Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 402

 

 

 

 

 

 

   2024         04         17                                   2024/ШЦТ/402

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч З.Өлзийхүү,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд  эрүүгийн 2306 02849 0566 дугаартай хэргийг  нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Жамсран-Уулын өвөр 3 дугаар гудамж 2114А-1 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өвөр 3-214а тоотод Г.Бгийн биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран-Уулын өвөр 3-214а тоотод хохирогч Г.Бгийн биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч ******* нь хохирогч Г.Бгийн зүүн сарвуунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэсэн үйл баримт нь:

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ ганцаараа зурагт үзээд сууж байсан. Гэтэл үдээс хойш цагийг нь санахгүй байна. Манай хөрш гэх С манай байшингийн хаалгыг нүдээд байхаар нь би манайхаас нүүрс түлээ гуйдаг болохоор нь тэгэх гэж байгаа юм байхдаа гэж бодоод хаалгаа тайлж өгсөн. Тэгтэл С жоохон архи үнэртүүлчихсэн орж ирэхэд нь би саванд байсан айрагнаас хийж өгөөд нөхөртөө бас аваад яваарай гэж хэлсэн. Тэгээд байж байтал С та надад гар утсаараа яриулчих гээд миний утсыг булаагаад авахаар нь чамд утсаа өгөх юм бэ энэ миний ганц амин сүнс би хүүтэйгээ холбоо барьдаг юм гэсэн чинь утсаараа яриулчихад яадаг юм бэ гээд миний утсыг надтай булаацалдаад намайг буйдан дээр түлхэж унагаад миний гар болон хавирга эвгүй болчихоор нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч А.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ээж Стай маргалддаг өдөр ажлаасаа тараад 22 цагийн үед гэртээ ирэхэд ээж уйлчихсан зүүн гар нь шалбарчихсан хавирга өвдөөд байна гээд сууж байсан. Амьсгаа авч чадахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад С ээжийн гар утсаар ярих гээд булаацалдаад ээжийн гарнаас бариад газраар чирч байгаад орон дээр дарж унагаасан гэж байсан. Тэгээд тухайн үедээ би орж хэлэх гэсэн боловч бөөн хэрүүл болох байх гэж бодоод оролгүйгээр цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/;

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Батсүрэн эмээг утсаараа яриулаачээ гэж гуйх гэж орсон. Гэтэл эмээ намайг согтуу болохоор гар утсаа өгөхгүй гээд би та яриулчихаач дээ гээд утсыг нь авах гэж байгаад эмээг санамсаргүй унагаад биед нь гэмтэл учруулсан. Тухайн үед эмээгийн гар утсыг булаах, дээрэмдэх санаа зорилго бол надад байгаагүй. Нөхрийгөө хурдан ирээрэй гэж хэлэх гээд утсаар нь ярих гэж байгаад ийм зүйл болчихсон. Би урьд өмнө нь Батсүрэн эмээгийнд ороод гар утсаар нь гуйгаад нөхөртэйгөө ярьж байсан болохоор тэрэн шигээ санаад эмээгээс гуйгаад бага зэргийн архи хэрэглэсэн байсан болохоор утсаа өгөөчээ гэдгээ эвгүй ойлгогдохоор хэлсэн байж магадгүй. Бид нар хоорондоо одоо хэвийн харилцаатай байгаа. Эмээ надад гомдол саналгүй гэдгээ өөрөө хэлсэн...Батсүрэн эмээгийн биед учруулсан гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрнө...эмээгийн биед учирсан гэмтэлд зарцуулагдсан 150.000 төгрөгийг гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 65/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №5948 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Г.Бгийн биед зүүн сарвуунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/   тогтоогдсон гэж тус тус шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Шүүгдэгч *******г хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ...” гэх санал,

шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй. Гэртээ ганцаараа ажил хийдэг болхоор бага торгох ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Шүүх шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох 158.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Г.Бд олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******гаас нийт 158.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Бд олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.БАТМАНДАХ