Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00510

 

2021 оны 03 сарын 02 өдөр                      Дугаар 102/ШШ2021/00510                          Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, тоотод оршин суух, Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, тоотод оршин суух, И.М-т холбогдох,

 

“Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр хэлцэл мөн болохыг тогтоолгох, Б.И-ийн хууль ёсны өвлөгч буюу хариуцагч И.М-ыг эрх шилжүүлэгчийн үүргийг биелүүлэх буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүрэг Баянгол дүүргийн дугаар хороо,  цэцэрлэгийн баруун хойно байрлах АОС-ны зориулалттай 84 м2 талбай бүхий газрыг нэхэмжлэгч Д.Б нэр дээр үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч И.М, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б нь 2015 оны 8 дугаар сард Б.И гуайтай хамаатны хүн болох н.Л гэж хүнээр дамжуулан танилцсан. Ингээд  Б.И гуайгаас Баянгол дүүргийн  дугаар хороо, дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах амины орон сууцны зориулалттай дугаарын гэрчилгээтэй 84 м2 газрыг худалдан авахаар болж түүнтэй 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээг Баянгол дүүргийн тойргийн нотариатаар баталгаажуулсны үндсэн дээр худалдан авсан юм. Газрын төлбөрийг бид 24,000,000 төгрөг байхаар харилцан тохирсон ба уг 24,000,000 төгрөгийг 20,000,000, 3,000,000, 1,000,000 төгрөгөөр хуваан Б.И гуайд шилжүүлсэн. Газрын төлбөрийг төлж дуусгаад би өөрийн нэр рүү шилжүүлэх хүсэлтийг тавихад Б.И нь “...эзэмших эрхтэй газрыг худалдан борлуулж болохгүй. Хүмүүс хэл ам хийгээд байгаа учир жаахан хүлээж бай, надад итгэ” гэж хэлсэн учир би хүлээж байсан. Гэхдээ уг газрын бодит эзэмшил нь надад шилжсэн бөгөөд би тухайн газар дээр жижиг путик ажиллуулж, дугуй заран өөрийн үйл ажиллагааг явуулж байсан. Гэтэл тус газрын хойно амьдардаг н.А гэж хүн ирээд “...энэ миний газар” гэж хэл ам хийж эхэлсэн ба улмаар зөвшөөрөлгүй хашаа бариад биднийг тухайн газарт оруулахгүй байсан. Би энэ асуудлыг зохицуулж өг гэхэд Б.И нь хариуцагч Баянгол дүүргийн дүгээр цэцэрлэг, Л.А нарт холбогдуулж тэдний хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж 2018 онд шүүхэд хандсан. Уг маргаанд нь зориулж би Б.И гуайд өмгөөлөгчийн зардалд 2,350,000 төгрөгийг өмнөөс нь төлсөн. Ингээд шүүхээс маргааны зүйл болох газрыг Баянгол дүүргийн дүгээр цэцэрлэг, Л.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Гэтэл Б.Иш гуай нас барсан. Б.И гуай энэ хугацаанд надад “...чи мөнгөө төлсөн. Энэ газрын маргаан шүүхээр дуусмагц би нэр рүү чинь шилжүүлж өгнө” гэж хэлж байсан. Үүнийгээ ч Б.И гуай баталж надад надаас мөнгө хүлээн авсан талаараа бичиг хийн өгсөн байдаг. Тодруулбал, Б.И гуай газрын төлбөрт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 1,000,000 төгрөг авсан гэж, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сард 1,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард нийт 350,000 /100,000+250,000/ төгрөгийг тус тус газрын төлбөр болон өмгөөлөгчийн зардалд авсан бичиг нь байгааг хэрэгт би өгсөн байгаа. Ийм байдлаар газрын үнэ, газрын төлбөр, өмгөөлөгчийн зардалд төлсөн мөнгийг Б.И авсан талаар өөрөөр нь гарын үсэг зуруулж хувийн гэрээ байгуулж баримтжуулсан болно. Б.И гуайг нас барсны дараа би хүү буюу И.М руу хандаад “...аавд чинь төлбөрөө төлсөн, шүүхийн асуудал дууссан тул газраа шилжүүл” гэж хэлэхэд тэрээр анхандаа зөвшөөрч байсан. Тэрээр “...өв нээгдээд хугацаа дуусаагүй байна. Эхлээд газраа шилжүүлж авна, тэгээд асуудал дуусмагц шилжүүлнэ” гэж хэлж байсан. Ингээд нэг жил хүлээсний дараа 9 сараас газрыг нэр дээрээ шилжүүлэх асуудлаар хөөцөлдөж эхэлсэн. Гэвч И.М утсаа авахгүй, хариу өгөхөө больж эхэлсэн. Сүүлдээ тэрээр “...Газар миний нэр дээр шилжсэн. Би чамаас мөнгө төгрөг аваагүй. Одоо энэ газрыг түрээсэлж, зарж байна” гэж хэлж эхэлсэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэдэн хүмүүс энэ газар дээр барилга барьж байсан. Би очоод учир байдлыг танилцуулж, энэ миний газар гэсэн боловч тэдгээр хүмүүс миний үгэнд орохгүй байсан. Энэ талаар Баянгол дүүргийн Газрын албанд танилцуулахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх нь зөв гэсэн хариуг өгсөн. Ийм учраас миний бие аргагүй байдалд орж шүүхэд анх 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.И, Д.Б нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр мөн болохыг тогтоолгож, энэ гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагыг дараах байдлаар тодруулан гаргасан. Үүнд:

1/ 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.И, Д.Б нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр хэлцэл мөн болохыг тогтоолгох;

2/ Б.И-ийн хууль ёсны өвлөгч буюу хариуцагч И.М-ыг эрх шилжүүлэгчийн үүргийг биелүүлэх буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүрэг Баянгол дүүргийн  дугаар хороо, цэцэрлэгийн баруун хойно байрлах АОС-ны зориулалттай 84 м2 талбай бүхий газрыг нэхэмжлэгч Д.Б-ийн нэр дээр үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгөхийг даалгах. Нэгэнт миний бие газрын төлбөрийг гэрээний дагуу төлсөн, уг гэрээ нь хуульд нийцсэн учир би дээрх шаардлагуудыг гаргах, уг нэхэмжлэл бүрэн хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч И.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. И.М миний эцэг Б.И нь маргааны зүйл болох Баянгол дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах нэгж талбарын дугаартай, 84 м2 газрыг 2 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авч байсан. Үүний дагуу мөн өдөр Баянгол дүүргийн газрын албатай газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулж, хуулийн дагуу газрын төлбөр тооцоог хийж эзэмшиж, ашиглаж байсан ба уг газар нь манай аавын нэр дээр байсан боловч манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө байсан юм. Талийгаач амьд сэрүүн байхдаа уг газрыг хэн нэгэн этгээдэд худалдан борлуулсан, бэлэглэсэн талаар огт дурсаж байгаагүй бөгөөд ах, дүү нар болон үр хүүхдүүддээ энэ талаар мэдэгдсэн, зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Талийгаач эцэг маань тухайн газрыг нэхэмжлэгч болох Д.Б гэж хүнд худалдсан гэдгийг миний бие сүүлд олж мэдсэн.

Миний эцэг Б.И 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нас барсан. Ингээд миний бие Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах нэгж талбарын  дугаар 84 метр2 газрыг эзэмших, ашиглахтай холбоотой эрхийг өвийн журмаар хүлээн авсан ба 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг надад олгосон. Улсын бүртгэлийн болон Иргэний хуульд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн эрхийн талаар улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр тухайн хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх эрх үүснэ гэж тодорхойлон хуульчилж өгсөн. Энэ агуулгаар нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээний үндсэн дээр түүнийг шууд өмчлөгч мөн гэдгийг тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй.

Миний эцэг амьд сэрүүн цагтаа маргаан бүхий газрыг бусдын хууль бус эзэмшил ашиглалтаас чөлөөлүүлэх зорилгоор 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд хандаж байсан. Тодруулбал, тэрээр Баянгол дүүргийн дүгээр цэцэрлэг болон иргэн Л.А нарт холбогдуулж газар чөлөөлүүлж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгуулах тухай шаардлагыг гаргасан ба уг хэрэг маргаан нь 2019 онд Улсын дээд шүүхээр хэлэлцэгдэж нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, эцэслэгдэн шийдвэрлэгдэж дууссан. Тухайн маргаан нь хэн нэгэн иргэн хуулийн этгээдтэй газрын давхцалтай эсхүл нэг газрыг хоёр буюу түүнээс дээш этгээдэд давхардуулан олгосон гэх маргаан биш байсан. Харин Баянгол дүүргийн дүгээр цэцэрлэг болон иргэн Л.А нарт холбогдуулж, “Газар чөлөөлүүлж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгуулах тухай” буюу хариуцагч нар нь манай эзэмшлийн газарт дур зоргоор дайрч орж байсан үйлдэл, хашааг буулгаж байсан үйлдэл зэргийг таслан зогсоолгох агуулгатай байсан. Нэхэмжлэгч Д.Б нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд дээр дурдсан маргаан бүхий газрыг эзэмших эрхийг талийгаачийн оролцоогүйгээр өөртөө шилжүүлэн авах хууль зүйн бүрэн боломж нээлттэй байсан ба яагаад уг боломж бололцоогоо тухайн үед ашиглаагүй нь бидэнд бодит эргэлзээг төрүүлж байна. Уг газрыг эзэмшсэнээс хойш хугацаанд манай хамаатны хэдэн хүмүүс тухайн газарт хаягдал төмөр буюу хоёрдогч түүхий эд худалдан авах цэг ажиллуулж байсан ба нэхэмжлэгч нь тухайн газарт ямар нэгэн тохижилт, үйлчилгээ, засан сайжруулах үйлдэл, үйл ажиллагааг огт явуулж байгаагүй болно. Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд надтай биечлэн уулзаж байгаагүй, харин надтай утсаар ярьж энэ талаар хэлсэн ба тухайн үед ажил явдал дуусаагүй, өвийн талаарх асуудал шийдвэрлэгдээгүй байсан тул энэ асуудлыг чинь шийдвэрлэх боломжгүй байгаа талаар хэлж байсан.  Нэгэнт маргаан бүхий газрыг эзэмших, ашиглахтай холбоотой эрх, үүрэг нь өвийн журмаар болон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр надад олгосон тул Д.Б-ийн эцэг Б.И-тэй байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн уг газартай холбоотой эрх, үүрэг нь хуулийн дагуу надад шилжиж ирсэн тул хариуцагчийн зүгээс уг гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх ба Иргэний хууль тогтоомжид заасны дагуу гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжтой. 

Гэхдээ надад бусдын эд зүйлсийг зүгээр үнэгүй аваад завших санаа зорилго байхгүй. Нэгэнт аав маань газрын төлбөрт мөнгө авсан учир би нэхэмжлэгчээс газрын төлбөрт төлсөн 24,000,000 төгрөгийг нь бол нэхэмжлэгчид буцааж өгөөд энэ газрын маргаантай асуудлыг дуусгамаар байгаа. Ийм байдлаар эвлэрэхэд татгалзах зүйлгүй. Харин газрыг бол шилжүүлэх ямар ч боломжгүй. Харин өмгөөлөгчийн буюу шүүхийн зардал, нотариат, газрын төлбөрт төлсөн гэх 2,350,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, энэ талаар сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэгчээс өгсөн баримтаар бол авсан гэж байгаа ч аав маань гарын үсэг зурсан гэдэг нь өөрөө эргэлзээтэй байгаа. Ийм учраас 2,350,000 төгрөгийг бол төлж чадахгүй, зөвхөн 24,000,000 төгрөгийг нь төлөөд л гомдолгүй болгох саналтай.  

Эцэст нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь өөрөө Иргэний хуулийн 44, 243 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээтэй. Хэрэв гэрээг шүүхээс хүчинтэй гэж үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг анхаарах ёстой. Уг гэрээнд хугацааны талаар дурдаагүй учир энэ гэрээг нэн даруй биелэгдэх шинжтэй гэрээ гэж үзнэ. Тэгэхээр 2015 оны 12 дугаар сарын 25-аас эхлэн хөөн тоолоход 2018 оны 12 дугаар сарын 25-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 25-нд гэрээ хийж маргаан бүхий газрыг авахдаа 2 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын эрхийг шилжүүлж авсан. Энэ гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 18-нд газар эзэмших эрх нь дууссан. Энэ хугацаанд газрын албанд газрыг өөр дээрээ шилжүүлж авахаар хандсан үйлдлийг нотлох баримт байхгүй. Иргэний тухай хуулийн 126 дугаар зүйл буюу гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн нотолгоог заасан. Энэ агуулгаараа уг газар нь гэр бүлийн дундын өмчлөл байсан тул өвлөөд өмчилсөн байгаа. Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч И.М-т холбогдуулж 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.И, Д.Б нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр хэлцэл мөн болохыг тогтоолгох, Б.И-ийн хууль ёсны өвлөгч И.М-ыг эрх шилжүүлэгчийн үүргээ биелүүлэхийг буюу Баянгол дүүрэг,  дугаар хороо, дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах АОС-ны зориулалттай 84м2 талбай бүхий газрыг нэхэмжлэгч Д.Б-ийн нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг гаргасан.

 

Нэхэмжлэгч өөрийн дээрх шаардлагын үндэслэлээ “...маргаан бүхий газрын төлбөрийг бүрэн төлж дуусгасан учир талуудын байгуулсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй” гэж тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд Д.Б нь маргаан бүхий газрыг худалдан авч, төлбөрийг төлсөн гэсэн үндэслэлээр хариуцагч талыг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан агуулгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” авагджээ. Уг гэрээгээр Б.И нь Д.Б-д Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах, амины орон сууцны зориулалттай, 84м2 талбай бүхий газрыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохирсон байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, ямар ч төрлийн гэрээг байгуулах эрхтэй. Гагцхүү байгуулсан гэрээ нь өөрөө хуулийн хүрээнд байх ёстой.

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болох бөгөөд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-т “үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна” гэжээ.

 

Мөн газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхийг газар эзэмшигч эдэлнэ, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч, шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэсэн байдаг. Тодруулбал, эзэмшил газрыг хуульд нийцсэн хэлбэрээр шилжүүлэх боломжийг ийнхүү зохицуулжээ.  

   

Гэвч шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэжээ.   

 

Дээрх гэрээг байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэл зориг гэрээний оролцогч талуудын хэн алинд нь байгаагүй. Эсрэгээрээ газар эзэмших эрхийг худалдах-худалдан авах зорилготой байсан, гэрээний гол нөхцөлийг “үнэ төлбөргүй” гэж тохирсон атлаа төлбөр авсан байгаа үйл баримт зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

Иймд дээрх гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт нийцэх ба байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх гэрээний үүргийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус гэрээ талуудад гэрээний дагуу аливаа шаардлага гаргах эрхийг үүсгэхгүй.

 

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэжээ. Тодруулбал, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр аливаа гэрээний талууд эд хөрөнгө, мөнгө олж авах буюу үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй.

Хариуцагч И.М-ын зүгээс аав Б.И нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 1,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг газрын төлбөрт нэхэмжлэгч Д.Б-оос хүлээн авсан талаар маргаагүй.

 

Харин хариуцагчаас 2016 оны 6 дугаар сард хүлээн авсан гэх 1,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард авсан гэх 350,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-нд авсан гэх 1,000,000 төгрөг, нийт 2,350,000 төгрөгийг талийгаач Б.И нэхэмжлэгчээс авсан гэдэгт эргэлзэж байгаа талаарх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан /хх 8 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлыг баримтаар нотлох үүргийг хүлээх ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг. 

 

Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагыг нотлох үүднээс хэрэгт талийгаач Б.И-т мөнгө хүлээлэг өгч байсан талаарх бичгийн баримтыг хэрэгт хавсарган өгсөн ба уг баримтыг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй /хх 8 хуудас/. 

 

Ийм учраас хариуцагч И.М-аас 26,350,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-д буцаан олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.И, Д.Б нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр хэлцэл мөн болохыг тогтоолгох, Б.И-ийн хууль ёсны өвлөгч И.М-ыг эрх шилжүүлэгчийн үүргээ биелүүлэхийг буюу Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах АОС-ны зориулалттай 84м2 талбай бүхий газрыг нэхэмжлэгчийн нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлэхийг даалгах тухай Д.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч И.М-аас 26,350,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                     Н.ХАНГАЛ