Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0094/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Монгол овогт*******ийн*******д холбогдох эрүүгийн 2418000000033 дугаартай хэргийг 2024 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Монгол овогт*******ийн******* /РД:******* /, 1991 оны 11 сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 02 дугаар баг,******* гудамж, 02 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 10-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар *******д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

          Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар *******д оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр 2015 оны 12 сарын 10-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим хэсэг болох 02 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон бөгөөд 2018 оны 12 сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

          Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 151 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух газар буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 02 дугаар баг, Октябрийн 6-2б тоот гэрийн хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

          Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 151 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 06 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон бөгөөд 2023 оны 12 сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2023 оны 12 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн*******ийн өмчлөлийн 32-21 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа түүний эзэмшлийн Самсунг А34 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 980,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ы: 2023 оны 12 сарын 24-ний орой гурван найзтайгаа бааранд орохоор таксинд суусан. Би жолоочийн хажуу талын суудалд суусан. Урд талын хоёр суудлын голд байсан гар утсыг авсан. Найзуудтайгаа бааранд ууж байгаад буудал орохдоо гар утсыг зочид буудалд 40,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Маргааш нь цагдаад баригдсан гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

Хохирогч*******ийн: 2023 оны 12 сарын 24-ний өдөр 20:00 цаг өнгөрч байхад Древенээс үл таних 4 залуу гар өргөөд миний машинд суугаад Арбатын гудамжны ойролцоо буусан. Би цаашаа 18-н буудал дээр очоод гар утсаа үзэхэд алга болсон байсан. Би өөрийн Самсунг А34 загварын гар утсаа өөрийнхөө суудлын завсарт хавчуулаад явж байсан бөгөөд миний хажууд сууж явсан залуу л гар утсыг авах боломжтой. Би өөрийн алдсан гар утсаа буцааж бүрэн бүтэн хүлээн авсан учраас миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 4, 6/,

Иргэний нэхэмжлэгч*******гийн: 2023 оны 12 сарын 24-ний өдрийн орой миний танил залуучууд өрөө авахаар орж ирсэн. Тэр дотор н.Хүрлээ гэх залуу хамт явж байсан. Тэд нэг өрөө, нэг шил архи авсан бөгөөд н.Хүрлээ Самсунг загварын шинэ гар утсыг зочид буудлын өрөөний төлбөр болох 70,000 төгрөгт барьцаалсан. Би зочид буудлын өрөөний төлбөр болох 70,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч*******ийн: 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр н.Батболд, *******, н.Монхоо бид нар манайд архи ууж байгаад Древений “Болор” дэлгүүрийн урдаас таксинд суугаад Арбатын гудамжинд буусан. ******* таксины жолоочийн хажууд буюу урд суудал дээр суусан. Таксинаас буугаад н.Батболд бид хоёр түрүүлээд явсан бөгөөд н.Монхоо бид нараас салаад явсан. Араас ******* ганцаараа ирсэн. Тэгээд Арбатын гудамжинд ******* нь н.Хүрлээ гэх таньдаг ахтайгаа таараад бид нар “Өсөх” зочид буудал руу орж архи уух гэхэд мөнгө байхгүй байсан. Тэгтэл ******* халааснаасаа Самсунг загварын хар өнгөтэй 3 камертай утас гаргаж ирээд н.Хүрлээд “та энэ зочид буудлын хүмүүсийг таньдаг юм чинь миний гар утсыг барьцаалаад архи авчих” гэж хэлээд утсаа өгсөн. ******* нь тухайн өдөр “Болор” дэлгүүрийн урдаас таксинд суухаас өмнө Самсунг загварын хар өнгөтэй, арын таг нь байхгүй, дэлгэц нь хагарсан, скочоор наачихсан хуучин гар утастай байсан. Тэгээд н.Хүрлээд “Өсөх” зочид буудалд миний гар утас гэж өгсөн гар утас нь Самсунг загварын хар өнгөтэй, 3 камертай шинэ гэхээр гар утас байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч*******ын: 2023 оны 12 сарын 24-ний өдрийн 16:00 цагийн үед н.Түмэнцэрэг, *******, н.Монхоо нартай Древенд уулзаж, архи, шар айраг ууж байгаад 18:00 цаг өнгөрч байхад “Болор” дэлгүүрийн урдаас таксинд сууж Арбатын гудамжинд буусан. ******* жолоочийн хажууд буюу урд суудалд суусан. Арбатын гудамжинд н.Хүрлээ гэх таньдаг ахтайгаа таарсан. Тэгээд бид нар "Өсөх" нэртэй зочид буудалд өрөө авч ороод архи авах гэтэл мөнгө байхгүй байсан. Тэгэхэд ******* халааснаасаа Самсунг загварын хар өнгөтэй 3 камертай гар утас гаргаж ирээд н.Хүрлээд “та энэ зочид буудлын хүмүүсийг таньдаг юм чинь миний гар утсыг барьцаалаад архи авчих” гэж хэлээд утсаа өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Гэрчн: ...2023 оны 12 сарын 24-ний өдрийн 18:00 цагийн үед н.Хүрэлбаатартай уулзаад Агар нэртэй архи 1 шилийг хувааж уугаад 20:00 цагийн үед “Сутай” нэртэй баар ороод гарч иртэл зүс таних Баяа хочит ******* 2 найзтайгаа хамт явж байсан. Тэгээд бид бөөндөө ганц шил архи хувааж уух уу гэж ярилцаад таксинд суугаад Үйлчилгээний төвийн “Өсөх” нэртэй зочид буудалд очсон. Надад 45,000 төгрөг байхаар нь н.Хүрэлбаатарт гаргаж өгөхөд ******* “мөнгө хүрэхгүй бол миний гар утсыг барьцаанд тавьчих” гээд н.Хүрэлбаатарт хар өнгийн ардаа 3 камертай Самсунг загварын гар утас өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Гэрчын: ...2023 оны 12 сарын 24-ний өдөр Харка хочиттай уулзаад “Агар” нэртэй 1 шил архи хувааж уугаад “Сутай” баар луу орохоор явж байтал Арбатын гудамжинд Баяа хочит ******* 2 найзтайгаа явж байсан. Тэгээд бөөндөө ганц шил архи хувааж ууя гэж ярилцаад таксинд суугаад Үйлчилгээний төвийн “Өсөх” нэртэй зочид буудлын 0 номерын өрөөнд ороод мөнгөө нийлүүлээд архи авах гэтэл мөнгө хүрэхгүй байсан. Гэтэл ******* мөнгө хүрэхгүй бол миний гар утсыг барьцаанд тавьчих, та таньдаг хүндээ хэлээд өгөөч гэж хэлсэн. Би урьд нь үйлчлүүлээд зочид буудлын хүнийг таньдаг учраас хар өнгийн ардаа 3 камертай Самсунг загварын гар утсыг 95,000 төгрөгт бодоод 0.5 литрийн шилтэй “Хараа” нэртэй архи, зочид буудлын өрөөний тооцоо зэрэгт барьцаалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

“Самсунг А-34 загварын 128 гигабайт багтаамжтай хар өнгийн шинэвтэр гар утас 980,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/,

Иргэний нэхэмжлэгч*******гаас Самсунг А-34 загварын гар утас хураан авч, хохирогч*******ид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 49-50/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйлгүй гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 12 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 01 дүгээр багийн нутаг “Болор” дэлгүүрийн урдаас*******,*******, н.Монхоо нарын хамт иргэн*******ийн тээврийн хэрэгсэлд сууж Дархан сумын 05 дугаар баг Арбатын гудамж гэх газар хүргүүлэн машинаас буухдаа жолоочийн суудлын завсар байсан*******ийн 980,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А34 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигч рүү чиглэсэн ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл хийхгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг,

“Бусдын эд хөрөнгийг нууцаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц далд аргаар эд зүйлийг нь авсан үйлдлийг,

“Хууль бусаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг тус тус ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ы дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгө буюу хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ид 980,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч*******д 70,000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хохирогч нь өөрийн гар утсаа биет байдлаар хүлээн авч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч*******гаас Самсунг А-34 загварын гар утас хураан авч, хохирогч*******ид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 49-50/, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “Өсөх” нэртэй зочид буудалд орохдоо 40,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгө ньын өрөнд суутгагдсан. Дараа нь 2024 оны 01 сард зочид буудлын эзний охинд нь 40,000 төгрөг өгсөн. Нийт 80,000 төгрөгийг буудлын эзэнд өгсөн гэж мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх нь үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас 70,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан бөгөөд иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 3, эх, ахын хамт амьдардаг, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж удаа дараа хорих ялаар шийтгүүлж байсан. Хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан хугацаанд, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа тус тус хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байсан. 2023 оны 12 сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан боловч 2023 оны 12 сарын 24-ний өдөр дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй, нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2024 оны 02 сарын 23-ны өдрөөс 2024 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл 26 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг хорих ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт*******ийн*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР