Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/00775

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 25 өдөр Дугаар102/ШШ2021/00775 Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 хороо, Санни таун 830 байр, 36 тоотод оршин суух, рд:уж83091004, Сартуул овогт Дашпүрэвийн Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг 1 хороо, Сөүлийн гудамж, Богд ар 10-1А тоот тоот хаягтай, рд:5646545, Тайгын булаг авто ХХК-д холбогдох,

 

төлбөл зохих төлбөрийг хуулийн дагуу үнэн зөв тогтоолгох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч П.Дэлгэрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...миний бие өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж зээлийн төлбөрийн бодит хэмжээг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Тайгын булаг авто ХХК-аас 2019 оны 10 сарын 08-ны өдөр бизнесийн бүтээгдэхүүн авах шаардлагатай болсон тул өөрийн эзэмшилийн Лексус RX 4386 тоёота маркийн автомашиныг 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн автомашиныг барьцаанд тавих үедээ Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрлэгч 3000 иргэнээс 53-т шалгарсан. Санхүүжих эрх нь тухайн ондоо орно гэж удаа дараа мэдэгдэл ирж байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас болж дахин санхүүжих боломжгүй гэсэн мэдэгдлийг 2020 оны 01 сарын 25-ны өдөр хүлээн авснаар бизнесээ өргөжүүлэх боломжгүй болсон. Тайгын булаг авто ХХК-ийн менежер Баярмагнай гэдэг хүнтэй байнга холбогдож, зээлийн хүүг төлөх боломжгүй байна, түр хүлээх талаар харилцан тохиролцож байсан. 2020 оны 02 сарын 08-ны өдөр Тайгын булаг авто ХХК-аас гэрээ цуцлахыг мэдэгдэлгүй, тухайн автомашиныг авч явсан. Тэгээд Баярмагнай менежертэй холбогдоход зээлийн гэрээг цуцалсан, автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар хэлэхэд битгий худалдаарай, Лексус RX автомашины зах зээлийн ханш нь 30.000.000 гаруй төгрөг байгаа, одоо төлөх төлбөрийг талаар асуухад эргээд ярина гээд ахиж холбогдоогүй. Ажил дээр нь очиж уулзахад үнийн дүнгийн тооцооллыг нарийн гаргачихаад холбогдоно гэж хэлсэн. 2020 оны 06 сарын 03-ны өдөр Тайгын булаг авто ХХК дээр өөрийн биеэр очиж үнийн дүнгийн тооцооллыг гаргуулах хүсэлт гаргасан. Тэр үед 5.000.000 төгрөг хийчих, Дөлгөөн гэдэг хүнийг ирэхээр бодит дүнгийн гаргаж өгнө гэж хэлсэн. Би 2020 оны 06 сарын 03-ны өдөр Тайгын булаг авто ХХК-ийн шаардлагын дагуу Хаан банкны данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Орой ахин залгахад тооцоолол гаргаагүй байна гэхээр нь хүү нь яваад байна, бодит тооцоолол нь хэрэгтэй байнагэж Баярмагнайд хэлсэн. 2020 оны 06 сарын 04-ний өдөр захирал Мягмар гэдэг хүнтэй уулзсан боловч Баярмагнай, Цэдэндамба, Дөлгөөн гэсэн 3 залуу чи 30.000.000 төгрөг өгвөл машиныг нь суллаж өгье гэж хэлсэн. 3.5 хувийн хүүтэй авсан зээл 30.000.000 төгрөг байх боломжгүй гэхэд 4 ажилтан залуу нь намайг бүлэглэн зодсон. Тухайн асуудлаас болж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Баярмагнай, Цэдэндамба, Дөлгөөн нарт эрүүгийн хэрэг үүсэж, шалгагдаж байгаа. Тэр өдөр ажлын байрнаасаа хөөж, чирч гаргаснаар би тооцооллоо мэдэж авч чадаагүй. Утсаар лавлахад Эрүүгийн хэрэг үүсгэсэн учир машиныг чинь өгөхгүй, 33.000.000 төгрөг төлөөд машинаа аваарай гэж хэлсэн. 2020 оны 10 сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. 2020 оны 10 сарын 07-ны өдөр нөхөртэйгөө цуг очиж гэрээ дууслаа, бодит зээлийн хэмжээг гаргаж өгөх-ийг хүссэн боловч Баярмагнай тооцооллыг гаргаж өгөөгүй. Би өөрийн эзэмшлийн автомашинаа худалдан борлуулахгүйн тулд боломжит бүх аргыг авсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдсэн, эрүүгийн хэргийг шалгаж байгаа прокурорт, хандаж болох бүх газарт хандсан. Тайгын булаг авто ХХК-аас үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү 5.900.0000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 7.500.000 төгрөг, нийтдээ 23.922.000 төгрөгийг надаас нэхэмжилсэн. 2020 оны 10 сарын 12-ны өдөр гэрийн хаягаар ирсэн шуудангийн нэхэмжлэлээр Тайгын булаг авто ХХК надаас 30.900.000 төгрөгийг төлөх тухай нэхэмжлэл өгсөн байсан. Би одоогийн зах зээлийн ханш нь 32.000.000 төгрөгтэй байгаа автомашиныг худалдан борлуулахгүй нь тулд бодит үнийн дүнгийн тооцооллыг гаргуулах гэж хөөцөлдсөн боловч мэдэж авч чадаагүй. Иймд шүүхээс зээлийн бодит үнийн дүнг тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Миний тооцооллоор одоогийн байдлаар 13.600.000 төгрөг байх ёстой. Надад зээлийн үнийн дүнг үнэн зөвөөр гаргаж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Тайгын булаг авто ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ... 2019 оны 10 сарын 08-ны өдөр Тайгын булаг авто ХХК Д.Оюунгэрэлтэй 25900617 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэл хангуулахаар фидуцийн гэрээг тус тус байгуулан, 15.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Хугацаа хэтэрсэн хоног тутам хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 4386 УБЗ улсын дугаартай Лексус RX тоёота маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч мөнгийг хүлээн авч, зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч Д.Оюунгэрэл нь үндсэн зээлийг хүүгийн хамт 2019 оны 11 сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 сарын 08-ны өдөр хүртэл төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч зээл авсан өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Зээлийн гэрээний 1.26-д заасан ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар зээлээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй. Зээлийг эргүүлэн төлөх хугацааг 235 хоногоор хэтрүүлсэн учир автомашиныг хураан авсан. 2020 оны 06 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү 4.165.000 төгрөг, алданги 4 496 919 төгрөг нийт 23.961619 төгрөг хуримтлагдсанаас зээлдэгчийн 2020 оны 06 сарын 03-ны өдөр төлсөн 5.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллаар тооцож суутгасан. 2020 оны 10 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү 5.919.419 төгрөг, алданги гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 7.500.000 төгрөг, нийт 23.922.500 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийг эргүүлэн төлөх хугацааг 125 хоногоор хэтрүүлсэн байна. Зээлийн гэрээ 2020 оны 10 сарын 08-ны өдөр дууссан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх мөн хуулийн 3.1-т Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй заасан байхад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн төлбөрийн бодит хэмжээг тогтоолгох гэж өөрчилсөн. Зээлийн төлбөрийн бодит хэмжээг шүүх тогтоон шийдвэрлэх нь хууль зүйн боломжгүй байна. Хариуцагч талаас зээлийн төлбөрийн гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой гэж үзэж байна. Нэхэмжлэгч зээлийн төлбөрийн бодит хэмжээг шүүхээр тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

2020 оны 10 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Д.Оюунгэрэл хариуцагч Тайгын булаг авто ХХК-д холбогдуулан 2019 оны 10 сарын 08-ны өдрийн зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хэргийн 1-3 дугаар тал/

 

2021 оны 01 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч Тайгын булаг авто ХХК-д холбогдуулан зохигч талуудын хооронд байгуулсан 2019 оны 10 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнээс нэхэмжлэгчийн төлбөл зохих төлбөрийг хуулийн дагуу үнэн зөв тогтоолгох шаардлага гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед нэхэмжлэгч 2019 оны 10 сарын 08-ны өдрийн зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно. /45-48, 58-61 дүгээр тал/

 

Шүүхээс нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг даалгаж шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгч 2021 оны 03 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан хариуцагч Тайгын булаг авто ХХК-д холбогдуулан 2019 оны 10 сарын 08-ны өдөр зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зээлдэгч буюу нэхэмжлэгчийн төлбөл зохих зээлийн төлбөрийн бодит хэмжээг үнэн зөв тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагаа тодруулан ирүүлсэн. /хэргийн 62-64 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч ... 2019 оны 10 сарын 08-ны өдөр зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зээлдэгч буюу нэхэмжлэгчийн төлбөл зохих зээлийн төлбөрийн бодит хэмжээг үнэн зөв тогтоолгох... шаардлага гаргаж, үндэслэлээ ...миний тооцооллоор үндсэн зээл 15 000 000 төгрөгнөөс илүү төлсөн хүүгийн үлдэгдэл 1 360 362 төгрөг хасаад 13 639 638 төгрөг төлөх ёстой гэж үзэж байгаа, хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нийт 23 922 500 төгрөгний үлдэгдэлтэй гэж ирүүлсэн. 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 19/2-149 дугаартай мэдэгдэл ирсэн уг мэдэгдэлд нийт 30 901 909 төгрөг төлөгдөөгүй гэж байсан, төлбөр тооцоо бодит биш илт зөрүүтэй олон янзаар тайлбарлаж хэтэрхий ашиг олох, иргэн намайг хохироох зорилготой... гэж тайлбарласныг,

 

Хариуцагч эс зөвшөөрч ...зээлийн төлбөрийн бодит хэмжээг шүүх тогтоон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлага үндэслэл тодорхойгүй... гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл хариуцагч Тайгын булаг авто ХХК-тай 2019 оны 10 сарын 08-ны өдөр 25900617 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлжээ. /хэргийн 15-16 дугаар тал/

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2019 оны 10 сарын 08-ны өдөр 25900617 дугаар Фидуцийн гэрээгээр Д.Оюунгэрэлийн өөрийн эзэмшлийн 4386 УБЗ дугаартай, Лексус Ар Икс 400 Эйч /Lexus RX400H/ маркийн автомашин болох хөдлөх хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хэргийн 17-18 дугаар тал/

 

Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 235 дугаар зүйлийн 235.1 дэхь хэсэгт заасан зээлийн болон фидуцийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 286 дугаар зүйлийн 286.5, 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу хариуцагч мөнгийг зээлдэгч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамт эргүүлэн өгөх үүргийг, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шижлүүлэх /фидуци/ гэрээгээр үүрэг хүлээгч буюу нэхэмжлэгч мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч үндсэн үүрэг болох зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамт эргүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох, үүрэг хүлээгч үндсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Зээлийн гэрээний дагуу хариуцагч 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч мөнгө төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх хөрөнгө буюу тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж фидуцийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ./хэргийн 18 дугаар хуудас ар тал, 19 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч зээлийн төлбөрт 2020 оны 06 сарын 03-ны өдөр 5000 000 төгрөг шилжүүлсэн, зээлийн болон фидуцийн гэрээний хугацаа 2020 оны 10 сарын 08-ны өдөр дууссан байна.

 

Зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... миний тооцооллоор үндсэн зээл 15 000 000 төгрөгнөөс илүү төлсөн хүүгийн үлдэгдэл 1 360 362 төгрөг хасаад 13 639 638 төгрөг төлөх ёстой гэж үзэж байгаа, хариуцагч үндсэн зээл 15 000 000 төгрөг хүү 5 919 419 төгрөг, алданги 7500 000 төгрөг нийт 23 922 500 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарласан, 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 19/2-149 дугаартай мэдэгдэлд үндсэн зээл хүү алданги 30 901 909 төгрөг төлөгдөөгүй гэж мэдэгдсэн, төлбөр тооцоо бодит биш илт зөрүүтэй... гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч хуульд заасан дээрхи үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл ...13 639 638 төгрөг төлөх ёстой... гэх үндсэн зээл хүүгийн талаархи тооцооллоо хэрхэн гаргасан энэ талаар ямар баримт байгаа, хариуцагчийн ирүүлсэн мэдэгдэлтэй холбоотой баримтыг шүүхэд ирүлээгүй, өөрийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох баримтаар нотлоогүй энэ талаар шүүхэд ямар нэг баримтыг ирүүлээгүй.

 

Нөгөө талаас хууль болон гэрээнд заасан эрх эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч мэдүүлэх эрхийн дагуу ...зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг шүүхээр тогтоолгох... тухай нэхэмжлэл шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч дээрхи нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар бодит байдалд нийцсэн тайлбар өгч, нотлох баримтаар нотолж, хууль болон гэрээнд заасан нэхэмжлэгчийн ямар эрх үүрэг ашиг сонирхлыг хариуцагч хэрхэн зөрчсөн хариуцагчийн гэм бурууг нотлох замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

Нэхэмжлэгч ...2019 оны 10 сарын 08-ны өдрийн зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн төлөх төлбөр тооцоог бодит биш илт зөрүүтэй олон янзаар тайлбарлаж хэтэрхий ашиг олох, иргэн намайг хохироох зорилготой байна... гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээ, хуульд заасан нэхэмжлэгчийн ямар эрх үүрэг ашиг сонирхол зөрчигдсөн, уг үйл баримтад хариуцагч ямар гэм буруутай талаар хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж нотлоогүй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд зохигч талуудын хооронд байгуулагдсан зээл болон фидуцийн гэрээгээр талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож агуулгаа хуулийн хүрээнд өөрсдөө харилцан тохирч тодорхойлжээ. Тодруулбал зээлийн гэрээгээр талууд зээлийн хэмжээ, хүү, алданги, гэрээний хугацаа, зээл төлөх хэлбэр буюу хуваарийг харилцан тохирсон байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч гэж Тайгын булаг авто ХХК-ийг тодорхойлсон бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай холбоотой шаардлага гаргаж байна уу эсхүл эрх зүйн үйл баримтыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх түүний үндэслэл тодорхойгүй байх тул хариуцагч Тайгын булаг авто ХХК-д холбогдуулан гаргасан төлбөл зохих төлбөрийг шүүхээр тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөхөөр тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар хариуцагч Тайгын булаг авто ХХК-д холбогдох, төлбөл зохих төлбөрийг хуулийн дагуу үнэн зөв тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлсүгэй.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 102/ШЗ2020/15495 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ