Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0582

 

 

 

 

 

 

 

    2022           08            04                                            128/ШШ2022/0582   

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: "Эй***” ХХК

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.Э***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.М***, Б.Г***

Хариуцагч: Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ц*** нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М***, Б.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц**, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч "Эй****” ХХК-иас Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “...Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 261 тоот тендерийн мэдэгдлийг хүчингүй болгуулж, уг тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхийг тендерийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05/03 дугаар “Баянгол дүүргийн 2022 оны төсөв батлах тухай” тогтоолоор тус дүүргийн 1,7,12,15,17,18,19-р хороодын дээвэр засварын ажлыг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийхээр баталж, уг тогтоолыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/27 дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 365,100,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022 онд санхүүжих “Дээвэр засвар /1,7,12,15,17,18,19-р хороо/” ажлыг зохион байгуулах Үнэлгээний хороог байгуулсан байна. Уг Үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот шийдвэрээр “Б****” ХХК-ийг 328,136,974.00 төгрөгийн үнийн саналаар шалгаруулсан зөвлөмжийг Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 134 тоот албан бичгээр захиалагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.

3. Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 147 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” "Эй***” ХХК-д хүргүүлсэн албан бичгээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасныг хянан үзэхэд хавсралтад заасан шаардлагыг хангахгүй байгаа тул гэрээ байгуулах боломжгүй болохыг мэдэгдье” гэсэн ба уг  хавсралтад “...тус компани нь Сүхбаатар дүүрэг-Хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 510,525.00 төгрөгийн татварын дутуу үлдэгдэлтэй байгаа тул шаардлага хангахгүй байна” гэжээ.

4. "Эй****” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2204/13-06 тоот албан бичгээр Сангийн яамны хууль, эрх зүйн газарт “...Бид хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн албан татварт улиралд 340,350*2 буюу 680,700 төгрөгийн татварыг нэхэмжлэл үүсгэн тухай бүр төлдөг, татварын ямар нэгэн өр төлбөргүй тул шалгуулахаар Татварын ерөнхий газарт хүсэлт өгөөд байна”, тус компанийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2204/27-01 тоот албан бичгээр тус яаманд “...Татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвд хандсан хариуг хүргүүлж байна” гэсэн ба Татварын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11/733 тоот албан бичгээр “...2022 оны 1 дүгээр улиралд ногдох 680,7000 төгрөгийн албан татварыг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлсөн байна. Татварын албаны тодорхойлолтод дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 510,525.00 төгрөг нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үүссэн алдаанаас үүдэлтэйгээр гарсан үлдэгдэл тул татварын өргүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

5. Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2284 тоот албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг "Эй***” ХХК-иас гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан түдгэлзүүлсэн ба 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/2575 тоот албан бичгээр Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгосон байна.

6. Дээрх гомдлыг хянаж Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/2679 тоот албан бичгээр Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд “...захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 147 болон 03/590 тоот шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдэж, захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болно” гэжээ.

7. Үүний дагуу Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 248 тоот албан бичгээр Татварын ерөнхий газарт "Эй***” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар татварын дутуу үлдэгдэлтэй байсан эсэх талаар тодорхойлолт гаргаж өгөхийг хүссэн байна.

8. Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 261 тоот албан бичгээр “...Сангийн яамны шийдвэрийн дагуу тодруулга авах тухай албан бичгийг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн.  Уг тодруулгын хариу ирээгүй байсаар тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул тус тендер цуцлагдаж байна” гэх мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн ба уг мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М****, Б.Г**** нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2021 онд Баянгол дүүргийн Худалдан авах Ажиллагааны Албанаас зарласан БГДХААА/202201002 дугаартай "Дээвэр засвар /1,7,12,15,17,18,19-р хороо/,7,12,15,17,18,19-р хороо/" тендерт оролцсон юм. Тендерийн хороо нь "2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр буюу тендер нээх өдрийн байдлаар Сүхбаатар дүүрэг-Хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 510,525 төгрөгийн дутуу үлдэгдэлтэй байгаа тул шаардлага хангахгүй" үндэслэлээр манай компанийн тендерээс татгалзсан. Манай компани Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албаны Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яамны Хууль эрх зүйн газарт гомдол гаргасан. Сангийн яамны Хууль эрх зүйн газраас гомдлыг хянаад, "тендерийг дахин үнэлэх шийдвэрийг Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд өгсөн тухай" 2022 оны 4 дугаар сарын 27-ны өдрийн № 03/2679 тоотоор мэдэгдсэн. Бид 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Татварын Ерөнхий газарт "Манай компани нь татварын өр төлбөртэй эсэх” талаар лавлагаа хүссэн хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд Татварын Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн огноотой 11/933 тоот албан бичгээр "Эй ****" ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар өр төлбөргүй байсан тухай хариу ирүүлсэн юм. Баянгол дүүргийн Худалдан Авах Ажиллагааны Албанаас 2022 оны 5 дугаар сарын 16 өдрийн 261 тоот мэдэгдлээр "Улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул уг тендерийг цуцалсан тухай хариуг илгээснийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шуудангаар бид хүлээн авлаа. Энэ шийдвэр нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 28.7.4 дэх заалтыг зөрчиж, манай компанийн мөн хуульд заасан журмын дагуу асуудлаа шударгаар шийдвэрлүүлэх эрх, бодит үнэнийг тогтоол гох, тендерт оролцох, тендерт шалгаран ажил гүйцэтгэх эрх”- ийг хөндсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Баянгол дүүргийн Худалдан авах Ажиллагааны Албаны 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 261 тоот тендерийн мэдэгдэл болон БГДХААА/202201002 дугаартай “Дээвэр засвар /1,7,12,15,17,18,19-р хороо/ тендер шалгаруулалтыг хууль бусаар цуцалсан захиргааны актыг тус бүр хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхийг тендерийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Дээвэр засвар /1, 7, 12, 15, 17, 18, 19-хороо/ БГД-ХААА/ОНХС-22-02 тендер нь 2022 оны 03 сарын 16-ны өдөр нээгдсэн ба Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 3.7.1-д "Санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг мэдээллийг захиалагч тендер нээсний дараа татаж авах" гэж заасны дагуу тендер нээгдсэн өдрийн байдлаар төрийн мэдээллийн хур системээр дамжуулан оролцогч "Э********" ХХК нь татварын өр төлбөртэй эсэх талаарх цахим лавлагаа авахад Сүхбаатар дүүрэг-Хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 510,525.00 (таван зуун арван мянга таван зуун хорин тав) төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үнэлгээний хороо 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т "Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ" гэж заасан байдаг тул Үнэлгээний хорооноос татварын өртэй “Э****" ХХК-ийн тендерээс татгалзсан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т "Энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно", 28 дугаар зүйлийн 28.7.4-т "Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ" гэж заасан.
Сангийн сайдын 2018 оны 58 дугаар тушаалаар "Тендерт оролцогчдод давуу эрх олгох аргачлал"-ыг баталсан ба уг аргачлалын дагуу тендерт оролцогчдоос дотоодын давуу эрх тооцуулахыг хүссэн албан бичиг, холбогдох баримтыг тендертээ хавсарган ирүүлсэн нь дотоодын давуу эрх тооцох нөхцөлийг хангаж байсан тул дор дурдсан харьцуулах үнийг гарган бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлсэн. Үүнд:

1. “Б*****” ХХК-ийн 328,136,974 үнийн саналаас 7.5%-aap 24,610,273 төгрөгөөр бууруулж, дотоодын давуу эрх тооцсон харьцуулах үнэ 303,526,701.00 төгрөг;

2. “Л*****” ХХК 360,896,508 үнийн саналаас 7.5%-аар 27,067,238 төгрөгөөр мөн дотоодын үйлдвэрлэлээс авах бетоны үнийн дүн болох 60,202,730 төгрөгөөс 10% аар бууруулж 6,020,273 төгрөгөөр бууруулж, дотоодын давуу эрх тооцсон харьцуулах үнэ: 327,808,997.00 тегрег;

3. "Э*****" ХХК-ний ирүүлсэн үнийн санал 310,658,585.00 төгрөг. /Дотоодын давуу эрх тооцуулах хүсэлт гаргаагүй/

4. "Б******" ХХК-ний ирүүлсэн үнийн санал 355,408,970.00 төгрөг /Дотоодын давуу эрх тооцуулахыг хүсэлт гаргаагүй/

 Дээрх аргачлалын дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр Үнэлгээний хорооноос "Б*********" ХХК-ийг шалгаруулж байсан болно.

Хоёр, Дээрх Үнэлгээний хорооны шийдвэртэй холбогдуулан "Э*********" ХХК-ийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2284 дугаар албан бичгээр гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг 2022 оны түдгэлзүүлсэн. 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тур Гомдол гарсан тул Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2022 оны 04 сарын 15-ний өдрийн 205 дугаар албан бичгээр Сангийн яаманд тус тендерийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг гаргаж, Сангийн яамны 2022 оны 04 сарын 25-ний өдрийн 03/2575 дугаар албан бичгээр уг тендерийг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг Олгосон байдаг. Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/2679 дүгээр "Гомдол хянасан тухай" албан бичгээр дахин үнэлгээ хийж, Татварын ерөнхий газраас татварын өр төлбөртэй эсэх талаар тодруулга авах чиглэлийг ирүүлсэн. Мөн Үнэлгээний хороо 05 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж "Э********" ХХК-ийн ирүүлсэн Татварын ерөнхий газраас татварын өр төлбөртэй эсэх лавлагааг эх хувиар ирүүлээгүй, нотариатаар баталгаажаагүй хуулбар ирүүлсэн тул тендерийн үнэлгээнд ашиглах баримтын шаардлага хангахгүй учир Сангийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу Татварын ерөнхий газраас Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас тодруулга авч байж түүний хариу ирсний дараа тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхээр үнэлгээний хорооны хурлын шийдвэр гарсан. Үүний дагуу дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 248 дугаар "Тодруулга авах тухай" албан бичгийг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн.

Дээрх тодруулга ирснээр "Эй*******" ХХК нь
тендер шалгаруулалтын үнэлгээнд орж өрсөлдөх боломж бүрдэх байсан бөгөөд Татварын ерөнхий газраас хариу ирэхгүй байсаар 2022 оны 05 дугаар сарын 13-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, уйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 зүйлийн 24.5 "Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна" гэж заасан тендерийн хүчинтэй хугацаа дуусаж тендер цуцлагдсан. Иймд Үнэлгээний хороо 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж бүх Тендерт оролцогчдод нэгэн зэрэг тендер цуцлагдсан тухай албан бичгээр мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд хийгдсэн процесс ажиллагаа юм. "Дээвэр засвар /1, 7, 12, 15, 17, 18, 19-хороо/ БГД-ХААА/ОНХС-22-02 ажил нь нийтийн эрх ашгийн үүднээс хийгдэхээр төлөвлөсөн ажил ба улирлын чанартай хийгддэг ажил тул борооны улирал эхлэхээс өмнө дээрх ажлыг эхэлж, иргэдэд хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйгээс дүүргийн 1, 7, 12, 15, 17, 18, 19 дүгээр хорооны иргэд чанаргүй дээврийн улмаас эд хөрөнгөөрөө хохирох магадлалтай байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас шүүхэд Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан тус албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 261 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албаны БГДХААА/202201002 дугаартай “Дээвэр засвар /1, 7, 12, 15, 17, 18, 19 дүгээр хороо/ арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээг дахин явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05/03 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2022 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-ыг баталсны дотор Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албаны БГДХААА/202201002 дугаартай “Дээвэр засвар /1, 7, 12, 15, 17, 18, 19 дүгээр хороо/ ажил багтжээ.

4. Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/27 дугаар захирамжаар уг ажлыг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулж, холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг даалгасан байна.

5. Тус үнэлгээний хороо нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу “Дээвэр засвар /1, 7, 12, 15, 17, 18, 19 дүгээр хороо/ ажлыг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эхлүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нээжээ.

6. Уг нээлттэй тендер шалгаруулалтад 4 компани оролцохоор материалаа ирүүлснийг Үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дүгээр хуралдаанаар хянан үзээд нэхэмжлэгч “Э******” ХХК-ийг “Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-д заасан “Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх” шаардлагыг хангаагүй буюу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөр Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолтоос үзвэл Сүхбаатар дүүрэг-Хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 510,525 төгрөгийн татварын дутуу үлдэгдэлтэй” гэж дүгнэжээ.

7. Нэхэмжлэгч Э******” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яамнаас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2284 тоот албан бичгээр улмаар  Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанд хандан “...гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх” талаар мэдэгдэж, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/2679 дүгээр албан бичгээр "...тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдье" гэсний дагуу Үнэлгээний хороо 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж,, Татварын ерөнхий газраас тодруулга авахаар шийдвэрлэсэн байна.

8. Энэ хугацаанд хариуцагчийн зүгээс Сангийн яаманд хандан хүсэлт гаргаснаар тус яамны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/2575 дугаар албан бичгээр “тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгосон байх бөгөөд тус хугацаа нь хүчинтэй байх хугацаа дуусссан өдрөөс тоологдох”-ыг анхааруулсан байна.

9. Ингэснээр тус тендерийн хүчинтэй байх хугацаа нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болох байсан хэдий ч Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2284 дугаар албан бичгийн дагуу 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл түдгэлзсэн, 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/2575 дугаар албан бичгийн дагуу 15 хоногийн хугацаа сунгагдаад тендерийн хүчинтэй байх хугацаа нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дууссан байна.

10. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар Үнэлгээний хорооны хурлын шийдвэрээр Теэдерийн хүчинтэй хугацаа дуусч, тендер цуцлагдсан гэж шийдвэрлэн, оролцогч нарт мэдэгдэл хүргүүлсэн байна.

11. Хариуцагч тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-д заасан “Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем...-ээр дамжуулан Татварын ерөнхий газрын... мэдээллийн сангаас шалгана” гэж заасны дагуу тендерийн нээлт хийсэн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас лавлагаа авахад “Э********” ХХК нь 510,525 төгрөгийн өр төлбөртэй байсан тул нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг шүүх буруутгах боломжгүй.

12. Харин Татварын ерөнхий газраас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11/933 дугаар албан бичгээр “...татварын албаны тодорхойлолтод дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 510,525 төгрөг нь 2022 оны 03 дугаар сарын 15-нд системд үүссэн алдаанаас үүдэлтэйгээр гарсан тул татварын өргүй болох”-ыг нэхэмжлэгчид тодорхойлсон, уг тодорхойлолтыг  авч хариуцагчид хүргүүлсэн байна.

13. Гэтэл хариуцагчаас уг албан тоотыг өөрт хаяглаагүй гэх шалтгаанаар дахин тодруулга авах шалтгаанаар хугацаа алдаж, энэ хооронд тендерийн хүчинтэй хугацаа дууссан нь захиргааны байгууллагын алдаа байна.

14. Нэхэмжлэгч “Э*********” ХХК-ийн хувьд татварын өрөө төлж барагдуулсан, татварын байгууллагаас татварын өртэй эсэхийг лавлаж, өр төлбөргүй болохоо нотолсон, тендерт оролцохдоо татварын өртэй гэдгээ санаатайгаар нуусан зүйл байхгүй, харин Татварын байгууллагад программын үр дүнтэй ашиглалт, системийн алдаа зэрэг захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас үүдэн тендерт татгалзагдах нөхцөл байдал бий болжээ.

15. Тухайн тендерийг анх Тендерийн баримт бичигт заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тендерийг нээхэд нийт 4 оролцогчоос тендерийн материал ирүүлсэн бөгөөд дээр дурдсан Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлэхэд тендерийн хүчинтэй хугацаа дууссан нь барилга, засварын ажлыг дулааны улиралд яаралтай хийж гүйцэтгэх, иргэд аюулгүй орчинд амьдрах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа аль болох хэмнэлттэй, шударга, хурдан шуурхай зарчмын үндсэн дээр явагдах хуулийн зохицуулалт алдагдахад хүргэж байна.

16. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 28 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан тус албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 261 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албаны БГДХААА/202201002 дугаартай “Дээвэр засвар /1, 7, 12, 15, 17, 18, 19 дүгээр хороо/ арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээг дахин явуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийг тус тус баримтлан Нэхэмжлэгч “Э******” ХХК-иас Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 261 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албаны БГДХААА/202201002 дугаартай “Дээвэр засвар /1, 7, 12, 15, 17, 18, 19 дүгээр хороо/ арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээг дахин явуулахыг Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА