| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2024/0031/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/32 |
| Огноо | 2024-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Б.Төрболд,
Шүүгдэгч Г.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *******-******* аймгийн ******* ******* сумд төрсөн, 35 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овогт ын *******, регистрийн дугаар .
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.*******ыг хохирогч В. эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Г.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух иргэн Н. гэрт 2024 оны 03 дугаар сарын 04-нөөс 06-нд шилжих шөнө үл ялих зүйлээр шалтаглан хохирогч В. руу шаазан аяга шидэж түүний эрүүл мэндэд толгойн оройн баруун дээд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - Хохирогч В.: “...2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би ******* сумын ******* багийн харьяат хамтаар тус сумын ******* багийн нутаг ******* гэх газраас өөрийн адуугаа гаргаж аваад орой 22-23 цагийн үед д ирэхэд Г.*******, , гэх гурван залуу архи уугаад сууж байсан. , хоёр тус бүр нэг, нэг шил архи гаргаж ирснийг бид нар бүгд хувааж уугаад хоорондоо юм яриад сууж байтал Г.******* гэгч гэнэт уурлаад чам шиг хулгайчийг ална шүү гэхээр нь би түүнд чи юу яриад байна, би хэзээ хулгай хийсэн юм гэж хэлтэл Г.******* уурлаж хажуудаа байсан шаазан аягыг авч над руу шидсэн. Түүний шидсэн аяга миний толгойны орой хэсэгт онож миний толгойнд гэмтэл учруулсан бөгөөд толгойноос маш их цус гараад тогтохгүй байсан тул гар утсаараа манай эхнэр руу ярьж мэдэгдсэн бөгөөд манай эхнэр ******* сумын эмнэлэгт дуудлага өгсөн байсан. ...Г.******* бид хоёрын хооронд ямар нэгэн муудалцаад байх зүйл огт болоогүй. Г.******* үл ялих зүйлээр шалтаглаж согтуурхан над руу аяга шидсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/
- Гэрч С.ийн “...Би 2024 оны 03 дугаар сарын 04-ний орой адуундаа яваад буцах замдаа саахалтынхаа айл болох Н.д ортол манай багийн залуус болох Г.*******, буюу хоёр нь Н.д архи уугаад сууж байсан. Тэгээд Г.******* ууж байсан архинаасаа надад хийж өгөөд бид нар юм ярингаа архи уугаад сууж байтал Н., В. хоёр мөн адуунд яваад ирлээ гээд орж ирсэн. Бид нар мэнд мэдэлцээд байж байтал мөн 1 шил архи нэмж гаргаж ирснийг бид нар бүгд хувааж уусан. Тэгтэл Н. бас нэг тал шил архи гаргаж ирснийг уугаад сууж байтал Г.******* бүгдээрээ хамт нэг айлд оччихоод ирье гэсэн чинь В. үгүй би унтлаа гэж хэлсэн. Тэгтэл Г.******* уурлаад В. руу аяга шидсэн. Шидсэн аяга В. толгойг онож түүний толгойноос цус гараад байсан. Бид нар сандраад цусыг нь тогтоох гэж нойлын цаасаар арчсан боловч тогтохгүй байсан. Тухайн үед цаг нэлээн орой болсон байсан. Н. эмнэлэг, цагдаа дуудъя гээд утсаар яриад байгаа бололтой байсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед сумын эмч , хэсгийн төлөөлөгчийн хамт ирээд болсон явдлыг тодруулаад В.д анхны тусламж үзүүлж толгойд нь боолт хийлгэхээр сумын эмнэлгийн машинаар аваад явсан. Г.******* нь В. руу нэг удаа аяга шидэж, тэр аяга нь түүний толгойг оносон бөгөөд дахиж цохиогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,
- Гэрч Г.ы “...Г.******* л нэг харахад уурлаад В. руу хулгайч гэж хэлээд аяга шидчихсэн яг тэр хоёрын хооронд юу болсныг сайн мэдэхгүй байна. Уг нь бол тухайн үед хүн муудалцаад байхаар сүртэй зүйл огт болоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/,
- Гэрч Л. “...2024 оны 03 сарын 04-ний орой нар жаргахын үед Г.******* манайд ирээд жоохон байж байгаад ыг хоёулаа хамт айлаар орчихоод буцаад ирье гээд дагуулаад явсан. Тэгээд харанхуй болж байхад тэр хоёр буцаж ирсэн бөгөөд ирэхдээ нэлээн халамцуу байсан. Би тэр хоёрт хоол хийж өгөөд байж байтал Г.******* танд архи байвал өгөөч гэхээр нь би “манайд архи байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл өөрийнхөө ууттай зүйлээс нэг шил архи гаргаж ирснийг тэр хоёр уух гэхээр нь би Г.*******ыг гэртээ очиж уу, мал чинь эзэнгүй байгаа гэхэд Г.******* нь та хөөгөөд байгаа юм уу? би энд уумаар байна гээд үгэнд ороогүй архи уусан. Тэгээд байж байтал орж ирээд тэр гурав нөгөө шил архиа хувааж уугаад дуусах гэж байхад манай нөхөр Н., В. хоёр адуунаасаа ирээд хоол ундаа идэж уугаад сууж байтал дахин нэг шил архи гаргаж ирснийг тэд нар бүгд хувааж уунгаа юм ярьж байгаад Г.*******, В. хоёр маргах шиг болсон. Юунаас болж муудалцах болсныг нь би мэдэхгүй байна. Нэг харахад л Г.******* ширээний хажууд байсан шаазан аягыг аваад В. руу шидчихсэн чинь тэр шидсэн аяга нь В. толгой руу цохичихсон бөгөөд В. толгойноос цус гараад байхаар нь бид нар нойлын цаасаар хэсэг арчсан боловч эхэндээ сайн тогтохгүй байснаа сүүлдээ бага зэрэг тогтсон. Тэгээд харахад цаг шөнө дунд болж байсан бөгөөд сумын төвөөс сумын эмч, цагдаа хоёр ирээд В.г сумын эмнэлэг рүү хүргэхээр аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т. 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “...1. Иргэн В. биед толгойн оройн баруун дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гаднын цохилтын улмаас үүснэ. 4. Иргэн В. биед толгойн оройн баруун дээд хэсэгт шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Г.*******ын холбогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч В. хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн аяганы хагархай 3 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ