Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 109/ШШ2022/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Д

Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нарын хоорондын Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжийн С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н (цахимаар оролцсон), хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга Т.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжийн С.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2., 34 дүгээр зүйлийн 34.2., 34.6.3., 40 дүгээр зүйлийн 40.1.6., 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтыг үндэслэн газар эзэмших иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсралтаар хүчингүй болгосны 1 дүгээрт иргэн С.Д бичигджээ.

3. Улмаар нэхэмжлэгч С.Д нь дээрх захирамжид холбогдуулан Архангай аймгийн Засаг даргад гомдол гаргаж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 69 дүгээр албан бичгээр хариу хүргүүлжээ. Ийнхүү дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.

4. Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны А/180 дугаар захирамжийг хавсралтын хамт 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр шуудангаар явуулсныг 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, уг захирамжийн өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Гомдлыг хянан шийдвэрлээд гаргасан Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 69 дүгээр шийдвэрийг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гардан авч, эс зөвшөөрч байх тул нэхэмжлэл гаргаж байна. Маргаан бүхий захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн гэжээ. Захиргааны байгууллагад эрх олгосон хэм хэмжээг хувь этгээд зөрчих боломжгүй тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Мөн тус захирамжид Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. дахь хэсгийг зөрчсөн гэжээ. Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 35 тоотод ... байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлээ ... тус төслийг ... хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ гэсэн байна. Тэгэхээр үнэлгээ хийлгэсэн байхад уг заалтыг эш татаж байгаа нь хуулийг мөн буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал болно. Мөн захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6.-д заасныг зөрчсөн гэжээ. Төслийн ажлаа эхлүүлэхээр 2018 оны 11 дүгээр сарын дундуур эзэмшил газар дээрээ хашаа барьсан. Гэтэл Б.Ж нар хашааг маань буулган авч явсан тул 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан ба 1,4 сая төгрөгийн хохирол учруулсан. 2019 оны зуны эхэн сард хашаагаа дахин барьсан ч Б.Ж нар дахин саад учруулж, 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хашааг нурааж, 280,000 төгрөгийн хохирол учруулсан. Уг асуудлаар гомдол гаргахад 2020 оны 5 дугаар сарын 4-ний 150 тоот мэдэгдэх хуудсаар гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хааж шийдвэрлэлээ гэсэн. Ингээд хохирол учруулахгүй байдлаар иргэд надад саад болсон үйлдлээ үргэлжлүүлсээр хүйтний улиралтай золгосон. 2020 онд ч мөн л саад учруулсаар байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргахад хохирол учраагүй гэсэн үндэслэлээр тухайн иргэдийг шалгахгүй байсан ба өмнө үүсгэсэн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхгүй байсан. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан Улсын Онцгой комисс болон Засгийн газраас аялал жуулчлалыг 2020, 2021 онд бүхэлд нь хязгаарласан тул төслийн ажлаа эхлүүлэх боломжгүй байсан.

Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/180 дугаар захирамжийн С.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д миний бие Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн Халуун усны ам гэх газарт амралтын газар баръя гэж бодсон юм. Үүнтэй холбоотой нотлох баримтуудаа 2007 онд бүрдүүлж өгсөн. Энэ дагуу Засаг даргын захирамж гарсан. Газар дээрээ объект барих гэтэл ар гэрийн гачигдал гарч ээжийгээ асрах болон санхүүгийн хүндрэл гарсан учраас хойшлуулж 2017 оноос үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Гэтэл 2017 онд хүмүүс хэл ам хийсэн учраас Засаг дарга хүмүүсийн хэл ам намжтал байж бай гэж хэлсэн. 2018 онд нутгийн иргэд барьсан хашааг буулгаж хэл ам гарч зөрчлийн хэрэг үүссэн. Дахин 2019 онд үйл ажиллагаагаа явуулах гэтэл бариулаагүй. Засаг даргатай уулзахаар байж бай хүлээж бай гэдэг зүйлийг амаараа хэлдэг байсан. Хашаа буулгасан үндэслэлээр холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж 2021 онд хэрэгсэхгүй болгосон. Сумын Засаг даргатай уулзаж ажлаа эхлүүлэх талаар хэлэхэд байж бай гэдэг зүйлийг хэлдэг байсан. Засаг дарга иргэдийн хэл ам татартал газар дээрээ ямар нэгэн зүйл барьж болохгүй гэсэн хэрнэ газраа ашиглаагүй гэж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшил газартаа үйл ажиллагаагаа эхэлье гэхэд Засаг дарга байж бай гэдэг, нөгөө талаас тухайн нутаг дэвсгэрийн иргэд маргадаг. Үүнтэй холбоотой асуудлаар эхэлж зөрчлийн хэрэг үүссэн, дараа нь иргэд хашааг нураасан бусдын хууль бус үйлдлээс үүдэж цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүссэн. Газрыг 2 жил ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй юм. Мөн газрын төлбөрөө төлөөгүй гэдэг гэтэл газрын төлбөрөө төлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй захиргааны акт үндэслэлгүй гарсан гэв.

7. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн С.Д нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 буюу хоёр жил дараалан газраа ашиглаагүй, дуудлага худалдаанд ороогүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

8. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Д нь 2007 онд газар эзэмших захирамжаа авсан байдаг. Гэтэл анх захирамж гарснаас эхлээд хууль зөрчсөн. 2006 оны иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэхдээ Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн Халуун усны ам гэх газраас 2 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасаж баталсан. Дараа нь анхнаасаа газрын дуудлага худалдаа явагдаагүй. Газрын дуудлага худалдаа явуулах журам зөрчсөн. Дараа нь 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, газраа ашиглаагүй. 2007 оноос хойш 2017 он хүртэл ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулах талаар суманд хүсэлт тавиагүй байгаа гэв.

9. Хариуцагчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д гэж иргэний газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн үү гэдэгтэй холбоотой асуудал байгаа. Өөрөөр хэлбэл 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газрыг эзэмшүүлэхээр шийдсэн шийдвэргүйгээр захирамж гарсан. Хоёрдугаарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Д 2007 оны 80 дугаар захирамжаар газар эзэмших эрх авсан гэдэг зүйл яригддаг боловч яг газар эзэмших эрхийн захирамж гарсан эсэх нь өнөөдрийг хүртэл эргэлзээтэй байна. Нотлох баримтаар энэ захирамж авагдаагүй. Жишээлбэл Авлигатай тэмцэх газарт тухайн үеийн орон нутгийн удирдлагуудтай холбоотой асуудал шалгагдаж байгаа юм байна лээ. Энд захирамж шийдвэргүйгээр иргэдэд газар эзэмших эрх олгож гэрчилгээ гаргуулсан асуудал шалгагдаж байгаа гэдэг. Анх газар эзэмших эрх нь үүссэн гэдэгтэй холбоотой баримт нотолгоо байхгүй байгаа. Мөн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байлаа гэж бодоход төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдааны зарчмаар газар эзэмших эрх үүсэхээр хуульчилсан. Нэхэмжлэгч тайлбартаа төсөл бичсэн гэсэн утгатай зүйл хэллээ. Яг энэ газрын хувийн хэрэгт төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулж С.Дгийн төсөл шалгарч эзэмших эрхтэй болсон гэж үзэх баримт нотолгоо авагдаагүй. Хэрэгт авагдсан баримт нотолгооны хүрээнд авч үзэхэд 2007-2017 он хүртэл ямар ч харилцаагүй байснаа гэнэт 2007 онд газар авсан үйл ажиллагаагаа явуулна гэдэг нөхцөл үүссэн зүйл харагддаг. Мөн нутгийн иргэд барьсан хашааг нь буулгасантай холбоотой цагдаагийн байгууллагад гомдол гаргасан энэ нь эрүүгийн хэрэг мөн биш гэсэн маргаан гарсан байлаа гээд энэ нь үйл ажиллагаа явуулах эрхийг нь зогсоох үндэслэл болохгүй. Орон нутгийн удирдлагуудын зүгээс үйл ажиллагаа явуулахыг зогсоосон баримт нотолгоо гаргаагүй. Иргэдтэй маргаантай байлаа гээд үйл ажиллагаа явуулахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Засаг дарга хуульд заасан эдгээр үндэслэлийг баримталж газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Захирамжид ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа талаар тодорхой заасан. Захирамжид заасан зөрчил нотлох баримтаар нотлогдож байгаа. Хууль журмын дагуу эзэмшиж байсан гэж үзэх зүйл харагдахгүй байна. 2007 оны захирамжтай байсан гэдэг тайлбар хэлээд байгаа боловч шаардах болон маргах эрхтэй гэж дүгнэх үндэслэл байхгүй. Ийм баримт нотолгоо байхгүй. Тухайн газрыг эзэмших эрхгүй гэж харагдаж байна. Тийм учраас хариуцагчийн гаргасан шийдвэр хуулийн үндэслэлтэй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.

 

10. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой асуудал тодорхойгүй байна. Нэхэмжлэгчээс авсан тайлбар, кадастрын зураг 2 гэрчилгээ 2007 оны 11 дүгээр сард гаргаж өгсөн байдаг. 2017 онд нэгж талбарын дугаарыг өөрчилж бичсэн зөрчилтэй зүйл байгаа. Нэгж талбарын дугаарыг газар эзэмших эрх үүсэх үед 1 удаа олгогдсон, кадастрын зураг өөрчлөгдөх явдал нь үүнд нөлөөлдөггүй. 2007 онд газар эзэмших эрхтэй болж хаана газар эзэмших нь тодорхойгүй байгаа талаар Засаг даргад 2019 он мөн 2019 оны 9 дүгээр сард хэлсэн. Энэ талаараа мөн зөрүүтэй тайлбар хэлдэг. Кадастрын зураг байхгүй, энэ зургийг Газрын алба хийх ёстой байтал хийгээгүй. Хаана газар эзэмших эрхтэй болох нь тодорхойгүй байна гэж хэлдэг. С.Д газар эзэмших эрх олж авах үед 2007 оны Засгийн газрын 28 дугаартай журам болон Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших, ашиглах журам үйлчилж байсан. Уг журам болон өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т газар авахыг хүссэн иргэн хаана ямар үйл ажиллагаа явуулах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх ёстой. Үүнийхээ үндсэн дээр кадастрын зураг хийлгэж Газар зохион байгуулалтын албанд шүүлт хийгдэж болж байна болохгүй байна гэдэг ажиллагаа хийгддэг. Үүнийг хууль журмаар зохицуулсан харилцаа байхад би хаана газар эзэмших нь тодорхойгүй байдаг байсан Халуун усны аманд л газар олдож байвал хаана ч яах вэ гэдэг байдлаар газар эзэмших эрх авах зорилготой байсан юм уу гэдэг нь харагдаж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2007 онд газар эзэмших эрхтэй болж санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал гарсан гэж тайлбарлалаа. Энэ талаар тайлбарласан Улсын дээд шүүхийн 2018 оны 15 дугаартай тогтоол байгаа. Тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тайлбарласан байгаа. Хэрэгт авагдсан зөрчлийн хэрэг нээн шалгасан болон мөрдөн шалгах ажиллагаа явуулсан зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Тухайн иргэнтэй холбоотой хохирол учирсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байгаа. Тухайн иргэн энэ газарт газар эзэмших эрхтэй болж байгаа бол байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлага тавьдаг. Гэтэл 2007 онд газар эзэмших эрхтэй болсон байна гэж үзэж кадастрын зураг гэрчилгээтэй болсон байна гэж бодоход үүний дараа 2019 онд нөхсөн байдлаар санхүүгийн нөхцөл байдал дээрдэж идэвхтэй үйл ажиллагаа явуулсан гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ хуулийн зүйл, заалт хэрэгжээгүй мөн түүнчлэн 2007 оныг тодотгож яриад байна. 2007 оноос 10 жилийн хугацаанд өөрийн эзэмшлийн гэх газар дээрээ нэг ч төгрөг төлөөгүй. Газрын төлбөр нь газар эзэмших эрхийг хүчинтэй байлгахын тулд газрыг эзэмшиж байгаагийнхаа хувьд төлж буй төлбөр юм. Гэтэл нэг ч төгрөгийн төлбөр төлөгдөөгүй. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал нотлогдохгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Сүүлд гаргасан Цэнхэр сумын Халуун рашаанд газар эзэмшихтэй холбоотой Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн баримтыг харахад төсөл сонгон шалгаруулалт газрын дуудлага худалдаа явагддаггүй, шууд гэрчилгээ бичигддэг зөрчил гарсан. Гэрчилгээ нь тухайн иргэнийг газар эзэмших эрхтэй боллоо гэдгийг хуулийн дагуу нотолж байгаа баримт бичиг биш. Засаг даргын захирамж шийдвэр өөрөө тухайн иргэнд үр дагавар үүсгэх захиргааны акт юм. Эдгээр хууль зөрсөн зөрчил байсан учраас сумын Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан нь үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд,

1. Анх иргэн С.Д-д Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар захирамжийг үндэслэн 10.000м2 газрыг 15 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийн 0095321 дугаартай гэрчилгээ олгожээ. Мөн тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэн 000319418 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. /х.х-н 51-52/

2. Мөн иргэн С.Дтай 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулжээ. /х.х-н 54/

3. Гэтэл Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2., 34 дүгээр зүйлийн 34.2., 34.6.3., 40 дүгээр зүйлийн 40.1.6., 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтыг үндэслэн газар эзэмших иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсралтаар хүчингүй болгосны 1 дүгээрт иргэн С.Д бичигджээ. /х.х-н 115/

4. Ийнхүү Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр 28-ны өдрийн А/180 дугаар захирамжийн С.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, маргажээ.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд,

Нэхэмжлэгч С.Дгийн эзэмшиж байсан газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаанд ороогүй гэх тайлбарын тухайд:

5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4. дэх хэсэг Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3.-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах., 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.2.-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно. гэж тус тус заажээ.

6. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, дуудлага худалдаанд оролцоогүй гэх боловч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан ....энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан хуулийн зохицуулалтаар дуудлага худалдааг зохион байгуулж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах ажиллагаа нь Засаг даргын өөрийнх нь хуулиар хүлээсэн үүрэг байна.

7. Иргэн С.Дд газар эзэмшүүлэх шийдвэрийг анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар захирамжаар гаргасан гэх бөгөөд газар эзэмших эрхийн 0095321 дугаартай гэрчилгээг 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 000319418 дугаартай газар эзэмших эрхийн шинэчилсэн гэрчилгээ зэрэгт дээрх 2007 оны 80 дугаартай захирамжийг үндэслэн 10.000м2 газрыг эзэмших эрхийг олгож баталгаажуулснаар нэхэмжлэгч иргэний хувьд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзэж газар эзэмших эрхийг баталгаажуулсан гэж ойлгохоор байна. /х.х-н 51-52/

8. Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамал Т.Мөнхзаяагийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Тодорхойлолт гэх баримтад ... 2007 онд Цэнхэр сумын Засаг даргын 80 дугаартай захирамжтай боловч тус газарт гэрчилгээ, гэрээ, кадастр хийгдээгүй байсан ... уг газрыг захирамжийг үндэслэн гэрчилгээ бичиж гэрээ хийж давхцалгүй кадастр /2018.02.07/ хийсэн болно. гэжээ. /х.х-н 56/

9. Газрын тухай хуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4. дэх хэсэг Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.2.-т Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, 23.4.3.-т эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. гэж заасан.

10. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг эрх бүхий Засаг дарга гаргасан бол уг шийдвэрийг үндэслэн газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэх, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх зэрэг ажлыг гүйцэтгэх чиг үүрэг нь захиргааны байгууллагын хуулиар хэрэгжүүлбэл зохих чиг үүрэгт хамаарч байна.

11. Хариуцагчаас С.Д-д анх газар эзэмших эрх олгохдоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, дуудлага худалдаанд оролцоогүй гэх боловч 2017-2018 онд гэрээ, гэрчилгээг шинэчлэн байгуулж газрын төлбөр төлсөн, 2017 онд шинэчилсэн гэрчилгээг гаргаж, давхцалгүй кадастрын зургийг /анх/ 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн хийж өгч, гэрээ байгуулсан гэх үйл баримтаас үзвэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаанд оруулаагүй гэх тайлбар нь захиргааны байгууллага өөрийнхөө эзэмших эрх олгосон үйлдлээ үгүйсгэсэн, захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байхын зэрэгцээ, захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааныхаа үр дүнг өөрөө хариуцах үүрэгтэй юм.

12. Иргэний хувьд захиргааны байгууллага хуулийн хүрээнд ажилласан гэдэгт итгэх итгэлтэй байх эрхтэй төдийгүй эл үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах, газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрын дуудлага худалдаа явуулалгүй иргэн эзэмших эрх олгосон нь захиргааны байгууллагын хэрэгжүүлбэл зохих чиг үүрэгт хамаарах асуудал бөгөөд үүнд иргэн С.Д шууд хамааралгүй, түүнд газар эзэмших эрх олгох эсэх асуудал нь захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарч байжээ.

13. Хэрэв захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийг хожим нь хууль бус гэх үндэслэлээр хүчингүй болгох шаардлагатай гэж үзвэл энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгээр зохицуулагджээ. Гэтэл уг хэргийн маргаан бүхий А/180 дугаар захирамж, түүний үндэслэлд дээрх хуульд заасан захиргааны актыг хүчингүй болгох аль нөхцөл бүрдсэн гэж үзсэн, ямар үндэслэлийг зааж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь тодорхойгүй, хуулийн эл үндэслэлээр маргаж, маргаан бүхий актад эл үндэслэлийг дурьдаагүй болно.

14. Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч С.Дд газар эзэмшүүлэх шийдвэрийг анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар захирамжаар олгосон, газар эзэмших эрхийн 0095321 дугаартай гэрчилгээг 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан гэх үйл баримттай маргаагүй, маргаан бүхий актын үндэслэлд энэ талаар дурдаагүй болохыг тэмдэглэв.

Нэхэмжлэгч С.Д нь маргаан бүхий газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэх тухайд:

15. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.-т Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ., 34.6. дахь хэсэгт Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: 34.6.3.-т газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар гэж заажээ.

16. Нэхэмжлэгч С.Д нь эзэмших эрх бүхий газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн болох нь Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байна. /х.х-н 105-106/

17. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. .... 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заажээ.

18. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь эзэмших эрхтэй болсон газартаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн байх бөгөөд ийнхүү хийлгэсний дараа газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн эрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх нь захиргааны байгууллагын үүрэг байна.

19. Хариуцагчаас хамаарах нөхцөл байдал буюу 2017 онд гэрчилгээг шинэчлэн гаргаж, газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэснээс үүдэн нэхэмжлэгч С.Д нь эзэмших эрх бүхий газартаа 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 35 тоот байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

20. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гарахаас өмнө буюу 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр анхны газар эзэмших гэрчилгээг гаргаж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 000319418 дугаартай газар эзэмших эрхийн шинэчилсэн гэрчилгээг гарган, улсын бүртгэлд бүртгэсэн нь хариуцагч байгууллагын өөрийнх нь буруутай үйлдэл юм.

21. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрх бүхий иргэн тухайн газрын кординатын цэг, кадастрын зураг, газрын хэмжээ, байршлыг гаргуулсны дараа тухайн газартаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх боломжтой бөгөөд ийнхүү байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх эсэх нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарна.

22. Гэтэл маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээс өмнө газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгаж газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй байна.

23. Мөн газар эзэмших эрхийн гэрээнд газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар зэрэг хуульд заасан нөхцөлийг тусгаж захиргааны гэрээ байгуулах нь тухайн захиргааны байгууллагад хамааралтай, түүний бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Иргэн С.Дгийн эзэмших эрх бүхий газарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон эсэх тухайд:

24. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэг Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6-д .хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус заасан.

25. Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл, Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй бөгөөд энэ ньхүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх-ийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байх учиртай.

26. Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, субьектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байх нөхцөлийг шаарддаг.

27. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаартай тогтоолын 1.10. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон,бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

28. Гэтэл хариуцагч Цэнхэр сумын Засаг даргар нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг нягтлан шалгах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитой хийлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна.

29. Тухайлбал, газар эзэмшигч этгээдийн зүгээс 2008-2011 оны хугацаанд нэхэмжлэгч С.Д нь ээжийгээ асарч байсан, 2012 оноос өөрөө нүдэндээ эмчилгээ хийлгэж, 2015 онд нүдний хагалгаанд БНСУ-д орж, 2015-2017 онд нүдний эмчийн хяналтад байсан, 2018 оны 5 дугаар сараас эзэмшиж буй газартаа хашаа барих, үйл ажиллагаа явуулах гэхэд нутгийн иргэд эсэргүүцэж улмаар цагдаагийн байгууллагаар уг хэрэг шалгагдан шийдвэрлүүлсэн зэрэг бусдын буруугаас шалтгаалсан хүндэтгэн үзэх шалтгаантай үйл баримт тогтоогдож байхад дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

30. Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших ... гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж зааснаар гэрээг дүгнэх ажиллагааны явцад аливаа зөрчлийг илрүүлж, улмаар тухайн үндэслэл тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зүйлд зааснаар холбогдох шатны Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулсан байна.

31. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын мөн зүйл, хэсэгт заасан " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойшхуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ. Дээрх тайлбараас үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

32. Уг хэргийн тухайд, хариуцагч захиргааны байгууллага /Цэнхэр сумын газрын даамал/-аас маргаан бүхий газарт нэхэмжлэгч С.Дг газар эзэмших гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай /2021.10.08 хүртэл/ байгуулснаас хойш Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасан зохицуулалт, газар эзэмших гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэсэн зүйл тогтоогдсонгүй.

33. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Дтай хамгийн сүүлд буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шинэчлэн байгуулснаас хойш хугацааг тооцоход гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хуульд заасан хугацаа дуусаагүй байна

34. Иймд шүүх дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2. дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч С.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжийн С.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА