Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 104/ШШ2021/00112

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ......................................................... тоотод оршин суух, Боржигон Ц.С /РД:/,

 

Хариуцагч: ............................................................................ тоотод оршин суух, Адуучин Н.Т /РД: /-т холбогдуулан

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С, хариуцагч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2005 онд танилцаж, 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Би 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү Т.Т, 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр охин Т.Тү нарыг төрүүлсэн. Бид 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна.

Одоо өөр өөрийн гэсэн гэр бүлтэй болсон. Иймд Н.Ттай эвлэрэн цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Харин хариуцагч Н.Т тусдаа амьдрах хугацаанд хоёр хүүхэдтэйгээ уулзаж, тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Хүүхдүүд нь эцгээ ямар хүн байдгийг огт мэдэхгүй өнөөдрийг хүрсэн.

Энэ жил бага охин Т.Тү Япон Улс руу сурахаар явах болсон тул мөнгөний хэрэг гарч анх удаа Н.Таас тусламж гуйхад, хэл ам болж байж 300,000 төгрөг өгсөн.

Одоо би Н.Таас ямар нэг илүү зүйл хүсэхгүй. Зөвхөн хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардсан. Харин Н.Т хоёр хүүхдийн тэтгэлэгийг сар бүр биш жилд гурав хувааж төлөх санал гарсныг зөвшөөрч байна.

Үүнд: Энэ жилийн буюу 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, цаашид жил бүрийн 4, 8, 12 дугаар сарын 20-ны өдөр болгон хүү Т.Тын нэр дээрх хадгаламжийн Хас банкин дахь 5000203005 тоот данс, охин Т.Түын нэр дээрх хадгаламжийн Хас банкин дахь 5000202906 тоот дансаар дамжуулан хүүхдийн тэтгэлэгийг тус бүр төлж байхаар эвлэрсэн. Хариуцагч Н.Т хүүхдүүдтэйгээ уулзах, ярих нь нээлттэй. Надад одоо татгалзаад байх зүйл байхгүй. Хүүхдүүд том болсон учир өөрсдөө мэдэх биз.

Харин бидний дунд хуваах маргаантай эд хөрөнгө, хүүхдийн асрамжийн талаар маргах зүйл байхгүй. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2005 онд танилцаж, 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү Т.Т, 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр охин Т.Тү нар төрсөн.

Тухайн үед одоо амьдарч байгаа эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаад, Ц.Стэй гэрлэлтээ батлуулсан.

Би тухайн үед одоогийнх шиг байгаагүй. Нэр төртэй танил ихтэй байсан. Харин Ц.С Налайх дүүргийн прокурорын газар туслах ажилтай. Би өөрийнхөө хэмжээгээр түүний ажил, одоогийн албан тушаалд томилогдоход нь тус дэм болсон. Гэтэл Ц.С Хэнтий аймаг руу прокуророор томилогдон авснаас хойш зан ааш нь хувирч эхэлсэн. Гэхдээ би орон гэр, хоол ундаар дутаагаагүй. Мөн салаад явахад нь хурдан удмын хэдэн морьд өгсөн. Өөрөө юм болголгүй үгүй хийсэн. Үүнээс гадна надаас дахин юу ч авахгүй, хүүхдүүдтэй минь уулзуулахгүй, төрсөн эцгээс тэжээсэн эцэг нь дээр байдаг тул амьдралд минь гай бололгүй хол бай гэж хэлсэн.

Тэрнээс биш би хүүхдүүдээ тоохгүй орхисон зүйл байхгүй. Ц.С хүүхдүүдтэй минь уулзуулж, яриулалгүй өнөөдрийг хүрсэн. Би одоо ч хүүхдүүдтэйгээ уулзмаар санагддаг. Одоо бид тусдаа амьдраад олон жил болсон учир гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Эд хөрөнгө болон хүүхдийн асрамжийн талаар маргаангүй.

Харин хоёр хүүхдийн тэтгэлэгийг сар бүр төлөх боломжгүй. Иймд ноос, ноолуур авах, мал таргалж үнэд орох үед буюу энэ жилийн 4 дүгээр сарын 20-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, цаашид жил бүрийн 4, 8, 12 дугаар сарын 20-ны өдөр болгон хүү Т.Тын нэр дээрх хадгаламжийн Хас банкин дахь 5000203005 тоот данс, охин Т.Түын нэр дээрх хадгаламжийн Хас банкин дахь 5000202906 тоот дансанд хүүхдийн тэтгэлэгийг тус бүр төлж байхаар зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.С хариуцагч Н.Тт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Н.Т нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй. Харин зохигчид хүүхдийн тэтгэлэг төлөх хугацааны талаар эвлэрч тохирсон болно.

 

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч өсвөр насны хүүхдүүдтэй тул нэхэмжлэгч Ц.С гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

 

Шүүх нэхэмжлэгч Ц.Сийн нэхэмжлэлийг харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэхээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч Ц.С, хариуцагч Н.Т нар 2005 онд танилцаж, 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү Т.Т, 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр охин Т.Тү нар төрсөн байх ба хүүхдүүд одоо эх Ц.Сийн асрамжид эрүүл бойжиж байгаа үйл баримт нь гэрлэгчдийн 6 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн 18, 155 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Өрхийн эмчийн тодорхойлолт, Төв аймгийн ерөнхий боловсролын лаборатори Хүмүүн цогцолбор сургуулийн Т.Т нь тус сургуулийн 10в ангид, Т.Тү 8д ангид тус тус суралцдаг болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-7-9/

 

Нэхэмжлэгч Ц.С гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа ...Н.Ттай зан харилцааны хувьд таарч тохирохгүй байснаас тус тусдаа амьдраад олон жил болсон...Н.Т одоо өмнөх эхнэртэйгээ хамт амьдардаг... гэж тайлбарласан, хариуцагч Н.Т ...Бид тус тусдаа амьдраад олон жил болсон сэтгэл санаа холдсон. Одоо би өмнөх эхнэртэйгээ хамт амьдарч байна... гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байдлаас үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т ...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

 

Үүнээс гадна шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болж, өөр хүмүүстэй хамтын амьдралтай байгаа, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй болсон нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Ц.С, хариуцагч Н.Т нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Ц.С үр хүүхдүүддээ тавих халамж сайн, хүүхдүүд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байх ба хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон хүү Т.Тын ...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна гэсэн, охин Т.Түын ...аавыгаа мэдэхгүй...ээж халамж тавьдаг...эхийн асрамжид байна гэсэн санал зэргийг харгалзан үзэж 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Т.Т, 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Т.Тү нарыг эх Ц.Сийн асрамжид үлдээлээ.

 

Хариуцагч Н.Т бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдүүдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Харин хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., 41 дүгээр зүйлийн 41.2.1.-т зааснаар хүү Т.Т, охин Т.Тү нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр тэжээн тэтгэх үүргийг хариуцагч Н.Т хүлээнэ.

Харин зохигчид хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ, төлөх хугацааны хувьд эвлэрэн тогтоох боломжтой.

 

Иймд харицагч Н.Т 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Т.Т, 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Т.Тү нарыг бүс бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэхдээ жилд ногдох тэтгэлэгийг 2021 оноос эхлэн жил бүрийн 4, 8, 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Т.Тын дээрх хадгаламжийн Хас банкин дахь 5000203005 тоот данс, охин Т.Түын нэр дээрх хадгаламжийн Хас банкин дахь 5000202906 тоот дансанд тус тус төлөхөөр зөвшөөрч эвлэрсний дагуу шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ц.С хүү Т.Т, охин Т.Тү нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Н.Тт зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ц.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,460 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Таас 256,460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сөд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч Боржигон Ц.С, Адуучин Н.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Т.Т, 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Т.Тү нарыг эх Ц.Сийн асрамжид байлгасугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 40 дүгээр зүйлийн 40.1.2., 41 дүгээр зүйлийн 41.2.1.-т заасныг баримтлан 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Т.Т, 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Т.Тү нарыг тус бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх тэтгэлэгийн жилд ногдох хэсгийг 2021 оноос эхлэн жил бүрийн 4, 8, 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Н.Таас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Н.Тын цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ц.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,460 /хоёр зуун тавин зургаан мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Таас 256,460 /хоёр зуун тавин зургаан мянга дөрвөн зуун жар/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сөд олгосугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нямсүрэнд даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС