| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 142/2017/0065/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2017-03-22 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Г.Энхбат
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч Г.О- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Г-ийн О-т холбогдох 201714000092 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт
М овгийн Г-ийн О-, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн ** сум, ** баг ** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, урьд ял шийтгэлгүй. /РД:хх******/
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.О- нь 2017 оны 01 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн Уртцагааны автобусны буудал дээр С.М-ыг “худалдаж авсан архины хариулт мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж хавсарч унаган зүүн хөлийг нь хугалж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч С.М-ын “2017 оны 01 сарын 28-ны өдөр 00 цаг өнгөрч байхад Уртцагааны автобусны зогсоол дээр зогсож байтал танил О- машинтай ирээд архи авъя гэсэн. О-тай хамт явж байсан залуу надад 20 000 төгрөг өгсөн юм. Уртцагаанд шагийн архи зардаг С-о гэх эмэгтэйд Ерөөл архи авъя гэж хэлээд өгсөн. Хэсэг хугацааны дараа С-о гэх эмэгтэй Ерөөл архи авч ирж О-ын машинд өгсөн. Тэр үед О- надад хандаж 5000 төгрөгөө авъя гэсэн. Би О-т хандаж би архи зараагүй, тэр хүнээсээ хариулт мөнгөө ав гэсэн чинь намайг барьж аваад хавсарч унагасан. Тэгээд миний бие эвгүй болчихлоо хугарчихсан юм шиг байна гэж хэлээд газар хэвтэж байсан чинь чи худлаа баашлаад бай гэж хэлээд нэг удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/
2.Шүүх шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 152 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “С.М-ын биед зүүн хөлний шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, шарх үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь зүүн хөлний шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Зүүн шилбэний шарх нь хагалгааны шарх байна, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулна. Зүүн хөлний шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 15-р хуудас/
3. Гэрч С.М-ын “Би 2017 оны 01 сарын 28-ны шөнийн 00 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотоос орж ирээд хүнээ буулгаад Уртцагааны урдуур гараад явж байсан чинь автобусны буудал дээр нэг хүн газар хэвтчихсэн хажуу талд нь нэг таргандуу залуу зогсож байхаар нь яваад очтол манай төрсөн дүү М-а газарт хэвтэж байсан. Яасан бэ гээд асуутал О миний хөлийг хугалчихлаа гээд уйлаад байсан. Тэр үед би дүүгээ аваад эмнэлэгт хүргэсэн. Удалгүй цагдаа ирээд О гэх бүдүүн залууг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/
4.Гэрч Э.Т-ийн “Хоёр хоногийн дараа О-тай таарахад Уртцагаанаас архи авах гэж яваад хүнтэй маргалдаад тэр хүнээ хавсарч унагаасан чинь хөл нь хугалчихлаа гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/
5.Гэрч Ж.Б-н “О-тай утсаар ярьж энэ талаар мэдсэн. Надад хэлэхдээ Уртцагаанд хүнтэй маргалдаад тэр хүнээ хавсарч унагааж, хүний хөл хугалсан талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/
6.Гэрч Д.Б-ийн “Манай хүү надад хэлэхдээ зүс таних найзыгаа хавсраад унагаасан чинь хөл хугарсан гээд эмнэлэг рүү аваад явлаа гэж хэлсэн. Бид нар хөл нь хугарсан гэх залууд эмчилгээний мөнгийг бүрэн төлж байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/
7.Гэрч Г.Я-гийн “Манай дүү надад хэлэхдээ Уртцагаанаас архи аваад хариултаа авах гэж маргалдаад нөгөө архи зарсан гэх хүнийг хавсраад унагаачихсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/
8.Гэрч Ж.С-ын “Би 2017 оны 01 сарын 28-ны өдөр шөний 00 цаг өнгөрч байх үед Уртцагаанд зогсож байх үед машинтай хүмүүс ирсэн. М-а машинтай хүмүүстэй уулзаад, М-а надад 20 000 төгрөг өгөөд нэг шил ерөөл архи авъя гэсэн. Би тэр үед нэг шил ерөөл архи авч ирээд хариулт мөнгийг нь харилж өгч чадаагүй. Мөнгөө бутлуулах гэж явж байгаад мөнгөө бутлуулаад буцаж ирээд мөнгөө өгөх гэтэл М-а газар хэвтэж байсан.Тэр үед М-аа яасан юу болсон гээд асуухад хөл хугарчихлаа, босож чадахгүй байна. Мөнгөний хариултаас болсон гэж хэлсэн. Би 5000 төгрөгний хариултаа машинд сууж байсан залууд нь өгсөн. Удалгүй эргүүлийн цагдаа ирээд тэр тарган залууг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ин 24-р хуудас/
9.Гэрч Б.М-ын “Маргааш нь О-аас юу болсон талаар асуухад хариулт мөнгөнөөс болоод Уртцагаанд архи зардаг нэг залууг хавсарч унагаасан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О- мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан. 1 650 000 төгрөгийн хохирол төлсөн” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Жавхлантуяа ялын шүүмжлэлдээ “шүүгдэгч Г.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Г.О- нь 2017 оны 01 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн Уртцагааны автобусны буудал дээр С.М-атай маргалдаж хавсарч унаган зүүн хөлийг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.О-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн 201714000092 тоот хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг рентгэн зургийг хохирогч С.М-ад буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овгийн Г-ийн О-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Г.О-ыг 1/нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.О-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг рентгэн зургийг хохирогч С.М-ад буцаан олгосугай.
5.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Г.О-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС