Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0089/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд,

          Шүүгдэгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тайжууд овогт Гантөмөрийн Батбаярт холбогдох 2318000000299 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Тайжууд овогт Гантөмөрийн Батбаяр /РД: ТЕ88092076 /, 1988 оны 09 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 05 дугаар хороолол, 04 дүгээр байр, 13 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг, Хараа 04 дүгээр гудамж, 63 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 05 сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Батбаярыг 2023 оны 05 сарын 06-ны өдөр Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Өсөхбаярын толгойн тус газарт гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь зулайн зүүн талд язарсан шарх, зүүн чих, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, түүний эзэмшлийн Самсунг А-33 загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авч 997,600 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Батбаярын: Тухайн үед Ш.Өсөхбаяр нэг хүнтэй хамт байсан. Бид 3 тааралдаад хамт архи уухаар болсон. Би өөрт байсан 8,000 төгрөгийг өгсөн. Хохирогчтой хамт байсан хүн тэр мөнгийг аваад алга болсон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хэргийн зүйчлэлтэй маргах зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6/,

Шүүгдэгч Г.Батбаярыг 2023 оны 05 сарын 06-ны өдрийн 23:42 цагт Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 10/,

Шүүгдэгч Г.Батбаяраас бор өнгийн арьсан гэртэй 1 ширхэг Самсунг загварын гар утсыг хураан авч, хохирогч Ш.Өсөхбаярт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 11-12/,

“Бор өнгийн хавтсан хамгаалалтын гэртэй, гэр нь хуучин байв. Гар утсыг гэрээс нь салгаж үзэхэд цайвар ягаан шаргал өнгийн гар утас байх ба ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, асааж үзэхэд хэвийн ажиллагаатай байв” гэх шүүгдэгч Г.Батбаяраас хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-14/,

Хохирогч Ш.Өсөхбаярын: ...Арбатын гудамж уруудахаар уулзвар дээр явж байхдаа гар утсаараа ярих гэтэл замд таарсан танихгүй өндөр шар залуу надад ямар нэг юм хэлэлгүйгээр миний утастай гарыг бариад гар утас булааж авах гэсэн. Тэгэхээр нь би гар утсаа өгөхгүй булаацалдахад тэр залуу миний утсыг булааж авах гээд миний толгой тархи руу цохиж байгаад гар утсыг аваад Арбатын гудамж руу зугтаад гүйсэн. Би араас нь гүйж байхад цагдаа таарахаар нь “тэр залуу миний гар утсыг дээрэмдээд зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэр цагдаа гар утас дээрэмдсэн залуугийн араас гүйж түүнийг барьж аваад цагдаа дээр авчирсан. Би цагдаа дээр ирчхээд эмнэлэг явж толгойдоо 2 ширхэг оёдол хийлгэж эмнэлэгт хоносон. Миний гар утас А33 загварын гар утас байсан. Би нэг жилийн өмнө Мобиком худалдааны төвөөс 1,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Бор өнгийн арьсан гэртэй шаргал өнгийн гар утас байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19/,

Гэрч А.Шинэшагайн: ...Арбатын гудамжны дээрээс нэг эрэгтэй хүн хажуугаар гүйгээд өнгөрсөн, төд удалгүй араас нь нэг эрэгтэйн нүүр цус болчихсон ирээд “саяын хажуугаар чинь гүйсэн эрэгтэй хүн намайг дээрэмдээд, миний гар утсыг аваад зугтаачихлаа” гэсэн. Тэгэхээр нь би араас нь гүйгээд “Ариг” буудлын баруун хойд талд байрлах халуун усны газрын хажууханд тэр залууг барьж авсан. Тэгээд “чи хүний гар утас аваад зугтаж байгаа юм уу?” гэхэд “үгүй” гэхээр нь биед нь үзлэг хийхэд бор өнгийн гадна хамгаалалтын гэртэй 1 ширхэг гар утас байсан. Тэгэхээр нь тэр залууг цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тухайн үед хохирогчийн нүүр ам цус болчихсон, толгой нь хагарсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20, 217/,

“Самсунг А33 загварын гар утас 991,200 төгрөг, гар утасны бор өнгийн гэр 6,400 төгрөг, нийт 997,600 төгрөг” гэх “Дамно” ХХК-ийн 2023 оны 05 сарын 09-ний өдрийн ДаЦ-23-42 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 26-27/,

“ Ш.Өсөхбаярын биед зулайн зүүн талд язарсан шарх, нүүр, зүүн чих, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 503 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 31-32/,

“зулайн баруун талд язарсан шархтай, зүүн хөмсөгт зулгарсан шархтай” гэх хохирогч Ш.Өсөхбаярын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 33-34/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Батбаяр нь 2023 оны 05 сарын 06-ны орой Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Өсөхбаярын эзэмшлийн Самсунг А33 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авч 997,600 төгрөгийн хохирол учруулсан, гар утсыг нь авахдаа хүч хэрэглэн довтолж, толгойн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, зулайн зүүн талд язарсан шарх, зүүн чих, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Иймд шүүгдэгч Г.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Г.Батбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууриа илэрхийлсэн тул өмгөөлөгчийн зүгээс маргаж, мэтгэлцэх зүйл байхгүй... гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Батбаяр нь 2023 оны 05 сарын 06-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт Ш.Өсөхбаярын толгой руу удаа дараа цохиж эрүүл мэндэд нь зулайн зүүн талд язарсан шарх, нүүр, зүүн чих, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж, түүний 991,200 төгрөгийн үнэ бүхий Самсунг А33 загварын гар утас, 6,400 төгрөгийн үнэ бүхий гар утасны хамгаалалтын гэр зэрэг нийт 997,600 төгрөгийн эд зүйлийг нь авч зугтаж байгаад цагдаагийн албан хаагч А.Шинэшагайд саатуулагдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Г.Батбаярын дээрх үйлдэл нь амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахайн зорилготой, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж толгой хэсэг рүү цохиж гар утсыг нь авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг, хохирогчийн эд зүйлийг авахдаа түүний толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зулайн зүүн талд язарсан шарх, нүүр, зүүн чих, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Батбаярын хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэн авсан нэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Батбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Өсөхбаярт 997,600 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, эрүүл мэндэд нь зулайн зүүн талд язарсан шарх, нүүр, зүүн чих, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирчээ.

Хохирогч нь 997,600 төгрөгийн гар утас болон гар утасны гэрээ хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Батбаяраас бор өнгийн арьсан гэртэй 1 ширхэг Самсунг загварын гар утсыг хураан авч, хохирогч Ш.Өсөхбаярт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 11-12/-ээр тогтоогдож байх бөгөөд хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд шүүгдэгч Г.Батбаяр нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Г.Батбаяр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч нь нэлээн согтуу байсан буюу хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гар утсыг буцаан өгсөн тул хохирол төлбөрийг төлж барагдуулсан, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч нь нэлээн согтуу байсны улмаас ямар нэгэн зүй бус үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдлыг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлөхүйц зүй бус үйлдэл гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгчээс гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгснийг шүүгдэгч сайн дураараа хохирол төлбөрийг төлсөн гэж үзэхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан үзэх тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчид оногдуулсан 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, 04 жилийн хорих ялд нэмж нэгтгэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, 01 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэх саналтай байна гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 01 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2023 оны 11 сарын 02-ны өдрөөс 2024 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэл 126 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг хорих ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайжууд овогт Гантөмөрийн Батбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 01 сарын хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Батбаярт оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батбаярын цагдан хоригдсон 126 /нэг зуун хорин зургаа/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Батбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР