Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 152/ШШ2021/00126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: З овогт Х-ийн Д,

       Нэхэмжлэгч: З овогт Х-ийн Б нарын нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б,

    Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н,

      Хариуцагч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М нарт холбогдох,

     Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б-н 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Х.Д, Х.Б нарын гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н-ын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1268 дугаар төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нарын Х.Д, Х.Б нарын банк дахь харилцах дансыг битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М-ын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8/7 дугаар гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Н-ийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 04а/2695 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагч Д.Б, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Х.Б, Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсаар Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргажээ. Уг саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1268 дугаар тогтоолоор Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан байхад ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс чухам ямар үндэслэлээр Х.Д, Х.Б нарын гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь тодорхойгүй байна. Засгийн газар, Улсын Онцгой комссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд цар тахлын улмаас улсын хил хаагдсан хэдий боловч уг нөхцөл байдал арилсан тохиолдолд Х.Д, Х.Б нар гадаад зорчих эрхээ эдлэх боломжгүй байгаа нь хүний эрхийн зөрчилтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, эдгээрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэтэл Х.Д, Х.Б нарын гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж үзэн шүүхэд гомдол гаргав. Иймд Х.Д, Х.Б нарын Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт холбогдох гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье. Мөн Х.Д, Х.Б нар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 878, 885 дугаар шүүгчийн захирамжаар Хас банкинд төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ Х.Д, Х.Б нар биелүүлсээр ирсэн, биелүүлсээр ч байгааг Хас банк болон шийдвэр гүйцэтгэгч нар сайн мэдэж байгаа. Х.Д, Х.Б нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг нэг дор бүгдийг нь төлөх бодит боломжгүй. Хэрэв нэг дор ийм их мөнгө олдог бол банкнаас зээл авах ямар ч шаардлагагүй. Банк зээл олгох ч шаардлагагүй. Ийм байхад шийдвэр гүйцэтгэгчээс үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг богино тогтоож, улмаар банк дахь харилцах дансыг битүүмжилсэн ажиллагаа явуулснаар Х.Д, Х.Б нарын шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломж, нөхцөлийг алдагдуулж байна. Тухайлбал Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч болон тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нар нь Х.Д, Х.Б нарын банк дахь дансыг битүүмжилсэн ажиллагаа явуулахдаа хуулиар тогтоосон үндэслэл, журмыг зөрчсөөр байна. Х.Д, Х.Б нар Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 06/04 дүгээр "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол"-ын 1 дэх заалт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Ч.Нийн 2020 оын 6 дугаар сарын 30-ны өдрийн 04а/2008 дугаар "Гомдолд хариу өгөх тухай" албан бичгийг хүчингүй болгуулахаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлэхээр байхад шийдвэр гүйцэтгэгч Д.Б нь гомдол гаргагч бидний данс битүүмжилсэн ажиллагаа явуулсан нь эрх зүйн зөрчилтэй. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Х.Д-гийн хүсэлтийг хангаж, шийдвэр гүйцэтгэгч Д.Б-ыг татгалзан гаргасан байхад тэрээр дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.9-т заасныг зөрчиж байна. Бид шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нарын шийдвэр, үйл ажиллагааг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс бидний гомдлыг тогтоол гарган шийдвэрлэх байтал албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасныг зөрчиж байна. Иймд Х.Д, Х.Б нарын Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарт холбогдох гомдлын нэмэгдүүлсэн шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Х.Д, Х.Б нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 878 дугаар шийдвэрээр Х.Д, Х.Б нараас 108.031.921 төгрөгийг, мөн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар шийдвэрээр Х.Д, Х.Б болон Бэлбулаг ХХК-аас 108.154.721 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Х.Д, Х.Б нар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг 3.5 жилийн хугацаанд биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д "Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй...", төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасныг үндэслэн төлбөр төлөгч Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн төлбөр төлөгч Х.Дгийн гаргасан 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх албанд хандаж гаргасан "шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа ёс зүйгүй харилцаа үүсгэн дарамталсан, гомдол хянан шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай" гомдлыг хянаж, шийдвэр гүйцэтгэгч ёс зүйн зөрчил, асуудал тогтоогдоогүй талаар 2020 оны 04а/2008, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан гомдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар 2020 оны 04а/2695 дугаар албан бичгүүдээр тус тус гомдол гаргагчид хариу өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1093 дугаар тушаалаар Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Нын чөлөөтэй байх хугацаанд тус албаны Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ч.Нт түр орлон гүйцэтгүүлсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д "Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй...", төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасныг үндэслэн төлбөр төлөгч Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн, төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажиллагаанд саад учруулах зорилгоор тус Ерөнхий газарт үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргаж, улмаар шүүхэд үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Д.Б, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 878 дугаар шүүгчийн захирамжаар Х.Д, Х.Б нараас 108.031.921 төгрөгийг, мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар захирамжаар Бэлбулаг ХХК-аас 108.154.721 төгрөгийг тус тус гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Мэдэгдлийн хугацаанд төлбөрийн үүргийг биелүүлээгүй тохиолдолд тэдний гадаадад зорчих эрх түдгэлзүүлэхийг төлбөр төлөгч нарт урьдчилан мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийг үндэслэн төлбөр төлөгч нарын гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай саналыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1268 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Дээрх тогтоолын дагуу төлбөр төлөгч Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тэдэнд танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч нарын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Х.Д, Х.Б нараар шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 61.545.441 төгрөг төлүүлсэн бөгөөд одоогоор 154.641.201 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд төлбөр төлөгч нарын арилжааны банк дахь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 19210179/02, 19210178/02 дугаартай тогтоолуудаар дансыг төлбөрийн үнийн дүнгээр битүүмжилсэн. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, 86 дугаар зүйлийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлснээс хойшхи хугацаанд төлбөр төлөгч нар нь удаа дараа үндэслэлгүй гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа нь Эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй байгааг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын хүрээнд явагдсан тул төлбөр төлөгч нарын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Х.Б, Х.Д нар нь хариуцагч Д.Б, А.Н нарт холбогдуулан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б-ын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Х.Д, Х.Б нарын гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н-ын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1268 дугаар төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Д.Б, С.М, Ч.Ө нарт холбогдуулан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нарын Х.Д, Х.Б нарын банк дахь харилцах дансыг битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М-ын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8/7 дугаар гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ө-ийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 04а/2695 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн байна.

      Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул төлбөр төлөгч нарын гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

       Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 878 дугаар шүүгчийн захирамжаар Өргөдөл гаргагч Хас банкны Увс салбарт тайлбар гаргагч Х.Д, Х.Б нар 108.031.921 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн сар бүрийн 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 91.154.721 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв тайлбар гаргагч нар графикт заасан хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолдолд гэрээний дуусах хугацаа харгалзахгүйгээр төлөөгүй үлдэгдэл үнийн дүнг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр, мөн тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар шүүгчийн захирамжаар Өргөдөл гаргагч Хас банкны Увс салбарт тайлбар гаргагч Бэлбулаг ХХК нь 108.154.721 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн сар бүрийн 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 91.154.721 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв тайлбар гаргагч графикт заасан хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолдолд гэрээний дуусах хугацаа харгалзахгүйгээр төлөөгүй үлдэгдэл үнийн дүнг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр тус тус талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.

      Дээрх шүүгчийн захирамжийг тайлбар гаргагч нар сайн дураар биелүүлээгүй тул өргөдөл гаргагчаас шүүгчийн захирамжийг албан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хангаж, гүйцэтгэх хуудас бичигдэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгджээ.

       Албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган тус бүрийг 92-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилсан байна.

         Улмаар 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/01 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн гүйцэтгэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Х.Б, Х.Д, Б ХХК-д холбогдох бүртгэлийн 19210178, 19210179 дугаартай гүйцэтгэх баримт бичгүүдэд явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

       Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б төлбөр төлөгч нар нь төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсаар Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргаж, уг саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1268 дугаар тогтоолоор Х.Д, Х.Б нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна.

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, мөн зүйлийн 59.1.2-т хөрөнгөө нуун дарагдуулсан, мөн зүйлийн 59.1.3-т төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэж тус тус заасан үндэслэлээр тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болохоор хуульчилжээ.

          Гэвч ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь дээрх хуулийн заалтад заасан чухам ямар үндэслэлээр Х.Д, Х.Б нарын гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь тодорхойгүй, тогтоолдоо үндэслэлээ тодорхой заагаагүй байна.

      Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нарын Х.Д, Х.Б нарын банк дахь харилцах дансыг битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М-ын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8/7 дугаар гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ө-ийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 04а/2695 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэгч нар Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 06/04 дүгээр "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол"-ын 1 дэх заалт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Ч.Ө-ийн 2020 оын 6 дугаар сарын 30-ны өдрийн 04а/2008 дугаар "Гомдолд хариу өгөх тухай" албан бичгийг хүчингүй болгуулахаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлэхээр байхад шийдвэр гүйцэтгэгч Д.Б нь гомдол гаргагч бидний данс битүүмжилсэн ажиллагаа явуулсан нь эрх зүйн зөрчилтэй гэж тайлбарладаг боловч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

         Харин Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05/02 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Х.Д-гийн хүсэлтийг хангаж, 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б-г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.9-д Шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол түүний гүйцэтгэхээр авсан гүйцэтгэх баримт бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч өөр шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж зааснаар гүйцэтгэх баримт бичгийг 95-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.С-д шилжүүлжээ.

         Дээрх 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б-г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хүчинтэй хэвээр байхад гүйцэтгэх баримт бичгийг дахин шийдвэр гүйцэтгэгч Д.Б-д шилжүүлж, тухайн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Х.Д, Б ХХК-ийн данс битүүмжлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Ч.Н-т холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 04а/2695 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн боловч Я.Ө нь тухайн үед Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н-ын чөлөөтэй байх хугацаанд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа дээрх тогтоолыг гаргасан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1093 дугаар Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаалаар тогтоогдож байх тул А.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг дурдав.

       Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 50 дугаар зүйлийн 50.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б-ын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Х.Д, Х.Б нарын гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н-ын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1268 дугаар төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгож, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нарын Х.Д, Х.Б нарын банк дахь харилцах дансыг битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М-ын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8/7 дугаар гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Н-ийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 04аУ2695 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгч Х.Д, Х.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

      Нэхэмжлэгч Х.Д, Х.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Д, Х.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, С.М, А.Н нараас 70.200 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 50 дугаар зүйлийн 50.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б-н 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Х.Д, Х.Б нарын гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н-ын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1268 дугаар төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгож, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нарын Х.Д, Х.Б нарын банк дахь харилцах дансыг битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М-ын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8/7 дугаар гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Н-ийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 04аУ2695 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгч Х.Д, Х.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Д, Х.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, С.М, А.Н нараас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Х.Д, Х.Б нарт олгосугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ