай мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр талуудад биечлэн гардуулсан.

Анхны албадан дуудлага худалдаа явуулах үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 104/ШЗ2020/01300 дугаартай захирамж ирээгүй байсан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

1..........................ын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8/397 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилсон байсан.

Би улсын бүртгэлийн Ү-2204043996 дугаарт бүртгэгдсэн, ......................... тоот хаягт байрлах 105 м.кв талбай бүхий эзэмших газартай, 180 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 388,845,822 төгрөг гэж тодорхойлсон.

Хөрөнгийн үнэлгээчин хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартыг дагаж мөрддөг.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртөгийн хандлага гэсэн 3 хандлага байдаг. Эдгээр аргаас аль тохирохыг сонгон авсан. Харин үл хөдлөх хөрөнгийг орлогын хандлагаар тооцоолох боломжгүй байсан тул оруулаагүй. Учир нь:

Орлогын хандлага гэдэг нь ирээдүйд орж ирэх орлогыг хэлдэг. Ирээдүйд орох орлого нь баримтаар тогтоогдохгүй байсан учир орлогын хандлагаар тооцоолоогүй болно.

Харин өртөгийн хандлагыг сонгосон. Өртөгийн хандлага гэдэг нь: Уг байшинг шинээр барьж байгуулахад ямар өртөг гарах вэ гэдгээр урьдчилан тодорхойлдог. Өртөгийн хандлагаар тооцоолоод 242,800,454 төгрөг. Зах зээлийн хандлагыг сонгон тооцоолоход 388,845,822 төгрөг гэж гарсан.

Учир нь: Үнэлгээний зорилго Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зах зээлийн хандлага байсан учир 100 хувь зах зээлийн хандлагад ач холбогдол өгсөн.

Зах зээлийн хандлага нь дотроо 2 аргатай. Манай үнэлгээний зорилго зах зээлийн үнэлгээг тодорхойлох байсан учир нийтэд арилжаалагдах жишиг зүйлсийн аргыг хэрэглэсэн. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 11 дүгээр хуудсанд энэ тухай дэлгэрэнгүй бичсэн байгаа.

Уг хөрөнгөтэй харьцуулах 2 хөрөнгө сонгохдоо тухайн байшинтай бүтэц хийц, байршил, хэмжээ зэрэгтэй нь хамгийн дөхөм байдлыг нь харгалзсан.

Олон улсын стандартад заасан итгэлцүүрийг өгч, ялгаатай талуудыг нь гаргаж байгаа. Эхний хөрөнгө дээр 20 хувийн итгэлцүүр өгсөн. 2 дахь хөрөнгө дээр 7 хувийн итгэлцүүр өгсөн. Нэгж талбайн үнийг 2,160,254.9 төгрөг гэж гаргасан. Нийт үнэлгээ нь 388,845,822 төгрөг болсон.

2.Нэхэмжлэгч шинжээчтэй гэрээ хийгдээгүй гэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу 2 тохиолдолд хөрөнгийн үнэлгээ хийдэг.

Үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцож гэрээгээр, Эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэрийн дагуу хөрөнгийн үнэлгээг хийдэг.

Миний хувьд эрх бүхий байгууллагын тогтоолоор уг үнэлгээг хийсэн. Иймд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар төлбөр төлөгчтэй гэрээ хийхгүй.

Хөрөнгийн үнэлгээний тайланд м.кв болон үл хөдлөх хөрөнгийн талаар дэлгэрэнгүй бичсэн. Ямар нэгэн байдлаар талбайн хэмжээ зөрөөгүй. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 5 дугаар хуудсанд энэ талаар дэлгэрэнгүй бичсэн.

Харин үнэлгээ хийхдээ талуудтай уулзаад байх шаардлагагүй. Би уг үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ очиж үзсэн. Хувийн хэрэгт авагдсан бичиг баримттай танилцсан. Би бодит үнэлгээг гаргасан.

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын эхнэрийн дүүтэй суусан нь үнэн. Гэхдээ ямар нэгэн ашиг сонирхлын асуудал үүссэн зүйл байхгүй. Би өмнөх шүүх хуралдааны үед мэдсэн. Мөн намайг шинжээчээр томилох үед Б.Эрдэнэбатыг Л.П өмгөөлөгчөөр аваагүй байсан. Иймд хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.П ...хариуцагч ......................... нь хэргийн оролцогч болох миний өмгөөлөгч Б.Эрдэнэбаттай төрөл садангийн холбоотой Г.Оыг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ гаргуулсан...шинжээч үл хөдлөх хөрөнгийг бүрэн үзээгүй, газрын бүсчлэл зэрэглэлийг буруу тодорхойлсон, өмчлөлийн газрыг эзэмшил газрын үнэлгээгээр үнэлсэн, харьцуулсан үл хөдлөх хөрөнгийг ямар үзүүлэлтээр адил төстэй гэж сонгон авч харьцуулсан нь тодорхойгүй, үйл ажиллагаа явуулдаг байхад орлогын хандлагын аргыг хэрэглэхгүй...шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад анхны албадан дуудлага худалдааг явуулсан гэсэн үндэслэлээр хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан.

 

Хариуцагч ......................................... ...үнэлгээ гаргах эрх бүхий этгээдийг хуулийн дагуу шинжээчээр томилсны дараа Л.П өмгөөлөгч Б.Эрдэнэбатаас эрх зүйн туслалцаа авах гэрээ байгуулсан байсан...мөн ашиг сонирхлын зөрчил байхгүй гэсэн учир хууль сануулан Г.Оыг шинжээчээр томилсон...хөрөнгийн үнэлгээ хуулийн дагуу гарсан...Анхны албадан дуудлага худалдааг явуулсан өдөр шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж ирсэн. Харин нэхэмжлэгч энэ мэт байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл зайлсхийж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.О ...Би нэхэмжлэгч Л.Пгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаттай садангийн холбоотой эсэхээ шүүх хуралдааны үед мэдсэн...үнэлгээ гаргах үед надад нөлөөлсөн асуудал байхгүй... Хөрөнгийн үнэлгээг 3 хандлагын аргаас аль тохирохыг сонгож хийдэг...яг адил үл хөдлөх хөрөнгө гэж байхгүй тул ижил, төстэй хөрөнгөтэй харьцуулсан, ялгаатай талаар нь итгэлцүүрийг хийсэн. Үнэлгээ хийхдээ объектыг очиж үзэж, бичиг баримттай нь танилцсан. Энэ талаарх баримт хэрэгт байгаа гэж хариуцагч талын байр суурийг дэмжин шүүх хуралдаанд оролцсон.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь бус нэхэмжлэгч Л.Пгийн гомдол гаргасан хүрээнд хянаж дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

 

Хавтаст хэргийн 38-56 хуудсанд авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч ......................................... нь Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр Л.Пгээс 98,716,614 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 651,533 төгрөг гаргуулж ХААН банк ХХК-нд олгож шийдвэрлэсэн шийдвэр, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШЗ2016/01189 дугаартай шүүгчийн захирамж, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 3136 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 16261592 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11/17 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 6/1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204043996 дугаарт бүртгэлтэй, 180 м.кв талбайтай, амины орон сууц, Газар эзэмших эрхийн 000540296 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18646311369209 дугаар бүхий 105 м.кв талбайтай газрыг битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16261592/160-01 дугаар тогтоолоор хураан авч, нэхэмжлэгч Л.Пд үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр утсаар мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Л.П үл хөдлөх хөрөнгөө 1,300,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг төлбөр авагч Хаан банк ХХК зөвшөөрөхгүй маргасан тул шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8/397 дугаар тогтоолоор эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр ......................... ХХК-ийн үнэлгээчин Г.Оыг шинжээчээр томилж, эрх, үүргийг тайлбарлан өгсөн зэрэг ажиллагаа хийгдсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.П Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах ёстой.

 

Нэхэмжлэгч Л.П 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 95 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлантай 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр танилцаж, шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргасан нь хуульд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацаанд байгаа тул хөрөнгийн үнэлгээг хууль болон Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзсэн.

 

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй иргэн нь хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр, эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэр, хүсэлтийн дагуу хийнэ.

Харин эрх бүхий этгээд нь шинжээчээр ашиг сонирхлын зөрчилгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчтой төрөл садангийн хамааралгүй этгээдийг томилох, шинжээч нь хуулиар хориглосон нөхцөл байдал үүссэн тохиолдолд үнэлгээ хийхээс татгалзах үүрэг хүлээхээр дээрх хуулиудад заасан.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат хуулиар хориглосон этгээдийг шинжээчээр томилсон гэж маргаж байгаа ч Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтэд: гэр бүлийн гишүүд гэдгийг Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; Төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг; садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно... гэж тайлбарласан.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын эхнэр Ш.Энхзаяагийн нагац Ш.Алтайтай гэрлэсэн Г.О /нөхөр/-ыг садангийн хүн гэж үзэхгүй.

Үүнээс гадна 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулахдаа энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан хэргийн оролцогчдын бүрэлдэхүүнээс тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийг хассан.

 

Иймээс хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8/397 дугаар тогтоолоор Г.Оыг шинжээчээр томилсныг хуульд нийцсэн гэж үзэв.

 

Харин нэхэмжлэгч Л.П үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнэ цэнийг 388,845,882 төгрөгөөр тооцоолон гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 95 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг холбогдох хууль болон Үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй гэж маргасан нь үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, хөрөнгийн үнэлгээний тайланд: 2.4-т Үнэлгээний ажлын дэс дарааллыг...4-т Үнэлж буй хөрөнгийг өртгийн хандлага, зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлагуудаас аль тохирохыг сонгон үнэлгээний тооцоог хийнэ, 5-т Үнэлгээнд ашиглагдсан аргуудаас тооцоог нэгтгэн дүгнэлтийг гаргана гэж тогтоосон /хх-64/ ба дараах хандлагын аргуудыг хэрэглэв. Үүнд:

1.Өртгийн хандлагын хүчин чадлын норматив үнэлгээний арга

2.Зах зээлийн хандлагын жишиг ажил гүйлгээний арга

3.Орлогын хандлагын капиталжуулах арга /хх-68/ гэж сонгож авсан атлаа ямар үндэслэлээр Орлогын хандлагын аргаар тооцоолол хийгээгүй нь тодорхойгүй.

4.4-т Үнэлгээний гурван хандлагын аргаар тооцоолсон үнэ цэнийг харьцуулан үзэхэд гэснээ Өртгийн хандлага 242,800,454 төгрөг, Зах зээлийн хандлага 388,845,882 төгрөг гэж хоёр хандлагын арга харьцуулсан.

Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тогтоосон хандлагын аргаас сонголт хийхдээ ...Үнэлгээний гурван хандлагын аргыг харьцуулан үзсэний үр дүнд тус хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг зах зээлийн хандлагын аргаар тооцоолсон үнэлгээ нь илүү бодитой илэрхийлнэ гэж үзэв гэжээ.

Гэтэл зах зээлийн хандлагын аргаар тооцоолсон үнэлгээ нь Өртгийн хандлагын аргаас ямар үзүүлэлтийн хувьд илүү байсан, сонгох болсон шалтгаан үндэслэл, огт тооцоолол хийгдээгүй Орлогын хандлагын аргатай яаж харьцуулалт хийсэн нь тус тус тодорхойгүй байна.

Иймд шинжээч Г.О хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн тооцооллыг бүрэн хийж гаргаагүй гэж үзэх үндэслэл болов.

 

Мөн газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний, худалдаа, бүх төрлийн үйлчилгээний, Хөдөө аж ахуйгаас бусад бүх төрлийн үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гэх мэт зориулалтаар нь ангилан бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгодог.

Үүнийг дагаад хөрөнгийн үнэлгээ өөр өөрөөр тодорхойлогддог тул хооронд нь ижил буюу төсөөтэй, ялимгүй зөрүүтэй гэсэн байдлаар харьцуулахгүй.

Гэтэл шинжээч амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй жишиж харьцуулсан нь хуульд нийцэхгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч Л.Пгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 6/1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204043996 дугаарт бүртгэлтэй, 180 м.кв талбайтай, амины орон сууц, Газар эзэмших эрхийн 000540296 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18646311369209 дугаар бүхий 105 м.кв талбайтай газрыг нийт 388,845,882 төгрөгөөр үнэлсэн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 95 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог. Харин хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй нь тогтоогдсон тохиолдолд дээрх үнэ тогтоон дуудлага худалдаа явуулсан ажиллагааг мөн адил хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд хариуцагч .........................ын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10/29 дугаар тогтоолын дагуу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан Анхны албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгов.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Л.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч .........................аас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Пд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Пгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 6/1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204043996 дугаарт бүртгэлтэй, 180 м.кв талбайтай, амины орон сууц, Газар эзэмших эрхийн 000540296 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18646311369209 дугаар бүхий 105 м.кв талбайтай газрыг нийт 388,845,882 /гурван зуун наян найман сая найман зуун дөчин таван мянга найман зуун наян хоёр/ төгрөгөөр үнэлсэн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 95 дугаартай хөрөнгийн үнэлгээг, хариуцагч .........................ын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10/29 дугаар тогтоолын дагуу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгч Л.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч .........................аас улсын тэмдэгтийн хураамж 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Пд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС