Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2021/00018/И |
Дугаар | 134/ШШ2021/00063 |
Огноо | 2021-03-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 134/ШШ2021/00063
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3 дугаар байрны 64 тоотод оршин суух, Боржигин овогт А-ын Б /РД:................, утас: ............., .............../,
Нэхэмжлэгч: 1987 онд өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3 дугаар байрны 64 тоотод оршин суух, Бэдгүү овогт Сүрэнхорлоогийн Сэр-Од /РД:ЕИ87090118, утас:95112540/ гэв.
Хариуцагч: 1988 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар багт оршин суух албан ёсны хаягтай бөгөөд одоогоор Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, 7-1 тоотод оршин суугаа, Харнууд овогт Ганхуягийн Ганболд /РД:ЗГ88072532, утас: 95116785/,
Хариуцагч: 1988 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар багт оршин суух албан ёсны хаягтай, Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, 7-1 тоотод оршин суугаа, Зоч овогт Өлзийсүрэнгийн Будзаяа /РД:КК88050405, утас: 90883131/ нарт холбогдох
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-4-64 тоот, 39 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Болорсувд, С.Сэр-Од, хариуцагч Г.Ганболд, хариуцагч Ө.Будзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жаргал, нарийн бичгийн дарга П.Нямзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Болорсувд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2017 оны 01 дүгээр сарын 23-нд нэг талаас Г.Ганболд, эхнэр Ө.Будзаяа, нөгөө талаас С.Сэр-Од, А.Болорсувд миний бие оролцож, 2 жилийн хугацаатай хувь лизинг хийж, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-4-64 тоот, 39 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай орон сууцыг 26 000 000 төгрөгөөр тохиролцон урьдчилгаанд 12 300 000 төгрөгийг бэлнээр өгч байрандаа орсон. Үлдэгдэл мөнгөө хуваарийн дагуу төлж дуусгасан. Гэрчилгээгээ шилжүүлж авъя гэтэл 2014 оноос одоог хүртэл Хас банк ХХК-ийн барьцаанд байгаа төлөлтөндөө асуудалтай гэсэн. Анх байраа зарахдаа гэрчилгээ бэлэн төлөлт дуусангуут шилжүүлж өгнө гэсэн нь худал болсон.
Иймд, нэхэмжлэлийн дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Сэр-Од, А.Болорсувд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нөхөр бид хоёр Г.Ганболд болон Ө.Будзаяа нартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3 дугаар байрны 64 тоотод байрлах, 39 метр квадрат, 2 өрөө байыг, 2 жилийн хугацаатай, урьдчилгаа төлж, хувь лизингээр худалдаж авсан. Түүнээс хойш төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлж дуусгасны дараа байрны гэрчилгээгээ өөрсдийн нэр дээр шилжүүлж авъя гэхэд уг байрны гэрчилгээ Хас банкны барьцаанд байгаа гэдгийг мэдсэн. Г.Ганболдтой анх худалдах, худалдан авах гэрээ байгуулахад байрны гэрчилгээ өөрийнх нь нэр дээр байгаа, хуваарийн дагуу төлбөрөө төлж дуусгах үед байрны гэрчилгээг шилжүүлж өгнө гэж байсан. Бид нар 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл уг байрыг өөрсдийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байна. Бид хоёр байрныхаа гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлж авмаар байна гэв.
Хариуцагч Г.Ганболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ганхуяг овогтой Ганболд миний бие нь А.Болорсувдын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-4-64 тоот, 39 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор банкны барьцаанаас чөлөөлж, А.Болорсувдын нэр дээр шилжүүлж өгнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагч Ө.Будзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 01 дүгээр сард А.Болорсувд, С.Сэр-Од нартай хувь лизингээр, 2 жилийн хугацаатай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Би өмчлөлтэй холбоотой асуудал дээр маргахгүй. Бид нар худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2017 оны 01 дүгээр сард түлхүүрийг нь өгсөн. Би Хас банкнаас авсан зээлээ төлж, байрныхаа гэрчилгээг А.Болорсувд, С.Сэр-Од нарын нэр дээр шилжүүлж өгч чадахгүй байгаа юм. Тухайн байрыг би 2014 онд урьдчилгаа 8 000 000 төгрөгийг төлж, 30 000 000 төгрөгийг банкнаас зээл авч нийт 38 000 000 төгрөгөөр худалдан авсан. Үүнээс хойш хугацаанд Хас банкинд сарын 500 000 төгрөг, жилд 6 000 000 төгрөг, нийт 40 гаран сая төгрөгийг төлж байна. Би тухайн байрыг 38 000 000 төгрөгөөр авч, Хас банкинд 40 гаран сая төгрөг төлж, цаана нь 20 гаран сая төгрөгийг төлөх ёстой байна. Би А.Болорсувд, С.Сэр-Од нартай харилцан тохиролцож, тухайн байрыг 26 000 000 төгрөгөөр худалдсан. А.Болорсувд, С.Сэр-Од нар надад 23 000 000 төгрөгийг төлж, 2 500 000 төгрөг үлдсэн гэж би тооцоолж байна. 2019 оны 06 дугаар сард бид нар байрны гэрчилгээний асуудлаар ярилцаж, 1 жилийн хугацаанд үлдэгдэл 2 500 000 төгрөгийг авахгүй гэж байсан. Бид нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулаагүй байсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сард нотариат дээр гэрээ байгуулж, байрны гэрчилгээг шилжүүлж өгөх гэж байсан боловч өнгөрсөн жил корона болон олон шалтгаанаас болж, эхлүүлсэн ажлууд маань хаягдсан. Ийм хүндрэлүүд гарах болсон гол шалтгаан нь би 2018 онд стэнфорд гэх хөрөнгө оруулалтын газарт 100 гаран сая төгрөгийг оруулан, эргүүлж нэг ч төгрөг авч чадаагүй. Иймд банкнуудаас авсан зээлээ төлж дуусгаж чадахгүй байна. Сая 2021 оны 02 дугаар сард А.Болорсувдын гаргасан нэхэмжлэлтэй танилцах үедээ хоорондоо маргах зүйл байхгүй бол харилцан тохиролцож, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж болно гэдгийг мэдээд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор байрны гэрчилгээг А.Болорсувд, С.Сэр-Од нарын нэр дээр шилжүүлж өгнө гэсэн хүсэлтээ бичиж өгсөн. Би ирэх намар банкны зээлээ төлж дуусгана гэсэн бодолтой байгаа. Манайх хэдэн малтай бөгөөд өнгөрсөн жил хадам аав нас барсны дараагаар малчны зээлийг нь төлж дуусгая гэдэг асуудал яригдаж, ноос, ноолуурыг нь зарж өрөө төлж чадаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй, харин өнөө маргаашгүй байрны гэрчилгээг шилжүүлэн өгч чадахгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 01-ний дотор энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэсэн саналтай байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хас банк ХХК нь иргэн Г.Ганболд, Ө.Будзаяа нартай 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1120011707 дугаартай зээлийн гэрээ байгуулан уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр Ө.Будзаяатай 1120011707-01 дугаартай баталгаад ипотекийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Говьсүмбэр аймаг ,Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-64 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1902001487 дугаартай, 39 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Банк болон Г.Ганболд, Ө.Будзаяа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 28 530 392 төгрөг байгаа буюу барьцаа хөрөнгөөр хангагдах шаардлага дуусгавар болоогүй байх тул банкны барьцааны эрх дуусгавар болоогүй, хэвээр байгаа болно. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дугаартай Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай тогтоолд Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн ...гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр..., 27.2 дахь хэсгийн барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно. 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн ...барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр..., 30.3 дахь хэсгийн барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна. 30.4 дэх хэсгийн барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна. 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн ...газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр... гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван 16 дугаар арван зургаадугаар зүйлийн 3 дахь заалтын ...үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх... эрхтэй, гэснийг зөрчсөн байна гэж дүгнэж холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг тул өмчлөгч нь банкны барьцаанд байгаа хөрөнгийг өмчлөх эрхийг бусад этгээдэд шилжүүлэхдээ банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Г.Ганболд, Ө.Будзаяа нар нь эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилүүлэхтэй холбоотой асуудлаар хандаж байгаагүй бөгөөд барьцаалуулагч нь банкинд хандсан тохиолдолд банкнаас татгалзах шаардлага үндэслэл байхгүй билээ.
Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь өмчлөгч этгээд бус хөрөнгө суурилсан эрх бөгөөд тухайн хөрөнгийг өмчлөлдөө авсан этгээд гэрээний үүргийг хүлээх талаар Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүргэтэй гэж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж тус тус хуулчилсан байдаг билээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дугаартай Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай тогтоолд Ипотекийн зүйлийн өмчлөл, эзэмшил хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь барьцаалагчид хэвээр хадгалагддаг гэж дүгнэсэн зэргээс үзэхэд эд хөрөнгийн өмчлөгч этгээд нь Г.Ганболд, Ө.Будзаяа нарын банктай байгуулсан барьцааны гэрээний эрх, үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.
Уг хэрэг маргааны хувьд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид нэхэмжлэгч А.Болорсувд нь барьцааны гэрээний эрх, үүргийг хариуцах талаар дурдаж, гуравдагч этгээд болох Хас банк ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Болорсувд, С.Сэр-Од нар нь хариуцагч Г.Ганболд, Ө.Будзаяа нарт холбогдуулан Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3 дугаар байрны 64 тоот, 39 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчээс ... Хэрвээ байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлбэл Г.Ганболд зээлээ төлөхгүй байвал Хас банк ХХК барьцааны зүйлээс зээлийн төлбөр гаргуулахаар шүүхэд хандвал манайх хохирч, Г.Ганболдын зээлийн үлдэгдэл 28 000 000 төгрөгийг манайх давхар төлнө. ... Би Хас банкны хүмүүстэй уулзахад 28 000 000 төгрөгийг төлж барагдуулж байж, тухайн байрыг чөлөөлдөг гэсэн, иймд бидний эрх ашиг хөндөгдөх учир Г.Ганболдын Хас банкнаас авсан зээлийг нь төлүүлж, байрны гэрчилгээг өмчлөлдөө шилжүүлж авмаар байна ... гэж,
Хариуцагчаас ... Би орон сууцны өмчлөлийн талаар маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, Хас банкинд 28 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй, ...би уг орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор банкны барьцаанаас чөлөөлж, А.Болорсувдын нэр дээр шилжүүлж өгнө ... гэж тайлбарлана.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.Болорсувд, С.Сэр-Од нар нь хариуцагч Г.Ганболд, Ө.Будзаяа нартай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3 байрны 64 тоот, 39 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацаа тогтоон төлөхөөр тохиролцжээ.
Улмаар нэхэмжлэгч нар худалдаж авсан орон сууцныхаа үнийг төлж дуусгаж, байрны гэрчилгээгээ өөрсдийн нэр дээр шилжүүлж авах гэтэл уг байрны гэрчилгээ Хас банк ХХК-ийн барьцаанд байгааг мэдсэн бөгөөд нэхэмжлэгч нар өнөөдрийг хүртэл уг байранд оршин сууж байгаа. Энэ талаар зохигч нар маргаагүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д зааснаар эд хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ хэмээн тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд уг орон сууцыг нэхэмжлэгч А.Болорсувд, С.Сэр-Од нар улсын бүртгэлд бүртгүүлснээр тэдгээрийн өмчлөх эрх баталгаажих ёстой бөгөөд уг орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлийн байгууллага бүртгэхгүй байгаа талаар нэхэмжлэгч тайлбарладаг.
Гэвч хэрэгт авагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлсөн баримт, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргаагүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч А.Болорсувд, С.Сэр-Од нарт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3 байрны 64 тоот, 39 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгч болоогүй ч харин өмчлөх эрх нь үүссэн байна гэж шүүх үзлээ.
Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууц нь Хас банкинд барьцаанд байгаа ба эрх ашиг нь хөндөгдөнө гэх үндэслэлээр Хас банк ХХК гуравдагч этгээдээр оролцжээ.
Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй,
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө байж болно,
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ хэмээн тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэж болохгүй бөгөөд барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй ба энэ шийдвэр гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн эрх ашиг хөндөгдөхгүй болно.
Өөрөөр хэлбэл, банк үндсэн буюу зээлийн гэрээнд эрсдэл үүссэн тохиолдолд түүнийг барьцаа хөрөнгөөр хангуулж, хохирлоо арилгуулах эрхтэй.
Иймд, дээрх үндэслэлээр Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3 байрны 64 тоот, 39 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрх нэхэмжлэгч А.Болорсувд, Г.Ганболд нарт үүссэн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 287 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Болорсувд, С.Сэр-Од нарт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3 байрны 64 тоот, 39 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Болорсувд, С.Сэр-Од нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Будзаяа, Г.Ганболд нараас улсын тэмдэгтийн хураамжид 287 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Болорсувд, С.Сэр-Од нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА