Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/131

 

 

   2024       03         25                                                2024/ШЦТ/131

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2024/00115/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000142 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, овогт /РД:******* /, оны -ны өдөр******* төрсөн,******* ,******* ,******* боловсролтой,******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , , хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зөрлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын : “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Улсын яллагчтай 500,000 төгрөгөөр торгох ялаар тохирсон.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2418000000142 дугаартай хэргээс:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “... *******ын согтуурлыг шалгах согтуурал хэмжигч 75 багаж үлээж буй бичлэг байна. Бичлэгийг үзэхэд 00 минут 03 секундэд ******* нь согтуурал шалгах 75 багажны шинэ хошууны бүрэн бүтэн байдлыг шалгаж задалж байна. 00 минут 19 секундэд *******д согтуурал шалгах 75 багажийн хэрхэн үлээх болон тухайн багажийн ач холбогдлын талаар тайлбарлан өгч бана. 00 минут 25 секундэд ******* нь согтуурал шалгах 75 багажийг үлээж дууссан дохио өгч байна. 00 минут 25 секундээс 00 минут 55 секундийн хооронд цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч нь *******аас хэр хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар асуухад нэг шил Хараа нэртэй архи ганцаараа уугаад 800 метр газар машин барьсан гэж байна. 01 минут 00 секундэд *******д согтуурал шалгах 75 багаж дээр нь гарч буй согтолтын зэрэг 1,83% зааж байгааг хэлж байна.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай: “...1,83% байна.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024  оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. *******ын цуснаас 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай *******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хассан тухай шийтгэлийн хуудасны хуулбар /хавтаст хэргийн 76 дахь тал/,

 

*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2023 оны 05 дугаар сарын дундуур өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон яваад жолооны эрхээ хасуулсан. Би 2024 оны 01 дүгээр сарын 27-ны орой тоот гэртээ амарч байгаад 17 цагийн үед 0,5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи аваад гэртээ очоод ганцаараа уусан. Тэгээд орой 21 цагттэйгээ яриад манай намайг ажлаас ирж аваарай гэж хэлэхээр нь би шөнийн 23 цаг өнгөрч байхад гэрээсээ хүү хамт өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад байрны урд цагдаад саатуулагдсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх  хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР